Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Тэр хүүг ах дүүс нь Жоохноо гэнэ. Монголд байсан багын найзууд нь ч гэсэн мөн адил. Гэхдээ жижигхэн болохоор биш. Харин ч тэрээр үеийнхэндээ бол нуруулаг талдаа орно. Туранхайвтар, голигор шар хүү. Жинхэнэ нэр нь Хосбаяр. Америкт ирээд удалгүй Хосе гэх болсон. Дуудах, дуудуулах хэн хэндээ амар болохоор мексикүүд шиг Хосе гэгдэх болоод хэдий дасал болжээ. Одоогоос зургаан жил хагасын өмнө ээж, эгч хоёртойгоо Америкт байгаа аав дээрээ ирсэн юм. Тэгэхэд Хосоо дөнгөж 10 хүрч байсан. Аавдаа очно, Америкт амьдарна гээд маш их баяртай байснаа тодхон санадаг. Тэгээд түм түжигнэж, бум бужигнасан Нью-Йорк хотын дагавар хот Куеенс буюу Монголоор хөрвүүлбэл “хатан хаан” гэх хотод ирсэн билээ.

Америктаа хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг учраас маш жижигхэн байранд анх ирснээ хүүхэд байсан учир огт анзаараагүй. Орой 4-10 цагийн хооронд нь нэгэн ресторанд зөөгчийн туслах хийгээд, дараа нь үүр цайтал өндөр настнуудыг хардаг газрыг шөнөөр цэвэрлэдэг аавтайгаа тэр бүр тааралдахгүй. Өглөө хичээлдээ явах үеэр аав нь ирээд, зөрөөд орондоо ордог. Ээж нь ч гэсэн төд удалгүй Польш дэлгүүрт бараа өрөгчөөр ажилд орсон. Ажил нь их зайтай тул маш эрт явна. Ингээд Хосоог эгч нь босгож, цай ундыг нь уулгаж, сургуульд нь дөхүүлж өгдөг болов. Сургууль нь харин ойрхон. Эгч нь ахлах сургуульд орсон тул удалгүй Хосоо өөрөө явчихдаг боллоо. Хэдхэн сарын дараа монгол Хосоо, долоон давхар саарал байрны Хосе болж латин голдуу хүүхдүүдтэй хамтдаа хичээлдээ явах боллоо. Түүний сургуульд харууд, пуэрто рико, оросууд зөндөө. Азиуд ч чамгүй олон. Тэдний байранд Пуэрто Рико, Доминикан, Гондурас гэх мэт латин гаралтай нөхдүүд голлон амьдардаг учир тэдний хүүхдүүдтэй танилцаж англиар гэхээсээ испаниар илүү хурдан ойлгодог боллоо. Тэр анх байсан байр нь Монголд байхдаа байсан эмээгийнх нь хорооллын хоёр өрөө байрнаас нэг дахин жижигхэн. Тэгэхэд тэр байранд эмээ нь, ээжийнх нь бага дүү “томоо” буюу Хосоо ах, хөдөөгөөс ирсэн хамаатны нэг оюутан ах, тэгээд ээж, эгч нь гээд олуулаа амьдардаг, хөгжилтэй гоё байсан. Энэ Куеенсын байранд нэг Монгол ах байрны төлбөр хуваалцаад хамт суудаг. Аагий гэх тэр ах их завгүй, зөвхөн унтах үедээ л ирнэ. Их сургуульд сурахаас гадна хоёр, гурван ажил давхар хийдэг гэсэн. Өрөөний нэг мухарт унтдаг гудас нь, цүнхтэй хувцас нь л байдаг. Хичээлийн дараа энэ байранд ихэвчлэн Хосоо л ганцаар өдрийг өнгөрөөнө. Зурагт үзнэ. Цонхоор харна. Гадаа тоглож байгаа хүүхдүүдийг өмссөн хувцас, төлөв байдлаар нь андахгүй. Хороололд өссөн, Улаанбаатарын унаган хүү гэсэндээ Хосоо бас хэрэндээ хэрсүү. Хэн нь зүгээр ааштай, хэн нь онцгүйг сайн мэднэ.

Гурван жилийн өмнө эмээгийн бие муудаад, аав, ээж хоёр нь удаан ярилцаж зөвлөсний эцэст ээж нь Монгол буцсан. Ээж нь л эмээг чинь харж, асрах боллоо гэж хэлэхэд тэрээр хэдий жоохон байсан ч ойлгосон. Ээж нь чадвал буцаж ирнэ. Үгүй бол аав нь Хосоог ахлах сургууль төгсгөчхөөд, хэл устай болгоод цугтаа Монгол руугаа буцах юм ярьсан. Түүнээс хойш аав нь ойр ойрхон уух болсон. Эгч нь ахлах сургуулиа төгсөөд найз залуутай болоод түүнтэйгээ Чикаго руу жил гарангын өмнө нүүсэн. Хосоо аавтайгаа өөр, бүүр жижигхэн байранд нүүж ороод сургуулиа шилжүүлсэн. Шинэ сургуульдаа огт дасахгүй, хүүхдүүд нь таалагдахгүй онцгүй байгаа. Ихэнх нь ойр орчмын засгийн газрын хямдралтай байранд амьдардаг харуудын хүүхдүүд. Эсвэл улсаас адилхан тэтгэвэр авдаг мөртөө нээх дээгүүр зантай, хүйтэн хөндий харьцаатай шарууд ихтэй. Түүнээс болоод Хосоо хичээлээ таслах нь ихэссэн. Тэрээр ээжийгээ л үргэлж санадаг. Ээж нь нээх гоё амттай цуйван хийдэг байсан. Аав нь архи уугаагүй үедээ будаатай хуурга гоё хийнэ. Тэрээр сүүлийн үед сургуулиа төгсөөд аавтайгаа Монгол буцах эсэхээ ч бодохоо байсан. Аав нь заримдаа явна, наадмаас өмнө очно гэнэ. Заримдаа явахгүй гэнэ. Очоод ажилгүй, мөнгөгүй би юу хийх юм бээ гэж бухимдана. Тухайн өдөр хэр их ууснаас л болно. Тэр талаар аав нь ярих дургүй байдгийг мэдэх болохоор Хосоо энэ талаар огт асуухгүй. Гэхдээ аав нь хэчнээн их уусан ч Хосоод ширүүн хандахгүй. Харин ч зөөлрөөд нутаг ус, энэ тэрээ яриад согтуу хаяа уйлдаг. Тэгэх нь Хосоод бүүр ч тамтай. Тэр Монголоор улам л муу ярьдаг болоод байгаагаа мэднэ. Ойлгох нь дажгүй ч заримдаа аавдаа Монголоор юм хэлэх гэхээр үгээ бодоод гацчихна. Их аялгатай ярьдаг болсон. Харин саяхан эгч нь сүүлд утсаар ярихдаа удахгүй найз залуутайгаа хуримаа хийнэ. Тэгэхээр бичиг баримттай болчихно. Тэгэх юм бол Монгол явж ээж, найз нартайгаа уулзаад чадвал ээжийгээ аваад ирнэ гээд л маш олон гоё юмыг их баяр баясгалантайгаар ярьсан. Тэгээд эгч нь Хосоог одоохондоо Монгол явах гээд хэрэггүй. Удахгүй ерөнхийлөгч солигдохоор хүүхэд байхдаа ирсэн хүмүүс бүгд бичиг баримттай болно. Тэгэхээр аавыгаа аваад бөөндөө ч явж магадгүй гэж хэлсэн. Тэрийг бол Хосоо үлгэр байх гэж бодоод байгаа. Хэн мэдэхэв.

Өнгөрсөн намраас Хосоо хичээлийнхээ дараа гэрийнхээ ойрхон байх Сабвэй гэх сандвичны газар хагас цагаар ажилд орсон. Уул нь хичээлээ хаяад бүтнээр ажил хийх сонирхол байсан юм. Тэгсэн ажил хийх нь хичээлд явахаас илүү ядаргаатай байгааг эхний өдөр л мэдсэн тулдаа арай ч сургуулиа хаячаагүй.

Ээж нь түүнтэй боломж гарах бүр л ярих гэж залгана. Сүүлийн үед өөрөө утастай болсон болохоор фэйсээр холбогдоод амар болсон. Өмнө нь ээжтэйгээ нь ярьж чадахгүй 2-3 сар ч болох тохиолдол байсан.

Одоо бол Хосоо өөрийгөө эр хүн болсон гэж бодох болсон. Хэдхэн сарын дараа 17 хүрнэ. Хичээлдээ гоцолж цойлоогүй ч, ихэвчлэн сайн хаяа онц авчихдаг болсон. Ээжийгээ санаад шөнө гэдэс нь базалж, давсаг нь чинэрээд үе үе шээх гэж байгаа юм шиг болдог байснаа огт больсон. Аль өнгөрсөн жилээс л багадсан гудсан дээрээ алдалж байгаад маш бөх унтах болсон. Эгч нь өнгөрсөн зун ирээд явахдаа ажил, их сургуульд ороход хэрэг болдог гэх сошилын дугаарыг нь хөөцөлдөж авч өгөөд явсан. Аав нь хэдий уудаг хэвээрээ ч өмнөх шигээ их уухаа больсон. Их ч ажиллахаа байсан. Хэдхэн шил пиво оройжин шимж уугаад л зурагтын өмнө тэр чигтээ унтаад өгнө. Орилж, чарлаж, чанга чанга дуугарахаа ч байсан.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр хойшдоо юу хийх хэрэгтэйгээ маш сайн ойлгосон. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд метрогоор гурван буудал яваад байдаг коммунити коллежид явахаар шийдсэн. Гэхдээ компьютер, бизнес гэх мэт мэргэжлээр сурахгүй. Харин тэр коллежид есөн сар сураад л гагнуурчин мэргэжилтэй болж сертификат хямдхан авч болдог гэдгийг хуучин байранд байсан нэг латин залуугаас санамсаргүй олж мэдсэн билээ. Тэгээд сайн гагнуурчин болчих юм бол сандвичийн газар оройжин хуруу хумсаа хугалан байж олдог мөнгийг хагас цагийн дотор хийдэг болохыг тэрээр хэлсэн. Мөн зээлээр сурч болдог. Төлбөрөө засгаас ч төлүүлэх боломж байдаг гэх мэт олон чухал зүйлийг түүнд хэлсэн. Гагнуурын сургуульд сурч байхдаа барилга дээр дадлага хийдэг. Сертификат авчаад аажим аажмаар зэрэглэлээ өсгөдөг. Зэрэглэл өсөж, туршлага нэмэгдэх хэрээр олз ихсэж, ашиг сайжирдаг. Алсдаа сайн гагнуурчин болчихвол далайн боомтод, хөдөө сантехникийн суваг дээр эсвэл захиалгаар юм гагнадаг хувийн бизнестэй хүртэл болох боломжтойг тэрээр гүүглээр нэмж мэдэж авсан.

Эгчтэй нь нэг анги байсан, нэг байрны Маркус гэх тэр залуу том хар тракнаас таахалзан буугаад түрийтэй шар гутлаа чирсхийн пээдгэр гэгч нь алхлан орж ирээд зузаан бор күүрчигний юудэнг буулгах зуур фүүт лонг сандвич плийз гэснээ түүнийг хараад “Jose, my amigo” гэж чангаар дуудаад инээд алдсан билээ. Анх Жоохноог эгчтэйгээ сургуульд явахаар гарч ирэхэд бас нэрийг нь асуучхаад яг ингэж дуудаад инээд алдаж байж билээ тэр залуу.

Жоохноо цаашдаа томоо явна аа.

В. Пагва

1/16/21
Индиана муж

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу