Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт мэдээллийн технологийн чиглэлээр сурч, ажиллаж буй залуучууд А.Билгүүнийг андахгүй байх. Тэрээр “Mongolian IT Professionals in USA” (MITPU) буюу “Америк дахь Монголын Мэдээллийн Технологичид” Facebook группийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Бид энэ удаа А.Билгүүнтэй уулзаж Америкт мэргэжлээрээ ажиллаж буй мэдээллийн технологичдын хамтарч нийлж буй үйлсийн талаар, MITPU төрийн бус байгууллагын гарал үүсэл, хөтөлбөрүүд, мөн КОВИД-19-тэй холбоотой нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад Facebook групп байгуулах болсон зорилго, шалтгаанаасаа хуваалцана уу?

Сайн байна уу? Намайг Ариунболдын Билгүүн гэдэг. Би одоогийн байдлаар ДС-д Rally Health хэмээх компанид ахлах инженерийн ажил хийж байна. Манай “Mongolian IT Professionals in US” (MITPU) хэмээх бүлэг маань хамгийн анх Slack дээр workspace хэлбэрээр 2018 оны 8н сард АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж, сурдаг мэргэжилтнүүд өөрсдийн таньдаг хүмүүсээ тал талаас цуглуулснаар эхэлж байлаа. Нэг өдрийн дотор л бараг 100 шахам хүн ороод ирсэн санагдаж байна. За тэгээд, хүмүүсийн өргөн хэрэглэдэг гэдэг утгаар нь Facebook-ийн групп үүсгээд хүмүүсээ оруулж байлаа.

Ийнхүү, нэг салбарын мэргэжилтнүүдийг цуглуулах болсон гол шалтгаан нь бид өөрсдөдөө хэрэгтэй мэдлэг, мэдээллийг солилцох, мөн бүлгийн гишүүдэд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа технологи сонирхогчдодоо хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг юм.

Танай байгууллага ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна?

Одоогийн байдлаар манай группээс хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж байгаагаас заримыг нь дурдахад АНУ-д мэргэжлээрээ ажиллаж буй инженерүүдийгээ урин тэдний ажлын туршлага, мэдлэг мэдээллийг хуваалцдаг Humans of MiTPU podcast, мөн бие биедээ илүү боломж гаргах үүднээс өөрийнхөө ажилладаг компанид ажил хайж байгаа хүмүүсийг санал болгон, ажлын ярилцлага, resume-гээ гаргахад нь тусалдаг Referral Tool төсөл зэрэг байна.

Хамгийн сүүлийн үеийн хэрэгжүүлж байгаа төсөл гэвэл Covid-19-тэй холбоотойгоор гэрээсээ ажиллаж байгаа бүлгийнхээ гишүүдийг уулзуулж, олон чиглэлээр хоорондоо ярилцах боломжийг олгодог MiTPU Happy Hour хэмээх төсөл, энэ уулзалтын үеэр бусадтайгаа сурсан, мэдсэнээ хуваалцдаг Brown Bag хэмээх төслүүдийг бас нэрлэж болж байна.

Бид эдгээр төслүүдийг өөрсдийн бүлгийн гишүүд, эх нутагтаа болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа, мэдээллийн технологи сонирхдог бүх монголчууддаа зориулан хэрэгжүүлж байна.

Өнөөг хүртэл хийсэн ажлаа тайлагнахад ололт амжилт, алдаа дутагдалтай зүйлс юу байв?

Бид эхлээд зөвхөн Slack дээр танилын хүрээгээрээ эхэлж байсан бол одоо 400 гаруй мэргэжилтэнүүдтэй Facebook групп бүхий АНУ-д албан ёсны бүртгэлтэй, 501c3 гэсэн статустай, ашгийн бүс байгууллага болоод байна.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байгаа төслүүдээ ТУЗ-ын шийдвэрээр батлаад, гүйцэтгэлээ ч гэсэн ТУЗ болон админуудаараа голдуу хийж байсан болохоор бусад гишүүдэд маань санаачилга гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх процесс нь сайн ойлгогдоогүй байж магадгүй гэж бодож байна. Үүнийг сайжруулах үүднээс бид явуулж буй үйл ажиллагаа илүү олон шугамаар гишүүддээ танилцуулж байх, сайн дураараа үйл ажиллагаанд оролцъё гэсэн гишүүддээ процессыг нь ойлгомжтой болгох гэх мэт ажлуудыг хийж байна.

MITPU-н 5-р сарын 1-д болсон Happy Hour уулзалтад оролцсон зарим гишүүдийн зураг.
 
Humans of MITPU podcast on Soundcloud

Яриагаа нөхцөл байдлын сэдэвтэй уялдуулахад КОВИД-19 Америкийн бизнесийн орчинд ихээхэн өөрчлөлт оруулж байна. IT- чдад ямар нөлөө үзүүлэв?

Мэдээллийн технологийн ихэнх компаниуд гэрээсээ ажиллах боломжийг ажилчдадаа олгоод нэлээн хэдэн жил болж байгаа болов уу. Тийм болохоор бусад салбарын хүмүүсийг бодвол харьцангуй бага нөлөө үзүүлсэн байх. Гэсэн хэдий ч, миний анзаарснаар, гэрээт ажилчдын гэрээг хугацаанаас нь дуусгавар болгох, шинээр ажилчид авах нь багасах, түр хугацаагаар зогсох гэх мэт сөрөг нөлөө бас ажиглагдаж байна.

Airbnb, Uber, Lyft цомхотгол хийж байхад Amazon өндөр ашигтай ажиллаж байна. Zoom гэх мэт live streaming service-үүд эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа. Ийм нөхцөлд таны бодлоор мэдээллийн технологичид маань ажлын байрны баттай байдлаа хадгалахын тулд ямар ур чадвар сурч болмоор юм?

Хувь хүний эзэмшсэн мэдлэг, чадвар гэхээсээ илүү тухайн компанийн үйл ажиллагааны онцлогоос болсон болов уу. Миний хувийн бодлоор, программ хангамжийн инженер хүн хийж байгаа зүйлийнхээ талаар abstract, сайн мэдлэгтэй байхад шинэ тутамд гарч ирж буй технологиудыг илүү хурдан, сайн сурдаг санагддаг. 

A.Билгүүн

Ярилцлагынхаа төгсгөлд мэдээллийн технологчидоо хандан уриалах зүйл байна уу?

Мэдээллийн технологи маань дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн хийхэд хамгийн өндөр боломжтой салбаруудын нэг гэдэгтэй олон хүн маргахгүй биз ээ. Тийм болохоор бүгдээрээ том мөрөөдөлтэй, том зорилготой байя л гэж уриалмаар байна даа. 

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.