12 настай, адуучин болох хүсэлтэй поодгор хүү

Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гадаадад суугаа монголчуудын эртний танил Д. Цэрэнбат гэх залууг мэдэх болсон маань тэртээ ерээд он. Удирдлагын академид багшаар томилогдон ирж нэг дээвэр дор ажиллах болсноор насны зөрүүг боломжоороо ойртуулж, ойр холд дөрөө хоршиж, гэр орноор нь орж, зочилж, аав, ээжтэй нь дотносон цаг, нарыг өнгөрөөж явтал нэг л мэдэхэд Европ руу алдчихсан даг.

Гадаадад суух болсноосоо хойш дахин холбоогоо сэргээж, бие, биеэ сураглан мэдээлэл, харилцаа тасраагүй явна. Монгол түмний уламжлалт наадмын эл өдрүүдэд өвөг цахим өртөөний үүсгэн байгуулагчийн нэг, одоо Хилийн чанад дахь монголчуудын холбооны зөвлөлийн удирдах зөвлөлийн зөвлөх Цэрэнбат дүү бидний урилгыг хүлээн авч, монгол наадам тойрсон ярилцлага өрнүүлэх боломж олгосонд талархаж байна.

Профессор Пүрэвийн Увш

- Сайхан зусаж байна уу? Танай нутгаар зуншлага сайхан болж байна уу? Монгол хүн л болохоор наадмын амьсгаа ороод аав, ээж, ах дүү нар, эх нутаг, төрийн наадам бодогдоод сэтгэл жаал гэгэлзэж байна уу?

- Сайхан зусаж байна. Англиар байгаль цаг агаарын хувьд нартай хуртай сайхан зун болж байна. Наадам хаяанд ирсэн байна шүү нээрээ. “Амьд явбал улсын наадам үзнэ” гэсэн их найрагчийн үгэнд монгол хүний цэнгэлийн манлай наадмын утга агуулгыг багтаасан санагддаг. Мэдээж дурсамж сэдэрч сэтгэл гэгэлзэлгүй яах вэ. Гэхдээ наадам нэгээр дуусахгүй тул хүнд хэцүү энэ цаг үед ганц удаа дурсамжаараа наадчихъя л гээд л сууж байна. Наадмын тухай 1998 онд бичсэн дурсамж маань блог дээр бий. https://tserenbat.blogspot.com/2007/07/blog-post_05.html

- Төв аймгийн Алтанбулаг сумын Сүжгийн амны эхээд байдаг Хар Хужир гэдэг нутагт зусаж байх үеийн 12 настай, адуучин болох хүсэлтэй архаг залуу байх үеийн энэ зүргийн тайлбарт "Өвөөгийнх зун болгон нэгдлийн 30 гаран гүү барьдаг байлаа. Хөдөөгийн бид өдөржин л гүү татаж (олон гүү сааж орж ирээд цаг хүрэхгүй л эргээд саах цаг болчихно), халуун нартай өдөр унага усалж, сүүлдээ адуунд мордож эр өсөж эсгий сунаж байжээ" гэж дурссан байдаг. Бага насаа дурсвал ямархуу хүүхэд байв? Аав, ээждээ хэдийгээс гарын үзүүрт зарагдаж, төлөвшиж эхлэв?

-Та миний нүүр номыг баахан ухжээ дээ. Бид аавын аав, ээжийн аав гээд хоёр өвөөгийндөө дамнан зусна. Ээжийн аав маань “буурал” Бадамжав гэж олондоо нэрлэгдсэн, бид “Баднаа ажаа” гэж дууддаг насаараа нэгдлийн мал, тэр дундаа адуу малласан буянтай буурал байсан. Энэ зураг 80-аад оны эхэн үед Баднаа ажаагийнх нэгдлийн гүү ид барьдаг байх үед авхуулсан зураг.

Багадаа адуу малд ойр өссөн. Намайг 9 нас хүртэл манайх Батсүмбэр суманд байсан. Аавын аавынх маань (бид “өвөө ажаа” гэж дууддаг байв) сангийн аж ахуйн айл хэдий ч мал малын захтай, зундаа Бургалтайн голын хөндийг өгсөж, уруудан нутаглана. Тэнд л би ухаан орж, өвөө эмээдээ тусалж, бусад хүүхдийн адил морь унаж, уралдаж өссөн дөө. Өвөө ажаа, эмээ өвөө хоёр маань өөрсдөө зүгээр суудаггүй, хажуудаа байгаа хүнийг ч зүгээр суулгадаггүй их ажилтай хүмүүс байв. Тэднийхээ буянаар бид ажил, ажлын дөртэй болж өссөн.

- Өөрийг чинь Удирдлагын академид багшаар ирснээр хэдэн жил хаяа хатган айлсаж явахад улсын заан Гансүх асан орж гарч, хамтдаа шахуу байж харагддаг сан. Энэ зурган дээр сумын заан Цэрэнбат гэсэн тайлбар ч байна. Багадаа ч олон дээл уралцаа биз. Хэдийгээс бөх болохоор зорьж, хэр удаан хичээллэв? Амжилт бүтээл гэвэл...

- Гансүх заан бид хоёр садан төрлийн хүмүүс. Бусдын төлөө гэсэн цайлган цагаан хүн байсан даа. Академид багшилж байхад Намжилдорж харцага, Шаравдорж арслан гээд Төв аймгийн нэлээд хэдэн бөх манай оюутны байранд байдаг байсныг та санаж буй байх. Картын барааны үе дөнгөж шувтарч юм тарчиг байсан цаг. Нутгийнхаа хэдэн бөхчүүдийг байрны даамал Должин ахаар дамжуулан ярьж тэрүүхэндээ тус болж буй ухаантай.

Миний хувьд монгол эрэгтэй хүүхдүүдийн адил бөхийн тухай элдэв домог яриан дунд, бөхөд дуртай болж өссөн. Хүүхэд ахуйд миний барилдаан гэрийн хаяанаас нэг их хэтэрч байсангүй. Хөдөөгийн хүүхдүүдийн адил мал хуйтай ноцолдож, хар ажилд нухлуулсан маань гарын жаахан тамир суулгасан шиг санагддаг. Оюутан байхдаа өвөл нь заалны барилдаан үзэж зун нь сумын наадамдаа очиж барилдсаар жаахан барилдааны дөр суусан.

Их сургуулийн 4,5 дамжаанд байхад жаахан барилдах цагтай байсан юм болов уу даа. 1990 оны сумын наадамдаа үзүүрлээд, дараа нь Гансүхийн маань чөлөөт бөхийн Ази тивийн аварга цолыг мялаах наадам болж уг наадам дээр ирсэн гадна, дотнын нэлээд бөхчүүдтэй хүч үзсэн барилдаанууд хийж шинэхэн начинтайгаа үлдэн үзүүрлэж байв. 91 онд онд сумын хийдийн нээлтийн барилдаанд мөн л Гансүх начинтайгаа (тэр үеийн цол нь) үлдэж үзүүрлээд, төлийн баяраар түрүүлж байлаа.

Удирдлагын Академид ирснээс хойш слесарь Лхамсүрэн ахтайгаа, ерөнхий нягтлан, аймгийн заан Түвшинтэйгээ зав зайгаараа сургуулийн зүүн талын хоосон хөндийд ноцолдож явснаа дурсахад сайхан байна. Гэм нь байнгын бэлтгэлгүй хүн их амархан бэртдэг юм билээ. Нэг сүрхий бэртэж ардчилсан Үндсэн Хууль анх батлагдаж байхыг гэмтлийн эмнэлгийн хүлээн авагчаар сонсоод хэвтэж байснаа санаж байна. Тэгээд ер нь барилдах маань багасаж, нөгөө хэдийнхээ цүнхийг үүрч бөх үзэж л явдаг болсон доо.

tserenbat 0710 02

tserenbat 0710 03

- Энэ таны нэгдлийн төлийн баяраар түрүүлж төлгөөр шагнуулж байсан 1991 оны зураг байна. Дурсамжаасаа хуваалцана уу.

- Их сургуулийн төгсөх ангийн оюутан байсан цаг. Манай сумын “Хөдөлмөр” нэгдэл хавар бүр л төлийн баяр хийдэг байсан. Морь уралдаж, бөх барилдана. Түрүү бөхөө хониор байлна. Тэр жил бүрхэгдүү, зэвэргэн салхитай, цас шороо бударч манарсан өдөр таарсан. Сумын заан Даваадорж ах үзүүрлэж байв. Хаяа залгаа нутгийн, улсын арслан Оргодол гуай ирчихсэн үзээд сууж байсныг санаж байна.

tserenbat 0710 04

- Таны хувьд сэтгэлд үлдсэн, сайхан дурсамжтай наадам хэдэн оных байв? Юугаар онцлог болоод сэтгэлд үлдэв?

- Наадам бүхэн л сайхан байдаг байсан даа. Хурдан морь унадаг байхад уралдаад ирэхэд улаан ус, хуушуур хоёр бэлэн, морины хүүхдүүд нэр хүндтэй, өдөрт 3 насны морь унах үе байх ч ядрахаа мэдэхгүй, их л баяр хөөр болон сайхан нааддаг байж. Эмээ маань “хүүхэд, морь мэнд байвал наадам сайхан болж байгаа нь тэр” гэж их хэлнэ. Моринд хүнддэхийн цагт туслах уяачийн ажилд шилжинэ. Аавтайгаа наадмын морьд идүүлж хонодог байлаа. Өглөө нь наадмын гоёоны хөл хөнгөн морио унаж ангийнхаа хөвгүүдтэй наадмын талбайгаар эргэлдэн хуушуурдаж наадах ч бас сайхан шүү. Барилдах дуртай болсноосоо хойш бөхийн майхан асар хавиар нааддаг болсон юм байна. Академид багшилж эхэлснээс хойш улсын наадам голдуу үздэг болсон юм. Стадионд үнэгүй орохын тулд бүртгүүлээд нэгийн даваанд гарчихна. Хааяа нэг туг тойрчихно. Сэтгэлд хоногшсон наадам Гансүхийн маань заан болсон наадам даа. Зааны тааварт яригддаг галтай начин байсан ч тэр жил олгойн хагалгаа хийлгээд удаагүй тул бие нь бүрэн илааршаагүй, бэлтгэл нь ханаагүй байсан. Би дээлийг нь барих үүрэгтэй унага шиг дагаастай. Зааны ээж Цэвээнжав эгч ч “миний дүү ахынхаа дээлийг бариарай” гээд захиастай. Өөрөө зөв сэтгэлтэй, дээр нь юмны онч таарахаараа тэгээд болдог л юм билээ. Гансүх маань сайхан барилдаж 6 даваад 7 дээр нутгийн дархан аварга нь авч заан цолны босго алхуулсан даа. Бөхчүүдийн дунд суун ам авах, хэрхэн барилдах зэргээ хөөрөлдөж, унасан бөхийн гуньхрал, давсан бөхийн баяр бахдал гээд тэр их сэтгэлийн дэнслэлүүдийг ажиглаж суухдаа ихийг монгол бөхийн талаар урьд урьдаас илүүг ойлгож мэдэрч, мартагдашгүй дурсамж үлдээсэн.

Бөхийн тухай бичсэн дурсамж маань энд буй: https://tserenbat.blogspot.com/2007/07/blog-post_9440.html

- Адуу малд ойр өссөнийг мэдэж байна. Морь уяж байв уу? Хүүхэд байхдаа хурдны морь унаж байсан нь лав. Дурсамжаасаа, ер нь морины хүүхэд гэж хэн бэ гэвэл та юу гэж хариулах вэ?

- Хурдны морь 7 настайгаасаа унасан. Манайд нэг өндөр хээр морь байсан. Майн баяраар өндөр хээртэйгээ 3-т нэг хурдалж байсан юм байна. Морь унах, уралдах гэдэг дэг жаягтай. Морины хүүхэд унтаахай байж болохгүй, морь нь хурдлахгүй, цоглог бай, уяан дээр хэрүүл уруул хийж болохгүй, морины хийморьт муу, морьтойгоо ойр байж, тоос шороог нь сайн хусаж сойздож бай, сайхан зөв уяж сур гээд л эмээ, өвөөгийн үгээр л бүгдийг даган хурдан морь унаж байлаа. Морины хүүхдүүд энэ явцдаа л морь уях ухаанд далдуураа суралцаад эхэлдэг байх. Мориндоо хүнддэхээрээ тэгээд өөрийн эрхгүй л уяачийн туслах болж хувирдаг даа. Өглөө адуугаа хураахаас эхлээд хурдан морьдынхоо дэл сүүлийг боох, хөлслөх, наадмын урд шөнө манаж хонох гээд ажилд хүчин зүтгэж байлаа. Энэ л байдлаар өвөөгийндөө хамт морь унаж, уяж байсан авга эгчийн маань хүүхдүүд одоо сум орон нутгаараа дуудуулсан морьд нь төрийн болон бүсийн наадмуудад торгон жолоо өргүүлдэг аймаг сумын алдарт уяачид болцгоосон байна. Тэгэхээр нутагтаа байсан бол бас хусуур бүсэндээ хавчуулчхаад гүйж л явах байсан байх.

Хурдан морины тухай бичсэн дурсамж маань энд буй. https://tserenbat.blogspot.com/2007/07/blog-post_06.html

- Та нэгэнтээ "Гэрээ гэж. Босго даван оронгуут Монгол минь намайг тэвэрч, дурсамж хөвөрдөг дөө" гэж гүн амьсгаа авч байгаа нь нүдэнд харагдсан. Миний ойлгосноор танайх зусландаа монгол гэртэй. Та тэндээ налайх, монгол ахуйгаараа аж төрөх дуртай бололтой юм билээ?

- Оюутан болоод гэрээсээ явтлаа л гэрт амьдарсан болохоор миний хүүхэд насны амьдрал эргэн дурсагдах дурсамж ахуй тэр чигээрээ гэртэй холбоотой. Тиймээс ч зундаа гаднаа гэрээ барьдаг. Босго даваад ороход л Монголдоо, хүүхэд ахуй насандаа оччихсон мэт болдог юм. Монгол ахуйгаараа аж төрөх гэж хүчилдэггүй дээ. Зүгээр гэрт ороод суухад л сэтгэл сайхан болдог. Хүүгийн найз нар нь хөл хорио жаахан тавигдаж буйг далимдуулж орой гадаа гал тулж байгаад гэрт хонох болоод буй. Хүү маань манай найз нар бүгдээр нар зөв тойрч гэрээс гарч байгаа шүү л гэж байна лээ. Бас найз нартаа гэрт яаж орох, суух, гарах зэргийг хэлж өгдөг бололтой. Тэр хэмжээгээр бас Монголоо таньж мэдүүлэхэд бага сага тус болоод буй хэрэг ч юм уу.

- Англид монгол зан заншил, соёлыг хадгалах, монгол бөхийн ёс, жаяг, горимыг хөгжүүлэх талаар багагүй ажилд оройлон оролцож, зохион байгуулдаг хүний нэг. Энэ ажлынхаа талаар хоёулаа хуучлах уу?

- Зан заншил соёл нь үндэстнүүдийг өөр хооронд нь ялгаруулна, тийм байж гэмээ нь бүхлээрээ хүн төрөлхтнийг солонгоруулж харагдуулна. Бүгдээрээ нэг хэв маягаар амьдраад эхэлбэл саарал болчихно гэдэгтэй та бас санал нийлэх байх Тийм ээ? Гадаадад суугаа Монголчуудын мэдэх, эс мэдэхгүйгээр үүрч явдаг ачаа бусдад монголоороо танигдах, энэ хүн шугуйд төөрөлгүй монголоороо үлдэх. Тэр ачаагаа үүрэлцээд л наадам, цагаан сараа эндэх үе үеийн Монголчуудын Холбооны нөхөд, Элчин сайдын яамныхантайгаа хамтдаа зохион байгуулаад 20-иод жилийн нүүр үзэж байна. Британи хүргэд, бэрүүд маань ч бидний зан заншил соёлыг хүндэтгэн хамтран зохион байгуулдаг, биечлэн оролцдог болж ирлээ. Монгол эхнэртэй Робин гээд залуу байна. Барилдах сонирхолтой. Монгол бөхийн бүрэн өмсгөлтэй 2,3 наадамд гараад сайхан дэвээ шаваа хийгээд барилдаад байна. Энэ жил бүр баяр наадмын туг хийж өгнө гээд Монголоос цагаан адууны сүүл захиж авчруулаад өөрийнхөө урланд урлаад хийчихсэн байх жишээний.

- "Сайхан цуйван сэгсэрлээ. Амт гэж салах арга алга" гэж өөрийгөө "магтсан" байсан. Та хоол хийхдээ хэр вэ? Наадмаар ямар хоол хийж гэрийнхнээ дайлах бодолтой байна даа?

- Цуйванд дургүй хүн байдаг юм болов уу Манай хоёр хүүхэд их дуртай. Хүү оюутан болохоороо найз нартаа хийж өгдөг хоол болгоно гээд яаж хийх аргыг заалгаад байгаа одоо гурил сайн зуураад сурчихвал бусдыг нь ер нь сурсан байна лээ. Наадмаар хүүтэйгээ цуйван хийдэг юм уу л бодолтой байна.

- Та өвөг цахим өртөөний үүсгэн байгуулагчийн нэг, одоо Хилийн чанад дахь монголчуудын холбооны зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүү хүн. Хойт Америкийн Цахим өртөөний гишүүд, тус байгууллагын МАНАЙХАН цахим сүлжээнийхэнд хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

- Цахим Өртөөгөөрөө овоглон Хойд Америкт Монголын гэсэн орон зайг үүсгэн эрдэм соёлыг түгээж эв нэгдлийг бататгаж суугаа элэг нэгт та бүхэндээ монгол түмний үндэсний их баяр наадмын баярын мэндийг дэвшүүлье.