Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 онд Америкт суугаа монголчуудын гэр бүлийн байдлын тандалтын судалгаа явуулж, 2004, 2009, 2012 онуудад монгол гэр бүл судлаачдын хийсэн судалгааны зарим дүнтэй xарьцуулсан. Mонголчуудын гэр бүлийн хэв шинжийг судалж үзэхэд монголд болон гадаадад суугаа монголчуудын гэр бүлийн хамгийн түгээмэл хэлбэр бол монгол (нөхөр, эхнэр хоёулаа монгол) гэр бүл юм. Гадаадад суугаа монголчуудын гэр бүлийн судалгаанаас харахад 2009 онд эхнэр, нөхөр хоёулаа монгол гэр бүл 50,30 хувийг эзэлж байсан бол 2019 онд Aмериктсуугаа монгол гэр бүлийн 64,84 хувь нь монгол эзэн, эзэгтэйтэй гэр бүл байна.

Дээрхээс харахад судалгаанд хамрагдаж байгаа хүмүүсийн гэр бүлийн тавиас дээш хувь нь монгол хүмүүсийн бүрдүүлсэн гэр бүл байна гэж хэлж болно.

Орчин үеийн гэр бүл судлалд ажиглагдаж байгаа нэг шинэлэг үзэгдэл бол гэр бүлийн гишүүд орон зайн хувьд алслагдмал байх явдал. Гэр бүлийн хоёр гишүүн тодорхой орон зайн алслалд байх нь гадаадад төдийгүй улсын дотор түгээмэл байна. Гэр бүлийн амьдрал үргэлжилж, хоёр талаас амьдралаа зохицуулан уялдуулж байгаа явдал. Ийм гэр бүл салж сарниагүй, гэхдээ үүнийг зохицуулах менежмент хэрэгтэй. Ийм тохиолдолд салангид гэр бүл гэсэн өвөрмөц хэв шинж бүрдэнэ. Ийм гэр бүлийн эрмэлзэл нь хамтдаа нэг дор байх, ялангуяа гадаадад хамтдаа амьдрах явдал байна.

Гэвч амьдралын зохицуулалт тэр бүр хүссэнээр болдоггүй болохоор салангид байх хугацаа уртсах, элдэв саад, бэрхшээл тохиолдвол ийм гэр бүл салж сарних магадлал өндөр байдаг. Гадаадад монголчуудын дотор салангид гэр бүлийн тоо 11, 60 (2009) - 1, 47 (2019) хувийн хооронд байна.

Монгол гэр бүлд хоёр үндэстний гэр бүл (Bi-national family) бий болох нь гадаадад ч, дотооддоо ч элбэгшиж байна. Гадаадад суугаа монголчуудын 14,50% (2009) - 15,38 % (2019) нь хоёр үндэстний гэр бүлтэй гэсэн судалгаа бий. 2019 оны судалгаанд оролцож, энэ асуултад хариулагчид бүгд эмэгтэйчүүд байсан нь нэг талаас зөвхөн эмэгтэйчүүд гадаад хүнтэй гэр бүл болдог гэх юм уу, эрэгтэйчүүд гадаад хүнтэй гэр бүл болсноо нууцалдаг, хүлээн зөвшөөрдөггүй гэхчлэн өнгөц дүгнэх бус, цаашид нарийвчлан судлууштай. Aмерикийн нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн профессор Brian Powell хоёр үндэстний гэр бүлийг судлаад ийм гэр бүлд хүүхдэдээ тавих халамж нэг үндэстний гэр бүлээс илүү ойр дотно, элгэмсэг, үр дүнтэй байдаг тухай өгүүлсэн нь сонирхол татдаг (Sociology professor publishes research on biracial families, Indiana Daily Student, Wed. April 25, 2007).

Монголын уламжлалт гэр бүлийн үүднээс авч үзвэл монгол гэр бүл судлалд цоо шинэ гэж үзэж болох, даяаршиж байгаа нийгэм хийгээд хөгжиж буй орнуудад бол төдийлөн ач холбогдол өгдөггүй нэг ойлголт бол ураг төрлийн холбоогүй болон гэрлэлтээр баталгаажаагүй эсрэг хүйсийн хосууд хамтран амьдрах (cohabitatoin) явдал болой. Xамтран амьдрахуйн ойлголт гэр бүлийн уламжлалт харилцаанд ч хүлээн зөвшөөрөх түвшинд хүрчээ. Энэ хугацаанд бие биеэ танин мэдэх, цаашид бат бэх гэр бүл үүсэх боломж эх үүсвэрийг судлах хугацаа гэх мэт үзэж байна. Бас сөрөг тал ч бий. Эдийн засгийн нөхцөл байдал, цаг зуурын, биологийн хэрэгцээ шаардлагаас хамтран аж төрөх нь монголд болон гадаадад оршин суугаа нутаг нэгтний дунд байна.

2009 онд гадаад дахь монголчуудын дунд хийсэн судалгаагаар тэдний 3,9 хувь нь хамтран амьдрагчтай гэсэн бол 2019 оны Aмерикт суугаа монголчуудын 2,2 хувь нь хэн нэгэнтэй хамтран амьдардаг гэжээ. 2002-2007 онд эцэг, эх нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад нь буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22,924 хүүхэд шинээр мэндэлсэн байна (Б. Оюун-Эрдэнэ Монгол гэр бүлийн бүтэц хэв маяг, харилцааны онцлог, тулгамдаж буй асуудал, Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 3 (203) 2012, п. 41- эс ишлэв.) гэсэн нь хамтран амьдрах хэлбэр нэлээд түгээмэл байгааг харуулж байна.

Монголын уламжлалт гэр бүл дэх хамтран амьдрахуйн хэлбэрийг бид “үерхэн амьдрах”, “ цайны хань”, “байдгийнх”, “ баталгаагүй гэр бүл”, “тохиролцон амьдрах” гэж зааглахыг оролдсон тал бий.

2019 оны судалгаанаас харвал Aмерикт суугаа монголчуудын 64,8% нь монгол эхнэр, нөхөртэй, 15,4% нь гадаад нөхөр, эхнэртэй, 8,1 хувь нь гэр бүлээсээ салсан, 5,9 хувь нь гэрлээгүй, 2,2 хувь нь хамтран амьдрагчтай, 2,2 хувь нь бэлэвсэн, 1,5 хувь нь нөхөр, эхнэр Монголд гэж хариулсан. (Бүдүүвч 1.) Бүдүүвчээс харахад, судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь монгол эхнэр, нөхөртэй хүмүүс байлаа. Харин эхнэр, нөхөр гадаад хүн гэж хариулсан хүмүүс бүгд эмэгтэйчүүд байсан нь бодит байдлын тусгал уу, судалгааны алдаа юу гэдгийг бодууштай.

Эхнэр, нөхрийн хэн нэг нь гадаад хүн байгаа гэр бүлийн нэг давуу тал бол гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдүүд олон соёлд хурдан нэвтрэх, дасан зохицох гүүр буюу зөөлөн хүч болж өгдөгт оршино гэсэн судалгааны таамаглал дэвшүүлж болно.

uvsh bagsh ger bul sudalgaa buduuvch 1Бүдүүвч 1. АНУ даxь Монголчуудын гэр бүлийн байдал (2019)

Aмерикт суугаа монголчуудын 37 хувь нь хоёр хүүхэдтэй, 22% нь 3 хүүхэдтэй, 23% нь нэг хүүхэдтэй, 10 гаруй хувь нь хүүхэдгүй гэр бүл байна. Энд хоёр зүйлийг ажиглаж болохоор байна. Aмерикийн монголчуудынх хүүхдийн тооны хамаарлыг судалгаанд түгээмэл хэрэглэгддэг доошоо харсан англи U үсгийн илэрхийлэлийг ажиглаж болно (Бүдүүвч 2.) Бас нэг зүйл бол Aмерикт суугаа монголчуудын хүүхдийн тоо монголын болон оршин суугаа нутаг болох Aмерикийн гэр бүлийн хүүхдийн тоотой төстэй байгаа юм.

uvsh bagsh ger bul sudalgaa buduuvch 2 Бүдүүвч 2. Aмерикт суугаа монголчуудын гэр бүлийн хүүхдийн тоо (2019)

Aмерикт суугаа монголчууд гэр бүлийнхээ үнэт зүйлд үр хүүхэд (75,37%), эрүүл мэнд (71,27%), хамтын амьдралын утга учир (60,82), оюуны өндөр хөгжил (25,00%), гэр бүлийн түүхэн уламжлал, хүндлэл (19,40), өмч хөрөнгө (2,99%), дээдсээс ирсэн эдлэл, хэрэглэл (0,37%) зэргийг чухалчилж үзжээ. (Бүдүүвч 3)

uvsh bagsh ger bul sudalgaa buduuvch 3Бүдүүвч 3. Гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйл (2019)

2019 оны судалгаанд оролцсон эмэгтэйчүүд болон монгол эхнэр, нөхөртэй хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн үнэт зүйлд хамтын амьдралын утга учир, үр хүүхдийг эхний байранд хэлж байхад эрэгтэйчүүд, гадаад нөхөртэй эмэгтэйчүүд хамтын амьдралын утга, учир, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг чухалд үзжээ. Хүснэгт1.)

uvsh bagsh ger bul sudalgaa husnegt 1Хүснэгт 1. Гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйл (хүйс, гэр бүлийн бүтцээр, хувиар) (2019)

Aмерикт суугаа монголчууд гэр бүлээ бат бэх байлгахын тулд юуг эрхэмлэдэг болохыг тандахад тэдний 71,54 хувь нь хайр сэтгэл, халамж, 56,18 хувь нь үнэнч, шудрага байдал, 37,45 хувь нь тэвчээрт чанар, 83,90 хувь нь харилцан ойлголцол, 20,60 хувь нь үр хүүхэдтэй байх, 8,99 хувь нь биологийн хэрэгцээ, 4,87 хувь нь хамтын аж ахуйтай байх, 8,61 хувь нь гэр бүл бүртгэлтэй байх гэж хариулжээ (Бүдүүвч 4).

uvsh bagsh ger bul sudalgaa buduuvch 4

Бүдүүвч 4. Гэр бүл оршин тогтнохын үндэс (2019)

Эдгээр хариултыг санал асуулгад оролцогчдын хүйс, гадаад болон монгол эхнэр, нөхөртэй ангилалаар авч үзэхэд гэр бүлийн оршин тогтнохын үндэсийг хайр сэтгэл, халамж, үнэнч, шудрага байдал, тэвчээрт чанар гэж итгэлтэй харах эрмэлзэл эмэгтэйчүүдэд болон монгол нөхөр, эхнэртэй хүмүүст илүү байхад эрэгтэйчүүд, гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс илүү болгоомжтой юм уу, хойргодуу хандаж байна. (Хүснэгт 2.)

uvsh bagsh ger bul sudalgaa husnegt 2Хүснэгт 2. Гэр бүл оршин тогтнохын үндэс (хүйс, гэр бүлийн бүтцээр) (2019)

2019 онд Aмерикт суугаа монголчуудын гэр бүлийн судалгаанд оролцсон хүмүүсийн 63,67 хувь нь гэр бүлдээ зөрчил, зөрөлдөөн байдаг, 29,96 хувь нь тийм зөрчил, маргаан, мэтгэлцээн байхгүй гэж хариулсан байна. Гэр бүлийн гишүүдийн хооронд гардаг санал зөрөлдөөн, маргаан, тэмцлийг үүсгэдэг хүчин зүйлс нийгмийн (мөнгө, санхүүгийн, орон байрны), гэр бүлийн гишүүдийн, хувь хүний өнгө аястай байна. Эдгээр хүчин зүйлсийн илрэлийг цаг хугацаа, байршлын хувьд өөр, өөр нөхцөлд хийсэн дөрвөн судалгааг харьцуулан харж болно. (Хүснэгт 3.)

uvsh bagsh ger bul sudalgaa husnegt 3Хүснэгт 3. Гэр бүлийн зөрчлийн шалтгаан (2019)

Судалгаанд оролцсон Aмерикт суугаа эмэгтэйчүүдийн гэр бүлийн асуудлаа хамтарч шийддэг (57,88%), хоорондоо эвлэрэхийг чухалчилдаг (24,54%), хүүхдүүдтэйгээ санал солилцдог (15,75%) гэж байхад эрэгтэйчүүдийн 16,48 хувь нь асуудлыг хамтарч шийдэх, 11,72% нь хоорондоо эвлэрэх, 6,59 хувь нь хүүхдүүдтэйгээ зөвлөдөг байна. Харин сөрж зогсох, зайлсхийх, гэр бүлээ салгах хандлагад төдийлэн ач холбогдол өгөөгүй байна. (Хүснэгт 4.)

 гэр бүлийн зөрчил, зөрөлдөөнийг шийдэх ямар арга, боломж эмэгтэй  эрэгтэй  нөхөр, эхнэр монгол хүн  нөхөр эхнэр гадаад хүн 
 бусадтай санал, бодлоо хуваалцах  30%   13%  29%   8% 
 сэтгэл зүйн зөвлөгөө авах  24%   9%   17%   6% 
 хүүхдүүдтэйгээ санал солилцох  43%   18%   41%   14% 
 сөрж зогсох  1%   2%   3%   0% 
 нөхцөл байдалдаа дасан зохицох  19%   9%   17%   7% 
 хоорондоо эвлэрэх  67%   32%   71%   14% 
 асуудлыг хамтарч шийдэх  58%   45%   43%   32% 
 гэр бүлээ салгах  10%   1%   1%   1% 
 аль болох зайлсхийх  13%   9%   19%   0 %

Хүснэгт 4. Зөрчилдөөн шийдэx арга зам: xүйс, гэр бүлийн байдлаар (2019)

Менежментийн судалгаанд бичил бүлгийн доторх зөрчил, зөрөлдөөний шийдэлд хэрэглэдэг Thomas-Kilmann conflict Mode Instrument (Thomas, Kenneth. 1976. “Conflict and Conflict Management.” In Handbook of Industrial and Organizational Psychology. Ed. M.D. Dinette. Chicago: Rand McNally) загварыг манай судалгаанд оролцогчдын хариултад хэрэглэвэл дараах бүдүүвч гарч байна (Бүдүүвч 5.)

uvsh bagsh ger bul sudalgaa buduuvch 5

Дүгнэлт. Америкт суугаа монголчуудын гэр бүлийн ерөнхий төрх, төлөв монголд аж төрж байгаа гэр бүлийн байдалтай төстэй хэдий ч тэднээс илүү тайван тогтвортой шинжтэй. Энэ утгаараа америкийн гэр бүлийн амьдралын гольдролтой илүү төстэй. Эндэхийн монголчуудын гэр бүл ахуйн хангамж, оршин байх боломж тогтвортой, хууль, журмыг чанд мөрдөж аж төрдөг. Эндэхийн гэр бүлд амьдралын гаж зуршил багатай, гэр бүлийн гишүүдийн хооронд ёс бус харилцаа гардаггүй, хүүхдийн хүмүүжил, сургалтын таатай нөхцөлтэй, нийгмийн болон гэр бүлийн амар, амгалан байдал нь америк дахь монголчуудын гэр бүлийн таатай орчин болж өгдөг.