Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт мэргэжлийн ажил хийгээд даруй арав гаруй жил болжээ. Нэгээс бусад жилүүдийг Цахиурын хөндийн том жижиг техникийн компаниудад өнгөрөөсөн байх агаад гарааны бизнесийг үрлүүлэн суулгахаас эхлээд, мандан бадралтаар дамжин, мөхөж үгүй болохыг хүртэл үзэх хэмжээний туршлага хуримтлуулсандаа баярладаг.

Мэдээж бусдын жишгээр эхний ганц хоёр жил, хэл усаа сайжруулж, сургууль соёлын мөр хайнгаа "survival job" буюу манайхны хэлдгээр хар ажил хийснээ нуух юун. Хэлний төвшингөөр ямар ажил олдох шударга нийгмийн жишгээр кофе шопоор дагнаж ажиллаж байхдаа, хурдхан шиг "non survival job" буюу мэргэжлийн ажил хийж, өндөр шилэн оффист суухсан хэмээн мөрөөддөг байсан өчигдөр мэт.

Америкт ажиллаж буй туршлагаасаа хуваалцаач гэж хүмүүс ихээр асуудаг. Тэр тусмаа гарааны бизнесийн талаарх асуулт байнга ирдэг.

Харин энэ удаа хүн бүхний асууж бас яриад байдаггүй нэгэн сэдэв хөндөхийг хүссэн юм. Анх би энэ талаар 2016 онд бичиж байснаа дахин сийрүүлэн бичихээр шийдлээ.

Ажиллаж байсан газруудын тавиас дээш хувь нь шинэ ажилтнуудыг ажилд орсон эхний өдрөөс эхлээд бүтэн гурван өдөр 24 цагийн тусгай хичээлд суулгана. Шинэ ажилтан болж буй би бас тэдэнтэй хамт суусан нь ойлгомжтой.

Тэрхүү training буюу дадлага нь миний хийх ажилтай огт хамаагүй бөгөөд ажлын байрны хүчирхийлэл, дарамтлалтай холбоотой хичээл байж таарна.

Зарим байгууллага гаднаас тусгай бэлтгэгдсэн багш урин авчирч заах ба бүр шалгалт авна гээч. Бусад газрууд худалдан авсан програмчлагдсан хичээл байх зэргээр төсөв хөрөнгөөсөө шалтгаалан хэлбэр өөр ч агуулга адил сургалт явуулдаг.

Жишээ нь ажилтан "А" богино даашинз өмссөн байхад гар хүрэх нь байтугай ямар нэгэн байдлаар айлгүйтсэн, өдсөн үг хэлж болохгүй гэх жишээний.

Энд ажилд авах, ажлын орчин, соёл гээд бүх зүйл нь монголоос газар тэнгэр шиг ялгаатай санагдаж билээ. Монголд одоо өөрчлөгдсөн ч байж мэднэ. Би зөвхөн өөрийн туршлага дээрээ л суурилан бичиж байгаа гэдгийг ойлгон уншаарай.

Ажиллаж байсан ихэнх компанийн нэгэн "соёл" нь ямар ч ажлын байрны дарамтгүй ажиллуулах. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэхэд илүү амар болгож өгч байна гэсэн үг.

Аль ч оронд ажлын байрны дарамт хүчирхийлэл их багаар байдаг ба сэтгэл санааны, үг ярианы, арьс өнгө, хүйсээр ялгаварлах гээд олон төрлийн дарамт бий. Эдгээрийн дотроос хамгийн их тохиолддог нь сексийн хүчирхийлэл аж.

Харин энд ажилд ороход ч орсон хойно ч хэн ч чамайг "оролдож" зовоохгүй. Хэрэв өчүүхэн төдий тийм үйлдэл гаргавал тухайн хүн маш том асуудалд ороод зогсохгүй халагдаж дуусах нь элбэг. Компанийн эзэн, мундаг ажилтнаас эхлээд хэнбугайд ч ямар ч тушаалын ажилтныг дарамтлах эрх байхгүй.

Харин та ажил дээрээ өөрийнхөө эрхийг мэддэг, айлгүй дуугардаг, санаа оноогоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн ажлын байрны дарамтад учирсан бол тэр асуудлаа байгууллагынхаа HR буюу хүний нөөцийн албанд яаралтай мэдэгдэх нь зөв алхам болно.

Тэр ч байтугай дарамтад орсон эсэхээ ялгаж мэдэхгүй үед хүний нөөцийн албаны хүмүүстэйгээ уулзаж зөвлөгөө авах ёстой.

Яагаад Америкийг эрх чөлөөний орон гэж нэрлэдгийг хүмүүс олон янзаар тайлбарлах байх. Миний хувьд Америкийн эрх чөлөө гэдгийг мэргэжлийн ажил хийж эхэлсэн цаг мөчөөс л шууд мэдэрсэн.

Учир нь өнөөдөр би аль нэг дарга намайг чангаах болов уу гэсэн айдасгүй, хэн нэгэн замын цагдаа алдаагүй байхад зогсоож, торгох гэж хоргоох болов уу гэсэн түгшүүргүй, аль нэг шатахуун түгээх газар нь дутуу түлш шахах вий гэсэн хардалтгүй, тушаал дэвшихийн тулд дээд эрх мэдэлтэнтэй хамт амралтад явах дарамтгүй амьдарч байгаадаа баярладаг.

Бас нэгэн миний дуртай Америк эрх чөлөө бол чи шилдэг сургууль төгсөөгүй ч, тухайн мэргэжлийг эзэмшээгүй ч өөрөө тэр ажлыг сайн хийгээд, туршлага хураасан бол энд ямар ч салбарт юу ч хийгээд явах өргөн боломжтой.

Харин хэний ч итгэлийг алдаж болохгүй. Яагаад гэвэл жинхэнэ Америк эрх чөлөөг эдлэхийн тулд итгэлцэл дээр орших бизнес бүрийг хүндэлж, усыг нь уувал ёсыг нь дагадаг эрхэм Монгол чанараа хүний газарт гээлгүй хуулийг нь сахин биелүүлж явахад Америк эрх чөлөөний амт аяндаа амтагдаад ирэх болно оо.