Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цэл залуухан насандаа амьдралын шатраа амжилттай тоглож яваа Fide олон улсын шатрын дасгалжуулагч Цогтсайханы Сайханчимэгтэй (Sana) өрнүүлсэн сонирхолтой яриаг хүргэж байна.

- Шатрын мундаг багш Сана гээд Америкийн өнцөг булан бүрт байгаа Монгол эцэг эх, хүүхдүүдийн дунд өөрийн чинь тухай их яригдах болжээ. Нэг тийм тамхи зуусан, сахалтай хүн байх болов уу гэж төсөөлж байлаа. Тэгсэн ийм хөөрхөн, залуухан охин байна гэж бодсонгүй. Хүмүүсийг стереотайп хийхгүй гэсэн хэрнээ л шатар гэхээр яалтчгүй тийнхүү төсөөлжээ. Шатар Сана багшийг олов уу? Сана багш шатрыг олчихсон уу?

Манай өвөө, аав хоёр шатар их тоглоно. Намайг бүр өлгийтэй байхаас аав маань найзуудтайгаа шатар тоглоод, хожигдсон нь намайг авдаг байсан гэж ярьдаг. Багаасаа аавынхаа тоглохыг хараад ер нь нүүдлээ хэдийн мэддэг болсон байсан. Тэгээд намайг 7 нас хүрэнгүүт аав, надад авъяас байна гэж хараад шатрын клубт оруулж, би ч маш хурдан сураад ганц хоёр хичээлийн дараагаас шууд тэмцээнд амжилттай оролцоод эхэлсэн.

- Америкт ирээд шатраа үргэлжлүүлэн тоглож, хүүхэд багачуудад шатар заадаг онлайн клуб ажиллуулаад явж байгаа залуу үеийнхний гайхалтай төлөөлөл болсон охин гэж би хараад байгаа. Анх хэзээ Америкт ирсэн тухайгаа хуваалцаач?

Би Орос улсад санхүүгийн чиглэлээр баклавраа хамгаалж 21 настайдаа төгсөөд 2017 онд Америкт ирсэн. Шатрыг бол бүр 2012 оноос эхэлж янз бүрийн клуб, сургуулиудад зааж эхэлсэн болхоор аль хэдийн нэлээн хэдэн жилийн туршлага хуримтлуулсан байгаа. Би бага наснаасаа эхлээд Америкт ажиллаж, амьдарч үзнэ гэж мөрөөддөг байсан. Яагаад гэвэл тэнд асар их боломжууд байгаа гэдэг ойлголт толгойноос гардаггүй явлаа.

- Шатраар кареераа хийгээд явна гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?

11 настайдаа анх Монголын шатрын улсын өсвөрийн аварга болоод Францад болох тэмцээнд оролцох эрхээр шагнуулж байсан юм. Жар далаад орноос ирсэн 200 орчим хүүхдүүд оролцсон том хэмжээтэй олон улсын тэмцээн байлаа. Түүнээс хойш тасралтгүй тэмцээнд орж, олон орноор явах боломж тохиож эхэлсэн цагаас л шатартаа улам дурлаж, ерөөсөө л шатар миний ирээдүй юм байна гэж мэдсэн. Манай аав бас их урамшуулна аа. Тэмцээндээ түрүүлбэл чиний хүсэж байгаа зүйлсээс чинь нэг нэгээр авч өгнө гэдэг байсан. Жишээ нь дугуй гэх мэт. Хүүхэд байсан болхоор ингээд тэмцээнд ороод түрүүлээд байвал хэрэгтэй юмаа олоод байх юм байна гэдэг бодол суусан нь бас нөлөөлсөн байх. Сүүлдээ бүр шатрын цом зүүдэлж хонодог болсон доо. Тэгээд ахлах ангид ороод хүүхдүүдэд шатар зааж эхлээд шатар тоглохоос гадна шатар заах гоё юм байна гэж бодож эхэлсэн.

- Хүүхдүүдэд яаж эвийг нь олоод заагаад байна?

Би доороо 3 дүүтэй айлын том нь. Дүү нартаа бүр багаас нь шатар заадаг байснаас л эхтэй байх.

- Америкт ирээд олон жил болоогүй ч Proqueensgambit гээд цахим шатрын клуб нээгээд амжилттай ажиллуулаад явж байгаа. Энэ клубынхаа талаар яривал сонрхолтой байх. Би бол чамайг мөрөөдлийнхөө үзүүрээс бариад авчихлаа гэж харж байгаа.

Монголд клуб ажиллуулдаг байсан болоод ч тэр үү? Энд ирээд хүний доор ажиллаад бол явахгүй юм байна гэж бодсон. Олон сургууль, клубуудад хичээл ордог л доо. Тэгээд Америкт оюуны хөдөлмөрийг сайн үнэлдэгийг ойлгоод, дээрээс нь би өөрөө санхүү, эдийн засгийн мэргэжилтэй болохоор өөрөө клуб нээгээд ажиллуулаад явах боломж байгааг харсан. Угаасаа өөрийн гэсэн клуб найзтайгаа энд ажиллуулна гэж яриад бараг 4 жил болж байна. Одоо л хийе гэж зориглоод ном сурах бичгээс эхлээд бүх юмаа бэлдчихсэн, яг хөлслөх байрны гэрээгээ хийхийн даваан дээр ковид эхэлчихсэн. Тэглээ гээд төлөвлөгөө, мөрөөдлөө таслахыг хүсээгүй, зориглоод онлайн клуб нээсэн нь маш хурдан амжилт олж байгаад их баяртай байгаа. Монгол гэлтгүй, олон орны хүүхэд багачуудад шатар зааж оюуны хөрөнгө оруулах хүсэл, хувийн бизнестэй болох мөрөөдөл хоёр маань зэрэг биелээд явж байна.

- Proqueensgambit клуб хэдэн хүүхэдтэй вэ? Ямар боловсон хүчингээс бүрдсэн? Аль улсаас хүүхдүүд хамрагдаж байна гээд олон асуулт байна.

Манай бүх багш нар арав гаруй жилийн туршлагатай, бүгд шатрын цол зэрэгтэй. Бидний давуу тал нь багш нар бүгд хүүхэдтэй ажиллахдаа чин сэтгэлээсээ дуртай. Манайх аль хэдийн 50 гаруй сурагчидтай болчихсон. Америк, Канадаас Монгол, Энэтхэг, Орос, Хятад хүүхдүүд ихэвчлэн байгаа. Европоос оролцох сонирхолтой хүмүүс байгаа ч цагны зөрүү саадтай байгаа. Клубийнхээ хүүхдүүдийн дунд тэмцээн зохиохоос эхлээд төлөвлөж байгаа ажлууд олон бий. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд манайх сургалтандаа хямдрал зарласан байгаа. Мөн нэг гэрийн хүүхдүүд явбал хямдралтай.

- Бизнес амжилттай хийх сэтгэлгээнд шатар нөлөөлдөг байх аа?

Тэгэлгүй яахав. Шатар тоглодог хүн юм хурдан цээжилдэг болно, дөрөв таван нүүдлийг урьдчилан хардаг чадвартай болдог болохоор бизнесийн риск ба ололтыг тооцоолохдоо сайн, хурдан сэтгэнэ гэх мэт оюуны спортоор хичээллэдэггүй хүнээс илүү тархи хөгжсөн байдаг.

- Олон орны, өөр хүүхдүүдэд хичээл заахад энэ хүүхэд шатраар явах ирээдүйтэй юм байна, энэ хүүхэд нэг дундаж, энэ хүүхэд бол огт дургүй юм байна гэдэг нь харагддаг л байх даа? Яаж мэддэг вэ?

Андашгүй. Эхний хичээлээс л мэдэгдэнэ. Дуртай хүүхэд бол цаанаасаа нүд нь гялалзаад, надаас их асуулт асууна. Сонирхолгүй хүүхэд бол төвөгшөөгөөд, өөр тийшээ харна, асуултанд хариулахгүй, эсвэл их чимээгүй байдаг. Дургүй хүүхдүүд аав ээжийнхээ хэлсэнээр яваад л байдаг гэхдээ нэмж юм сурч ахидаггүй. Харин дуртай хүүхдүүд шахаагүй байхад аяндаа өөрөө сайжраад ирдэг.

- Өөр сонирхолтой ажиглагдсан зүйл юу байна?

Охидууд дуугүй талдаа байдаг. Буруу хэлэхээс ичдэг ч юм уу, нэг тийм даруухан байдаг. Харин хөвгүүд бол алдаж байсан ч хамаагүй, чанга яриад, их оролцоод явдаг.

- Шатраар хүүхдээ хичээллүүлж байгаа, хичээллүүлэх сонирхолтой аав ээжүүдэд юу гэж хэлэх вэ?

Шатрын спортоор амжилт гаргавал маш олон төрлийн сколаршип олддог. Маш их дасгал хийх хэрэгтэй. Тэгээд тууштай байх нь чухал. Маш олон юманд хүчээр явуулахын оронд сонирхолтой 3 зүйлд нь тууштай явуулаад ахиц гаргах тал дээр нь анхаарвал зүгээр юм уу гэж боддог.

- Сана багш ингээд Америкт клубээ нээчихлээ. Дараагийн төлөвлөгөө бас мөрөөдлөө хуваалцаач

Ойрын төлөвлөгөө гэвэл, ямар ч байсан MBA хамгаална. Клубээ танхимаар нээнэ. Мөрөөдөл гэвэл Монголдоо том шатрын академи байгуулах бас дэлхийгээр аялах.

- Цар тахлын үеэр гэрээсээ хол хэцүү байсан уу? Анзаараад байхад өөрөө их дайчин, гоё энэргитэй хүн шиг санагддаг. Цар тахлын өдрүүдэд хэрхэн хандалт өгсөн нь сонирхолтой санагдаад байна.

Надад огт хэцүү байгаагүй. Яагаад гэвэл би шатрын клубт Төм аймаг дахь гэрээсээ хол хотод явдаг бас тэмцээн уралдаанд ийш тийшээ их явдаг байсан болохоор багаасаа биеэ дааж сурсан. Шатрын хүчээр амьдралд асуудалд тохиолдвол хурдан шийдэж сурсан. Бас шатрын ачаар олон хүнтэй харилцаж сурсан болохоор өөрийгөө илэрхийлж, тусламж хэрэгтэй үед асууж чаддаг, нээлттэй болсон нь их нөлөөлсөн байх.

- Өөрийгөө гуравхан тэмдэг нэрээр дүрсэл гэвэл?

Өөдрөг, зоригтой, халамжтай

- Халамжтай гэдгээ тодруулаач?

Дүү нартай болоод ч тэр үү? Шатрын сурагчидтайгаа аль болох тулж ажиллахыг зорьдог. Хувь хүн гэдгээс нь мэдэж, сонирхолыг нь өдөөх маягаар хичээлээ заадаг. Энэ нь бас л тэдэндээ үзүүлж байгаа халамж юм.

- Сана багш шатраас өөр ямар хоббитой вэ?

Шатар тоглодог, шатрын багш гэхээр хүмүүс нерд гэж боддог байх. Гэтэл би спортод дуртай, аялах үнэхээр дуртай, адал явдалд хайртай, илэн далангүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн. Энэ нь бас эргээд шатартай холбоотой. Шатрын тэмцээнд орж багаасаа гадаад дотоодоор аялж, сонин содон газар үзэж, шинэ хүмүүстэй уулзахаар үүнээс илүү ихийг үзэх юмсан, өөр хэл сурах юмсан, сонирхолтой хүмүүстэй танилцах юмсан гэдэг хүсэл олж авсан маань гадаад хэлүүд сурахад хүртэл их түлхэц өгсөн гэдэгт итгэдэг.

- Шатраас өөрийгөө олсон юм байна даа? Шатраас сурсан амьдралын чадварууд олон байгаа байх, хуваалцаач?

Тэгэж хэлж болно шүү. Сая ч гэсэн цар тахал болоод, аав, ээжээсаа мөнгө авахгүй яаж амьдрах билээ гэж бодоход шатар л аминд орж байх жишээний. Шатраар дамжиж олон найзтай болно, төрөл бүрийн зан авиртай хүмүүстэй тоглоод явахаар бүгдэдтэй нь харилцаж сурна гэх мэт шатраас амьдралд хэрэгтэй олон чадвар эзэмшсэн. Тэдгээр дотроос хамгийн чухал нь хожигдож сурах, хожигдсон алдаагаа давтахгүй байх. Хожигдол бол хожлын эхлэл. Хожигдлоо гээд орхих биш, хожигдол дээрээ анализ хийдэг байх хэрэгтэй. Хожигдолын дараах хожил хамгийн амттай. Амьдралд ч яг адил зарчмаар ханддаг.

- Шатрын ачаар Америкт маш хурдан хөлөө олчихжээ. Үнэхээр бахархаж байна. Энд хамгийн их таалагдаж байгаа зүйл юу байна даа?

Хэнд ч садаа болохгүй, зөвхөн өөрөө өөрийнхөө асуудлыг шийдээд явдаг нь их таалагддаг. Хүний хөдөлмөр, тэр дундаа оюуны хөдөлмөрийг сайн үнэлдэг нь бас сайхан. Хүн өөрөө инээгээд л орвол, хаана ч ямар ч ажил олоод хийх боломжтой.

Надад энэ сүүлийн хэсэг үнэхээр таалагдлаа. Хүн өөрөө хичээгээд, тууштай, зан ааш сайтай байхад болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг өөрийнхөө амьдралаар үлгэж жишээ болгон яваа чамтай ярилцахад таатай сайхан байлаа. Цаг зав гаргасанд маш их баярлалаа.

Монголын анхны багийн дэлхийн аварга, Калифорни мужийн эмэгтэй шатарчдын аварга, Америкийн эмэгтэйчүүдийн аварга гэх мэт маш олон тэмцээн, уралдаанд түрүүлж, амжилт үзүүлж байсан Сана багшдаа мөрөөдөлдөө заавал хүрээрэй гэж хүсэе.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу