Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

(Пеннсилваниагийн их сургуулийн Цагаан сарын баярыг сурвалжилсан тэмдэглэл)

АНУ-д Пеннсилваниа мужид орших UPenn – ЮПэнн хэмээх нэр хүндтэй сургуульд Монгол судлал буй болоод, ид хөгжиж байгаа билээ. Эднийх жил бүр Цагаан сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай юм. Шинийн хоёрны бэлгэт сайн өдөр UPenn их сургууль цахимаар Цагаан сарын баяраа зохион байгууллаа. Баярт Америк, Европ, Ази гурван тивээс монгол судлаач голдуу тавиад эрдэмтэн, Монголыг сонирхогч нар оролцов. Америкийн ахлах сургуулийн хоёр ч багш ангиа тэр чигээр нь суулгаад том дэлгэцээр үзүүлж, сурагчдадаа Монгол ёс заншлыг танилцууллаа. Филадэлфи, Фэниксвилл хотын сургуулийн багш нар гэнэ.

Баярыг тус сургуулийн монгол хэл соёлын багш Ц.Наранцэцэг, Монголын угсаатны түүхийн профессор Дэвид Дэттман нар санаачлан зохион байгуулж, хөтлөн явуулсан юм.

Баярын эхэнд хүндэт Аржиа рэнбүүчи сар шинийн ном уншиж, ерөөл айлдав. Гэгээнтэн мөн Жанрайсиг, Манзушри, Очирваань бурхан, Дара эх, Манал, Сосорбарам тус бүрийн утга учрыг тайлбарлаж, ном уншихдаа хүн юу бодож, хэрхэн олны төлөө сүсэглэн залбирдгийн учрыг хэлж өгөв.

Дараа нь тус сургуульд Монгол судлалыг үүсгэсэн, Монгол судлаач Билигтү багш Кристофэр Этвүүд бар жилийн тухай, Барс гэдэг үгийн тухай, урьд өмнөх бар жилүүдэд тохиож байсан түүхэн үйл явдлын талаар өгүүллээ.

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр сар шинийн баярт айлчилж, Монгол судлалыг хөгжүүлж буй Пеннсилваниагийн их сургуулийн багш нарт талархлаа илэрхийлээд, хоёр улсын хоорондох соёлын харилцаа, ард түмэн хоорондын харилцаа нэн чухал болохыг онцлон, Монгол судлалыг тэргүүн зэрэгт дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь баяр наадам Улаанбаатар хотноо шилжиж, Д. Жамдаан хэмээх айлд зочлов. Гэрийн эзэн Жамдаан тавгийн идээ, ууц шүүс зэргийнхээ учрыг тодорхой тайлбарлаж, хэрхэн тавьдаг, хаанаас эхлэн хүртдэг зэргийг биечлэн үзүүлэв. Гэрийн эзэгтэй Отгонбилиг онлайнаар шууд хайлмаг хайлж үзүүлэхдээ цагаан идээний учир начрыг давхар хэлж өгч байсан нь мэдээлэл сайтай демо боллоо. Дараа нь хоёр охин нь шагайгаар морь уралдаж үзүүлээд бага охин нь төгөлдөр хуураар монгол аялгуу тоглон, Монгол судлаач нарын сонорыг мялаалаа.

СУИС-ийн багш С.Загд-Очир морин хуурын аялгуун дор Чингис хааны магтаалыг хөөмийлсөнд бүгд ихэд алмайран сонсов.

Эцэст нь Цагдаагийн Сүлд чуулгын дуучин С.Дуламсүрэн “Монгол самолет” хэмээх дууг дуулахдаа дууны үүх түүх, анх хэзээ онгоц манайд орж ирсэн, хэрхэн хүлээн авсан ард олны дурсамж, дууны үг зэргийг тайлбарлан ярьсан нь Монгол судлаач гаднын эрдэмтдэд нэн сонирхолтой байлаа. Баярыг хааж С.Дуламсүрэн Үзэмчин ардын "Бүүжидмаа" дууг дуулав.

Энэ бүх үг тайлбарыг Пеннсилваниагийн их сургуулийн докторант Д.Дотно шууд орчуулан, Зүүм программын чаат хэмээх талбарт бичиж байсан тул хэн бүгдэд ойлгомжтой байлаа.

Ганцхан цагийн хөтөлбөр, хүн уйдаахгүй, түргэн шуурхай хэрнээ маш их агуулга багтааж, мэдээлэл өгсөн, олны таашаалд нийцсэн, ёстой л нэг часхийсэн баяр болов. Цар тахлаас болоод Монголд ирж чадаагүй олон жил болсон Монгол судлаач нараас "Монголд очмоор санагдчихлаа, саначихлаа" хэмээсэн сэтгэгдэл ирсэн нь Цагаан сарын энэ баяр үүргээ гүйцэтгэсний баталгаа мөн. Сэтгэл гарган оролцсон, дулаан сайхан үг хэлсэн, ая дуугаа өргөсөн, өв уламжлалаа тайлбарласан бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

М.Саруул-Эрдэнэ
Улаанбаатар болон Филидалфиа хотуудаас

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу