Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт маань ирэх есдүгээр сарын 19-нд АНУ-ын Массачусетс мужид Мексикийн “Zurdito” хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой тулалдахаар болсныг «Таван цагариг» өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ тулааны тухай шинэ мэдээллийг та бүхэнд толилуулая.

12 раунд, “ title eliminator” статустай (хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) явагдах энэ тулааныг Америкийн үндэсний хэмжээний SHOWTIME тв сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.

Мөн Массачусетс мужийн Бостон хотноо тулааныг хийхээр урьдчилан төлөвлөж байсан ч өөрчлөгдөн Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд явагдахаар боллоо.

Тулааныг зохион байгуулах TGB promotions гэрээний дагуу өчигдөр буюу долдугаар сарын 31-нд хоёр тамирчныг эрүүл мэндийн үзлэгт( биеийн ерөнхий байдал, сэргээш болон мансууруулах бодис, хар тамхи хэрэглэсэн эсэхийг тодруулах шинжилгээ) оруулахад хоёуланд нь ямар нэг эрүүл мэндийн болон сэргээш, бусад хориотой зөрчил илрээгүй бөгөөд, “ Covid-19”-ийн шинжилгээ нь ч эсрэг гарсан байна.

Дашрамд дурьдахад “King Tug” Н. Төгсцогт энэ тулааны бэлтгэлээ өмнө нь хамтран ажиллаж байсан Жон Пуллмэний удирдлага доор базааж байгаа юм.

Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу