Getty Images

Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр ( 2021 оны гуравдугаар сарын 24) Шведийн нийслэл Стокхольм хотын “ Эрикссон -Глобе” ордонд уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах 110 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Тэртээ 1896 оноос түүх нь эхэлдэг энэхүү тэмцээн гурван зууныг дамнахдаа нийтдээ 16 удаа ( 1915-1921 онд Дэлхийн I дайны улмаас, 1940-1946 онд Дэлхийн II дайны улмаас, 1961 онд АНУ-ын баг тамирчид онгоцны осолд амь насаа алдсан ( 18 тамирчин, 9 албаны хүн) учир хүн тэдний дурсгалыг хүндэтгэн) цуцлагдсан бөгөөд хамгийн сүүлийнх нь дэлхийг хамарсан “ковид-19” цар тахлаас болон Канадын Монреальд болох байсан 2020 оны ДАШТ цуцлагдсан билээ.

Энэ жилийн жилийн ДАШТ үзэгчгүй явагдах бөгөөд “ Бээжин-2022” өвлийн олимпийн квот олгохоороо онцлог юм.

Уран гулгалтын холбоо цар тахлын үед хуваарьт 29 тэмцээнээс ердөө долоон тэмцээнийг зохион явуулсан болохоор тамирчдын бэлтгэл, форм ямархуу байгааг тааж хэлэхэд тун хэцүү ч спортын хосод БНХАУ-ын Суй Вэнь Цин -Хань Цун нар дэлхийн аварга цолоо хамгаалах бүрэн боломжтой. Тэдэнтэй гол өрсөлдөгчид нь нутаг нэгт Пэн Чэн-Жин Ян , мөн АНУ-ын Алезса Шимека-Брэндон Фрейзер , за тэгээд ОХУ-ын гурван хосын аль аль нь юм. Ер нь ОХУ -ын гулгагчдын хувьд дотоодын тэмцээнүүд огт тасалдаагүй нь ихээхэн давуу тал болох байх.

Бүжгийн хосын төрөлд ОХУ-ын энэ оны аварга Александра Степанова-Иван Букин нарын хослол гол фаворит нь. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөөнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, АНУ-ын Мэдисон Хаббелл-Закари Донохью болон Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын Виктория Синицина-Никита Кацалапов нар үзүүлэх болов уу?

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Олимпийн хошой аварга , дэлхийн хошой аварга, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Японы Юзүрү Ханю болон дэлхийн хошой аварга , “ Quad King” хэмээгддэг АНУ-ын Нэйтан Чен нарын хооронд алтан медалийн төлөөх жинхэнэ “ гал гарсан” өрсөлдөөн болох нь тодорхой. Харин хүрлийн төлөө ОХУ-ын Михаил Коляда , БНХАУ-ын Боян Жинь үзэлцэх байх.

Мэдээж үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг нь эмэгтэй ганцаарчилсан төрөл. Энэ төрөлд ОХУ-ын охид сүүлийн жилүүдэд тасархай байгаа. Ялангуяа Этери Тутберизегийн шавь нар. ОХУ -ын аварга болох нь Дэлхийн аварга болохоос ч хэцүү гэж энэ төрөлд ярьдаг нь зүгээр ч хоосон яриа биш ээ.

ДАШТ -д ОХУ эмэгтэй ганцаарчилсан төрөлд гурван квоттой. За энэ гуравт багтана гэдэг чинь ёстой “ алаан” байхгүй юу. Энэ удаа ОХУ-ыг ДАШТ-д 16 настай Анна Щербакова, 16 настай , «Quad Queen” Алексадра Трусова, 2015 оны дэлхийн аварга, 24 настай Елизабета Туктамышева төлөөлөх эрх авсан. Туктамышева гэхэд энэ жилийн ОХУ-ын АШТ-д дөнгөж долдугаар байр эзэлж, Оросын цомын финалд дөрөвдүгээр байрт орж эрхээ авсан. Түүний өмнө Этеригийн 14 настай гурван шавь Камила Валиева, Майя Хромых, Дарья Усачёва нар шалгарсан ч ДАШТ-д 15 нас хүрсэн тамирчин л орж болох журмын дагуу Елизабета Стокхольмд ирсэн юм.

ОХУ-ын аварга цолыг сүүлийн гурван жил дараалан хүртээд байгаа Анна Щербаковаг дэлхийн аварга болно гэхэд нэг их буруудахгүй л байх. Насанд хүрэгчдийн тэмцээнд дөрвөлсөн лутц анх амжилттай гүйцэтгэсэн, мөн нэг хөтөлбөрт хоёр дөрвөлсөн лутц гүйцэтгэсэн гэдгээрээ түүхэд бичигддэг Анна өнгөрсөн улиралд хоёр ч гран-прид түрүүлж, финалд мөнгөн медаль хүртэж, Европын дэд аварга болсон. Мөсөн дээр жинхэнэ зурдаг, гулгалтдаа жинхэнээсээ ордог доо, Анна.

Түүний гол өрсөлдөгч нь Александра. Дөрвөлсөн эргэлтийн “Хатан хаан” Трусовагийн “ зэвсгийн агуулах”-д ультра-С ангилал буюу хамгийн хүнд элементээс бүрдсэн олон техник бий. Дөрвөлсөн сальхов, тулуп, лутц гээд. Гэм нь алдаа их гаргадаг, тогтвортой биш.

Мэдээж алтын төлөө өрсөлдөөн энэ хоёр охины хооронд л явагдана. Харин медалийн төлөө Туктамышеватай өрсөлдөгч нь Японы охидууд, ялангуяа Рика Кихира байх биз ээ.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу