Анагаах
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүний нутагт өвдөж зовох хамгийн хэцүү, эрүүл мэндийн үйлчилгээ үнэтэйн дээр,  эмчтэй ойлголцох, эмнэлгийн хэл гадарлана гэдэг энгийн үед хэрэглэдэг англи хэлтэй адилгүй. Өнөөдөр Ковид19 халдварын улмаас эрүүл мэндийн ихэнх үйлчилгээ утсаар эсвэл онлайн хэлбэрт шилжсэн. АНУ дахь “Монгол Эмч Нарын Холбоо” энэ өдрүүдэд  Монголчууддаа эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх, Ковид19 өвчлөлтэй холбоотой үнэн зөв мэдээлэл түгээх, эмнэлгийн орчуулга хийх зэргээр ердийн үеийнхээс давсан ачаалалтай ажиллаж байна. Тус холбооны тэргүүн Н.Нямсүрэн эмчтэй холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа.

Сайн байна уу та? Цаг зав гаргасанд баярлалаа, сүүлийн өдрүүдэд Монголчууд ямар зовиур, өвчлөлийн улмаас танайд хандаж байгаа вэ?

Ковид19 өвчлөл гарсантай холбоотойгоор иргэдийн даралт ихсэх, стрессдэж, сэтгэл санаа тогтворгүй болохтэй зэрэгцэн өвчин хууч сэдрэх, улирлын шинжтэй харшил, астма хөдлөх зэрэг зовиур их байна. Бид бол эмнэлгийн байгууллага биш, гэхдээ холбооны эмч нар бүгд мэргэжлийн эмч нар учраас бидэнд хандсан иргэддээ зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн төв рүү илгээх зэргээр ажиллаж байна.

Танайд хандсан монгол иргэдийн дунд Ковид19 халдвараар өвдсөн хүн байна уу?

Төстэй шинж тэмдэг үзүүлсэн, яаралтай тусламжийн төв рүү илгээгдсэн, шинжилгээний хариу хүлээж байгаа, болон эерэг гарсан хүмүүс бол байгаа. Гэхдээ хэд нь халдвараар өвдсөн, шинжилгээгээр тогтоогдсон бэ? гэдэг мэдээллийг өгөх боломжгүй.

Халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн хувьд ямар нийтлэг шинж тэмдэг үзүүлсэн бэ?

Насаар нь аваад үзэхэд 37-55 насны хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс амны хаалт хэзээнээс хэрэглэсэн бэ гэж асуухад 80 хувь нь амны хаалт хэрэглээгүй, өвдсөн тохиолдолд хэрэглэнэ гэсэн ойлголттой байсан. Хоолой сэрвэгнэх, ам хатах шинж тэмдэг бүгдэд нь илэрсэн, эхний 1-2 хоногт ийм шинж тэмдэгтэй,  хоолой сэрвэгнэсээс үүдэлтэй ханиалгах, аажмаар 4-5 хоногийн дараа халуурч ядарч сульдсан нийтлэг шинж тэмдэг байна. Халууралт шууд явагдахгүй  хүн хүний дархлааны байдлаас хамаараад  өөр өөр, зарим хүмүүсийн хувьд 38 хэм хүртэл халуурч байхад заримынх нь хувьд зүгээр бие арзайх жишээтэй. Зарим хүнд булчингаар янгинаж өвдөх, амтлах, үнэртэх чадвар буурах, шөнө оройн цагаар амьсгал давчдах, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг мөн илэрсэн. Ковид19 бол хүнээс хүнд халддаг амьсгалын замын халдварт өвчин. Амьсгалын замын өвчин дотроо дээд доод замын гэж  хоёр төрлөөр явагддаг. Дээд замын халдвар ихэвчлэн хөнгөн хэлбэрээр, үүнд хамрын хөндий, амны хөндий, залгиур, төвөнх зэрэг үрэвсэх, доод замын халдварын хувьд цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, улмаар уушигруу халдвар орж амьсгалын дутагдал болон бусад эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөх зэргээр хүндрэл гарч байна. Гэхдээ өвчлөлийн 80 хувь хөнгөн байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

Ямар тохиолдолд эмнэлэг, түргэн тусламжийн төв рүү хандах вэ?

Эмнэлэг өнөөдөр ямар хүнийг хүлээж авч байгаа вэ гэхээр, амьсгалын аппаратанд орох шаардлагатай, амьсгалын дутагдалд орсон, хүндрэл өгч байгаа өвчтөнийг хүлээн авч байгаа учраас хэрвээ хөнгөн шинж тэмдэг үзүүлж байгаа бол очих гэж яарсны хэрэггүй. Шинж тэмдгийг сайтар хянаж, тэмдэглэж ажиглах хэрэгтэй. Хэрвээ өөрийгөө болон гэр бүлийн аль нэг гишүүнээ халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа бол эхний ээлжинд тусгаарлах  арга хэмжээ яаралтай авах нь зүйтэй. Хүсвэл харьяа дүүргийн эмчтэй утсаар холбогдож зөвлөгөө авах, бидэнтэй бас холбогдож болно.

Өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?

Халуурах, бие арзайх, хоолой сэрвэгнэн ханиалгах шинж тэмдэг илэрч байвал өөрийгөө тусгаарлах нь зөв. Амны хаалт, бээлий өмсөх ёстой, тусдаа нэг өрөөнд байж, аяга халбага, ахуйн хэрэглээгээ мөн тусгаарлана.  Орчныг үргэлж ариутган цэвэрлэж, агаар сэлбэнэ. Боломжтой бол ариун цэврийн өрөө тусдаа, үгүй бол ариун цэврийн өрөө хэрэглэсэн тохиолдол болгоны дараа цэвэрлэж ариутгах шаардлагатай. Энэ хугацаанд өөрөө өөрийгөө хянах, үзүүлж байгаа шинж тэмдэг зовиурыг  тэмдэглэж, өмнөх өдрөөс дээрдэж байна уу үгүй юу гэдгийг ажиглах, өвчний явцыг эмчдээ эсвэл бид нартай холбогдоод мэдээлээд байж болно. Шаардлагатай гэж үзвэл шинжилгээ өгч болно. Шингэний дутагдалд орж болохгүй, аль болох унтаж амарч, илчлэг сайтай хоол унд хэрэглэж, өөдрөг байх хэрэгтэй. Ингээд халууралт бүрэн зогсож, ядарч сульдах нь багасч, илааршаад ирсэн ч гэлээ гурван долоо хоногийн туршид тусгаарлалтыг үргэлжлүүлээрэй гэж зөвлөж байгаа. Өмнө нь 14 хоног байсан боловч давтан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол байгаа учраас 21 хоног болгож сунгасан. За харин шинж тэмдэг хүндрэх, 38-с дээш халуурсан, 2-3 өдрийн туршид халуун буухгүй, амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал нэг минутад 24-с дээш байх, хамар, уруул,хөл гарын үзүүр хөхрөөд ирвэл шууд түргэн тусламж руу явна.

Эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд яаралтай тусламжийн газар иргэдийг хүлээж авч байгаа юу?

Даатгалгүй байсан ч хэрвээ шинж тэмдэг хүндэрсэн, амьсгалын дутагдалд орсон бол ойролцоох түргэн тусламжийн газар цаг алдахгүй очих хэрэгтэй, даатгалтай, даатгалгүй танд үйлчилгээ үзүүлнэ. Төлбөрийн асуудал, эмчилгээ дууссаны дараа яригддаг учраас эхлээд эмчилгээ үйлчилгээ авах нь чухал. Эмчилгээ дууссаны дараа даатгалгүй, орлого багатай, түр зуур оршин суугч, ажлаас халагдсан зэрэг мэдээлэл, бичиг баримтаа бүрдүүлээд тусламж, тэтгэлэг, хөнгөлөлт авах арга зам байдаг.  Энгийн үед яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд 500-7000 доллар орчим төлбөр гардаг. Ковид19-ын хувьд засгийн газраас эрүүл мэндийн салбарыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас арай бага өртөгтэй байгаа боловуу. Өрхийн эмнэлгийн хувьд коронавирусийн шинжилгээ 75 долларын үнэтэй байна. Үзлэгтэй нийлээд 200-250 долларын дундаж өртөгтэй. Энэ бол даатгалгүй иргэдийн төлөх дундаж үнэ гэж ойлгож болно.

Ахмад болон архаг өвчтэй хүмүүс илүү өртөж хүүхэд залуучуудад халгаа багатай байна гэсэн ойлголт нийтийн дунд байгаа энэ тухайд?   

Хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага байгаа ч огт өвдөхгүй гэсэн үг биш,  бүх насныхан өвдөж байгаа, бүгдээрээ болгоомжтой байж, халдвар хамгааллаа сахих нь зөв. Эрсдэлтэй бүлэг гэдэгт зөвхөн ахмад настай, суурь өвчтэй хүмүүс биш, эмч сувилагч, дэлгүүр рестораны ажилтан, шуудан зөөгч, зэрэг олон нийттэй харилцаж байгаа хүмүүс мөн багтаж байгаа. Манайханы дунд ийм ажил хийж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэдгээр хүмүүс халдвар хамгаалал, ариун цэврийг хоёр дахин илүү сахих, гэртээ ирэхдээ гадуур хувцасаа бүрэн сольж угааж ариутгах шаардлагатай. Ажилдаа гарахын өмнө өдөр бүр халуунаа үзэх, халууныг амаар үзэх нь илүү үр дүнтэй байдаг. Хэрвээ темпратур өөрчлөгдсөн бол ажилдаа явахгүй байх хэрэгтэй. Манайхан нэрэлхүү гэхүү, тайван гэх үү, гайгүй биз гээд ажилдаа үргэлжлүүлэн явж мэдэх хүмүүс. Энэ цаг үед анхаарал сэрэмжийг дээд зэргээр бодож, үнэн байдлаа удирдлагадаа мэдэгдээд ажилдаа явахгүй байхыг сонгох нь өөрийгөө болон гэр бүлээ, нийгмээ хамгаалах ач тустай шүү гэдгийг зориуд хэлмээр байна.

Хүмүүс өөр өөрийн арга замаар гэрийн нөхцөлд урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх арга хэмжээ авч байж болох юм. Зөв бурууг ялгаж, салгах эмчийн зүгээс анхааруулах шаардлагатай зүйлс бас бий байх.

Шинэ вирус учраас эмчилгээний арга барилаас эхлээд салбар бүрт судалгаа хийгдэж байна. Яг ийм тийм эм бэлдмэл, хоол хүнс хэрэглэвэл вирусээс хамгаална гэж батлагдсан, нотлогдсон зүйл одоогоор байхгүй. Зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа. Урьдчилан сэргийлэлтийн хувьд халдвар хамгаалал, ариун цэврийг сахих, хоёр метрийн зай баримтлах, унтаж амрах, дасгал хөдөлгөөнтэй байх, чанартай сайн хоол хүнс хэрэглэх замаар дархлаагаа дэмжээрэй гэж дэлхий нийтээр зөвлөж байгаа. Дархлаа дэмжих зорилгоор Витамин С, Элдэрбэрри, Зинк ууж хэрэглээрэй гэж зөвлөж байгаа ч тун хэмжээг тааруулах шаардлага бий. Ходоодны хүчил ихтэй хүмүүс витамин С, лимон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Манайхан бас цагаан гаа /ginger/ ихээр хэрэглэдэг, буруу юм байхгүй ч халуун чанартай учраас хоолой ам улам хатах байдалд хүрдэг тул мөн тохируулж хэрэглэх шаардлагатай. Халуун буулгах зорилгоор тайлонел уугаарай гэж зөвлөж байгаа. Ер нь бол эмч зөвлөөгүй л бол элдэв эм бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүн дур мэдэн өөр дээрээ туршиж үзэхээс татгалзаарай.

АНУ дахь Монгол Эмч Нарын Холбоо болон үйл ажиллагааны талаар бидэнд сонирхуулаач?

Эмч мэргэжилтэй, Америкад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон Монголд ажиллаж байсан, мэргэжил дээшлүүлэн сурч байгаа зэрэг нийт 80 гаруй монгол эмч манай холбоонд бүртгэлтэй байдаг. Байгуулагдаад долоон жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид монголчууддаа эрүүл амьдрах чиг хандлага төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн орчуулга хийх, эмч нарынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд анхаарал тавьж ажиллаж ирсэн. Эмнэлгийн салбарын хөгжил маш хурдтай өсч байгаа, сүүлийн үеийн эмчилгээний арга барил, орчин үеийн чиг хандлага, шинээр нэвтэрч буй технологийн талаарх мэдээ мэдээллийг авч байх, эмч нарынхаа ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сүүлийн хоёр жил “Монгол эмч нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж ирсэн.  Энэ жилийн хувьд бид илүү өргөн хүрээтэй, америк эмч нартай хамтраад хийх  зорилго тавьж байсан ч Ковид19 нөхцөл байдлын улмаас түр хойшлогдоод байгаа.

АНУ-д гацсан монголчуудын дунд эрүүл мэндийн асуудалтай, даатгалгүй иргэд их байна. Нэг эмэгтэй бидэнд ээжийнхээ биеийн байдлын талаар бичсэн байсан. Үе мөчний өвчтэй, 78 настай хэрэглэж байгаа эм тариа нь дууссан, үзүүлэх боломжгүй, байдал маш хэцүү байгаа тухай хандсан байсан. Эдгээр хүмүүст танай байгууллагын зүгээс хүрч ажиллаж байгаа юу?

Манай холбоо энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Ойролцоо байгаа эмч нартай холбож өгөх, утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай эм тариаг олж өгөх зэрэг арга хэмжээ авч байна. Бидэнтэй холбогдох хүсэлтэй, шаардлагатай хүмүүст нээлттэй. Монгол Эмч Нарын Холбооны 1-312-972-5084 дугаарын утсаар холбогдож болно, бид авч чадах арга хэмжээ, өөрийн боломж бололцоогоороо туслахад бэлэн байгаа.

Танд маш их баярлалаа.