Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу? Танай Ричмондод хэр намар болж байна? Энэ зэвэргэн цаг гадаадад суугаа монголчуудад хүндээр тусч байгаагийн дотор жижиг бизнес эрхэлж байсан залуучуудад бас л амаргүй даваа байсан нь ойлгомжтой. Цагийн хүнд бэрхэд үл бүдрэн бизнесийн аж ахуйгаа аваад явж байгаа цөөн газрын тоонд танай зоогийн газар орно. Дэлхийн цар тахлын үед бизнес эрхлэхийн давуу, сул тал, сөрөн тэмцэж байгаа арга, боломжийн талаар миний хоёр дүү бидэнтэй хуваалцаж болох уу? Та хоёр өөрсдийгөө танилцуулна уу.

Сайхан намаржиж байна. Та сайхан намаржиж байна уу? Цаг зэвэргэн л байна. Бидний ажлыг сонирхож, ярилцах санал тавьсанд баярлалаа. Та намайг таних хойно. Манай гэр бүлийн хүнийг Тэрбишийн Эрдэнэчимэг гэдэг. Дархан хотын уугуул. Гар бөмбөгийн спортын мастер. Амеркт болсон 12 тэмцээний наймд нь түрүүлсэн байдаг. Гар бөмбөгийн ээлжит тэмцээн энэ жил Сиэтлд болох байснаа цагийн байдлаас болоод хойшилчихлоо. Бид хоёр 2000 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй. Том нь коллежийн оюутан. Дараагийнх нь ахлах сургууль төгсөнө. Бага нь сургуульд орж байна.

tulgaa3

2019 оны сүүлээр танай орон нутгийн хэвлэлд “A Taste of Mongolia for Richmond Residents” нэртэй нийтлэл гарч, танай EUROASIA рестораны талаар сайхан сэтгэгдэл төрүүлсэн билээ. Энд суурьшсан хийгээд нийтийн хоолны бизнес эрхлэх болсон түүхээ та хоёр хуучлах уу.

Бид хоёр 2003 онд энд ирсэн. Ирээд бусдын адил янз бүрийн ажил хийж байсан даа. Жолооч, агааржуулагчийн угсаргаа, үйлчилгээ, дэлгүүрийн шал угаах , кино театрын цэвэрлэгээ, зочид буудлын үйлчилгээ, цэвэрлэгээ гээд хийгээгүй ажил бараг байхгүй дээ. Харин тав дахь жилээсээ хэвлэлийн бизнес нэлээд шургуу хийж эхэлсэн дээ. Хэвлэлийн бизнесээрээ Сан - Хосегоос Сакраментогийн хоорондох 200 гаруй рестораны хоолны цэс хэвлэдэг байсан юм. Офсет хэвлэл эрхэлж байсан. 2008 оноос энэ ажилд хүч сорьсон доо. Голцуу ресторануудтай ажилладаг болохоор нэг удаа ресторан авах боломж гарсан. Энэ бол 2011 он байх. Ихэнхийг нь зээлээр, хэвлэлийн орлогоор гээд хөрөнгийн янз бүрийн л эх үүсвэр ашигласан даа. Тэгээд 9 жил гаруй боломжоороо ажиллаж байтал энэ гайт тахалтай залгалаа даа.

Танайх чухам ямар хоол, зоогоор нийтэд үйлчилдэг байв? Бас танай хоолны цэсэд “пирожки”, “чебуреки” гэхчлэн орос хоолны нэр нэлээд харагдана лээ?

Тогтмол ажиллагаатай байхдаа монгол, япон, орос, солонгос, түвдийн үндэсний гээд нэлээд олон төрлийн хоолоор үйлчилдэг байлаа. Манайхыг арван нэгэн төрлийн шөл хийдгээс алдартай нь оросын борщ шөл гэж таны дурдсан нийтлэлд бичсэн байсан. Цэсээ интернет, бусад лавлах харж байгаад л зохионо шүү дээ. Миний тогооч найз их тусалдаг. Мэдээж хамгийн хэрэглээтэй, идүүртэй нь бууз.

tulgaa2

Энэ цагийн аяст хэр зохицож ажиллаж байна? Үйлчлүүлэгчдийн тоо мэдээж буурсан байх. Үйлчилгээндээ ямар өөрчлөлт оруулав?

Хоёулаа зүтгэсээр арай л сөхөрчихгүй, зохицон ресторанаа авч гарахыг хичээж л байна. Ихэнх хоолны газар хаагдсан. Эхний үед хэцүү л байсан. Үйлчлүүлэгч байхгүй, бас дээрээс нь ази царайтай гэж сэжиглэнгүй хандана. Манай энд түвдүүд элбэг. Тэд санаа амар, савлаад тавьсныг аваад л явна. Ер нь бол утсаар захиалга аваад хүсэлтээр нь хоолоо савлаад тавьчихна. Энэ л манай гол үйлчилгээ шив дээ. Рестораны орлого 20 хувьд хүртлээ буусан шүү дээ. Одоо яах вэ зүтгэсээр, чармайсаар 50 хувь багцаанд хүргэж явна. Түрээсээ төлөх, бараа бүтээгдэхүүнээ татах гээд зарлага ихээ. Зарим түрээс хойшлоод төлбөр овоорч л байна. Зүтгэхээс өөр, ухрах газар алга даа. Манай хөргөлтийн зоорь байдаг газрын түрээслэгчид бараг бүгд эд хогшлоо аваад нүүгээд явчихсан. Бид хаашаа ч нүүх билээ дээ. Очих газаргүй болохоор зүтгэх л үлдэнэ дээ. Энэ цар аймшгийн үед огт төсөөлөөгүй бэрхшээлүүд гарч байна даа. Жишээлэхэд, махны үнэ паунд нь 3 орчим доллар байснаа 8 доллар гарсан шүү дээ. Өдөр бүр 5-6 жижиг хотуудаар явж махаа цуглуулна. Эрт очихгүй бол гар хоосон хоцорно. Одоо махны үнэ арай буурсан. Тэглээ гээд бид хоолныхоо үнийг нэмээгүй л байна.

Цаашдаа хэрхэн ажиллаж, цагийн шуурганаас гарахаар төлөвлөж байна даа, та хоёр минь?

Юм, юм л толгойд эргэлдэнэ, харилцан ярилцана, шинэ хэрэглээ, хэрэглэгчээ судална, тэгээд шийд гаргахыг зорино. Ямартай ч хоолныхоо цэсийг өөрчилнө. Ажиллах цагаа урагшлуулж, америк хүмүүст нэн чухал өглөөний цайных нь цагт зориулан хурдан хоол гаргана. Энэ бүхнийг дагаад цэс өөрчлөгдөнө, үнэд ч бага зэргийн хөдөлгөөн гарах байх. Шинэчилсэн цэсэндээ солонгос, америк хоолнууд нэмж байгаа. Бас Хятадаас хөлдүү бууз, банш үйлдвэрлэх суурь төхөөрөмж оруулаад ирсэн. Одоо зөвшөөрөл хөөцөлдөж байна. Түүнийг нутагшуулах, хэрэглээнд оруулах ажил хийнэ. Хоол хүнсийг үйлдвэрлэж, бэлдэж л чадвал хэрэглэгч олдох юм билээ.

Та хоёр нэгэн ярилцлагадаа “Манай үйлчлүүлэгч бидний гэр бүлийн гишүүн” гэсэн байсан. Танай үйлчлүүлэгчид хэр сэтгэл ханамжтай байдаг бол?

Энд миний, чиний байхгүй. Монгол, түвд бусад найз нар орж ирээд өөртөө үйлчлээд, туслаад, хамжаад явчихдаг болохоор л тэднийг өөрийнхөнтэйгөө адилтгаж ойлгодог юм. Илэн далангүй, найз нөхөд байх, харилцан туслах, хэрэгтэй цагт нь гараа сунгах ч сайхан шүү дээ. Бид хоёр олон хүнийг гэр орноороо дамжуулж, олон хүнд бизнесээ эхлэхэд нь нэмэр, нөөлөг болж явсныхаа тусыг эргээд хүртэж байна л гэж ойлгодог. Олны хүч оломгүй далай гэж үг байдаг даа, ах минь.

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

Донровын Батсүх:

Тулгаа, Эрка гэсэн даруухан хос залуусын амьдарч байгаад нүүсэн байрыг түрээслэхээр анх удаа уулзан танилцаж, Америк дахь өрх гэрээ төвхнүүлж эхлэсэн үе маань саяхан мэт санагдавч хэдийнээ арван хэдэн жил улирч одсон ажээ. Төдөлгүй манайх дахин нүүхдээ тэдний хөрш болсноор улам дотноор нөхөрлөж билээ.Тэр үед монголчууд харьцангуй цөөн байсан болохоор монголчууд бид хоорондоо тун эв найртай, бие биенийхээрээ орж гардаг, цуглаж хөөрөлддөг байсан юм.

Тулгаа хувиараа хэвлэх үйлчилгээ эрхлэж байхад би хааяа ажлын байраар нь очиж сонирхдог байв. “Эркагийн гар ажлынх нь нөхцлөөс болоод эвдрээд байгааг харахаар санаа их зовох юм” гэж нэг удаа ярихад нь Тулгааг би гэр бүлдээ их бага гэлгүй анхаарал тавьдаг сүрхий залуу юм гэж бахдан бодож билээ. Эрка нь гар бөмбөгийн мундаг тамирчин бөгөөд маш ажилсаг бүсгүй юм. Хөвгүүдээ зөв сайн хүмүүжүүлдэг хүн. Энэ хоёр хоорондоо эвтэй, бие биенээ үргэлж дэмжиж, эхэлсэн ажилдаа тууштай зүтгэн амжилтанд хүрч байдаг хүмүүс.

Монгол хоолны газар тогооч хийж байхад нь Эркагийн гарын амттай хоолыг идэхээр очдог олон монголчуудын нэг нь манай гэрийнхэн байв.

Одоо ч бид тэдний үйлдвэрлэж, савласан бууз, хуушуурыг зуучлан борлуулагч хүмүүсээс, тэдний бүтээгдэхүүнийг зардаг дэлгүүрээс авдаг авдаг байнгын үйлчлүүлэгчдийн нэг хэвээр байгаа.

Аламеда хотын хүнсний дэлгүүрийн эзэнтэй нь Тулгаа, Эрка хоёрын бууз, баншаар дамжуулан танилцсан төдийгүй бид одоо бүр дотно найз нар болсон билээ.

Хоёр дүүгийнхээ цаашдын ажил, амьдралд нь улам өндөр амжилт, сайн сайхан бүгдийг хүсье!

Энэ хүнд цагт гадаадад бизнес эрхэлж байгаа нутаг нэгтэндээ ямар зөвлөгөө, санамж, сургамж хэлмээр байна?

tulgaa1Хэцүүгээс халшрахгүй зүтгэх л хэрэгтэй. Гаднаас тусламж, дэмжлэг хүлээлтгүй, өөрөө өөртөө эзэн, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Дампуурах нүд ирмэх зуур л юм билээ. Одоо олон газар усанд хөл алдсан, хөлөө олоогүй байна шүү дээ. Дахиад хэлэхэд өөрөө л энэ хүнд байдлаас гарах, бууж өгөхгүй байхын төлөө зүтгэж байвал сайхан цаг наашилж яваа л гэж боддог шүү дээ. Олон ч хоолны газар хаагдсан. Олон нь ч дахиж нээгдэхгүй юм билээ. Нөгөө вакцин гээч нь гараагүй. Манай Калифорнийн захирагч вакцин гараад хүн амын тодорхой хэсэгт нь хүрсний дараа л нийтийн үйлчилгээгээ нээнэ гэж зарлаад байгаа.

Цаг хэцүү байна даа. Гэхдээ санаа алдаад зогсох биш хормойгоо шуугаад орохыг хүсэн ерөөе. Сайн цаг айсуй гэдэгт итгэж, найдъя.

Би Тулгааг хэвлэлийн бизнес эрхэлдэг гэж бодож явсан юм. Энэ бизнесээ бүр орхисон уу?

Огт орхиогүй. Аар саар ажил хийж байгаа. Одоо офсет хэвлэлийн машин авсан. Одоо гуанз, цайны газрууд нэг удаагийн цаасан цэстэй болж байгаа болохоор ажиллуулж чадвал захиалга байгаа.

П.Увш: Хүнд бэрх цагийн сорилыг даван туулж байгаа байдлаа илэн далангүй хуваалцсан хоёр дүүдээ их баярлалаа. Та нарын минь ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байж, цагийн шамаргыг тууштай даван туулахыг хүсэн ерөөе. Аав, ээждээ мэнд уламжлаарай.

О.Баттулга: Бидний амьдрал, бизнесийн талаар ярилцсан танд баярлалаа. Хойт америкийн Цахим өртөөний “Манайхан” багийнханд ажлын амжилт хүсэн ерөөе!

Ярилцсан Пүрэвийн Увш
( Блүүмингтон, Индиана - Ричмонд, Калифорни)