Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бас нэгэн хөлбөмбөгийн тод од Тэнгэрт харвачихжээ. Харамсалтай...

1982 оны дэлхийн аваргаар ёстой л од нь гийж, ДАШТ-ий шилдэг довтлогчийн “ Алтан шаахай”, шилдэг тоглогчийн “ Алтан бөмбөг” шагналыг хамтад нь хүртэж, Италийн шигшээг дэлхийн аварга болоход онцгой гавьяа байгуулсан Паоло Росси 64 насандаа домогт Марадонагийн араас Тэнгэрийн багт тоглохоор явчихжээ.

Уйтай...

...1982 оны хөлбөмбөгийн ДАШТ бол сэтгэлд минь хамгийн тод үлдсэн дэлхийн аваргын нэг. Зиког шүтэж, Бразилийг балиашигладаг бяцхан хүү би тэр жил Бразилийг дэлхийн аварга болно гэдэгт баттай итгэсэн байж билээ. Гэтэл Италитай тоглосон тэр өдөр, Росси гэж “гай” манай хаалганд гурвын гурван гоол оруулж, Бразилийг 2:3-аар хожин хүсэл мөрөөдөл, итгэлийг минь ёстой л тас цавчсан даа. Тэр шөнө би огт унтаж чадаагүй. Шөнөжин орондоо уйлсан юм. Шокноосоо гараагүй хэд ч хоносон юм бүү мэд. Бразил яагаад ч хожигдох ёсгүй, нэг л хар дарсан зүүд зүүдэлсэн юм шиг л өдрүүд.

Тэр цагаас хойш хүүхдийн томоогүй гэнэн зангаар Италийн шигшээ, Паоло Росси миний хамгийн “ заналт дайсан” болсон билээ л.

Олон ч жил өнгөрч дээ, тэр үдшээс хойш. Он цагийн эргэлтэд хөлбөмбөгийн мөн чанар, утга учрыг илүү нарийн ойлгох болж, хөлбөмбөгт ухамсарт амьдралаа зориулсан бүхнийг хүндлэн, “дайсан”-өрсөлдөгчийн ялгааг гадарлахтайгаа болсон. Тиймээс ч Италийг, Россигоо уучилсаан, уучилсан.

Хэдийгээр хайртай багийг минь хожиж, намайг уйлуулж, Бразилийн сая сая хөгжөөн дэмжигчдийг гомдоосон ч чи түүнээс ч олон хүнд аз жаргалыг бэлэглэж, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж, аугаа түүхийг бичсэн шүү дээ, Росси !!!

Per sempre, Paolo!!!

Эцэст нь манай 10 жилийн ангид маань Бразил , Италийн одууд “ байсан” юм. Мэдээж Паоло Росси бас байсаан...