Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цахим өртөөчдийн номын буян буланд энэ удаагийн зочноор доктор Ядамсүрэнгийн Борчулуун уригдлаа.

- Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Бид хоёр бичиг цаас эрээчих, мэдээлэл солилцох хоббиноос гадна танил, ахан дүүс болж, гэр орноороо орж гарч, олон нийтийн ажилд хамтдаа нухлуулж явсан хэдий ч өөрийн чинь номын ертөнцөөр ер шагайж байсангүй. Тэгэхлээр доктор Я. Борчулууны номын тухай бодол, ном унших арга, дадлын талаар Хойт Америкийн Цахим өртөөний МАНАЙХАН сайтын өмнөөс цөөн хором хөөрөлдвөл Таны зав чөлөө ямар байгаа бол?

- Сайхан зусч байнаа. Ийм сонирхолтой сэдвээр ярилцахаар урьсанд баярлалаа. Зав чөлөө гаргаад чадах ядахаараа хариулъя. Энэ ярилцлагаа өөр олон хүмүүстэй үргэлжлүүлэн хийх таны ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Та анх ном, бичигтэй танилцсан түүхээ хуучлахгүй юу.

- Сонин асуулт байна. Өдий хүртэл зөндөө олон ном уншсан ч гэлээ, өөрөөсөө энэ асуултыг асууж байгаагүй бололтой. Бичиг үсэгт тайлсан хүн маань миний ээж. Намайг дөнгөж нэг нас хүрсний дараахан цагаан толгойн 35 үсгийг нэг нэгээр нь хөзөр шиг хэмжээний картон цаасан дээр томоор бичээд цээжлүүлсэн гэдэг. Т үсгийг цээжлэхгүй болохоор нь "тэмээний Т" гэсэн чинь тэр хэвээр нь удаан хугацаанд тогтоосон гэсэн. Бие даан уншиж сурснаасаа хойш өөрийн гэж эзэмшсэн анхны ном маань “Хамгийн хамгийн” гэдэг нэртэй билүү шувуудын тухай хөх эрээн хавтастай ном байсныг нэлээд удаан бодож байж саналаа. Нэгэн орой аав ээжтэйгээ Сүхбаатарын талбайгаар алхаад Төв шуудангийн дор байрлах мухлагаас тэр номыг авахуулаад бөөн баяр болж байсан. Тухайн үед ихэнх ном хар цагаанаар хэвлэгдсэн, чанар үзэмжийн хувьд өнөөгийн хүүхдүүдийн санаанд багтахааргүй түвшинд байсан даа. Тэр ном өнгө будаг алагласан олон гайхамшигтай шувуудын зураг тайлбартай байснаас халбаган хошуутай шувуу, хамгийн өндөр хүзүүтэй шувуу гэх мэтээр уншаад гайхаж байсан санаанд үлджээ. Номны хавтас, гадаад үзэмжээс илүү доторх агуулга нь чухал гэдгийг мэдрүүлсэн өөр нэг дурсамж бий. Бага ангийн сурагч байхад хүүхэд бүр сургуульдаа нэг ном худалдаж авчрах даалгавар авлаа. “Боловсрол” номын дэлгүүр болон Сүхбаатарын талбайн баруун хойд буланд байдаг өөртөө үйлчилдэг номын дэлгүүрээр их ордог байж. Ааваараа ном авахуулах гээд талбайн баруун талын дэлгүүрт орж нэлээд олон ном барьж тавьж үзсээр 10 төгрөгний үнэтэй “Аав, ээж, би” гэдэг нэртэй, гадаад хэлнээс орчуулсан, үзэмжтэй хавтастай, далбагар том ном авахуулах гэлээ. Гэтэл аав маань орчуулга бус, монголын авьяаслаг яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн номыг авсан нь дээр гэж ятгасан тул өнгө үзэмжийн хувьд миний сонголтыг гүйцэхгүй ном авахууллаа гээд жаахан урам муутай гарч байсан бас санаанд үлджээ. Намайг урвайсныг мэдээд тэр үү, аав гэртээ ирээд энэ шүлэг гоё гээд дотроос нь чангаар уншиж өгч байсан. Аав маань ер нь яруу найрагт их дуртай тул тэр сонголт миний цаашдын сонирхолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Яруу тунгалаг монгол хэлээр бичсэн шүлэг найраглалын ном манай гэрийн номын санд одоо ч нэлээд олон бий. Аав маань хамгийн сүүлд надад О.Дашбалбарын “Оюун санааны яруу найраг” номыг авч явуулсныг би үе үе унших дуртай.

- Та яг одоо ямар ( мэргэжлийн, уран зохиолын) ном уншиж байгаа вэ?

- Америкт сүүлийн хэдэн сарын турш өрнөж буй “Харуудын амьдрал ч үнэтэй” хөдөлгөөн нийгмийн олон давхарга хүрээг цочроож байна. Их дээд сургуулиуд хүний нөөцийн бодлого, оюутан сонгон шалгаруулалт, сургалтын хөтөлбөртөө энэ асуудлыг хэрхэн шийдэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах, тэгш байдал үүсгэхийн тулд юуг яаж өөрчлөх вэ гэдэг яриа их өрнөж байгаа. Энэ ажлын хүрээнд их сургуулиуд харуудын амьдралд тулгардаг бэрхшээл, хууль, цагдаагийн байгууллагуудын зүгээс гаргадаг системтэй ялгаварлан гадуурхалт, шударга бус алагчилсан бодлогын талаар ном уншин хэлэлцэх ажлууд зохиогдож байна. Норфуэстэрний их сургууль “One Read” гэдэг хөтөлбөрөөрөө Брайн Стивенсоны “Just Mercy” гэдэг онц сонирхолтой номыг сонгосон. Энэ номоос зохиомжлон хийсэн киног нь түрүүлээд үзчихсэн байж таарлаа. Гэхдээ номыг нь удахгүй уншина. Аудио хэлбэрээр сонсох гээд оролдсон чинь нэг л сайн урагшлахгүй байгаа. Их сургуулийнхан бүгдээрээ унших нэгдсэн хөтөлбөрийн зэрэгцээ манай дата аналитикс багийнхан сар бүр нэг ном сонгон уншиж, номын клубийн уулзалтаараа ярилцаж байгаа. Энэ сарын сонголт болох Ибрам Кендигийн “Stamped from the Beginning: The Definitive History of Racist Ideas in America” гэдэг номыг дөнгөж саяхан уншиж дуусгалаа. Харууд хэдэн үеэрээ ялгаварлан гадуурхагдсан түүхийн энэ хүнд сэдэвт сэлгээ болгож, Элон Маскийн ээжийн 70 настайдаа бичсэн “A woman makes a plan: Advice for a lifetime of adventure, beauty, and success” номыг хажуугаар нь бас харж байгаа юм байна.

- Зарим хүмүүс мэргэжлийн (уран зохиолын бус) номыг 7-20 минутад унших аргад суралцсан гэдэг юм билээ. Та номыг хэр хурдан уншдаг вэ?

- Ямар зорилгоор уншихаас хурд хамаардаг. Судалгааны ажил хийхэд маш олон ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд унших шаардлага тулгарна. Тийм үед олсон материал бүрээ үг үсэггүй тухтай унших боломж байхгүй. Гарчиг, абстракт, өмнөтгөлөөс гол санааг аваад шинэ санаа оноо нь юу байна гэдгийг хэдхэн минутанд олж тэмдэглээд орхидог. Онц шаардлагатай тохиолдолд тэмдэглэсэн хэсэгтээ хэд хоногийн дараа эргэн хүрч, нухацтай уншиж тэмдэглэх шаардлага тулгарах нь ч бий. Аливаа номын агуулгыг ойлгохоос гадна бичлэгийн арга барил, логик гаргалгаа, дурдсан эх сурвалж, баримт нотолгоо нь хэр байна гэсэн шалгуур тавихаар унших хурд удааширдаг.

- Би л гэхэд унших номоо шинжихдээ номын гарчиг, гол агуулга, тайлбар, зураг, "ус" гэхчлэн анхдагч үнэлгээг өөртөө өгөөд унших эсэхээ сонгодог. Та номоо хэрхэн сонгож уншдаг вэ?

- Заавал унших ёстой ном бол сонголт байхгүй. Хэр сонирхолтой вэ гэдгээс нь хамаараад заримыг нь шимтэн уншина. Зарим тохиолдолд сэтгэлд нийцэхгүй ном таарвал гол санааг нь ойлгох хэсгүүдийг сонгож хараад шударч унших арга хэрэглэнэ. Ер нь аливаа номыг гарчигнаас нь хараад хэдэн хуудас эргүүлээд хамгийн сонирхол татсан хэсгээ уншаад үзэхэд бичлэгийн чанар, зохиогчийн мэдлэг, сэтгэлгээний цар хүрээ мэдрэгддэг. Зарим номыг уншаад дуусгачихъя гэсэн ч яагаад ч болохгүй тохиолдол гардаг. Уншиж эхлээд дуусгаж чадахгүй орхисон ном надад нэлээд олон бий. Агуулга нь хоосон, шинэ санаагаар ядмаг, бичлэг нь алдаатай юмуу утга найруулгын хувьд ус ихтэй бол тухайн номыг орхихоос өөр аргагүй.

Цар тахлаас өмнө хэвийн амьдралын үед номын дэлгүүрүүд болон номын сангаар ойр ойрхон ордог байлаа. Шинэ номын хэсгээр эргэлдэж, сонирхолтой уншчихмаараас нь сонголтдоо оруулдаг. Сонин хэвлэлээр гарч буй материал, сошиал медиагаас ч бас хаана, хэн, ямар бүтээл хэвлүүлснийг харна. Амазон сайтаас ном авахад дор нь санал болгодог номнуудаас хааяа сонгодог. Худалдаж авах эсэхээ шийдэх тохиолдолд уншигчдын бичсэн санал сэтгэгдлийг харвал бас тустай.

- Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн номоо нэрлэнэ үү. Яагаад?

- Нэлээд олон ном бий. Хамгийн их нөлөө үзүүлсэн гэвэл “First Things First” гэдэг англи хэлний цуврал сурах бичиг юмуу даа. Энэ номыг Орост оюутан байх үедээ эх хувиар нь бус, фото зургаар авч хувилсан хэлбэрээр дагалдах хэдэн кассеттай нь олж авсан маань миний ажил, амьдралд санаанд оромгүй өргөн дардан зам нээж өгсөн. Тухайн үед англи хэл сурах бичиг, толь бичиг ч олддоггүй байсан гэвэл одоогийн нөхцөлд үнэмшмээргүй санагдах байх.

- Таны ажлын ширээн дээр байнга байдаг ном? Энэ номыг яагаад гарын ойрд байлгадаг вэ? Лавлагаа, магадлалаа бататгахаар уу, эсвэл харахад л эерэг цэнэг авч байдаг уу? Эсвэл өөр?

- Нааш цааш нь эргүүлэн тойруулан дахин дахин уншдаг хэдэн монгол ном бий. Заримаас нь дурдвал Г.Мэнд-Ооёогийн “Он цагийн хүрд”, Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал”, “Үзэхийн хязгаар”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”, О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ”, Б.Лхагвасүрэнгийн “Хүнд манан”, “Морин зэрэглээ”, Г.Аюурзаны “Бясалгал”. Өдөржин харь хэлээр бичиг цаасны ажилд дарагдан суухдаа болон ажлын дараа эдгээр номнуудаас унших нь тархинд амралт, тайтгарал өгч, огт өөр ертөнц рүү хөтөлдөг гэх үү дээ.

- Та хэдэн хэл дээр ном уншдаг вэ? Аль хэл дээр түлхүү уншдаг вэ?

- Монгол, орос, англи хэл дээр уншдаг. Сүүлийн жилүүдэд англи хэл дээр түлхүү уншиж байна даа.

- Ном унших зав чөлөө хэрхэн гаргадаг вэ?

- Судалгаа хийх, ажлынхаа шаардлагаар унших шаардлагатай номуудыг бол албаар цаг гарган төлөвлөн сууж унших, тэмдэглэх шаардлага гардаг. Харин цагт баригдсан бичиг цаасны ажилтай тэр бүр нягт холбоогүй тохиолдолд ном унших цаг гэж тусгайлан гаргадаггүй. Тааваараа унших нь амралт болдог. Номын тавиурууд, ширээ болон эргэн тойрондоо тухайн үед сонирхол татсан номуудаа давхарлаж өрөөд тавьдаг тул босон суун, ажлаасаа түр завсарлага авах болон амрах үедээ уншдаг. Ганц номыг дуусгах гэж бус хэд хэдэн номыг эргүүлэн тойруулан зэрэг унших нь олонтаа. Адал явдалтай, үйл явдлын өрнөлтэй уран зохиолын, онц сонирхолтой номыг л дангаар нь уншиж дуусгадаг. Сүүлийн үед гэрийн ажил хийхдээ болон машин бариад явах үедээ зарим номыг аудио хэлбэрээр сонсож байна.

- Сүүлд уншиж дуусгасан сонирхол татсан ном болон дараагийн уншихаар төлөвлөж байгаа номоо нэрлэнэ үү.

- Хамгийн сүүлд Гүүглийн хайлтын систем ялгаварлан гадуурхах, мэдээллийн тэгш бус байдалд ямар үр дагавар үзүүлдэг тухай “Algorithms of Oppression: How Search Engines Reinforce Racism” номыг уншсан. Орчин үед дэлхий даяар сая сая хүний мэдээллээ олж авдаг Гүүгл систем ямар нууц алгоритмаар хэний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, хувь хүний мэдээлэл, хайлт хийсэн үг хэллэгийг хүртэл цуглуулан мөнгө олох механизм болгож буй тухай маш сонирхолтой ном. Чимаманда Нгози Адичигийн “Americanah” гэдэг номыг уншаад эхэлснээ дуусгана. Эдгээр нь дээр дурдсан номын клуб, Америкийн нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбоотой сонголтууд. Гүүгл хайлтын системийн тухай ном дараа сард клубээр багш, оюутнуудын дунд өрнөх хэлэлцүүлгийн гол сэдэв болно.

- Ер нь ном, ном унших гэж юу вэ? Өөрийнхөө үгээр тодорхойлон хэлнэ үү.

- Ном гэдэг түүх, соёлын өв, гүүр, оюуны бүтээл. Ном унших гэдэг тархиа шинэ мэдээллээр цэнэглэх, сэтгэл санаагаа тайвшруулах, оюун санаагаараа огт таньж мэдэхгүй орчноор аялах таашаал гэмээр юмуу даа.

Судлаач хүний анхдагч эх сурвалж, найдвартай түнш болох ном бүтээлтэй ажилладаг арга, туршлагаасаа хуваалцсан танд уншигчдынхаа өмнөөс их баярлалаа. Таны судалгаа, шинжилгээний бүтээлд их амжилт хүсэн ерөөе.

Таны ярилцлагаас улбаалаад манай цахим өртөөнийхөн ч гэсэн сардаа (!) нэг ном нийлж уншаад хамтарч хэлэлцдэг, санал, мэдээлэл солилцдог ажил удахгүй эхлэнэ гэж найдаж байна.

Профессор Пүрэвийн Увш