Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадам товлосон хугацаанаасаа хойшлогдох боллоо.

Өчигдөр ОУОХ-ны “ босс” Томас Бах Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон “Токио -2020” -ийг Зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори, албаны бусад хүмүүстэй ярилцсаны дараа ОУОХ болон “Токио-2020” олимпийг ЗБХ-ноос олимпийн наадмыг хойшлуулахаар талууд санал нэгдсэн тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

Одоогоор тодорхой хугацааг зарлаагүй ч “Токио-2020” олимпийг 2020 оноос хойш боловч 2021 оны зунаас хойшлуулахгүйгээр зохион байгуулах ёстойг дурьдсан. Яг нэг жил хойшлуулж байгаа биш нөхцөл байдал боломжтой болбол зунаас наана нь ч зохиож болно гэсэн үг.

Мэдээж ОУОХ болон Зохион байгуулах хотын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах, уралдаан тэмцээний хуваарийг Олон улсын спортын холбоодтой зөвшилцөх, хамтран ажиллах байгууллагууд, спонсор, ивээн тэтгэгчтэй ярилцаж тохирох, ТВ -ийн эрхийг худалдан авсан газруудтай хэл амаа ололцоход багагүй хугацаа орох байх. Эцэст нь ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн албан ёсны шийдвэр гарах учиртай.

Зуны олимпийн наадам ирэх жил болсон ч “Токио-2020” гэсэн нэр, лого хэвээр үлдэх ажээ.

Мэдээж хэдийнээ бэлэн болсон олимпийн медаль, бэлэг дурсгалын зүйлс болон албан ёсны бүх л зүйл дээрх “Токио-2020” гэсэн бичгийг өөрчлөхөд маш их зардал орох нь ойлгомжтой.
Өнгөрсөн ням гаригт гэхэд л ОУОХ болон ЗБХ аль аль нь “Токио-2020” олимпийг хойшлуулах талаар одоогоор ямар ч яриа байхгүй.Нөхцөл байдлыг дөрвөн долоо хоног хараад шийдвэр гаргана гэж байсан ч хоёр ч хонолгүй ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй болов.

Цар тахлын тархалт цаг минутаар бус, агшин хормоор нэмэгдэж, дээр нь Канадын ҮОХ олимпод тамирчдаа явуулахгүй гэж, мөн Бразил, АНУ, Испани, Австрали, Норвеги, Серб, Хорват, Франц, Словен, Их Британи, Швейцар зэрэг олон орны ҮОХ олимпийн наадмыг хойшлуулах хүсэлт гаргаж, ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэвлэл мэдээллээр ОУОХ-ны байр суурийг “задалсан” зэрэг нь ийн яаралтай мэдэгдэл гаргахад хүргэсэн байх.

“Таван цагариг” -ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу