Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д микробиологи, химийн салбарт тасралтгүй 20 жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан, салбарын туршлагатай мэргэжилтэн, химич, инженер Т.Батзаяатай  ярилцлаа. Бүтээгдэхүүний стандарт гэж юу юм бэ? АНУ-д стандартыг хэрхэн  дагаж мөрддөг, органик болон органик бус бүтээгдэхүүний ялгаа, онцлогийн тухайд асууж тодрууллаа.

Ковид19-тэй холбоотой ажлын ачаалал их байна уу? Та өөрийн хийдэг ажил, компанийн тухайд бидэнд товч танилцуулаач?

Ковид 19-тэй холбоотойгоор өдөр тутмын ажилд бага зэргийн өөрчлөлт орсон. Ажил эхлэхээс өмнө эрүүл мэндийн байдлаа шалгуулна. Ар гэр, ойр орчимд өвчний шинж тэмдэгтэй, өвдсөн халуурсан хүн байгаа эсэх бүх мэдээллээ бөглөөд, битүү хамгаалалтын хувцастай өдөржин ажиллах жишээтэй. Ачааллын хувьд хэвийн байгаа. “Vantage Specialty Chemicals” компанид сүүлийн 10 жил ажиллаж байна. Салбарын хүмүүс андахгүй, олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, химийн салбарын хөгжлийг дэлхийд тодорхойлогч, томоохон компанийн нэг. Гурван жилийн өмнөөс өөрийн хувийн “MTC Laboratory LLC”-г нээж давхар ажиллаж байна. “Vantage Specialty Chemicals”компанийн хувьд гар ариутгагчийн гол түүхий эд глицерин бэлтгэн нийлүүлдэг. Өвчлөл гарсантай холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр голчлон ажиллаж байна. Хоногт 600 мянган паунд /272,000 кг/ глицерин үйлдвэрлэдэг. Өөрийн хувийн лабораторийн хувьд мөн глицерин үйлдвэрлэх, гар ариутгагчийн томьёо гаргах, нян бактерийн шинжилгээ хийх, бүтээгдэхүүнд анализ, дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэдэг.

Тө өөрийн лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юу? Ямар төрлийн шинжилгээн дээр голлон ажиллаж байна?

Коронавирусийн шинжилгээ хийж өгөөч ээ, шаардлагатай багаж хэрэгслээр хангая гэдэг санал ирсэн. Одоогоор бид коронавирусийн шинжилгээ хийгээгүй, харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын гол хэрэглээ  гар ариутгагч, бактери устгагчтай саван, цэвэрлэгээний бүтээгдэхүүнд голлон шинжилгээ хийж байна. Үнэхээр тухайн бүтээгдэхүүн нян, бактерийг устгаж байна уу, үгүй юу гэдгийг тогтооно гэсэн үг. Ингэхдээ FDA-р хүлээн зөвшөөрөгдсөн амьд бактерийг стандартын дагуу өсгөж, энэ төрлийн шинжилгээ хийхдээ ашигладаг. Бактери бүр өөр өөрийн нэр, кодтой. Тухайн бүтээгдэхүүн бактерийг устгаж чадаж байна уу үгүй юу гэдгийг туршилт хийж, шалгаад баталгаа гаргана. Аливаа бүтээгдэхүүний савлагааг эргүүлээд харахад орц найрлагыг бичсэн байдаг. Тэр орц найрлагын хэмжээ үнэн бодит байна уу гэдгийг тогтооно. Бүтээгдэхүүнд анализ хийх, чанарын шинжилгээг зөвхөн FDA итгэмжлэх авсан лаборатори хийдэг. FDA  гэдэг нь манайхаар бол Мэргэжлийн Хяналтын Алба гэж ойлгож болно.

АНУ-д мэргэжлээрээ олон жил ажилласан хүний хувьд Монголд нэвтрүүлэх шаардлагатай ямар зүйлийг та онцолж хэлэх вэ?

Сүүлийн үеийн техник, хэрэгслээр хангагдах, түүн дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах ёстой байх. Дараагийн асуудал бол стандарт бий болгох, сахиулах тал дээр илүү анхаарч, хэрэглэгч, ард иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх гээд өргөн хүрээтэй, цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай санагддаг. Тухайлбал иргэд Мэргэжлийн Хяналтын Албанаас зөвшөөрсөн үгүйг таньж мэддэг, бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт шинжилгээ байгаа эсэхийг анхаарч үздэг байх явдал. Саяхны нэг жишээ гэхэд Airdoctor, Virusout зэрэг ямар ч мэргэжлийн дүгнэлт шинжилгээ байхгүй бүтээгдэхүүн борлуулж, нэлээд эрэлттэй, тэрийг нь нөлөө бүхий улстөрчид хүртэл хэрэглэж байгаа харагдсан. Иргэд иймэрхүү бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө мэргэжлийн байгууллагын тамга тэмдэг байгаа эсэхийг олоод харчихдаг, тэгсний дараа худалдан авах үгүйгээ шийддэг болмоор байгаа юм. Америкт FDA гэж байгууллагыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэндээс анхааруулга гаргасан үгүйг иргэд нь маш сайн мэдэж байдаг. Байгууллагуудад ч хяналт шалгалт чанга байдаг.

Танай лаборатори FDA итгэмжлэгдсэн гэж та дурдсан. Ямар шаардлага стандартыг мөрдөж ажилладаг вэ?

FDA итгэмжлэгдсэн байлаа гээд тэрийгээ үргэлж хадгална гэсэн үг биш, жил болгон бүртгүүлнэ. FDA-с гаргаж байгаа дүрэм журмыг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг шалгуулна. Шалгалт хэзээ ч хамаагүй ороод ирж болно. Зарим жилд ирэхгүй ч байж мэднэ. Эсвэл жилдээ хоёроос гурван удаа ч шалгах тохиолдол бий. Урьдчилж мэдэх боломжгүй. Шинжээч ирлээ, шалгалт хийлээ, шаардлага хангаагүй бол эрхийг цуцлах, компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Шалгалт ирэхэд зориулж бэлдэх биш байнгын бэлэн байдалтай байхаас өөр аргагүй байдаг. Ерөөсөө л дүрэм журмын дагуу ажиллаж байх ёстой болдог. Ингэхийн тулд жил бүр гаргадаг захирамж, номыг  худалдан авч уншиж судлаад, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх ёстой. Энэ жилийн хувьд Ковид19-тэй холбоотой маш их өөрчлөлт орсон. Тухайлбал гар ариутгагч хийх тухай хориод хуудас захирамж шинэчлэгдэж ирсэн байсан. Шалгалт хийгээд унагаад байхдаа биш, стандартыг гарцаагүй мөрдүүлэх системийг ингэж бий болгосон байдаг. Өнөөдөр маш олон компаниуд коронавирус илрүүлэх тест хийж байна, гаднаас төхөөрөмж оруулж ирж байна. Эцсийн бүлэгт FDA зөвшөөрөөгүй бол тухайн төхөөрөмжөөр шинжилгээ авах, зах зээлд нэвтрүүлэх эрх байхгүй. Ганц манай салбарт биш бүх салбарт мэргэжлийн хяналт ийм зарчмаар ажилладаг.

Сүүлийн үед органик бус бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах хандлага газар авсан энэ тухайд таны бодол?

Америкийн Химийн Холбооны гишүүн байгууллагууд сар болгон уулзаж иймэрхүү тулгамдсан асуудлыг ярилцдаг. Бид энэ төрлийн уулзалт арга хэмжээнд тасрахгүй оролцохыг хичээдэг. Байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв, гэхдээ органик бүтээгдэхүүнд учир дутагдал их бий. Нэн түрүүнд органик бүтээгдэхүүн дээр тулгарч байгаа асуудал бол хадгалалт. Бүтээгдэхүүнийг органик болгохын тулд хамгийн түрүүнд хадгалах хугацааг уртасгадаг бодисыг хасдаг. Тэрийг аваад хаячихаар бүтээгдэхүүн мөөгөнцөртөх, бактери ургах гээд бүр долоон дор асуудал үүснэ. Хүнсний бүтээгдэхүүний хувьд удаан хадгалах шаардлага бага учраас асуудал арай бага. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний хувьд энэ бол тулгамдсан асуудал. Тухайлбал шампунь тэр чигээрээ химийн бодис, тэдгээр бодисыг хийхгүй бол шампунь биш болно. Ямар ч химийн бодисыг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхэд цаанаас нь тогтоосон, тодорхой хэмжээгээр ашиглах зааварчилгаа, бүтээгдэхүүнд агуулах стандарт хэмжээ гэж бий. Олон зуун жилээр судлаад, тогтоогоод ирсэн хэм хэмжээний дагуу бүтээгдэхүүний орц найрлагад орсон бол гэм хор байхгүй. Зөвхөн органик бүтээгдэхүүн хэрэглэх нь туйлын зөв мэтээр сурталчилах нь ихэнхдээ том компанитай өрсөлдөх бизнесийн арга байдаг. Ямарваа химийн бодис тогтоосон хэмжээний дагуу бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа бол энд муу юм байхгүй, органик бол сайн, органик биш бол муу гэж ойлгож болохгүй. Аливаа юм хэмжээг хэтрүүлвэл хор болно. Бүх бүтээгдэхүүн органик болвол сайн л байна. Гэвч органик бүтээгдэхүүнд шийдэх ёстой олон асуудлууд байсаар л байна.

Дэлгүүрт зарагдахгүй байгаатай холбоотой, хүмүүс гэрийн нөхцөлд гар ариутгагч, бактери устгагчтай саван, нойтон салфетик хийх болсон мэргэжлийн хүний хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?

Аливаа зүйлийг мэргэжлийн бус хүн хийнэ гэдэг ер нь аюултай. Химийн чиглэлээр ажиллаж байгаа бидний хувьд хамгийн нэгдүгээрт аюулгүй ажиллагаа байдаг. Зориулалтын хэрэгсэл, хамгаалалтын  хувцсыг өмссөн байхыг шаарддаг. Тэсэрнэ, дэлбэрнэ, түлнэ, химийн бодистой маш болгоомжтой харьцах ёстой.  Хүмүүс 70 хувийн спирт эмийн сангаас авч, өргөн ашиглаж байна. Буруу хэрэглэвэл түлэгдэх аюултай. Саван хийх зорилгоор тосыг өндөр хэмд халаана, идэмхий натрийн шүлт ашиглана бас л түлэгдэх аюултай. Хамгийн нэгдүгээрт тухайн бодистой холбогдох, гарч болох бүх эрсдлийг уншиж судлах, ямар бүтээгдэхүүнтэй хамт ашиглаж болох болохгүйг мэдэж, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх нь чухал. Бид ч мөн ялгаагүй тэгж ажилладаг. Аюулгүй байдал хамгийн нэгдүгээрт тавигддаг учраас гэрийн нөхцөлд элдэв химийн бодистой ажиллахыг би хувьдаа зөв зүйл гэж боддоггүй.

Танд баярлалаа.