Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Цахим өртөөчдийн номын буян” буланд зочноор “Хойд Америкийн Цахим Өртөө”  ТББ-ын ерөнхийлөгч Н.Баасандорж уригдлаа. Тэрээр АНУ-ын Миззури мужид гэр бүлийн хамт амьдардаг. Монголд байх хугацаанд “Мобиком” компанид ажиллаж байсан өдгөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу, мэдээлэл технологийн IBM компанид долоо дахь жилдээ ажиллаж байна.  Мэдээлэл, технологийн салбарын хүний номын санд түр саатан, цөөн хором ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Таны номын сантай танилцах, номын тухай ярилцах бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хамгийн сүүлд уншиж дуусгасан номынхоо тухайд бидэнтэй хуваалцаач? Ямар сэтгэгдэл, бодрол тээж үлдэв гэдэг асуултаар яриагаа эхэлье.

-Өдрийн мэнд, номын тухай ярилцана гэдэг үргэлж гэгээлэг, сайн сайхан яриа өрнөх нь ойлгомжтой, намайг энэ ярилцлагадаа урьсан та бүхэнд бас баярлалаа. Түүхэн чиглэлээр бичигдсэн ном зохиолуудыг ер нь унших дуртай. Хамгийн сүүлд Ц.Оюунгэрэлийн бичсэн “Жаран цагаан хонь” номыг уншиж дуусгалаа. “Ногоон нүдэн лам” номын үргэлжлэл гэдгийг хүмүүс мэдэх байх. Хэлмэгдүүлэлтийн үеийн амьдарлаас сэдэвлэн бичсэн уг номыг уншаад хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр монгол түмнийг дахин бүү дайраасай гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Монголчуудын нэгэн үеийн түүх, зөв байсан уу буруу байсан уу гэж шүүхээс илүү өнгөрсөн үеэсээ суралцаж, дүгнэж, алдаа мадагтай зүйлийг ирээдүйд дахин давтахгүй байх тал дээр бид сургамж  авч үлдэх ёстой юм болов уу гэж бодогдсон. Мэдээж зохиолчийн үзэл санаа, уран сайхан орж байж, зохиол уншууртай сонирхолтой болох нь тодорхой. Бидний багад үзэж судалдаг байсан ном зохиол, түүхийн сурах бичиг зэргийг бодвол архивын материал, бодит хүмүүсийн ам яриа, бусад судалгаан дээр тулгуурлан бичсэн учраас бодит үнэн рүү илүү ойртсон юм болов уу. Шинэ залуу үеийнхэнд өнгөрсөн түүхээ эргэн харах, ирсэн замаа үнэн бодитоор тольдон харах сайн бүтээл болжээ гэж бодогдсон.

Ном унших цаг зав хэрхэн гаргаж байна. Завтай цагаа ашиглах уу эсвэл зориуд цаг гарган уншдаг уу?  Аль хэл дээр голлон уншиж байна вэ? Ширээний ном гэвэл та ямар ном нэрлэх вэ?

Сүүлийн үед гэрийн хорионд ороод ном унших цаг зав харьцангуй их байх шиг байна. Ер нь бол амралтын өдрийг ашиглан уншдаг. Одоо цагт номыг олон янзаар уншдаг болжээ. Хуудас эргүүлж уншина, цахимаар уншина бас сонсоно. Хол замд машин бариад явж байхад ном сонсоод явах сайхан байдаг. Хувь хүний номын сан ч ялгаа байхгүй цахим хэлбэрт шилжиж байна. Хаа ч явсан дуртай номоо сонгоод уншиж болох таблет өргөн дэлгэр хэрэглэж байна. Гэхдээ цаасан хуудас эргүүлж унших бол мэдээж хамгийн сайхан. Цахим хэлбэрээр уншсан номуудаас маш их таалагдсан, үр өгөөжтэй санагдсан номыг заавал оргинал хэлбэрээр худалдан авч номын сандаа авч үлдэхийг хичээдэг. Хэлний хувьд англи, монгол хэл дээр уншдаг, мэргэжлийн голдуу ном англи хэл дээр уншина. Уншиж байгаа номын дийлэнх хувийг мэргэжлийн ном эзэлнэ дээ. Тухайлбал миний Киндли дотор 300 гаруй ном байгаагийн 250 орчим нь дандаа комьпютер технологийн чиглэлийн ном байна. Мэдээлэл технологийн салбар бол алхам тутамд шинэчлэгдэж байдаг онцлогтой. Шинэчэгдэж байгаа мэдээллийг цаг тухайд нь авч, өөрийгөө хөгжүүлж байхгүй бол амархан хоцордог онцлогтой учраас  мэргэжлийн ном унших судлах шаардлага зайлшгүй байдаг. Яг одоо миний ширээн дээр ажилтай холбоотой “Powershell in depth ” гээд програмчилалын ном байна. Ширээний ном гэвэл энэ номоо нэрлэнэ.

Багадаа уншиж өссөн ном  өнөө цагт уншигдаж байгаа номын ялгааг та юу гэж тайлбарлах вэ?

Бидний багад нэг намын үзэл суртал давамгайлдаг, зохиол бүтээл бүр өндөр шүүлтүүрээр төрөн гардаг, зохиолчийн бус зориудаар засвар хийгдсэн ном зохиол их уншдаг байсан хэдий ч сайн тал их байсан. Хэл уран зохиолын хичээл их сайн байсан гэж би хэлнэ. Дэлхийн сонгодог зохиолуудыг танилцуулна. Манай өөрийн сор болсон зохиолчдын бүтээлүүдийг уншуулна. Хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, сайн мууг ялган таниулах, зөв тал руу нь чиглүүлэх, нийгэмдээ хэрэгтэй, эерэг зөв хүн бэлдэх  тал дээр их анхаарч, нөлөө үзүүлэх ном зохиолыг бодлогоор уншуулдаг байж. Одоо бол номын сонголт их өргөн болж, хувь хүн өөрийн сонирхол чиглэлийн дагуу хүссэн номоо сонгоод уншиж байна. Түүнийгээ дагаад сайн ч ном их байна саар ч ном цөөнгүй байна.

Та унших номоо хэрхэн сонгодог вэ? Дараагийн уншихаар төлөвлөж байгаа ямар ном байна?

Амазоны хэрэглэгчийн сэтгэгдэл маш их мэдээлэл өгдөг. Ном гэлтгүй бараа бүтээгдэхүүн худалдан авахад ч хэрэглэгчийн сэтгэгдэл чухал байр суурь эзэлдэг болж. Хоосон сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн, уншигчийн сэтгэгдэл үнэн бодит мэдээллийг өгдөг учраас цаг зав гарган хардаг. За мөн тухайн улиралд уншигдсан шилдэг 10 ном, бэст селлер болж байгаа номуудаас харж байгаад өөрийн сонирхолд нийцэх ном сонгоно. Сүүлийн үед манай шинэ үеийн боловсролтой залуучууд сайхан нэвтрүүлгүүд хийж цацаж байна. “Unlock” гэж дан номын тухай ярьдаг, дэлхийд бэст селлер болж байгаа номнуудыг уншаад тайлбарладаг, дүгнэж ярьдаг подкаст байна. Дугаар болгоныг алгасахгүй сонсохыг хичээдэг. Энэ цаг үед хит болж байгаа номуудыг танилцуулж, үнэлэлт дүгнэлт өгдөг учраас сүүлийн үед унших номоо их амархан сонгодог болсон. “Unlock” подкастын тусламжтайгаар нийт 50 гаруй ном цуглуулж уншсан байна. Ойрын ирээдүйд “Deep work” гэж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж хэрхэн үр дүнтэй ажиллах тухай хувь хүний хөгжил чиглэлийн номуудыг уншихаар төлөвлөж байна. “Ego is the Enemy”, “Emotional Intelligence”.. зэрэг номуудыг татаж аваад уншихад бэлэн болсон байгаа.

Ном уншихийн ач тусыг та өөрийнхөө үгээр хэрхэн тайлбарлах бол?

Хүүхэд байхаасаа номыг хоол идэж байгаа юм шиг уншиж өссөн хүн дээ. Номондоо хэт автаад шөнө оройгүй уншаад , хоёр гурав хоног унтахгүй дан ном уншиж  ээж аавдаа загнуулна. Унт гээд өрөөний гэрэл унтраачихаар орон доогуураа ширээний гэрэл асааж, дээгүүрээ бүтээлэг унжуулаад гэрлээ нууж хүртэл уншдаг байсан. Бидний үеийнхэн тэгэж л хорвоотой танилцаж, сайн мууг ялгаж салган, уярч, ухаарч, номын баатартайгаа хамт адал явдалт ертөнцөөр аялж, байлдаж, тэмцэж, хайрлаж дурлан, гомдож туних, өршөөж уучлах гээд үндсэндээ хүн байх ухаанд суралцаж байж дээ гэж боддог. Америкийн боловсролын системийг хараад байхад ч  тэр бага дунд ангид унших хичээл маш чухал байр суурь эзэлдэг. Ном зохиолоор дамжуулан нийгэмд хэрэгтэй хүн бэлдэх, суурь хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхдийн оюун санааг тэлэх, үгийн баялаг хэлний боловсролыг дээшлүүлэх тал дээр онцгой их анхаардаг шиг санагдсан. Ахлах ангид шинжлэх ухаан нарийн мэргэжлийн хичээлүүд түлхүү орж эхэлдэг юм байна гэдгийг хүүгийнхээ энд сурч байсан туршлагаас олж харсан. Мэдээж ном бол мэдлэг оюунаа тэлэх олон талын ач холбогдолтой ч юун түрүүнд хүн байх ухаанд сургадаг, амьдралын олон өнгийг нээн харуулдаг, биеэр туулаагүй ч номоор дамжуулан олон туршлага, мэргэн ухаанд суралцаж болдог гээд номын ач тусыг тоочиж барахгүй биз дээ.

Таньд маш их баярлалаа, ажилд нь амжилт хүсье.

Т. Цэвэлмаа

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу