Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага АНУ дахь Монголчуудаа дэмжих тэдэнд тус дэм болох зорилгоор магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд элсэн орохоор бэлтгэж буй ахлах сургуулийн монгол сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулж, ялагчаа тодруулсан билээ. ТУНА тэтгэлэг нь коллежид элсч буй сурагчдад баклавраар суралцах жил тутам нэг олгох, 1,000 – 2,000 ам.долларын мөнгөн тэтгэлэг юм. Энэ жил нийт 17 сурагчид тэтгэлэгт өрсөлдөн материалаа ирүүлж, дөрвөн сурагч хоёрдугаар шатанд сонгогдон улмаар Бямбасүрэнгийн Золзаяа ТУНА тэтгэлийн ялагч болсон юм. Ирээдүйд эмч болох зорилго тавин суралцаж буй түүнтэй “Манайхан”-ны Д.Сувд ярилцжээ.

Сайн байна уу? Хойд Америкийн Цахим Өртөө /ТУНА/ ТББ-ын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчаар тодорсонд баяр хүргэе. Тэтгэлэгийн талаар анх хаанаас сонссон бэ?

Сайн, сайн байна уу? Баярлалаа. Энэ тухай анх ээжээсээ сонссон. Facebook-с болон найзаасаа тэтгэлэгийн талаарх мэдээллийг бас сонссон. ТУНА тэтгэлэгийн талаарх мэдээлэл Facebook-р дамжин миний эргэн тойронд байгаа хүмүүст, монгол коммюнитид их сайн цацагдсан байсан.

Яагаад энэ тэтгэлэгт хамрагдья гэж шийдсэн бэ?

Ээжийнхээ зөвлөснөөр энэ тэтгэлэгт хамрагдсан. ТУНА тэтгэлэг миний мэдэх АНУ дахь анхны Монгол тэтгэлэг байсан учраас ээж бид хоёр их баяртай хүлээж авсан.

Тэтгэлэгт хамрагдах шалгуур хэр зэрэг хэцүү байв? Хоёр төрлийн эссэ бичих даалгавар байсан. Олон сэдвүүд байсны дотор “Хариуцлага”, “Америкийн Ази” гэсэн сэдвийг сонгосон байсан. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач?

Эхний сэдвийн хувьд хариуцлага гэж яг ямар утгатай үг болохыг нягтлан судлахыг хичээсэн. Мөн саяхан дуусгасан /AP physics/ ахисан түвшний физикийн хичээл надад хариуцлагатай байх тухайд маш их зүйлийг зааж сургасан. Энэ тухайгаа би эссендээ дэлгэрэнгүй бичсэн. Нөгөөтэйгүүр миний ээж надад жинхэнэ үлгэр жишээ болж, хариуцлагатай байх тухайд өөрийн биеэр үлгэрлэн харуулсан, хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж боддог. Хариуцлагийн тухайд ээжээсээ өвлөн авсан, суралцсан зүйл маш их бий, энэ тухайгаа бас бичсэн. Хоёр дахь сэдвийн хувьд Америкийн Ази байх тухайд хөндсөн. Америкийн Ази хүн амьдарч буй нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, мөр зэрэгцэн амьдрахын тулд англи хэл соёлыг сурч эзэмшихээс эхлээд дарамт шахалт, ялгаварлан гадуурхал мэдэрдэг тухай өөрийнхөө туулсан, мэдэрсэн зүйлсээ хуваалцахыг хүссэн. Нөгөөтэйгүүр бид зөвхөн бусдыг дуурайх, тэднээс суралцахад анхаарлаа хандуулах биш өөрийнхөө өв соёл, зан заншлаа орхигдуулалгүй, харин ч хичээн суралцаж, өөрийн гэсэн өвөрмөц байдлаа хадгалж үлдэх нь бидэнд маш том давуу тал болох юм байна гэдгийг ойлгосон тухайгаа бичсэн. Миний хувьд эх хэлээсээ эхлэхийг хүсч байгаа. Монгол хэлээ илүү сайжруулж суралцах зорилго тавьж байгаа.

Монгол хэлээ хэр зэрэг сурч байна?

Үнэндээ бол амаргүй байгаа. Өнгөрсөн зун Монгол явахыг маш их хүсч байсан ч Ковид нөхцөл байдлын улмаас боломж бүрдээгүй, одоо бол оюутан болсон учраас зав муутай байгаа. Хүссэн хэмжээндээ цаг зав гаргаж амжихгүй байгаа.

Монголд амьдарч байсан уу? Хамгийн сүүлд Монголд хэзээ очсон бэ?

Гурван нас хүртлээ Монголд амьдарсан. Их жаахан байхдаа ирсэн. Сүүлд 6 жилийн өмнө Монголд очсон санагдаж байна.

Монгол руу олон жилийн дараа очиход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Маш өвөрмөц, их сонин байсан. Санаж байгаа зүйл бараг байхгүй тэгсэн ч нэг л дотно, гэртээ ирсэн мэт мэдрэмж төрж байсан. Амьдарч байсан газар, хамаатан садантайгаа танилцаж, ах дүү нартайгаа холбогдоход их сайхан байсан. Монгол зан үйл, амьдралын хэв маяг, хүмүүс хоорондын харилцаа, өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явж байгаа байдал зэрэг нь их сонирхолтой, Америкаас эрс ялгаатай санагдсан.

Монгол Америкийн гол ялгаатай тал?

Монгол америк хүмүүсийн ялгаатай тал гэвэл Монголчууд их хөдөлмөрч, ахмад настнаа хүндэтгэдэг. Мөн америк хүүдүүд монгол хүүхдүүд шиг тийм их сурах хүсэл эрмэлзэлтэй байдаггүй. Монгол хүүхдүүд маш их хичээмтгий, сурах хөгжих хүсэл сонирхолтой юм байна гэдгийг анзаарсан. Тухайлбал манай хамаатны хүүхдүүд надтай чацуу хэр нь хуульч, эмч болохоор суралцаж байгаа. Ахлах сургуулиа төгсөөд шууд анагаахын сургуульд орсон байх жишээтэй. Энэ нь надад их сонирхолтой санагдсан. Бидний хувьд шууд анагаахын сургуульд орох боломж байхгүй, эхлээд баклавр түвшний сургалтаа дуусгах ёстой, дараа нь анагаахын сургуульд орох ёстой байдаг. Их урт, амаргүй замыг туулдаг. Маш их мөнгө, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог.

Америкт байгаа Монголчууд, монгол коммюнитийн төлөө ямар зүйлсийг хийж бүтээе, сайжруулах юмсан гэж боддог вэ?

Ирээдүйд эмч больё гэсэн бодол байгаа. Гэхдээ одоогоор дөнгөж баклаврын түвшинд суралцаж байгаа болохоор ямар чиглэлээр цаашид нарийсан суралцах нь тодорхойгүй байгаа. Одоогоор гүнзгий сайн судлаагүй учраас аль чиглэл надад тохирох эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэдий тийм боловч Америкт байгаа болон Монголд байгаа ахан дүүстээ тус дэм болох ямар нэгэн зүйлийг хийж хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр нь эрүүл мэндийн салбартай холбоотой байх болов уу гэж боддог.

Ярилцсан: Д.Сувд

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу