Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Мизурийн их сургуульд шатрын клуб байх. Долоо хоногтоо нэг цуглана. Өнөөдөр тэр ээлжит өдөр. Газар газрын ижил хоббитой, шатарт дур сонирхлоо захируулагсад ирэх. Израил, Англи, Америк, Чех, Монгол, Орос, Молдав, Энэтхэг, Хятад гээд олон орноос ирсэн улс энд цуглана. Мань ажлаа амжуулаад орой давхиж очих санаатай. Анх Болдоо дүү хүүг Колумбиад ирэхэд сонирхлынх нь дагуу уг клубийг хайж олсон юм. Мань эр шатрыг бол өрчихнө шүү! 2001 онд билүү дээ, Колумбиад болсон нэгэн тэмцээнээр анх Америкт гараагаа эхэлсэн. Гурав дахь өрөгтөө Мизуригийн Жамес Эс Эллис гээд мастертай тоглолоо. Тоглолтын эхэн үед Америк мастер давуутай байсан, төгсгөлд харин яалт үгүй бууж өгөхдөө ноёныхоо толгойг нясалж унагаад Монголиа 2:0 гэж билээ. Яагаад тэгж хэлэв хэмээн сонирхоход би саяхан Лас Вегаст танай нутаг нэгт их мастер Д.Шаравдоржид хожигдсон юм аа. Одоо би хоёр дахь удаагаа монгол шатарчинтай нүүж байна гэж билээ.

muchessШатар аа гэж? Нээрээ сонирхолтой сайхан тоглоом шүү. Олон хүн шатар бол спорт гэдэг юм билээ. Багадаа явдаг байсан шатрын дугуйлангийн багш мастер Пүрэвжав агсан үүнийг давтан давтан хэлдэгсэн. Шатар Энэтхэгт үүссэн гэх. Монголд үүссэн гэдэг улс цөөнгүй. Лав мастер Данзан агсан ингэж таамаглаад нээлтээ батлах гэж тууштай үзсэнсэн. Эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч Ч.Эрдэнэ гуай Монголд шатар үүссэн талаар өөрийн номд дурдсан байдаг. Юутай ч шатар нь маш урт удаан түүхтэй, сайхан эд. Монгол бас шатар хөгжсөн өөрийн түүхтэй, өөрийн хувилбартай. Миний мэдээ орсон үед лав Монголд шатар тавихгүй эр хүн ховор байсандаг шүү. Өвөөгийнх гээд сайхан ясан шатар манайд байдаг байлаа. Аав найз нөхөдтэйгөө их нүүнэ. Эндээс миний шатартай танилцсан нь эхтэй. Би арван нас хүртлээ ердөө шатар өрж чаддаг байлаа. Онош нь юу билээ, би нэг сүрхий өвдөж хэд хоног хичээлдээ яваагүй юмдаг. Тоглоомуудаасаа уйдсан уу, гэнэт шатар тавиад эхэлсэн билээ. Бодвол тоглодоггүй байснаас нүүдэл нь цээжинд байсан шиг байгаа юм.

mongol shatarНайз нөхдүүд тэр үед бас шатар их сонирхсон юм шиг байна, бүгд цуглаад нийлээд нүүцгээсэн. Нэг мэдэхэд шатар миний нэлээд хүчтэй хобби болжээ. Бага ангид байхдаа ангийнхаа Алтанхуягийг бардаггүй байж билээ. Тоотой хэдэн удаа хожсон байх даа. Хойд гудамжинд Мөнхбат гээд нэг хүүхэд нүүж ирсэн нь сүрхий тоглоно. Бид хоёр их тоглосон доо. Бид шатраар анх нөхөрлөж эхэлснээс хойно цугтаа сурч, Эрхүүд нэг өрөөнд амьдарч, хожим хамтдаа ажиллахдаа өнөө шатраа нүүнэ. Манай Мөөгий анх намайг Пүрэвжав багшийн дугуйланд дагуулж очсон юм. Өмнөхөн нь Барилгачдын соёлын ордон дээр байрлах Намжил багшийн шатрын дугуйланд анх нэг улирал явж шатрын "A"-тай танилцаж, шатрын бодлого гэж байдгийг мэдэж авч билээ. Гэхдээ тэнд нэг их удаан тууштай хичээллээгүй ээ. Харин хожим Эмнэлэг гэгээрлийн ордонд Пүүжээ багшийн удирдлага дор бол нэлээд гүйсэн шүү. Дүүгээ мөн дагуулаад авсан.

Дүү Цэрэнцоодол тэр үед болдог байсан "Оюун түлхүүрийн" тэмцээнд нэг жил түрүүлж билээ. Тэгээд би тоонд дурлаад миний сургууль анги солигдоод ... Гэхдээ тэнд бас шатартайгаа. Манай ангийн Ш.Батхишиг, Ц.Ганбат, Т.Идэр, Ц.Цогтсайхан, Б.Сайнбаяр бид хэд цуглаж тоогоо давтахаас дутахгүй цагийг шатар нүүж өнгөрөөсөн дөө. Оюутан боллоо. Баатараа (Б.Баатархуяг), Сайхнаа (Сайханбаяр), Болдоо (Болдбаатар), Ч.Боролдой бид хэд ч бас тоолж баршгүй нүүсэн дээ. Өдгөө Баатараатайгаа онлайн үзэхэд амттай хэвээр шүү. Хожим нь Ардын эрх сонинд ажиллахдаа Шаг.Цэнд-Аюуш, Ч.Чулуун гуай, Д.Баярсайхан ах нараас үдийн хоолны хөлстэй хичээл олон авсан даа. Үдийн хоолоороо блицддэг байсан нь тэр.

За даа, ер нь би ингэж түүх бичээд байхаар нэг их лут шатар тоглодог хүн бас биш дээ, уул нь :-). Намайг шатарчин гэж бас нэрлэхгүй байх. Зүгээр сонирхогч юм уу даа. Багадаа нэлээд дурлаж байж. Тэгээд тоо, тооцуур хоёрт толгойгоо мэдүүлээд юун шатар манатай болсон нөхөр. Өдгөө шатар тавих нь сайхан амралт болдог болжээ.

Бурхангүй газрын бумба галзуурна гэдгээр үе үе жаал зангирсан нь харин бий шүү. Анх 1985 онд Куба явж, тэнд болсон нэг олон улсын гэж нэрлэхээр тэмцээний аварга болоод алт зүүчихсэн нөхөр гэж байгаа. Орос, Куба, Мексик хүүхдүүд сүрхий нүүж билээ. Бусад нь хаанаас байсан юм, санаанд үлдээгүй ажээ. За тэгээд оюутан цагтаа басхүү Новосибирск хотын Монголчуудын шатрын аварга хоёр удаа туучихсан гэж байгаа. Бас Мизури мужийн 2003 оны аварга байгаа шүү. Гэхдээ энэ ч өмнөх хэдийгээ бодвол класс хамаагүй дор дөө, "C" ангиллынх :-). Сумо их сонирхох болсон өнөө цагт сумогоор тайлбарлавал сандэмэн хавьд юм уу даа. За өөрийгөө ингэж дөвийлгөх яахав.

Энд Америкт шатар нэлээд газар авсан гэхэд болно. Шүүмжилбэл топ шатарчдын дийлэнх нь хуучин Зөвлөлтүүд. Тэмцээн уралдаан тасрахгүй олон болно.

Шатарчид нь өөр өөрийн рэйтингэд тохирсон ангилалдаа тоглоно. Хүсвэл мэдээж ангилал өгсөөд тоглоно. Америк хүүхдүүд ажиглаад байхад онолыг айхтар сайн мэдэх юм билээ. Тэр тэгж нүүсэн нүүдэл гээд бүр нэрээр нь цээжээр нэрлэнэ. Би хойд ахынд ном үзсэн хүн, их харьцуулж зэрэгцүүлж бодно оо. Америкчууд Орос школыг арай барахгүй ээ, гэхдээ материаллаг хангамж, үзэх ном, тооцуураар хамаагүй илүүтэй хангагдсан юм билээ.

Манай Монголчууд энд тэнд шатраар цахиур хагалсаар ... Их мастер Д.Шаравдорж Колорода мужийн аваргыг мөн олон авлаа (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?12823402). Зүүн эргээр Т.Энхбат (http://www.uschess.org/msa/MbrDtlMain.php?12723905), Ц.Батцэцэг (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?12719650) нар балладаг гэнэ. Ц.Батцэцэг Америкийн топ арван эмэгтэй шатарчинд багтсан нь саяхан. Мастер Б.Ундрахбуян (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?12902680) Охаё мужийн аварга гурвантаа болж рэйтинг нь 2636 хүрсэн. Баруун эргээр Т.Батчимэг (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?12925481) ёстой баллаж байна. Америкийн өсөх ирээдүйтэй топ 10-т шалгарч USA chess сэтгүүлээр зарласан нь бас саяхан даа. Мөн тэнд Ц.Батсайхан (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?12910837) тун амжилттай тоглож байна. Ахмад шатарчин И.Ядамсүрэн Мизури мужид ирээд аварга болоод авсан ... гээд манайхны амжилт тасрахгүй ээ.

Дэнвэрт монгол хүүхдүүдэд шатрын дугуйлан байгуулагдлаа. Шараваагийн Анударь охин тэмцээнээс хожлын амт мэдэрсээр (http://www.uschess.org/msa/MbrDtlRtgSupp.php?13280395). Баруун эрэгт Оакланд хотноо мөн монгол хүүхдүүд шатар тоглох дугуйлантай болжээ.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж