Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Уран бүтээлч хүн олон зовлон, эрсдлийг туулдаг. Тэр дотроос бусдыг хуулахгүй, өөрийгөө давтахгүй байх гэсэн хэцүү зовлон байна. Жинхэнэ уран бүтээлч болж чадах эсэхий нь сорилт гэж хэлж болмоор. Нөгөө нь ямар нэгэн хэв маягт автахгүй, хэлбэр дүрсэд захирагдахгүй, өөрийнхөөрөө, үнэнээрээ байх! Бусдад таалагдах гэж биш, өөрийнхөө тааллаар орших!

Энэ хоёр зэрэгцэнэ гэдэг тун ч хэцүү, бараг л боломжгүй мэт. Гэвч байж бас болно, тэр нь тун ховор гэдгийг Өлзийтөгсийн хоёр түүврийг уншаад тийм мэдрэмж сэтгэгдэл төрсөн юм. Анх "Үзэхийн хязгаар"-ыг эргүүлж суухдаа бидний мэддэг таньдаг ертөнц маань дахин цоо шинээр нээгдэх мэт гайхалтай гоё оюуны мансууралд орж байсан. Намтарыг насан эцэс болохын өмнө бичдэг амьдралын тайлан, он дарааллын бичиг мэтээр ойлгож дассан бидний хувьд үзэхийн хязгаарыг давсан мэт цоо шинэ орчин байлаа. Хүмүүсийн намтарыг хөндлөнгийн хүн бичнэ гэдэг дутуу дулмиг, гаднах өнгөн хэсгийг тоочихоос цаашгүй. Хүний сэтгэл доторх сэрэл мэдрэмжийг өөрөөс өөр хэн ч төгс төгөлдөр илэрхийлж чадахгүй. Дотоод ертөнцийн дуу хоолойгоо илэрхийлсэн уран бүтээлч хүний нэн зоримог, шинэ эрэл хайгуул учраас хэдийд ч уншсан үнэ цэнэтэй хэвээр байна. Нөгөө нь Өлзийгийн "Нүдний шилэнд үлдсэн зураг"-ууд. Бид шилний цаанаас нь хорвоог хардаг, хүмүүстэй тэгж харилцдаг. Цаад жинхэнэ мөн чанар, далд нууцад нь хэзээд нэвтэрч чадахгүй. "Аквариум" өгүүллэгт гардаг загас л гэсэн үг. Тэр загасанд гэрийнх нь аж амьдрал гарынх нь алган дээр мэт ил боловч үнэндээ бүх юм далд нууц байсныг хожим мэддэг. Гэхдээ нууц юм нууц чигээрээ л үлдэх хэрэгтэй. Хэрвээ бүх юм гарын алган дээр мэт ил болчихвол тэр нь ямар ч үнэ цэн, утга учир, эрхэм нандин зүйлгүй санагдах юм. Хүний араншин түүн дээр л суурилж байдаг. Нууцын цаана нууц байгаа гэдэг сониуч бодол амьдралыг сонирхолтой болгодог, бид хүний доторх бодол санааг шилэн хана шиг нэвт харж чадахгүй учраас бид бие биеэндээ итгэж найдан, хайрлаж дурлан урам зоригоор дүүрэн амьдардаг. Амьдралын утга учир нь нууцлаг, санамсаргүй байхдаа л оршиж байна. Хүн бусдын сайн муу чанарыг нэвт мэдэж байвал бидний үнэлэх үнэлэмж ч утгагүй болно. Хэд наслах хэзээ үхэхээ яг тодорхой мэдэж байгаа хүнд амьдрал ямар бачуухан, цаг хугацаа ямар давчуухан санагдах билээ. Нууцгүй юм гэдэг түүнтэй л адил. Хүний дасан зохицох чадвар гэдэг ямар ч амьтанаас илүү гайхамшигтай. Дасах хэцүү ч дассанаасаа салах бүүр ч хэцүү. Тиймээс бүсгүй дахин загас болж аквариумд орохыг хүсч байна. Бас нэг шалтгаан нь бүх нууцыг мэдсэн учраас амьдрал ямар ч сонирхолгүй, кайф таашаалгүй болж байна. Өгүүллэг эхлэл, оршил, өрнөл, тайлалтай дуусдаг гэсэн ерөнхий шугам үгүй, уншигчийн хүлээсэн тайлбар үгүй, зохиолчийн мэдрэмжээр буулгасан дүрслэлийг уншигч мэдрэхүйгээр дамжуулан дахин шинэ зохиол бүтээх, бодож эргэцүүлэх , гаргалгаа хийх тийм боломжийг өгч байгаагаараа цоо шинэ юм.

"Эмэгтэй хүн" өгүүллэг бол жирэмсэн болох, үр үндсээ хэвлийдээ тээж буй, аминаас амь төрүүлэх гайхамшигт хувь заяаг бурханаас хүртсэн эмэгтэй хүн л ойлгож, мэдэрч, бичиж чадах тийм гоё өгүүллэг. Бараг л шалихгүй шалтгаанаар үрээ хөндүүлсэн бүсгүйн сэтгэлийн зовиур шаналлыг хамтдаа хуваалцан, халуун нулимсы нь гараараа арчиж өгмөөр санагдсан, дотогшоо огшоосон гайхалтай дүрслэлүүд. Эх болох тавилан хүлээж буй бүх бүсгүйчүүд, эцэг болох үүрэг хүлээх бүх эрчүүд уншаасай, ийм л эмзэгхэн, нандин юм шүү дээ гэж хэлмээр санагдаж байна.

Оюун санааны хувьд биеэ даасан, хүчирхэг уран бүтээлч хүний дотоод ертөнцийг, ялангуяа эмэгтэй хүний сэтгэлзүйг нээж гаргахын тулд ганц хоёр ном хангалтгүй гэж үзэж буй тул түүний яруу найргийн бүтээлүүдтэй танилцан даацтай нийтлэл бичих нь зүйтэй гэж бодсон учраас энэ удаа үүгээр өндөрлөе!

Tagtaa Publishing: https://tagtaa.mn/tumur/11

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу