Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Монголын хөнгөн атлетикчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан авсан марафонч Б. Мөнхзаяагийн тухай шинэ баримтат киног Японы “NHK“ телевиз энэ сарын 9-нөөс эхлэн “NHK world” cувгаар цацаж эхэллээ.

Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа нь 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын рекорд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин. Мөн БНСУ, БНХАУ, Япон, Австрали, Хонконг, Монголд болдог олон улсын марафонд тэргүүн болон шагналт байрыг нэг бус удаа эзэлж, “Рио -2016” олимпийн наадам, “Лондон-2017”, “Доха -2019” дэлхийн АШТ-д амжилттай оролцож байсан манай шилдэг марафончдын нэг билээ.

Б.Мөнхзаяагийн тухай хөрөг нэвтрүүлгийг “NHK” өмнө нь бүтээж байсан бол энэ удаагийн баримтат кинонд Олимпийн эрх авсан тамирчин дэлхийг хамарсан цар тахлын үед ямар нөхцөлд, ямар орчинд хэрхэн бэлтгэлээ базааж буй талаар өгүүлжээ.

“Dreaming of a medal: Mongolia” нэртэй, 28 минут үргэлжлэх энэ баримтат кино энэ аравдугаар сарын 23-ныг дуустал “NHK World” сувгаар “Asia insight” цувралаар үзэгчдийн хүртээл болох ажээ. Мөн https://www3.nhk.or.jp/nhkworld/en/ondemand/video/2022313/ линкээр үзэж болно.

Дашрамд дурьдахад марафонч Б.Мөнхзаяагийн төрсөн өдөр өнөөдөр (аравдугаар сарын 10) тохиож буй бөгөөд NHK телевиз түүний төрсөн өдөрт жинхэнэ сюрприз болсон бэлэг барилаа. “Токио-202ONE” олимпийн наадмаас медаль авах мөрөөдлөө биелүүлэхийн ерөөлийг төрсөн өдрийн мэндтэй хамт дэвшүүлье!

Э.Гуамарал, “ Таван цагариг” сонины Япон дахь сурвалжлагч

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу