Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ( FIFA) -ноос хөлбөмбөгийн ертөнцийн оны шилдгүүдийг жил бүр тодруулдаг “ The Best FIFA Football Awards” ёслолын ажиллагаагаа энэ жил зохион байгуулахгүй нь ээ. Шалтгаан нь мэдээж хорон “ Хорооноо” цар тахал. Үүнээс өмнө ФИФА нь өөрийн гишүүн 211 орны үндэсний хөлбөмбөгийн холбоо тус бүрд 500,000 ам. доллар, нийтдээ 150 сая орчим ам. долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Мөн энэ онд зохиогдох байсан эмэгтэй U-17 болон U-20 насны ДАШТ, футзалын ДАШТ-ийг 2021 он хүртэл хойшлууллаа.

***

IFAB ( International football association board) буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоодын зөвлөлөөс нэг тоглолтод 5 хүртэлх сэлгээний тоглогч хэрэглэх түр дүрмийг баталжээ. Гэхдээ тухайн орны лиг энэ дүрмийг хэрэглэх эсэхээ өөрсдөө шийдэх юм байна. IFAB хөлбөмбөгийн тоглолтын дүрмийг баталдаг байгууллага юм.

***

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнгөрсөн улиралд бусдад ганц ч түрүү алдаагүй ОХУ-ын нэрт дасгалжуулагч Этери Тутберизегийн багийн охидоос Александра Трусова хэдхэн хоногийн өмнө “нүүр бууруулж” Евгений Плющенкогийн академи рүү шилжсэн. Гэтэл үүний дараа Анна Щербаковаг мөн Этериг орхиж буй мэдээ тарсан юм. Гэвч ОХУ-ын хошой аварга, Гран-при тэмцээний аварга Щербакова энэ мэдээлэл ташаа бөгөөд өөрийнх нь сошиал хуудас цахим халдлагад өртөж ийм мэдээлэл тараагдсан хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

***

“Формула-1” авто уралдааны дэлхийн дөрвөн удаагийн аварга, «Феррари» багийн тамирчин, Германы нисгэгч Себастьян Феттель энэ оны сүүлчээр “Макларен” баг руу шилжих нь тодорхой боллоо. Түүнтэй зөрөөд “ Макларен” багаас Карлос Сайнс “Феррари”-д ирэх аж.

***

NBA буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо 2021-2022 оны улирлаас эхлэн Wilson компаний бөмбөгийг албан ёсны бөмбөгөө болгох ажээ. 1983 оноос эхлэн тус лигийн албан ёсны бөмбөгийг нийлүүлж байсан “ Spalding”-ийн NBA-тай байгуулсан гэрээ энэ жил дуусах юм.
“Wilson” -ий бөмбөгийг НБА “ Spalding”-аас өмнө 37 жил хэрэглэж байсан билээ.

***

Спортын “хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн улирал ирэх наймдугаар сард эхлэхээр төлөвлөгдлөө. Тухайлбал наймдугаар сарын 11-нд Финландад “Continental Tour Gold” тэмцээн эхлэх бол “ Алмаазан лиг”-ийн эхний гараа Монакод наймдугаар сарын 14-нд болох ажээ. Харин “Diamond league”-ийн финал зохиогдохгүй юм байна.
#sportbazaa

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу