Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ТУНА тэтгэлэгийн 2021 ялагч, The University of Illinois at Urbana-Champaign сургуульд Bioengineering чиглэлээр суралцаж буй Батцогтын Тамиртай цахимаар холбогдлоо.

Насандаа баймгүй ухаалаг, даруухан хэрнээ, өөртөө итгэлтэй, хүн төрөлхтөнд өөрийн чадах математикаар дамжуулан туслах их мөрөөдлийг багаасаа тээсээр, өдгөө биомедийн чиглэлээр чурч, мөрөөдөлдөө алхам алхмаар ойртсоор буй энэ хүүтэй ярилцахад сэтгэл амарч, хойч үед минь ийм бодолтой, зөв амьдарч яваа залуус олон байвал хорвоо дэлхий амар амгалан байх нь гэсэн сайхан бодол дүүрч, өдөржингөө цар тахал, дэлхийн дулаарал ч байхгүй болчихсон юм шиг инээмсэглэл өөрийн эрхгүй төрж байлаа. Тамиртаа баярлалаа.

Жич: ярилцлага зуун хувь Англи хэл дээр хийгдсэнийг чадан ядан орчуулсан болно.

Анх удаа уулзаж байгаа болохоор асуух зүйл их байна. Ямар ч байсан Тамир гэж хүний түүхийг сонсмоор байна. Ямар замаар яваад өнөөдөрт хүрэв?

Би Америкт төрсөн. Тэр ч утгаараа энэ замаар явахад арай хөнгөн байсан байх. Гэхдээ би их сургуульд орохын тулд, орсон хойноо маш их хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн. Алдаа ч гаргасан. Алдаа гаргахаас айх хэрэггүй. Үргэлжлүүлээд зүтгээд байхад хүссэн газраа хүрнэ шүү гэж өөр шигээ хүүхдүүдэд хэлмээр байна.

Чиний түүх их сонирхолтой санагдаж байна. Монгол гэр бүлд хэрнээ Америк улсад “Америк болон” төрсөн хүүхэд, Монгол ахуй, соёлоо хэрхэн шингээж, амьдардаг юм бол гэх бодол аргагүй төрлөө.

Аав ээж маань заавал чи ийм байх ёстой, ингэж Монгол ахуй сур гэж загнадаггүй байсан. Гэхдээ мэдээж би Чингис хаанаас эхлээд, ерөнхий Монголын түүхээ мэднэ. Харин намайг байга байхад аав ээж хоёр Монгол зусланд (camp) заавал явах ёстой шаардлага тавьдаг байсан. Тэндээс үнэхээр их зүйл сурсан бөгөөд одоо эргээд бодоход тэрхүү шаардлагыг тавьсан эцэг эхдээ үнэхээр баярладаг.

Америк нийгэмд өсөх явцад бэрхшээл тохиолдож байсан уу? Тэр тусмаа сургууль дээр.

Соёлын ялгаанаас болж надад тохиолдож байсан бэрхшээл бол байхгүй. Гэхдээ мэдээж “өөр” харагдах байдал нь шоглуулах ч юм уу, өөрөөр харьцах амархан үндэс нь болдог шиг санагддаг. Миний хувьд ямар үндэс гаралтай, чи хэн бэ гэдгээрээ бахархдаг, өөртөө итгэлтэй байхад тиймэрхүү сөрөг зүйл гардаггүй байсан. Монгол зусланд явж байхдаа би өөрийнхөө гарал угсаа, түүхийнхээ талаар сайн мэдлэг цуглуулж, хэн бэ гэдгээрээ бахархах үндэс суурь баттай тавигдсан нь иймэрхүү саадыг даван туулахад маш их тустай байсныг энд онцлон дурьдмаар байна.

Ямар нэгэн байдлаар сургууль дээр, нийгэмд саад бэрхшээлтэй учирч байгаа хүүхдүүдэд маш их хэрэгтэй мэдээллийг өөрийнхөө бодит жишээн дээр хуваалцсанд баярлалаа. Үүнийг уншиж байгаа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр ярилцахад дэм болох байх аа. Дараагийн асуултаа хэрхэн ТУНА-гийн тэтгэлэгт хамрагдсан чиглэл рүү залая.

Ээжтэйгээ хамт хаана, ямар тэтгэлэгүүд байгааг судалж эхэлсэн. Гэтэл ТУНА гэдэг Монгол төрийн бус байгууллага тэтгэлэг олгодогийг ээж маань олж мэдээд надад мэдээллийг нь явуулсан. Ер нь намайг судалгаа хийж байхад Америкт тэтгэлэг олгодог Монгол байгууллага огт олдоогүй. Тэгэхээр ТУНА цорын ганц Монгол хүүхдүүддээ тэтгэлэг олгодог газар байх.

Америкт төрсөн эсвэл бага насандаа ирсэн олон мянган Монгол хүүхдүүд байгаа. Бүгд л чам шиг амжилттай сураад, хүссэн сургуульдаа орж, аль болох тэтгэлэгт хамрагдах бодолтой байдаг. Тэр хүүхдүүдэд өөрийнхөө жишээнээс татаж зөвлөгөө өгөхгүй юу? Эртнээс анхаарах зүйл юу байна?

Энэ магадгүй улиг болсон мэт сонсогдох байх, гэхдээ хамгийн гол нь хүүхэд байхаасаа л ажлын ёс зүйтэй (work ethic) байх хэрэгтэй. Арван жилд байхад юманд нухацтай хандахгүй, тоохгүй орхичихдог. Эсвэл хэтэрхий их ачаалалтай санагдаж хайнга хандах нь бий. Гэтэл яг үнэн хэрэгтээ маш хялбар аргаар зохион байгуулалттай байх боломж байдаг. Жишээ нь хуанли сайн ашиглаж сураад, энгийн сануулга хэрэглээд сурчихсан байхад ядаж л гэрийн даалгавараа хугацаанд нь хийчихнэ. Энэ чадвар (skill ) -ыг эзэмшсэн байхад л үлдсэн зүйлс маш амархан болоод ирдэг.

Би үнэхээр чамаар бахархах сэтгэл төрж байна. Олон мянган гадаад дотоодын хүмүүст зажил мэргэжлийн зөвлөгөө өгч байхад, яг чиний энэ хэлээд байгаа үндсэн чадвар ямар чухлыг анзаараагүй хүмүүс зөндөө байдаг. Энэхүү зохион байгуулалттай байх чадвар насан туршид чинь хэрэг болох амьдралын том мэдлэг юм даа. Одоо хоёулаа цар тахлын үеэр оюутан болох ямар байсан талаар хөөрөлдөе. Бодвол хачин, сонин мэдрэмж байсан байх даа?

Эхний жил яг цар тахлын үед таарсан болохоор хэцүү ч гэхэд хаашаа юм, нэг л таагүй байсан. Энэ жил түрүү жилтэй харьцуулахад хамаагүй дээр, гэрээсээ хол ч гэсэн бараг хэвийн юм шиг санагдаж байгаа. Одоо бүр дасаад хоёр дахь гэр минь болсон.

Хичээлээс гадуур юу хийдэг вэ? Ямар нэг клубт хамрагдсан уу?

Одоогийн байдлаар “Biomedical Engineering Society” гэдэг ганцхан клубт хамрагдсан байгаа. Би ахлах сургуульд байхдаа гүйдэг бас шатар тоглодог байсан. Оюутан болоод хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Үүнтэй холбоотой нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Сургуульд, тэр тусмаа ахлах сургуулийн жилүүдэд зөвхөн хичээл гээд яваад байвал маш амархан ядарна. Хичээл сургуулиас гадуур төвлөрөх зүйлтэй байх хэрэгтэй. Дуртай юмны дугуйлан, секцэд явдаг ч юм уу? Сонирхолтой клубт элсдэг ч юм уу? Спортоор хичээллэдэг ч юм уу? Ямар нэг зүйл байх хэрэгтэй.

Гэрээсээ хол оюутан болоод ирэхээр стрестэх зүйл гардаг байлгүй. Яаж стресээ менеж хийж байна даа?

Хагас бүтэн сайн өдрөөр найз нартайгаа хамт биллиард тоглодог. Хэрэв хичээл, шалгалттай өдрүүдээр стрестэх гээд байвал гараад гүйх юм уу, алхдаг. Цэвэр агаар амьсгалаад, хөдөлгөөн хийгээд ирэхээр эрч хүч аяндаа орж, толгой сэргээд ирдэг. Агаар, хөдөлгөөн угаасаа хүнд сайн шүү дээ.

Өнөөдөр арван жилийн сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн хамгийн чухал, тулгамдсан асуудал бол “ямар мэргэжил сонгох” байдаг. Жил ирэх бүр энэ талаар толгойгоо өвтөгсөн аав, ээжүүд ихэссээр байгаа. Чи өөрийнхөө мэргэжил сонгосон түүхээ хуваалцвал уншигчдад маань санаа төрж юуны магад.

Би ч гэсэн ихэнх хүүхдүүдийн адил ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй явлаа. Математик, шинжлэх ухааны талын хичээлдээ сайн байсан болохоор нийгмийн чиглэлээр явахгүй нь тодорхой байсан.
Тэгээд надад нэг азтай учрал тохиосон юм. Манай үеэлийн нөхөр инженер хүн. Тэр хүний ачаар тэдний компани дээр нь интерншип хийх маягийн ховор боломж олдсон юм. Тэгээд бүх процессийг нүдээрээ харж, яах арагагүй энэ талын хүн болох сонирхол төрсөн.

Олон төрлийн social media газар авч энэ нь эцэг эхчүүдийн хувьд “дайн” болж хувирааад байгаа өнөөгийн цаг үед, хэрэглээгээ хэрхэн зохицуулдагийг чинь сонирхмоор санагдаад байна.

Би ердөө ганцхан TikTok хэмээх social media хэрэглэдэг. Нэг цаг хичээл хийх тутам 5 минут social media завсарлага авах системээр явдаг. Таван цаг хичээл хийлээ гэхэд нийт 30 минут орчим завсарлага авдаг гэсэн үг.

Чамтай ярилцах тусам би үнэхээр гайхаж байна аа. Яаж ийм багаасаа цагийн менежмент маш сайн хийж, бүх зүйлээ зохион байгуулалттай хийж сурсан байна аа?

Эрмэлзлэлээс л үүдэлтай байх. Өөрөөр хэлбэл алдаанаасаа суралцаж, ахиц гаргах гэсний үндсэн дээр, яавал би бүхнийг цагт нь амжуулж, аль болох ихийг чанартай сурч, амжуулж болох билээ гэж боддог. Тэгээд аргуудаа яаж сурсан бэ гэвэл “хэрхэн үр дүнтэй суралцах вэ?” гэдэг энгийн интернет хайлтаас санаа авч, өөрийн бусад бүх болоцоогоо (resources) зөв ашиглаж сурсан.

Үнэхээр энгийн хэрнээ маш хэрэгтэй зүйлийг хэллээ. Энэ чинь л яг амжилтанд хүрэх суурь юм шүү дээ. Үүнийгээ үргэлжлүүлэн баяжуулж, өдөр тутмын амьдралын хэв маягтаа нэг оруулсан байхад хувь, хувьсгалын ажлыг алдуулна гэж байхгүй. Чиний ирээдүй мөн ч гэгээлэг харагдаж байна даа.

Маш их баярлалаа

Эдгээр чадварыг сурж, өдөр тутмын амьдралаа хэрэгжүүлэх өөрийн хичээл зүтгэлээс гадна гэр бүлийнхий чинь зүгээс хэр их тусалдаг вэ?

Манайхан бүгд дэмжиж тусалдаг. Гэхдээ манай ээж бол бүхнээс илүүтэй надад урам өгч дэмждэг. Чи заавал хуульч, эмч бол гэж шахаж шаардаагүй. Харин чи ямар мэргэжилтэй болмоор байна, би тэрийг чинь дэмжиж тусална гэдэг байсан. Одоо ч гэсэн үргэлжлүүлэн дэмжиж, ер нь бүх л талаар тусалдаг даа. Үнэнийг хэлэхэд манай ээжийн үүрэг оройл маш их орон зай эзэлдэг.

Хүүхэд байхад ээжийн хэлж ярьсан үгийг тэр дор нь аваад хэрэгжүүлнэ гэж байхгүй л байсан байхдаа. Эргээд бодоход юу гэж бодогдох юм?

Үнэн шүү. Хүүхэд л юм чинь хүүхдээрээ байх гээд ээжийн хэлж ярьж байсныг яг сайн ойлгодоггүй байжээ. Харин өнөөдөр эргээд бодоход ээждээ маш их баярладаг. Дээрийн дурьдсан мэргэжлээ сонгох гол нөлөө болсон интерншип бол ээжийн санаа байсан. Тухайн үедээ ээж намайг хүчээр хийлгэж байна даа, би яагаад ийм эрт хийх ёстой гэж бодож байсан. Гэтэл ээжийн хэлснээр тэр интерншипийг хийсний тулд эртнээс зөв замаа яг олчихсон, хамгийн оновчтой, өөрт тохирсон мэргэжлээ сонгосон. Энэ дашрамд энийг уншиж буй аав, ээжүүдэд хэлэхэд хэрвээ танай хүүхдэд эргээд хэрэг болно гэж бодож байвал хүүхдүүдээ дассан тухтай орчноос (comfort zone) нь хааяа хүчээр гаргахаасаа битгий айж байгаарай гэж хэлмээр байна.

Залуу хүүхдийн мөрөөдлийг сонсолгүйгээр ярилцлагаа дуусгаж чадамгүй санагдлаа.

Би хүүхэд байхдаа их том мөрөөддөг байсан. Өөрийн сайн чадах зүйл буюу математик, шинжлэх ухаанаар дамжуулан хүмүүст тусалдаг хүн болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа.
Жишээ нь хорт хавдрыг эмчилдэг болох юмсан гэх мэт. Одоо ингээд оюутан болоод мөрөөдөл минь арай бодит болж байх шиг. Хиймэл гар хийх юмсан, цар тахлын вакцинтай холбоотой юм бүтээхсэн гэж мөрөөдөх болсон. Нэгэнт биомэд чиглэлээр сурч байгаа болохоор хүн төрлөхтөнд тустай ямар нэг зүйлийг биомэдээр дамжуулан хийнэ гэсэн мөрөөдөлтэй сурч байна.

Миний цохож асуугаагүй ч хуваалцах юмсан гэж бодож байсан зүйл байна уу?

Би талархалааа илэрхийлмээр байна. Гэрийнхэндээ, ээждээ, ТУНА-гийн хамт олонд, мөн танд.

Ярилцсан Б.Цэрэннямаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу