Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хорвоо дэлхий дээр чухам хэдэн ч хаан байсан юм, байгаа юм, байх юм хэлэхэд хэцүү л дээ.

Харин хэн ч титмийг нь булаагаад, ширээнээс нь буулгаж чадахгүй , цаг хугацаа, орон зайд захирагдахгүй нэг л Хаан байдаг. Тиймээ тэр бол хөлбөмбөгийн Хаан-ПЕЛЕ. Бүтэн нэр нь Эдсон Арантес ду Насименту Пеле. Гэрийнхэндээ бол Дико.

Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 23-нд хөлбөмбөгийн хаан 80 нас хүрч байна.

Түүний намтар түүх, амжилтыг энд бичих шаардлагагүй. Пелегийн тухай ном дэлхийн хэдэн ч хэл дээр , хичнээн ч удаа гарсан юм бүү мэд, тоолошгүй.

Өчүүхэн миний бие гэхэд л хөлбөмбөгийн хааны “Миний амьдрал ба гайхамшигт хөлбөмбөг” хэмээх номыг орос хэлнээс эх хэл рүүгээ чадах ядахаараа хөрвүүлэн “ Таван цагариг” сониндоо цувралаар нийтлэн хөлбөмбөг сонирхогчдодоо хүргэж байв.

Зөвхөн энэ л номыг, Пелегийн намтар түүхийг өөрийн биеэр уншихын тулд л Бразилийн олон мянган хүн бичиг, үсэгт тайлагдаж байсан гэдэг.

Хөлбөмбөгийн хаан шиг нэр хүндтэй хүн , дөрвөн зүг, найман зовхис, таван тивд ховор.

Үүнийг батлах, нотлох маш олон жишээ бий. Ганцыг дурдсу. 1975 онд Пеле багийн нөхдийн үед Ливанд айлчлан тоглолт хийсэн гэдэг.

Түүний тоглолтыг тайван амгалан үзэхийн тулд , баяр баясгаланг мэдрэхийн төлөө иргэний дайнтай байсан сөргөлдөгч талууд санал нэгтэй хэд хоног галаа зогсоож байсан түүхтэй.

Үе үеийн хөлбөмбөгийн домог, супер оддын дунд Пеле шиг 17-хон настайдаа дэлхийн аварга болж, хөлбөмбөгчин болгон хүсэн мөрөөдөөд ч авч чаддаггүй дэлхийн аварга цолыг гурван удаа хүртсэн нь нэг ч байхгүй , энэ алдарт хүрсэн дэлхий дээрх цорын ганц хөлбөмбөгчин бол Пеле.

Тиймээ, хөлбөмбөгт ганцхан хаан бий. Тэр нь Пеле.
Хөлбөмбөгийн хаан Танд төрсөн өдрийн мэнд хүргэе!
Happy birthday! King
Feliz aniversario, Rei Pele! 80 anos

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу