Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр (2020 оны есдүгээр сарын 19) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотноо мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг болох World Boxing Council-мйн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө ( title eliminator) Монголын “King Tug” Нямбаярын Төгсцогт - Барбадосын “Soldier” Кобиа Брийдитэй бүтэн 12 үе тулалдаж, шүүгчдийн олонхийн саналаар оноогоор ( 114:112, 111:115, 114:113) яллаа. Тулааны нэг, хоёрдугаар раундад манай “Хаан” Барбадосын “цэргийг” хоёр ч удаа нокдаунд оруулж тоолуулсан. Гэвч энэ үдшийг хүртэл мэргэжлийн рингэнд ялагдаж үзээгүй байсан ( 15-0,5 КО) Кобиа Брийди тулааныг дуустал тун идэвхтэй, давшиж, ажиллаж тоглосон. Гэхдээ цохилтны хүч, оновчтой байдал тийм ч сайн бус. Харин манай Төгсөө хүлээлттэй, харин нэг довтлохдоо угсраа цохилт, комбинац маш сайн хийж, цохилт нь илүү оновчтой, хүчтэй байлаа.

“CompuBox’s“ -ийн гаргасан албан ёсны бус статистикаар Төгсцогт нийт 580 цохилтоос ( punches) 190 нь оновчтой, харин Брийдигийн 742 цохилтын 166 нь л оновчтой болсон аж. Хүчтэй оновчтой цохилтын ( power shot) тоогоор ч «King Tug» маань (139) «Soldier» -ийг ( 115) илүүрхсэн байна.

Тулааны дараах хэвлэлийн бага хурал дээр Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд “Тун хүнд, хэцүү тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна. Тун сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхамаа хийхэд бэлэн байна” хэмээн өгүүллээ.

Ийнхүү тун хариуцлагатай, маш чухал, мэргэжлийн боксын карьерт нь ихээхэн шийдвэрлэх тулаанд НямбаярынТөгсцогт маань ялалт байгуулж, Кобиа Брийдигийн 15 хүрээд байсан ялалтын цувралыг зогсоож, анхны ялагдлыг нь амсуулав. Монголын “Хаан” Барбадосын “Цэрэг”-ийг ийн ялснаар мэргэжлийн рингэн дэх амжилтаа 12 ялалтад (9 КО) хүргэлээ. Одоо WBC-ийн «өдөн жин»-гийн дэлхийн аварга «Мистер» бага Гэри Рассельтай аварга цол, бүсний төлөө “даагаа нэхэх” эрхтэй боллоо. “King Tug” мэргэжлийн боксын рингэн дэх цорын ганц ялагдлаа өнгөрөгч хоёрдугаар сард Гэри Расселиас хүлээсэн билээ.

tuvshee 0920 02Өнөөдрийн тулааны бас нэг сонин гэвэл Төгсцогт маань тоглолтын хантаазныхаа зүрхэн тус газраа “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд!” хэмээн худам монгол бичгээр бичсэн байсан нь үнэхээр сайхан харагдсан. Монгол цустай хүн болгоны санааг чилээж буй асуудлыг дэлхийн дэвжээн дээр түгээх санаа нь хичнээн агуу. Тамирчин хүн зөвхөн өөрийн ялалтын төлөө бус эх орон, элэг зүрх нэг эгэл олноо, өв соёлоо, өнгөрсөн, өнөө түүхээ ч тээж дэвжээнд гардаг гэдгээ харууллаа даа.

https://www.facebook.com/1544292215816153/posts/2774288079483221/?vh=e&extid=HZ5D0Njblpqmhp6f
https://www.facebook.com/1544292215816153/posts/2774289972816365/?vh=e&extid=8q3Z16aVGwFkamwr

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу