Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Украйн размер

Нэгэн үе Монголын сагсанбөмбөгийн шилдэг тоглогчдын нэг явсан, “Алтайн бүргэдүүд” багийн ахлагч, спортын мастер П.Батзаяа АНУ-ын Денвер хотноо цөөнгүй жил амьдарсан билээ. Тэрбээр Монгол руу найзууд руугаа “ориг” пүүз явуулдаг “ажилтай” байсан бөгөөд ээлжит пүүзээ авахаар нэгэн найзтайгаа спортын барааны дэлгүүрт оржээ. Хамт явсан нөхөр нь “За тэгээд хэдэн размерыг авах вэ? Эндхийн размер манайхаас өөр шүү” гэхэд Заяа пүүзний хэлэн дээр байдаг “US”, “EUR”, “UK” буюу United States, Europe, United Kingdom гэсэн хэмжээснүүдийг харснаа “UK” дээр нүд тогтоогоод “Хөөе, энэ Украйн размер нь 11 гэж байна.Энэ л бараг болох байх” гэж хээвнэг өгүүлжээ.

Унгарын homeless

Америкийн томоохон хотуудын төвд homeless буюу орон гэргүй хүмүүс бишгүй дээ байдаг. Тэд гуйлга гуйх нь элбэг бөгөөд нэгэн удаа Батзаяа Денверийн даунтаунд явж байтал нэгэн homeless “I’m hungry” (Би өлсөж байна) гэсэн бичиг бариад сууж байхтай тааралджээ. Түүний барьсан бичгийг Заяа харснаа “HUNGARY”- тай андуурсан бололтой “Унгарын homeless бас байдаг юм байна даа” хэмээн гайхсан гэнэ.

Хужаагийн интернэт “Yahoo!” байхгүй

Олон олимпийн наадамд эмчээр ажиллаж байсан, самбо бөхийн спортын мастер, гавьяат эмч “Жерри” хэмээх П.Бат-Очир Лос –Анжелест нэгэн хятад ресторанд цөөнгүй хугацаанд ажиллажээ. Өмнө нь амьдарч байсан Сан Франциско хотоос найз нь утсаар ярьж “Баагий чи утсаар ярьдаггүй юм гэхэд хааяа нэг и-мэйл бичиж бай л даа. Танай байранд чинь компьютер, интернэт бий биз дээ?” гэхэд “Бий нь ч бий. Энэ өмхий хужаагийн интернэт чинь yahoo байдаггүй юм байна лээ” гэж мэлзжээ.

Нэг, тав, долоо...

Сан Франциско хотын наадам болж, олс таталтын тэмцээн болжээ. Гэтэл нэгэн багийн хамгийн эхэнд зогссон нөхөр “Нэг, тав, долоо...нэг, тав, долоо..” гээд байх юм гэнэ. Тэмцээнийг шүүж байсан “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч, боксын зэрэгтэй тамирчин Д.Цэрэндорж нэг багийнх нь нөхрөөс “Танай энэ хүн олсоо татахдаа нэг, тав, долоо гээд байх юм. Уг нь нэг, хоёрын гурав аа гэдэг биз дээ гэж” гайхан асуухад “Манай энэ “Р” үсэг хэлж чаддаггүй, бөөрөнхий хэлтэй юм” гэжээ. Үнэхээр ч хоёр, гурав, дөрөв, зургаа гэхэд өнөөх “Р” ороод байсан тул арга ч үгүй юм байх аа.

Same time

Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд “Том” Сүхбат агсан Денвер хотноо цөөнгүй жил амьдарсан . Монголоос Америкт ирээд удаагүй байхдаа гарьд маань нэгэн газар ажилд орохоор дадлага хийсэн юм байж. Тэгээд орой ажил тарах үеэр эзнээсээ “Маргааш хэдэн цагт ирэх вэ?” гээд л асууж. Эзэн нь өнөөдөр ирсэн цагтаа л ир хэмээн “Same time” гэж гэнэ. Манай хүн дотроо “один, два, три , четырый, пять, шесть... СЕМЬ” гэж тоолсноо “Долоон цагт гэнэ үү, яасан ч эрт юм” гэж бухимджээ.

Гоё пүүзэнд размер хамаагүй

1970-аад онд хөлбөмбөгийн зориулалтын товруутай пүүз ховор байсан үе. Хөлбөмбөгийн спортын мастер “сахал” Л.Доржсүрэн агсанаас нэг танил нь тэмцээний үеэр пүүзийг нь гуйжээ. Мань хүн ч Зөвлөлтөөс захиж авчруулсан зориулалтын пүүзээ жаахан харамлаж “Чи хэдэн размер өмсдөг юм бэ?” гэж асууж. Тэдэн размер гээд хэлэхээр нь зөрүүлээд “Минийх тэдэн размер , чамд таарахгүй юм байна” гээд аргалах санаатай байж. Гэтэл нөгөө нөхөр нь Доокын санааг хэдийнээ мэдээд “Гоё пүүз бол 37-43 размер өмсөнө ш дээ” гээд гарцаагүй байдалд оруулаад пүүзийг нь авч дөнгөсөн гэнэ.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин