Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойд Америкийн Цахим Өртөө (TUNA) ТББ хойд америкт амьдарч буй, ахлах сургуулиа амжилттай төгсөөд дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зарлаад байгаа. Харин аливаа тэтгэлэгт уралдаанд оролцоход юу анхаарах, уралдаанд оролцсоноор юу сурч болох талаар Salesforce компаний бүтээгдэхүүн хариуцсан захирал, доктор М.Сувдмаатай ярилцлаа.

Тэрээр 2000 оны эхээр Америкт Конкорд Их Сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалахаар сурч байхдаа өөрийн сурч буй сургуулиасаа болон Индиана Их Сургуулийн дэргэдэх Монгол Нийгэмлэгээс зарласан тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Оюутан байхдаа Доктор Хангины Гомбожавын нэрэмжит уралдаанд оролцож, тэтгэлэг хожиж байсан юм байна. Энэ тухайгаа ярина уу?

Би 90-ээд оны сүүлээр Америкт оюутан болж ирсэн. Сургууль маань хагас тэтгэлэг олгосон тул сургалтын зардлын үлдсэн хэсэг, мөн байр, хоол, хэрэглээний зардлаа өөрөө олох шаардлагатай болсон. Тухайн үед Монголын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй, мөн ар гэрээс бололцоо тааруу зэрэг нөхцөл байдлын улмаас сурахын хажуугаар ажиллаж зөрүүг нь залгуулахаар хичээж байсан.

Хангины Гомбожавын нэрэмжит тэтгэлгийн тухай санамсаргүй байдлаар нэг вебсайт дээрээс олж мэдээд эссэ зэрэг материалуудаа явуулж байсан. Энэ тэтгэлгийг Америкт сурч буй зөвхөн нэг монгол оюутанд олгодог юм билээ. Тэтгэлэг тухайн жилдээ үлдсэн зардлыг маань нөхөөд, санаа амар хичээл номдоо анхаарахад их тус нэмэр болсон. (жич: энэ тухай тэмдэглэлүүдийг линк дарж уншаарай)

М.Сувдмаа

Тэтгэлгийн уралдаанд оролцож буй залуус юу анхаарах хэрэгтэй вэ?

Мэдээж тэмцээний шаардлага хангасан байх чухал. Үүнд цаг, хөдөлмөр, хувь хүний чармайлт хэрэгтэй. Мөн эссэ бичихдээ өөрийгөө нэлээд товойлгож бусдаас ялгаруулж байх хэрэгтэй. Өрсөлдөөн их байх гэж санаад тэтгэлгийн уралдаанд хүмүүс бас оролцохгүй тохиолдол бий. Гэтэл таны сонирхож буй хөтөлбөрийг хүмүүс тэр бүрчлэн мэдэхгүй байж болох тул оролдоод үзэхэд илүүдэхгүй гэж зөвлөмөөр байна. Бас хүмүүс хэд хэдэн тэтгэлэг зэрэг авч болдог. Тиймээс нэг уралдаанд оролцсон хүн цаашид бусад уралдаануудад хэрхэн оролцохоо мэддэг болоод ирнэ.

Аливаа уралдаанд ихдээд хэдхэн ялагч байдаг. Тэгэхээр ихэнхи хүмүүсийн хувьд тэмцээнд оролцох явцаас бас нэлээд зүйл сурч болмоор юм шиг санагддаг. Энэ тухай таны бодол?

Ер нь бол ямар нэгэн юманд өргөдөл, хүсэлт гаргах үйл хэрэг хэзээ ч дуусахгүй. Хүсэлт гаргах явц сургуулиар зогсохгүй ажлын талбарт гарахад ажилд орох ярилцлага гэх мэт хэлбэрээр үргэлжилсээр байдаг гэж боддог. Тийм учир өөрийн чиг зорилт, онцлох ур чадвараа хүмүүст сайн ойлгуулж, бичгээр болон яриагаар илэрхийлж чаддаг байх нь чухал. Энэ ур чадварыг та бүх насаараа хэрэглэнэ. Тэгэж чадсанаар өөрийн дэвших, амжилтанд хүрэх магадлалаа ахиулна.


Ярилцсанд баярлалаа.


Хойд Америкийн Цахим Өртөө ТББ-н тэтгэлэг коллежид элсч буй сурагчдад 1,000 – 2,000 ам.долларын хэмжээтэй, жил тутам нэг удаа олгох, цэргийн академийн элсэгчдэд сургуулийн эхний жилд олгох нэг удаагийн 1,000 ам.долларын хэмжээтэй мөнгөн тэтгэлэг олгож байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж орно уу.

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу