Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Хойт америкийн Цахим өртөөний "Манайхан" сайтад зочилж, номын агуулга, амьдралд гийх цацраг, номтой холбогдсон түүхээ хүүрнэхээр зөвшөөрсөнд талархаж байна. Баруун эргийн монголчууд өөрийн чинь нэр гарахлаар "Монгол номын сангийн Ган-Энхбаяр эгч" гэсэн тодотгол нэмэх юм билээ. Ингэх болсны учрыг хуваалцана уу. Монгол номын сан байгуулах санаа хэрхэн төрж, бодит биеллээ олсон бэ? Анх 150 монгол номтой байсан гэл үү? Одоо хэчнээн номтой болоод байна? Үйлчлүүлэгч олонтой юу?

Сайн байна уу? Сайхан зусаж байна. Та сайхан зусаж байна уу? Энэ нутагт амьдарсан хугацааны дийлэнх нь номтой холбоотой болохоор л намайг тэгж дууддаг байх. Манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад, 2009 оны 2 сарын 22- ний өдөр гэртээ байсан 158 ном дээрээ суурилан Монголчуудын холбоотойгоо хамтраад “Монгол номын сан”-гийн нээлтээ хийж байлаа. Одоо 1500 гаран номтой. Тогтмол ном авч уншдаг болон хааяа авч уншдаг гээд овоо олон уншигчидтай.

Танайхаас зохион байгуулдаг богино өгүүллэгийн "Утгын чимэг" уралдаан, хүүхдийн шүлгийн "Гэгээн хүсэл" наадам гээд олон гэгээлэг ажил зохиодог юм билээ. Энэ талаараа?

Номын сан гэхлээр арай л нам гүм оргиод, хүмүүсээ хөгжүүлье, ахуй, чөлөөт цагийг нь сонирхолтой болгоё гэж ярилцаад, номын сангийн нээлтээ хийсэн өдрөө богино өгүүллэгийн уран уншлагын “Утгын чимэг” уралдаанаа анх зохион байгуулсан. Өнгөрсөн жил уралдаанаа хийлгүй өнжлөө. 11 жил тасралтгүй хийжээ. Номын сангийн 10 жилийн ойн ажлын хүрээнд хүүхдүүдийнхээ дунд “Гэгээн хүсэл” шүлгийн уралдаан зохион байгуулж эхэлсэн. 2020 онд цахимаар амжилттай зохион байгуулсан. Хүүхдийн уралдаан маань илүү хөгжилтэй, инээд хөөртэй, бас бяцхан нулимстай, “шипитэй” хөөрхөн гэгээлэг болдог шүү.

"Тулга", "Хөх зөн" наадмуудад оролцож шүлэг уншиж байсан санагдана. Одоо нэг шүлэг хэлж болох уу? Шүлэг, яруу найрагт хэр дуртай вэ? Бүтээл арвин байна уу?

2011 онд Дэнвэр хотноо “Тулга” клуб байгуулагдсанаас хойш манай хотын баг тасралтгүй оролцож ирсэн. 2014 онд өөрийн хотдоо уг арга хэмжээг Монголчуудын холбоо, найз нөхөдтэйгээ хамтран амжилттай зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд зориулж, амьд хөгжмийн “Даян” хамтлаг маань байгуулагдаж байлаа. Шүлгийн хувьд уу? Өөртөө л бичдэг. Америк монголын уран зохиолын нийгэмлэгээс анх зохион байгуулсан “Хөх зөн” шүлгийн уралдаанд дэмжих маягаар нэг шүлэг явуулсан. Товхимол дээр нь гарсан байсан. Түүнээс өөр ийш тийш нь шүлэг явуулдаггүй ээ. Хааяа нутаг орноо, аав ээж , ах дүүгээ санахлаараа ганц нэг мөр холбож суудаг.

GanEnkhbayar5

Өөрийгөө, гэр бүлээ, энд эрхэлж байгаа ажил үйлсийнхээ талаар манай уншигчдад танилцуулж, номтой анхлан танилцсан бага насныхаа дурсамж, сургамжаасаа хуваалцах уу.

Ханьтайгаа нийлээд 35 жил болж байна. Дөрвөн хүүхэдтэй, дөрвөн ачтай өнөр айл. Хүүхэд байхдаа “Цуутын цагаагч гүү”, Л.Бадарчийн “Хүжийн гал” өгүүллэг эхэлж уншсан санагдаж байна. Арай томроод л номд хорхойсож, шөнө унтахгүй, аав ээждээ зэмлүүлж, хөнжил дотроо гар чийдэнтэй уншиж дуусгадаг байсан. Дунд ангид ороод С.Удвал гуайн “Одгэрэл”, Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу”, цаашлаад Жек Лондоны “Цагаан соёот”, Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” гээд л нэрлээд байвал маш урт жагсаалт гарна. Арван жилд байхдаа л жинхэнэ номын амтанд орсон. Багш нарын ур чадвар их нөлөөлсөн гэж боддог.

Ямар номыг ажлын ширээн дээрээ байнга байлгадаг вэ? Яагаад?

Миний ширээн дээр яг одоо доктор Я. Борчулууны “Харвард төгсөгчийн ээжийн тэмдэглэл”, Хятадын зохиолч Юн Чаны “Зэрлэг хун”, Роберт Кийосакийн “21 -р зууны бизнес” гэсэн номууд байна. Үргэлж уншаад байхгүй хэр нь хааяа, хааяа сөхөж, хэрэгтэй санаа, эрч хүч авдаг номууд ч байна. Чикаго хотноо амьдарч байгаа А.Өлзийбаяр ахын “Монголдоо тэмүүлсэн сэтгэл” бас гоё ном. Бид “Утгын чимэг” наадмынхаа дараа А.Өлзийбаяр ахын номын баярыг нь хийж байлаа.

Та мэргэжлийн болон уран зохиолын номыг хэр хурдан уншдаг вэ? Та уншсан номдоо тэмдэглэл хөтөлдөг үү?

Уран зохиолын номыг нэг, нэгээр нь ер уншдаггүй, хоёр гурваар нь зэрэг гүйлгээд унших тохиолдол их байлаа. Одоо бол цахим худалдаа их сонирхоод түүнийхээ холбогдолтой ном түлхүү унших болж байна. Их хурдан уншаад л өнгөрдөг байсан хүн чинь одоо их удаан тогтож уншихгүй бол ойлгохгүй юм их гарна. Зарим номыг бүр хэд хэд дахин уншиж байна. Би уншсан номдоо тэмдэглэл хөтөлж амжихгүй л явна. Хүүхэд байхад тэмдэглэлээ шалгуулж байж, “Нацагдорж” тэмдэгтэн болдог байжээ. Одоо бол ном авахаар ирж байгаа хүндээ ямар төрлийн ном сонирхож байгааг нь асуугаад л шууд “гучин хоёр цагаан лонх” тоолж байгаа аятай маш түргэн мэдээлэл өгдөг л миний толгойд үлддэг тэмдэглэл дээ.

Та хэдэн хэл дээр ном уншдаг вэ? Унших номоо хэрхэн сонгодог вэ?

Өө дүү нь тийм олон хэл мэдэхгүй дээ. Монгол номын сангийнхаа хэдэн ном дотроо л эргэлдэж сууна. Сүүлийн үед хийж байгаа ажлаас шалтгаалаад “Simple Rich” , “ Go Giver” гэх зэрэг номыг харж сууна. Хэдэн жилийн өмнө бол Монгол руу захиад л эсвэл ирсэн зохиолчдоос номыг нь аваад уншдаг байсан бол одоо шууд л “Та энэ энэ номыг унш” гээд даалгавар авдаг болсон. Унших зүйл маш их байна. Яаж ч өөр юм сонирхсон уран зохиолын номоо завсраар нь гялс амжуулаад харчихдаг.

Яг одоо ямар (мэргэжлийн, уран зохиолын ) ном уншиж байгаа вэ?

Яг одоо Панасоник корпорацыг үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушитагийн "Бороонд бид шүхэр барьдаг" номыг уншиж байна. Зарим гайхмаар алмайрлыг энэ номоос л олж харж болно. Дөрвөн настайдаа гэр бүлээ тэргүүлэх болж, есөн настайдаа сургуулиа орхин гэрээсээ гарч, ажилчин болж байсан гээд уншихаар танд ямар бодол төрөх вэ? Би бол улам цаашаа унших хорхой асаад, зогсолтгүй уншаад, дуусгаж байж санаа амардаг. Тэгэхгүй бол нөгөө ном маань байнга бодогдоод.

Сүүлд уншиж дуусгасан сонирхол татсан ном болон дараагийн уншихаар төлөвлөж байгаа номоо нэрлэнэ үү.

Би ер нь уран зохиолын ном их уншдаг байлаа. Мөн зөгнөлт зохиолд бас дуртай байсан. Ж. Пүрэвийн “Манан будан”, М.Тогмидын “Хувь заяаны цадиг”, Л.Түдэвийн “Оройгүй сүм”, В.Обручёвын “Санниковын газар”-ыг одоо хир нь унших дуртай. “Санниковын газар”-ын орчуулга үнэн тасархай. Ж. Оюунцэцэг эгчийн орчуулга. Настай холбоотой юм болов уу? Хүмүүсийн түүх намтар их унших болсон шүү. Чойбалсан, Сталин, Мао Цэдүн, Пак Гынхе нарын тухай, сүүлд Н. Жанцанноров гуайн “Миний л харгуй” номыг уншсан. Сүүлийн үед ном маш их гарч байна. Энэ олон номоос өөрт таалагдсан хэрэгтэйгээ сонгон унших чинь бас их чухал болоод байна. Дээр хэлсэн номоос гадна хүлээлэгт овоо хэдэн ном байгаа. Ли Гуан Яао гийн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн зам” ном их сонирхол татаж байгаа. Тодко Самсоны “Вангийн нулимс”-ыг бас барьж эхлээгүй байгаа.

Та номын сангийн, урлаг, соёл, спортын, монголчуудын холбооны гээд энэ их ажлын хажуугаар ном унших зав чөлөө хэрхэн гаргадаг вэ?

Хүн дуртай зүйлдээ яаж ийгээд л цаг зав гаргана шүү дээ. Америкт байгаа монголчуудын дунд зохион байгуулагддаг урлаг спорт, утга зохиол гээд бүх л зүйлд оролцож дэмжихийг боддог. Гэр бүлээрээ амралт маягаар явдаг. Тоглолт, уулзалт, арга хэмжээний бус цагт нь машиндаа номоо хараад суух мөч сайхан шүү . Бидний номын сангийн, урлаг, соёл, спортын, монголчуудын холбооны ажлуудад монголчууд маань л гол ажлыг нугалдаг. Би оролцоод, хамтраад, заримдаа зааж чиглүүлээд дотор нь байдаг. Үр дүнтэй ажлын ард гарчхаад, ярилцаж суух ч бас нэг сайхан мэдрэмж, цаашид хийх, бүтээх ажлын эхлэл болдог. Бидний ажлыг дэмжигчдийн нэг нь АНУ ын Конгресийн номын санд ажиллаж байгаа доктор М. Саруул-Эрдэнэ. Биднийг дэмжин хамтран ажилладаг Сан Франциско хотноо амьдран суугаа яруу найрагч Я. Баатар ахдаа талархаж явдгаа хэлье! Баярлаж талархаж явдаг маш олон хүн бий. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье! Манай хотоос таван хүн анхны номоо өлгийдөн авч, бид номын баяр хийж байлаа. Энэ бол бидний нэг бахархал.

GanEnkhbayar3

Ер нь ном, ном унших гэж юу вэ? Өөрийнхөө үгээр тодорхойлон хэлнэ үү.

Ном бүр өөр өөрийн түүх онцлогтой. Уншсан бүгд ижил биш, зохиосон зохиолч нь хүртэл өөр болохоор өгөх гэсэн санаа, ойлгуулах гэсэн үзлийг нь яаж хүлээж авч, өөртөө болон амьдралдаа хэрэгжүүлж байгаа нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэж боддог. Номын нөлөө үгээр хэлшгүй их. Хамгийн наад захын жишээ гэхэд амьдралд тохиолдох элдэв нугачаанд тэр бүр бүдрээд, хөл алдаад явчихгүй, сэтгэлийн хат, хүмүүжил сууна. Наад зах нь, нэг захиа бичсэн ч алдаагүй бичнэ. Тоочоод байвал дуусахгүй. Би маш их азтай, аз жаргалтай хүн. Энэ сайхан номууд дотор амьдрал маань өрнөж байдаг. Номын буянаар их олон сайхан хүмүүстэй уулзаж, тэднээс маш их сонирхолтой түүх сонсдог. Цөөн хэдээс нь дурдвал, манай оньсон тоглоомын З. Түмэн-Өлзий гуай, элчин сайд Д. Цахилгаан гуай, Өвөр Монголын зохиолч Цолмон, Монголч эрдэмтэн Юрий Крючкин. зохиолч До. Чулуунбаатар, зохиолч Т.Бум-Эрдэнэ, зохиолч Б. Сарантуяа гээд маш олон сайхан хүмүүстэй уулзсан. Би ер нь хаана ч явсан цүнхэндээ үргэлж ном авч явдаг. Сайхан ном уншаад түүн дотроо ороод нэг хэсэгтээ л ертөнцөөс тасарчих ч бас л гоё мэдрэмж шүү. Ном уншдаг хүн очиж үзээгүй газраа, уулзаж үзээгүй хүнтэйгээ номоор дамжуулаад л үзчихдэг, уулзчихдаг. Түүнээсээ маш их зүйл сурч байдаг. Залуус маань ном их уншаасай гэж боддог. Хийж буй бүхий л ажлын маань ард хана хэрэм мэт дэмжиж байдаг хань, хүүхдүүддээ, найз нөхөд, хамт олондоо маш их баярлаж явдгаа хэлье! Энэ цаг үед бид хамтдаа түүхээ бүтээж яваа гэдэгт итгэлтэй байдаг. Цаг заваа гарган надтай хууч хөөрсөн танд маш их баярлалаа. Өнгөрснөө эргэн дурсах сайхан байлаа. Танд эрүүл энх, ажлын амжилт хүсье!

Номын талаарх дотоод ертөнцөө уудлан олон сургамж, дуурайл, саналаа хуваалцаж, туйлын сонирхолтой яриа өрнүүлсэн Танд их баярлалаа. Цаашдын бүтээх, бодох, тунгаах үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.

Алсаас хөөрөлдсөн Пүрэвийн Увш

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу