Ном зохиол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Тэртээ Жорж Орвелийн “Animal Farm” номыг уншаад ихэд үнэлж түүнийг “дуртай” зохиолчийн жагсаалтад оруулж байжээ. Харин өнгөрсөн жил Орвелийн сонгодог (masterpiece) бүтээлүүдийн нэг гэгдэх “1984” номыг анх уншаад энэ бодол маань өөрчлөгдөв. Ном тавиураас хогийн саванд шилжив.

Аливаа ном зохиолыг олон өнцгөөс авч хэлэлцэж, тайлбарлаж болно. Хүн бүхэнд өөрийн гэсэн субьектив бодол бий. Үзэл санаа өөр хоорондоо оньсон тоглоом шиг тохирох ховор. Орвелийн “1984” номыг харин энэ удаа эмэгтэй уншигчийн зүгээс үнэлэхийг хичээсэн билээ. Яагаад болохгүй гэж. Судалгаагаар зохиолын ном уншигчдын 80 гаруй хувь эмэгтэй хүн байдаг байна.

Жорж Орвелийн нэрийг Америкт дунд сургуулиас таниулж эхэлдэг. Учир нь тэр улс төрийн тоталитар тогтолцооны хар барааныг хүүхэд багачуудын оюун ухаанд тодоор сийлж чаддаг зохиолчдын нэгэн аж. “1984” номонд Орвелийн үг хурц, төсөөлөл уудам боловч яах аргагүй эмэгтэй баатруудтайгаа нэлээд дайсагнадаг, эмэгтэй хүнд өстэй мисоженист хүн байж гэсэн бодол төрөв. Баатруудын гадаад үзэмжээс авхуулаад дотоод ертөнц, бодол сэтгэлгээ гээд шүүгээгүй өнцөг гэж үгүй. “Бэлхүүснээсээ доош хувьсгалч”, “нүүрний үрчлээд нь тоос хуримтлагдсан”, “би эмэгтэй хүнийг үзэн яддаг тэр тусмаа залуу, царайлгийг”, “10 орчим насны эмэгтэй хүүхэд гэхдээ 8-9 жилийн дотор өнөөх л нэг байдаг бүдүүн авгай болно” гэх мэт. Түүгээр зогсохгүй “загасан амт”, “мэлхий царайт” гээд Орвелийн зохиолын баатрууд бүгдээрээ ямар нэгэн амьтантай төстэй дүрслэлтэй байдаг бололтой. Модель соён гэгээрүүлэгч маань бүүр гаарч арьс өнгөний үзэл гаргаж “Монгол царай” гэх дурдатгал хэд хэдэн газар хийжээ. Энэ тухай цааш үргэлжлүүлэн яриад ч яах вэ...

Аливаа зохиол бол цаг үеийнхээ бүтээл. Хуучин цагийн бүтээлийг шинэ цагийн нүдээр шүүмжлэх оновчгүй гэх яриа бий. Тэр ортой. Гэхдээ хуучин цагийн бүтээл бүхэн Орвелийн “1984” шиг арьс өнгө, хүйсийн ялгаварлан гадуурхлаар дүүрчихсэн байдаг уу гэвэл бас үгүй юм. Жинхэнэ сонгодог зохиол цагийн шуурганд бөхийдөггүй. Тийм бүтээлийн цаана дотоод ертөнцийн төлөвшилттэй, хүмүүнлэг нэгэн байдаг байх гэж санадаг. Хүмүүний түмэн авир, эрээн барааныг хүлцэж, бие хүнийхээ шүүлгээс хэлтрүүлж, үнэний олон өнгийг бодитоор зураглахад бурхан мэт энэрэнгүй сэтгэл шаарддаг байх.

Дистопийн зохиолд хар бараан зүйл байлгүй яах вэ, уншигчийг цочроож байж сэдэв тархинд үлдэнэ гэх яриа бас бий. “Requiem for a Dream”, “The Kite Runner” мөн өнөөх алдарт “Schindler’s List”-д сэтгэл сэртхийлгэсэн хэсэг олон байдгийг уншигчид санах байх. Бодитоор авч үзэхэд тэдгээр сэтгэл дэнслүүлсэн хэсгүүд үнэхээр амьдралд болоод өнгөрсөн явдал уу, нэг бол уншигчийг сэтгэлийн хөдөлгөөнөөр дэгээдэх хямд мэх үү гэдгийг бодох л зүйл. “1984” номын хувьд огт байгаагүй хүмүүс, болоогүй явдлын тухай тун тааламжгүй дүрсэлснийг харахад ноён Орвел философийн мухардалд орсон сэтгэлийн шархтай нэгэн байв уу гэмээр.

Орчин үеийн уншигчид дэлхийн олон хэл дээр хүн төрөлхтний оюуны охь болсон олон зуун бүтээлүүдийг унших бололцоо байна. Харин тэр бүхнийг унших цаг бидэнд хязгаарлагдмал. Тиймдээ ч авахыг нь аваад хаяхыг нь хая хэмээх сургаалыг санаж Жорж Орвелийн “1984” номыг хаяхаар шийдсэн билээ.

 

A.Цэцэг
San-Francisco, USA

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу