Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Алдарт Coinbase компанийн анхны Монгол ажилтан Enki буюу Б.Энхжаргалтай сонирхолтой сэдвээр хууч хөөрсөнөө хүргэж байна.

- Academy of art University-г Fashion Merchandising ( Business of Fashion) чиглэлээр төгссөнийг чинь мэдэх юм. Гэтэл одоо од болон цойлж, тренд болоод байгаа Coinbase компанид ажиллаад байдаг. Саяхан тушаал дэвшиж аккаунт менежер болсон гэсэн баяр хүргэе. Ажил мэргэжлийн түүхийг чинь хараад байхаар надад их сонирхолтой санагддаг. Энэ талаар яриагаа өрнүүлвэл хүмүүст өгөөжтэй байх?

Баярлалаа. Би эдгээр чиглэлийн мэргэжилгүй ч санхүү техникийн салбарт ороод нэлээн хэдэн жил өнгөрсөн байна. Coinbase -т шинжээч буюу дээд зэрэглэлиийн үйлчлүүлэгч хариуцан ажиллаад хоёр жил болжээ.

Би өөрийгөө энэ салбарт ороод удсан гэж ерөөсөө боддоггүй. Учир нь техник технологи өөрөө маш хурдацтай хөгжиж байдаг. Тэр тусмаа crypto үнэхээр хурдацтай хөгжиж байдаг. Нэг хоног амарчихаад ирэхэд л зөндөө өөрчлөгдчихсөн байх жишээний. Энэхүү техникийн хурдац нь миний хувь хүний заш чанарт илүү тохирсон юм шиг санагддаг.

- Хүмүүст өмнө нь яг ямар ажил хийж байгаад хэрхэн хөрөвсөн нь сонирхолтой байх?

Миний амьдрал ер нь Бенжамин Баттоныхтой төстэй санагдаад байдаг. Би арав гаруй жилийн өмнө анх Америкт ирээд, хүүгээ 20 настайдаа төрүүлээд ямар ч байсан сайн сургуульд сурч мэргэжилтэй болоё гэж бодож явсаар хожуу 28-тайдаа сургуулиа төгссөн. Монголд хийж байсан жижиг бизнесийн мөнгөөрөө төлбөрөө төлж явлаа.

- Өөрийг чинь анзаараад байхад айхтар ганган чамин биш шиг санагддаг. Яагаад загварын ертөнцөд дурлав?

Тийм шүү. Би их энгийн хүн. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь Монголд загварын чиглэлээр жижиг бизнес хийдэг байлаа, тэгээд угаасаа миний чаддаг, мэддэг салбар учраас амжилттай явж чадна гэж итгэл төрсөн.

- Сургуулиа төгсөөд ажил олох амаргүй л байсан байх даа?

New York хотод 3 сар интерн хийх гээд л Times Square дээгүүр нааш цаашаа олон алхсан даа. Тухайн үед ажил хайгчдын бүх л зовлон, бэрхшээлийг туулсан. Дээрээс нь хүү маань нас бага, өөрөөсөө гадна тэжээх хоёр хүнтэй дагуулаад амьдрах гээд зүтгэж байлаа. Сүүлдээ бүр шантраад Сан Францискод эргэж ирээд байтал явахынхаа өмнөхөн ярилцлага өгсөн Япондоо алдартай, акксесорын чиглэлээрээ хоёрт ордог компани New York хотод дахь дөнгөж нээгдэж байгаа салбартаа авах ажлын санал тавиад эргээд нөгөө эрэг рүү ниссэн.

- Чиний зургийг Times Square дээр хэдэн секунд дэлгэцээр цацагдаж байсныг санаж байна. Арав хүрэхгүй жилийн өмнө доогуур нь цалингүй шахам интерний ажил хайгаад явж байсан Монгол хүн ингээд Coinbase-ийг паблик болгоход хувь нэмэр оруулсан хүний нэгээр тодорч, дэхийн хэмжээний алдарт талбайн хамгийн том дэлгэцээр зураг нь гарч байх мөчид ямар сэтгэгдэл төрж байв даа?

Зургаа хараад сонин гоё мэдрэмж төрсөн. Ажил хайгаад алхаж явахад хэн нэгэн надад чиний зураг 6-7 жилийн дараа энэ байшингийн дээр тавигдана гэж хэлсэн бол итгэхгүй л байсан байх. Амьдрал үнэхээр баян, бас хөдөлмөрвөл үр дүн заавал гардаг, яаж илрэх нь мэдэгдэхгүй ч. Ямар ч байсан маш олон жил зүтгэж, хичээсний үр дүн тодорхой хэмжээгээр гарч, Америк мөрөөдөлд хүрсэн шиг санагдсан. Яг тэр зураг харсан өдөр бас маш том төслийн хугацаа дөхөөд их завгүй байсан болохоор сэтгэл хөдлөлөө нилээд сүүлд, амралтын өдрөөр л мэдэрсэн байх. Nasdaq Tower-т гарна гэдэг чинь салбарынхаа бараг Оскар-г авчихаж байгаа хэрэг. Гэхдээ ахиад зөндөө юм сурч мэдэж, хичээнэ гэж боддог.

- Оскар гэж хоёр ч удаа дурьдаад өнгөрлөө. Сэдвээсээ түр хазайгаад мөрөөдлийн чинь тухай асуумаар санагдлаа. Би өөрөө мөрөөдөх дуртай, мөрөөдлөө зогсоож болохгүй гэж боддог болохоор ярилцаж байгаа хүмүүсээсээ заавал энэ талаар асууж байж санаа амардаг.

Миний мөрөөдөл стори теллин буюу ер нь түүхээ ямар нэг байдлаар хуваалцах. Мэдээж хүн бүрт өөрийн гэсэн түүх бий. Би өөрийнхөө хэсэгхэн түүхээ бас ингээд хуваалцаж байгаа нь сайхан байна. Хүний тархи гэдэг аугаа эрхтэн, бид өөрсдийгөө их дутуу үнэлдэг. Би өөрийгөө Оскар авах хэмжээнд хүрнэ гэж мөрөөддөг. Яагаад болохгүй гэж?

- Оскар авах анхны Монгол хүнээр тодрох ч юм бил үү? Мөрөөдөл чинь таалагдаж байна. Оскар гэснээс бас өөрөө дажгүй хөөрхөн бичээд, сүүлийн үед бараг инфлүсэр болоод байх шиг.

Би багаасаа шүлэг энэ тэр бичдэг хүүхэд байсан. Бичнэ гэдэг миний хувьд бодлоо эмхлэн цэгцлэх нэгэн хэрэгсэл болдог. Надад бясалгал болно. Унших бас дуртай. Сайхан юм уншихаар найзтайгаа ярьж байгаа юм шиг санагдаад гоё. Ажил ихтэй үед зориуд завсарлаад тайвшрах гэж бичдэг. Хүн ер нь хийж байгаа зүйлсээ сэлгэж байвал үзэл бодол чинь тэлэгдэнэ. Алжаалаа тайлах арга минь юм даа. Бичихээс гадна, гүйх бас намайг эерэгээр өөрчилсөн. Биеийн хөдөлгөөн, дасгал маш чухал.

- New York дахь яриаруугаа эргээд ороё. Тэнд мэргэжлээрээ ажиллах сайхан боломж гарчээ?

Салбараа дөнгөж нээж байсан болохоор зөвхөн мэргэжлийн ажил гэлтгүй брандинг, трейд шоу гээд хийгээгүй зүйл байгаагүй.

- Япон хэлийг яаж ингэж сайн эзэмшээд, одоог хүртэл марталгүй яваад байна? Энд сургууль төгссөн ч гэлээ, Япон хэл чинь кареераа өсгөхөд чинь бас нөлөөлсөн шиг санагдлаа.

23-р сургуулийн Япон хэлний ангийг төгссөн. Тэгээд Япон компаниудад ажиллаад, үргэлж ном унших гэх мэтээр мартахгүй байлгах гэж хичээдэг. Би Япон хэлтэй чин сэтгэлээсээ дур сонирхолтой. Техникийн салбарт ороход ч гэсэн Япон хэл маань хэрэг болсон. Ер нь анх том том тек компаниудад орчуулга хийж явж байхдаа тэдгээрийг хараад энэ салбар их гоё юм гэж татагдаж эхлэх суурь нь тавигдсан.

- 2 жил Шигэмацү Хат компанид ажиллахад загварын салбараас их зүйл сурав уу? Ямар шалтгаанаар текрүү орох эргэлтээ хийчихсэн бэ?

Хүмүүс загварын ертөнц гэхээр нэг л гялгар цалгар, нэр алдар гэж бодоод байдаг. Гэтэл цаана нь явагдаад байгаа загварын бизнест маш их төлөвлөлт, аналитик бодол орно. Нэг товчийг хэдэн центээр аваад хэрхэн яаж, юунд хэрэглээд ашиг олох вэ гэх мэт. Тренд, маркетаа харна гээд нарийн ажлууд зөндөө байдаг. Загварт ажиллаж байгаа ч эдийн засгийн мэдээ их уншина, маржинаа бодно. Их зүйл сурсан. Маш том амжилтыг богино хугацаанд гаргасан гэж боддог. Доороо ажилтантай болсон. Хамгийн анхны нэг сая долларын ашгийг авчирч чадсан. Санхүү, текийн салбарт их мөнгө биш гэхдээ загвар, тэр дотроо акксесорын салбартаа их том хэмжээнд орно. Оскар авсантай л адил. Pendleton-ны баярын каталогит анхны гадаад компаниар оруулж байсан гээд тоо баримт дурьдвал хийж, бүтээсэн өндөр үзүүлэлт хангалттай байгаа. Яагаад гэвэл бараг л нэг бараа нь 5 долларын салбар шүү дээ.

Миний хувьд өөрийнхөө хүрч болох өндөрлөгт хүрлээ гэж бодсон. Мөн надад салбарын хурд нь таалагдахгүй, нэг л болж өгөхгүй байсан.

- Аналитик бодол, төлөвлөлт гээд бизнесийн талын чадвар нь байгаад бас өсөөд байдаг гэтэл яг загварын салбарт passion буюу чин сэтгэлээсээ дурлах сэтгэл дутаад байсан юм болов уу?

Харин тийм. Тэгээд бас тэр үед яг сошиал медиа хүчээ аваад, энэ техникийн салбарын нууцыг л мэдэх юмсан гээд цаанаасаа л хатгаад байсан. Лайк баттон, стори, снапчат, Facebook гээд нэг л сонирхол татаад, энэ ер нь яаж ажилдаг юм бол, энэ салбарын хүмүүс яг юу хийдэг юм бол гэж сониуч зан маань хөдлөөд байлаа. Сан Франциско руу буцаж нүүгээд би ерөөсөө л Twitter юм уу, Facebook -т орно гэсэн зорилго тавьсан. Хувийн амьдралд маань ч өөрчлөлт орж байсан тул ерөөсөө л бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн.

- Өөр хотод нүүж ирээд, цоо шинэ салбарт орох гээд ажил хайхад амаргүй байсан байж таарна даа. Тэр байтугай салбар дотроо ижил ажилд ороход энд 6-8 сар хангалттай ордог.

Ганц нэг ярилцлаганд уригдаж эхлээд, эхний шатнаас цааш явахгүй байсан. Тэгээд би систем нь хэрхэн ажилдаг юм, резүмэгээ хэрхэн бичвэл дээр байна, аль компанийн ажлын ярилцлаганд яаж бэлдвэл дээр вэ гээд бүгдийг нь судалж, шинжлээд эхэлсэн.

- Гүүглээр хайхаас гадна, яг яаж судлаад юу олж мэдэв?

Орох гээд байгаа ажлынхаа зарыг уншаад үзэхээр ихэнх техникийн үгнүүд нь миний резүмэнд байхгүй, тэр ч байтугай заримыг нь би ойлгохгүй байсан. Тэгэнгүүт тэр бүх үгнүүдийг нэг нэгээр нь судлаад, ойлгоод эхэлсэн. Тэгсэний үр дүнд ажлын ярилцлага өгч байхдаа нөгөө хүн юу яриад байгааг ядаж ойлгоно. Би ажиллаж үзээгүй ч яаж ажилдагийг нь төсөөлж байна, энэ мөн үү гээд хариулахад шал өөр байсан. Хэсэг хугацааны дараа ажиллах хайх урлагийг бол бүрэн эзэмшчихсэн байлаа.

2 компанийн нэгэнд л орно гээд төлөвлөчихсөн байсан болохоор тохирох ажил гарахыг хүлээсээр 10 сар болчихсон байсан. Мэдээж дундуур нь шантарчихмаар үе гарсан.

- 10 сарын турш ажил хайж байхдаа сэтгэл санаагаа хэрхэн зөв залж, шантарсан мөчөөсөө гарч байсан бэ?

Хамгийн эхлээд би нарийн хуваарь гаргасан. Яаж ч шантарсан байсан долоо хоногт доод тал нь тэдэн цаг ажих хайхдаа зориулна гэж анхнаасаа төлөвлөсөн байсан учраас яг тэрийгээ дагасан. Өглөө бүр гүйж байсан нь үнэхээр их хэрэг болсон.

- Зорьсон компанидаа орж байсан мөчөө дурсвал юу гэж бодогдож байх юм?

Twitter-т орсон ажлын зараа анх хараад, яагаад ч юм цаанаасаа зөн совин татагдаад, энэ яг надад зориулсан ажил байна гэж бодогдож байлаа. Япон хэлийг өндөр төвшинд эзэмшсэн байх ёстой нь тэр ажлын онцлог байв. Түүнээс бусад бүх шаардлага нь надад бүрэн байгаагүй. Мэдээж зарим нэг бизнес, аналитикийн туршлага бол байсан.

- Дээр хэлсэнчлэн Япон хэлийг сайн сурсаны ачаар ингэж техникийн ертөнцөд хөл тавьж байжээ. Ажлын ярилцлага ямархуу хэмнэлтэй болсон?

Яг менежер болох хүнтэйгээ ярилцахад товолсон цагаасаа бүр зөндөө давж ярилцсан. Хэмнэл андашгүй, хоорондоо зохицож ажиллах нь тодорхой байсан. Аливаа ярилцлага өгөхөд харилцааны чадвар хамгийн чухал нь байх. Миний хувьд би угаасаа яриа, ямар ч хүнтэй учраа олчихдог, багаасаа нүүрэмгий хүүхэд байсан.

- Нүүрэмгий гэснээс, багадаа Монгол телевизэд хөтлөгчөөр ажилдаг байсан санаад орлоо. Тэр түүхээ хуваалцаач?

Гурав бил үү, дөрөвдүгээр ангид ангиараа нэг телевизийн нэвтрүүлгийн үзэгчээр студид суухаар болсон юм. Нэвтрүүлэг дууссаны дараа хөтлөгч нь “дуу дуулах хүүхэд байна уу?” гэхээр “би дуулна” гээд Япон дуу дуулчихлаа. Тэгсэн продюсерийнх нь нүдэнд өртөж, тэгээд л чи сэргэлэн, сониуч хүүхэд байна, нэвтрүүдэг хөтлөх үү гэхээр нь юугаа ч мэдэлгүй тэгэе гээд л хэлчихсэн.

- Бас л Япон хэлнээс болжээ. Би бас уг нь Япон хэл үзэж байсан, одоо байнга хэрэглэхгүй болохоор хираганагаа ч мартагдах янзтай. Чи ном уншихаас өөр хэрхэн хэлээ дасгалжуулж байна даа.

Ном, шүлэг уншихаас гадна дууны үг хүүдээ орчуулж өгнө. Өөр бас ажиллаж байгаа зүйлс бий. Одоохондоо дэлгэх болоогүй байгаа.

- Ажлын ярилцлаганд ороход анхаарах зүйлс юу байна?

Ярилцагчаа судлаад, Линкединийг нь хараад. Ер нь ямархуу хүн байна гээд бараг л сэтгэл зүйч шиг ажил хийнэ дээ.

- Хүн бүр өөрийн гэсэн ярилцлаганд хэрэглэдэг аргуудтай байдаг. Чиний онцлог арга юу вэ?

Чи хэн бэ? Үнэ цэнэ чинь юу вэ? Ертөнцийг харах үзэл чинь юу вэ гэдгээ харуулах их чухал. Би шударга байх дуртай. Жишээ нь хүүхэдтэй гэдэг маань миний давуу тал болчихсон байсан. Хүүхдээ их эрт гаргасан болохоор би бол бэрхшээлийг даван туулах чадвартай, тэвчээртэй гэх мэтээр өөрийгөө “зарах” чадвараа болгож харуулах хэрэгтэй.

- Өөр салбарт орж ажиллах гэж байгаа, тэгэхийг хүссэн ч нэг л сэтгэлд нь багтаж, зориглохгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

Тэр салбарт ажилсан туршлага байхгүй, мэдэхгүй гэж айх хэрэггүй. Чадлынхаа хэрээр судалчих. Тэгээд ярилцлаганд орохдоо аль болох өөрийнхөөрөө, үнэнээрээ, характераа, хэн гэдгээ харуулсан яриа үүсгэх хэрэгтэй. Тэгэхгүй өөрөөсөө өөр байх гээд байж болохгүй. Жишээ нь дуу цөөтэй хэрнээ би их хүмүүстэй ярилцах дуртай гэж хэлээд тийм юм шаардсан ажилд орчихвол өөрт чинь хэцүү. Амьдралын цаг хугацаа бүр чинь үнэтэй. Би энэ ажлаас юу сурч чадах вэ гэж бодох хэрэгтэй.

- Салбараа солиход хамгийн их айдас төрүүлж байсан зүйл юу вэ?

Хүн танихгүй, мэдэхгүй юмнаасаа хамгийн их айдаг. Шинэ салбар, шинэ ажилд орохдоо судлаад ирхээр мэдэхгүй байсан нөгөө том юм чинь жижигхэн эвлүүлдэг тоглоом (puzzle) шиг болж ирээд, бүгд таньж мэддэг зүйл шиг амархан болоод ирдэг. Айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Жижгээр задлаад үз. Бүр сайн мэдэхгүй ч гэсэн, нэг иймэрхүү юм байдаг шиг байна гээд гэрийн даалгавараа хийчих хэрэгтэй. Хүн бүрийн амжилтанд хүрсэн зам адилгүй, өөрт тохирсон формулагаа олсон байхад аль ч салбараас хаашаа ч орох боломжтой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу