Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

П. Увш: Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Холын Америкт суугаа бидний эртний танил, олон жил хамтран ажиллаж, санаа бодлоо хуваалцаж байсан Та биднээ үлдээгээд эх нутгаа зориод бараг жил болж байна. Тантай холоос ч болов уулзаж, эх нутгийнхаа сонин сонсох сон гэж бодсоор яваад өдий болголоо. Харин ашгүй ойрмог тантай холбогдож, Монгол орны хөгжил, гадаадад суугаа иргэдийн байр суурь, хамтран ажиллах боломжийн талаар цуврал ярилцлага бэлтгэхээр санал нэгдсэний мөрөөр өнөөдөр Тантай ярилцаж байна. Бидэнтэй ний нуугүй чин сэтгэлээсээ ярилцах боломж олгосон Танд Хойт Америкийн Цахим өртөөний “Манайхан” сайтын өмнөөс талархал илэрхийлье. Ингээд Гомбосүрэнгийн Галбадрахтай хийсэн эхний ярилцлагаа толилуулъя.

- Монголд Ковид вирусийн тархац, хязгаарлалт ямаршуухан байна даа? гэдгээс яриагаа эхлэх үү.

- Нутагт сайхан өвөл болж байна. Хааяа боломж таараад гараад явахаар сайхан цэнгэг, тунгалаг агаар сэнгэнээд, нүдний сормуус цантаад, хүйтэн жавар хацар алгадаад, үсний үзүүр сортоод, 14 жилд мэдэрч байгаагүй мэдрэмж төрөөд сайхан л байна. Бас ч гэж бээрэгдүү болсных уу, даарах маягтай. Ковид гэснээс би нэг юм анзаараад байгаа. Монголчууд органик хоол, хүнс хэрэглэдэг болохоор корона туссан ч хөнгөн байх магадлалтай, олныг хамарсан ч хүндрэх, хямрах нь бага юм уу гэж бодогдсон. Монгол маань дотооддоо халдвар алдчихсан болохоор хатуу хорио цээрийн дэглэмтэй, бид нь гэр зуураа л байна. Засгийн Газраасаа хэрэгжүүлж байгаа ажил, бодлогыг хүмүүс буруу зөв, сайн муу гэж маргаж мэтгэлцээд л манайхны шүүн тунгаахаас илүүтэй өөрийн өнцгөөс харах, харлуулах хобби нь хөдлөөд л байж байна. Асуудлыг хэтэрхий сүржин мэдээлээд, түүнээс нь хүмүүс айдаст автаад, нөгөө талаас хэтэрхий дур зоргоороо байх гэсэн туйлшрал бодлого, журамтай зөрчилдөөд. Гэхдээ байдал гайгүй, тайван байгаа. Цагаа тулахаар хүн гээч амьтан аминдаа хайртай юм болохоор хэрээрээ л болгож, бүтээх гээд мэрийцгээж байна. Цаг тавираад, бүх юм хэвэндээ орно доо.

- Та монголдоо эргэж очоод бараг жил болж байна. Эх орондоо, элгэн садантайгаа цөөнгүй жилийн дараа уулзаж, учирсан эхний сэтгэгдлээ эргэн дурсвал...

- Америкт 14 жил болсон гэхээр 20 гаруй жил болж байгаа хүмүүстэй харьцуулбал бага хугацаа биш ч юм шиг. Монголд ирээд жил шахуу хугацаа болж байна. 600 гаруй хүмүүстэй уулзлаа. Монголд байгаа хүмүүсийн сэтгэлгээний түвшин ямар хэмжээнд байна, ямар ажил, үйл ажиллагаа эрхэлбэл үр дүнтэй бол, юун дээр анхаарах, ямар хүмүүсээс зай баривал дээр, ямар хүмүүстэй хамтарч ажиллавал үр өгөөжтэй бол гэдэгт л тандалт хийлээ дээ.

Миний анзаарснаар монголчуудад гурван сул тал байна. НЭГДҮГЭЭРт Ямар ч хүнийг материаллаг хэрэглээ талаас нь ажиж, харьцаж байна. Ямар машин унаж байна, ямар байранд амьдарч байна, өмссөн хувцас нь ямар юм гээд л үргэлжилнэ. Ихэнх хүмүүс бусдад таалагдахын тулд өөрсдөө боломжгүй хэр нь нэртэй пүүсийн өндөр үнэтэй хувцас авч өмсөх, зээл, өр тавих замыг сонгон ахуйдаа бүдэрч зутардаг юм байна. Бусдад баян хүн болж харагдах гэж, ухаантай хүний дүр үзүүлэх гэхчлэн ДҮРД тоглон зовж байна. Орчноо яалт ч гүй материаллаг хүрээгээр дүгнээд байна шүү. Би нь Америкт чөлөөтэй хувцаслаж байснаа огоорон бас нэг гайгүй хувцаслахгүй бол нэг л биш ээ.

ХОЁРДУГААРт, ямар ч ажил танил талгүйгээр бүтдэггүй юм байна. Бид цөөхүүл болохоор садан төрлийн салбарласан, махирласан сүлжээ бодитой байна. Дээрээ улс төрд орох үйл явцыг бизнес болгоод хувиргачихсан болохоор аливаа шийдвэр гаргах, багаа бүрдүүлэхэд нөгөө л тогтолцоо руугаа хандахад хүрнэ. Энэ тогтолцоо нь дээрээсээ доошлоод орон нутагт хүртэл бүрдчихсэн болохоор аль ч дамжлага дээр танилаар, сүлжээгээр дамжуулж байж ажил хэргээ бүтээх нь нийтлэг. Хэрэв танил талгүй бол таны хийж, бүтээх мөрөөдөл, боломж цаасан дээр үлдэх магадлал өндөр байна.

ГУРАВ дахь нь, Монголд ажил, төсөл, хөтөлбөр хийхдээ маш сайн баг бүрдүүлж, хүнээ зөв сонгохгүй бол мөнгөний болон нэр алдрын мөрөөслөөр орж ирэн самарчхаад явдаг хүмүүс олширчээ. Ажил хийж сураагүй хэр нь биеэ зовоолгүй амар аргаар их мѳнгѳ олох хүсэлтэй хүмүүс цѳѳн биш байна. Тэдэнд тогтмол хѳдѳлмѳрлѳж, жигд орлогоор ажиллаж, амьдрах сэтгэлгээ бага.

САЙНы жишээ ч олоон, олон. Залуучууд их өөр болцгоож байна. Интернэт ашиглан мэдээлэл авах чадвар, гадаад хэлний мэдлэг нь монгол залуусыг дэлхийн хѳгжлийг ажиж тэр хэмжээнд сэтгэж ажиллахад сургажээ. Бас амьдралын зорилго, ирээдүйгээ ѳѳрѳѳр харж байгаа болохоор одоогийнхоор амьдарч болохгүй, ѳѳрчлѳх хэрэгтэй гэдгээ ойлгож байна. Монголд АйТи-гийн бүтээгдэхүүнүүд сайн хөгжиж, дэлхийн зах зээл дээр гарч эхэлжээ. Яваандаа Монгол сайхан хөгжих дүр зураг харагдаж байна. Ний нуугүй хэлэхэд, хѳгжилд садаа болж байгаа нь Төр өөрөө байна. Харин 40-50-иас дээш насныхан ний нуугүй хэлэхэд амаргүй байна даа!

Гэхдээ Монголд амьдрал гоё байнаа. Амьжиргааны өртөг хямд, танайх шиг bill энэ тэр гэхгүй (инээв.). Зун хөдөө их явлаа. Бид жинхэнэ эко хүнсийг ямар ч хольцгүйгээр шууд хэрэглэж байна, эх орныхоо дуртай газраа бууж, сууж майхнаа барьж, хонож өнжиж явна. Хүмүүс нийгмийн сүлжээгээр "Монгол сүйрч байгаа юм байна! ", "Хятадад эзлэгдэх нь ", " Үгүй болох нь" гэхчлэн хар бараан мэдээлэл үзэж, сонссоор байгаад үүндээ хэт автаж байх шиг... Үгүй дээ, Монгол хөгжиж эхэлж, хөгжих хөрс нь бүрэлдчихсэн байна.

- Монголдоо очоод хийсэн ажил, сэдэл, дундын үр дүнгээсээ тоймлон ярих уу? Яг одоо ямар төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байна?

- Америкт байхдаа Монгол руу хандсан таван төсөл хэрэгжүүлсэн. “Монгол хүн-Монголын баялаг” ТВ нэвтрүүлэг маань дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа бүх залуучуудын тухай, “Хөгжлийн замаар” гэдэг 55 нэвтрүүлэг нь америкийн хөгжлийн стандартуудаас монголын хөгжилтэй харьцуулж хийсэн нэвтрүүлэг, одоо Монголд гарч байгаа “Монголчууд Америкт” нэртэй 52 нэвтрүүлэг нь Америкт очсон монголчууд хэрхэн, яаж ѳѳрчлѳгдѳв гэдгийг хувь хүний бодит амьдралын түүх дээр үзүүлсэн, “Америкаар 10 мянган бээр” нэвтрүүлэг маань аялал жуулчлалын стандартыг Монголд бий болгоход санаа ѳгѳх зорилготой гээд телевизийн дөрвөн том цуврал байна. Үүнээс гадна Америкт бизнес эрхэлж байгаа монголчуудын мэдээллийн сан дээр тулгуурласан “Шинэч” гээд төсөл явж байгаа. Одоогоор 200 гаруй бизнесийн мэдээлэл бий.

Монголдоо ирээд гурван зүйл л хийж чадах юм байна гэж харсан.

Нэгд, “Хөгжлийн замаар” гээд хийсэн нэвтрүүлэг дээрээ тулгуурлаад хөгжлийн стандартыг нийгмийн бүх салбарт бий болгоход тусалъя, зөвлөгөө өгье гэж зорьж, ажиллаж байгаа. Монголын стандарт цаасан дээр хэр нь амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Хоёрт, “Монголчууд Америкт” нэвтрүүлгийг хийсний хувьд гадаадад байгаа монголчуудыг монголын хөгжилд ямар байдлаар оролцуулж болох вэ гэдэг шийдэл арга, замыг олох боломжтой гэж харж байна.

Гуравт, Монголын бренд бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гарган хѳгжүүлэх боломжийг эрэлхийлэх, олох зорилго байгаа.
Одоогийн байдлаар Зам Тээвэр Хөгжлийн Яаманд орон нутгийн зам дагуу амралт, үйлчилгээний цэг байгуулах төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Монгол хар замаар бүрэн холбогдлоо. Орон нутагт хот хоорондын автобус маш сайн үйлчилгээтэй болчихсон. Одоо Зам зуурын үйлчилгээ, Бие засах газруудыг олон улсын стандартын дагуу байгуулж хѳгжүүлэх тѳслүүд хэрэгжих гэж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дээр орон тооны биш зөвлөхөөр ажиллаж, албан газруудын стандартын талаар мэдээлэл ѳгч, зѳвлѳх маягаар ажиллаж байна.

Ажлын гурав дахь чиглэл бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Энд хөгжлийн стандарт, гадаадад байгаа монголчуудыг монголын хөгжилд оролцуулах боломж, монголын бренд бүтээгдэхүүнийг америкийн болон дэлхийн зах зээл дээр гаргах боломжийн талаар санаачилга гаргаж ажиллах санаатай байгаа. Ѳѳрѳѳр хэлбэл Америкт санаачлан хэрэгжүүлж байсан тѳслүүдээ бодит ажил хэрэг болгох санаатай хичээж л байна.

- Монголд ажиллахад хамгийн эхэнд ямар бэрхшээлтэй нүүр тулав? Түүнийг хэрхэн даван туулж байна?

- Монголд уулзаж байгаа хүмүүс ажил хэрэг ярилцан санал солилцохдоо “Тэгнэ ингэнэ, эргээд уулзъя” гэж амлаад хэдэн сараар ч хамаагүй алга болдог муу чанар байна. Эргээд тааралдахаараа “би нөгөөхийгѳѳ бодож л байгаа шүү” гэж хээв нэг ярих тайван улсууд юм. Тэгэхлээр өөртөө л найдах хэрэгтэй. Энэ хугацаанд хөдөөгийн амьдралыг сонирхож, 21 аймгийн арван зургаагаар нь явчихлаа. Таван аймгийг энэ 12 сард яваад үзчих боломж байсан боловч хорионоос болоод амжсангүй. Хөдөө гэхээс, Монгол улс ардын хувьсгалаас хойш хөгжөөд 100 жил болж байнаа даа. Энэ зуун жилд хөдөөдөө нөгөө модон нүхэн жорлонтойгоо л байна. Үүнийг хөгжил гэж үзэх үү? Бид энэ байдалдаа бүр дасчихаж. Дэд бүтцийг нь хѳгжүүлбэл фермэрийн аж ахуй, аялал жуулчлалын салбар ирээдүйтэй л харагдаж байна. Ялангуяа модон жорлонгоо солиод, хүмүүс боловсон шүршүүрт ордог болчихвол хотдоо ийм бөөгнөрөл үүсэхгүйгээр тархаах боломжтой. Хөдөөгийн хөгжил НАМуудын талцлаас болоод гацаж байна. Талцлаа зогсоогоод, өөрсдөө сум орныхоо эзэн нь болоод эвтэйгээр зоригловол хөдөө нутаг хурдан хөгжинѳ.

- Гадаадад суугаа монголчууд монголдоо байгаа монголчуудын сэтгэлгээнд маш том зөрөө харагдаж байна гэж Та хэллээ. Үүнийгээ тодруулна уу.

- Бид нар (гадаад дахь монголчууд), Нэгд, ямар ч ажлыг гүйцэтгэл сайтай хийгээд сурчихаж. Хоёрт, үйлчилгээний болон гүйцэтгэлийн чанар гэдгийг маш сайн мэддэг. Гүйцэтгэл, чанар хоёр бидний өөрсдийгөө авч явах гол хоёр зүйл болоод байгаа шүү дээ. Гуравт, мөнгөний үнэ цэнийг өөрөөр хардаг юм байна. Зовж олсон мөнгийг хүн хэрэггүй зүйлд зарцуулдаггүй дээ! Зовохгүй, хялбар замаар олсон мөнгөө юунд ч хамаагүй зардаг, түүндээ огт харамсдаггүй. Дөрөвт, гадаадад байгаа монголчууд амьдралын зорилгоо огт өөрөөр хардаг. Бидний хувьд үр хүүхэд, гэр бүлийн үнэ цэнийг харь газар байгаа болохоор нэлээд ѳѳр түвшинд харж үнэлдэг болсон байгаа. Цагийн үнэ цэнийг мэддэг, ямар ч хүнтэй ойлголцдог, харилцагчид өөрийгөө ойлгуулан зөвшөөрүүлж чаддаг гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Гадаадад байгаа монголчууд бол ѳѳрсдийн зардлаар ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй хүмүүс хэмээн би үнэлдэг юм. Зарим дүү нар “Галаа ахаа, Монголын нѳхцѳл өөр шүү дээ” гэж ёгтлох нь бий. Ер нь нэг л дэлхий дээр нэг жамаар аж төрж байгаа болохоор монголын нөхцөл гэж ангид орчин байх ёсгүй, жалганыхаа сэтгэлгээнээс салж, дэлхий рүү хар гэж маргалдана шүү дээ. Монгол хүний ухамсар, төлөвшил, хөгжлийн өөрчлөлтөд гадаадад байгаа монголчуудын оролцоо, үлгэрлэл хэрэгтэй байна.

- Америкт байгаа монголчуудыг Монголын хөгжилд татан оролцуулах талаар чухам яаж ажиллахаар байна?

- Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд оролцуулах боломж, арга замыг эрж хайж байгаа. Энэ талаар нэлээд олон албан тушаалтнуудтай уулзаж санал мэдээллээ хуваалцлаа. Одоогийн байдлаар 2 хувилбар харж байна. Нэгд. Гадаадад бизнес эрхэлж буй монголчууд Монголдоо бизнес хийх, эсвэл салбараа ѳргѳжүүлэхэд дэмжиж болохоор байна.Үүний тулд энд нэлээд сайн баг бүрдүүлэх хэрэгтэй.Магадгүй энэ баг “Хуримтлалын Сан” үүсгээд тэнд цугласан мѳнгѳѳр тодорхой тѳслүүдийг санхүүжүүлж, оролцогчид нь хувьцаа маягаар ашиг хүртээд явж болох юм гэдэг санаа. Хэдийгээр түүхий байгаа ч энэ талаар боломжийн хүмүүстэй санал солилцож байгаа. Хоёрт. Гадаадад сургууль тѳгсѳѳд нэр хүндтэй туршлагатай байгууллагуудад ажиллаж буй залуусыг тэр чиглэлийн Монголын байгууллагуудтай холбож олон хэлбэрээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж болно. Хамтын ажиллагаа нь, зѳвлѳгѳѳ ѳгѳх, хамтдаа тѳсѳл санаачлан хэрэгжүүлэх, залуусын мэргэжлийг нь дээшлүүлэх, байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох гэхчилэн байж болох юм. Энэ нь аажимдаа мэдлэг чадвартай залуусыг монголын тѳрд шийдвэр гаргах түвшинд ажиллуулах эхлэл мѳн. Одоогоор ЗГХЭГазрын дарга Л.Оюун-Эрдэнэ Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газрын даргаар Б.Болор- Эрдэнэ, ЗГХЭГ- ын дэд даргаар Б. Солонго, Уул, уурхайн дэд сайдаар О.Батнайрамдал, Геологийн Төв Газрын дэд даргаар Б.Уянга нарыг томилон ажиллуулж байгаа нь үүний эхлэл. Монголчууд бид ямар нийгэмд ажиллаж амьдрахыг хүсэж байна вэ? Түүнийгээ бид ѳѳрсдѳѳ л байгуулна. Хэн ч тийм нийгмийг бидэнд байгуулж ѳгѳхгүй учраас хамтын ажиллагаа маш чухал юм байна гэдгийг Монголдоо ирээд илүү сайн ойлголоо.

- Гадаадад суугаа монголчууд эх орныхоо хөгжилд чиглэсэн төрөл бүрийн ажил санаачилж, төсөл, хөтөлбөр боловсруулж, дээр, дор танилцуулан боломжоороо “гүйж” л явна. Америкт суугаа монголчууд эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах талаар бид чухам яаж ажиллавал дээр байна?

- Монголчуудын тархай бутархай, нэгдэж чаддаггүй чанар их гай болдог. Бид нутаг руугаа мөнгө явуулж байгаа, тэр мөнгийг аваад үрээд дуусдаг. Дандаа тусламж явуулаад, үрүүлээд байх нь өрөөсгөл харагдаад байна. Нэг хүн хэзээ ч дорвитой том зүйл бүтээж чадахгүй болохоор эв нэгдэл хэрэгтэй. Ижил төрлийн бизнес эрхэлж байгаа, адил зорилго, сонирхол бүхий хүмүүс аль болох нэгдэх нь зөв. Хамтраад тодорхой санаачилга, төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл монголчууд тэр ажлын үр дүнг хараад дуурайх магадлал ѳндѳр. Олон удаагийн тогтвортой үйл ажиллагаа, соён гэгээрүүлэх ажил гээд хиймээр байна. Америкт энэ ажлыг ингэж хийдэг гээд танай Хойт Америкийн Цахим өртөөний хийж байгаа ярилцлага, подкаст, нийтлэлээр дамжуулан хөгжлийн тодорхой шийдэл, загварыг сайн бичиж, бодитойгоор харуулж болно. Ганц нэгээр хийж байгаа ажил нэг л наалдацгүй харагдаад байна. Жишээлбэл, Чикаго хотод бараг зуугаад хумс, гоо заслын монгол салон бий дээ. Эдгээр салонууд нэгдэж эвлэлдээд бие биеэ хөгжүүлж, бататгахаас гадна дундаасаа нэг үлгэр жишээ салон байгуулах санаачилга гаргаад, багаа томилоод, хөрөнгө, санхүүгээ шийдээд Монголд ажиллавал бодитой үр дүн. Энд хумс, гоо заслын салон зөндөө байна. Гэхдээ америкийн үйлчилгээний стандарт гэдгийг газар дээр нь харуулчихвал бодит жишээ болно, хөгжилд нэмэр, загвар болно. Тракийн жолооч нар нийлж байгаад хүнд даацын авто машины зөөврийн стандартыг нэвтрүүлэхээр хэд хэдэн жолооч, машинаа дундаасаа илгээгээд америкийн ачаа тээвэрлэлтийн горим, стандартыг монголын нөхцөлд нүдэнд харагдтал нэвтрүүлээд өгвөл л бодит хувь нэмэр болох юм. Хорио цээрийн дараа олон хүн Монгол руу буцна. Тийм хүнийхээ бизнесийг дэмжээд санаа нийлээд ажлын байр бий болгохоор зоригловол би тусалж чадна. Америкт байгаа монголчууд Монголд Америк стандарт, үйлчилгээний соёлыг нутагшуулна гэсэн давлагаа үүсгэмээр байна. Энд бизнесээ авч ирээд тэндхийн стандартаар ажиллаад, тогтмолжоод ирвэл их нөлөөлөхөөр харагдаж байна. Энд үйлчилгээний соёл, хүнтэй харилцах харилцаа дутагдаж байгаа ч чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үнэтэй авах нь дээр юм байна гэсэн ойлгоц тогтчихож. Танай Хойт Америкийн Цахим өртөөнийхөн тодорхой төсөл, ажил санаачлаад хандвал би угаасаа та нарыг дэмжиж, талархаж явдаг болохоор дэмжиж туслахад бэлэн байгаа шүү, Увш багш аа! Учир утгагүй зааварчилга өгсөн, хуурай, хоосон сургалт зэрэг цагийн гарз, үр дүнгүй ажил Монголоор дүүрэн байна. Сая “Ид шидийн орон-2” дээр очлоо. Ч.Ганжавхлан миний зээ шүү дээ. Хааяа нэг очиж хийж байгаа ажлуудыг нь үздэг юм. Өвөр монголоос хүмүүс мөнгө цуглуулаад хүнсний зүйл тараах болохдоо тэд “Танай дарга нарт өгмөөргүй байна. Та нар тараагаад өгөөч” гэж тэдэнд хандаж байгаа нь энэ байгууллагыг монголын нөхцөлд бодитой юм хийгээд байгааг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Америкт байгаа монголчуудын сул тал бол хамтарч ажиллах дургүй, хоорондоо өрсөлдөөд байдаг. Энэ том зах зээлд дасах, мөнгө олох, амьдрахын тулд нэгдэхээс өөр арга байхгүй. Би богино хугацаанд олон газраар явж, олон хүнтэй уулзсан болохоор өөрийн хэмжээндээ та нарт улс орны талаар, тодорхой салбар нэгжийн хөгжлийн талаар мэдээлэл өгөөд байх боломжтой. Гадаадад суугаа монголчуудыг бодит мэдээллээр цэнэглэх нь бас миний нэг үүрэг байх болно. Миний ярьж мэдээлж байгаа зүйл хувь хүний санаа бодол болохыг тунгаана буй за.

П.Увш: Ам нээх ярилцлагаа ингээд түр өндөрлөе. Тантай дараа нь эх оронд маань тулгамдсан цөөнгүй асуудлаар санал солилцож, биднийг шинэ сэргэг санаа бодлоор зэвсэглэж, хамтран ажиллах талаар тодорхой сэдвүүдээр ярилцлагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Та идэр цогтой байж, төлөвлөсөн ажлаа цогцлоон шинэ оноо сайхан угтаарай. Гадаадад суугаа монголчуудад хандан нэг сайхан ерөөл айлтгаж, бидний Зул сар, Шинэ жилийн жилийн баярт цуцал нэмнэ үү.

Г.Галбадрах: Дэлхийн хэмжээнд өөрийнхөө зардлаар өөрийгөө хөгжүүлж, хүний туулж болох бүх зовлон, жаргалыг өөрийн биеэр амсаж, эдэлж дэлхийн түвшинд хүрч байгаа хүмүүс бол гадаадад байгаа монголчууд. Би буцалсан амьдралд нь оролцож явсны хувьд Америкт байгаа монголчуудыг илүү үнэлдэг, хайрладаг. Та нар бол бүгдээрээ Монголын хөгжлийн ирээдүй, та нарын хуримтлуулсан баялаг, туршлага бол Монгол орны баялаг, Монгол орны туршлага. Цөмөөрөө эрүүл энх, эв нэгдэлтэй байж, бие, биеэ түшин тулж, Монгол орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж маш их итгэж байна. Та бүхний минь сэтгэл санаа амар амгалан өөдрөг байж, 2021 оноо угтаж, сайн сайхан аж төрөн суухыг ерөөе! Би та нартаа их хайртай, та нарын минь гаргасан санаа, санаачилгыг өөд татах, туслах дэмжих өртэй хүн гэж би өөрийгөө үздэг. Хойт Америкийн Цахим өртөөнийхөндөө маш их баярлаж сууна. Та нар олон хүнд ухаарал өгч, соён гэгээрүүлж, сэтгэлгээгээ, амьдралаа өөрчлөхөд нь тус болох буянтай үйлсийг хийж байгаад талархаж явдаг. Бид хамтраад цөөнгүй соён гэгээрүүлэх үйлс хийнэ гэж найдаж байна. Та нартаа бас сайн сайхныг хүсэн ерөөе!

Сайхан ярилцлага өрнүүлсэн Танд их баярлалаа. Дараа дахин уулзъя.

Ярилцсан Пүрэвийн Увш