Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

…Тэр өглөө миний дотор муу байлаа. Холоос ирсэн зочидтой, урлагийн тэр том мастеруудтай нүүр учирсандаа сэтгэл хөөрч орой нь наргин ялимгүй хэтрүүлэн балгасныхаа шанг хүртэв.
Толгой задарчих шахан лугшиж өвдөнө. Гэсэн ч шүд зуун ажлаа хийсээр, хүйтэн хөлс чийхарсаар тамир барна.

Сиймхий гармагц хүнгүй газар хайсаар нэгэн эзгүй том танхим олж хананы дагуу эгнүүлэн тавьсан сандал дээр тэгнэн хэсэг хэвтээд зүүрмэглэчихэж…

Гэнэт танхимын хаа нэгтэйгээс Шубертийн хөгжим эгшиглэж эхлэх нь тэр.

Толгойн өвчин ч гайгүй намдаж бие тавирчээ. Нүдээ алгуур нээн эргэн харвал цэлгэр танхимын эсрэг буланд Морин хуурын наадамд оролцохоор ирсэн Георг Мищлер хэмээх герман эр хуурдаж Төмрөө түүнийг нь маш анхааралтай сонсонгоо холдож ойртон нааш цааш холхин тайван алхана. Төмрөөгийн бодлогошоронгуй төрх, алхааны хэмнэл хуурын эгшигтэй сүлэлдэн хөгжмийн сүнсийг миний сэтгэлд амилуулна.

Би ангаа үргээн цочоочихгүй гэтэн мярааж буй анчин аятай гараа сэм явуулан зураглуураа гартаа хийж аваад шагайлгүй чиглүүлэн хэдэн зураг дарж амжив. “Leica” зураглуурын оньсны дуу бүдэгхэн шар хийх нь миний чихэнд л үл мэдэгхэн сонсогдох төдий. Тэр нэгэн ид шидийн ертөнцөд очсон мэт агшныг гэрчлэн зургууд минь миний сэтгэгдлийг шингээн ийн үлджээ. Харин харамсалтай нь Георг Мищлерийн тоглосон Шубертийн хөгжмийн бичлэг над үлдсэнгүй тул Жон Вильямсын зохиол “Шиндлерийн бүртгэл” киноны хөгжмийг Өвөрмонголын Морин Хуурын “Хан хуур“ чуулгын тоглосон бичлэгээр орлуулан “сэтгэлээ хуурсан”-даа хүлцэл өчсү.

АНУ-д анх удаагаа Морин Хуурын Наадмыг чадварлаг зохион байгуулж чадсан Энн Арбор хотын Монголчууд, Мичиганы Их Сургуулийн монгол оюутнууд, MCO (Mongolian Cultural Organization), “Хуурчийнхан” Морин Хуурын сургалтын төвийнхөндөө талархаж явдаг шүү.