Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2017 оны төгсгөлд бичсэн тэмдэглэлээ шинэчлэн оруулахаар шийдлээ.
Он дуусах дөхөөд ирэхтэй зэрэгцээд хүн бүр л шинэ ондоо ингэж бүтээнэ, тэгж өөрчлөлт хийнэ хэмээн янз бүрийн зорилго тавьдаг.
Энэ жилийн хувьд нэгэнт дэлхийн хүн төрөлхтөн бүгдээр аюулт цар тахлыг эсэн мэнд давж гарах, аюулт вирус нэг мөсөн үгүй болоосой гэсэн ижил хүсэл мөрөөдөлтэй байгаа.

Хэдийгээр цар тахал бидний амьдралыг орвонгоор нь онгичиж орхисон ч амьд хүн л юм хойно өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэн явуулахаас аргагүй.

Ямар санаа сэтгэлээр унаад, орноосоо босохгүй хэвтээд байлтай нь биш, ой мод руу ороод зугталтай нь ч биш яаж ийгээд, сөхөрч босоод, үзэж тараад амьдраад л байхаас өөр сонголт үгүй.

Нэгэнт өдөр хоногийг өнгөрүүлэн амьдарч байгаа тул аль болох өөдрөгөөр, үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээнэ.

Тийм ч учраас бусад энгийн жилүүдийн адил шинэ оноо шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдлөөр угтаж яагаад болохгүй гэж?

Харин зүгээр нэг "To do list" буюу “хийх зүйлсийн жагсаалт” гаргахын оронд арай илүү наалдацтай, үр дүн өндөртэй байхаар шинэ оны зорилгоо гаргавал ямар вэ?

Миний хувьд энэ аргыг 2018 он гарахаас эхлээд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үнэхээр өгөөжтэй байдаг.

Энэхүү санаагаа та бүхэнтэйгээ хуваалцахад миний бичгийн чадвар хүрэлцэхгүй тул нэгэн гайхамшигтай хүний үгсээр хүргэхийг зорилоо.

Алдарт агаарын авиа компани Virgin America -гийн эзэн Richard Branson -ыг таних л биз дээ?

Би 10 гаруй жилийн өмнө энэ хүнийг Опрагийн шоунд орсон үеэс нь таньдаг болсон юм. Хувийн эзэмшлийн Некер арал дээрээ гайхамшигтай амьдрах орчин бүрдүүлснийг хараад ёстой л эрүү амаа унжуулан үзэж байснаа санаж байна.

Сүүлийн хэдэн жил Ричардыг би Линкединээр дагаж байгаа бөгөөд түүний бичсэн нийтлэлүүдийг алгасалгүй уншина.

Бичлэгийн өнгө аяс нь таалагдахаас гадна, санаа бодол надтай нийлээд байх шиг нэг л амархан "холбогдсон" юм. Ингээд 2018 онд бичсэн Ричардын зөвлөгөөг чадан ядан хөрвүүлэн хүргэж байна.

 

Шинэ ондоо аз жаргалтай байхад чинь өгөх миний зөвлөгөө
Ричард Брансон

Надаас ихэвчлэн "Амжилтад хүрсэн түлхүүр чинь юу вэ?" хэмээн хүмүүс асуудаг. Энэ асуултад өгөх миний хариулт бол маш энгийн: Аз жаргал.

Аз жаргалтай байх нь хүн бүрийн гол зорилго байгаасай. Олон хүнд аз жаргалтай байхыг зорилгоо болгох нь тийм амар зүйл биш гэдгийг би ойлгож байна л даа. Жишээ нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс амьдралыг өөрөөр харна шүү дээ.

Хэдэн жилийн өмнө би Minds хэмээх номд "Аз жаргал сэдвээр бичсэн захидал" гэсэн нийтлэл бичсэн юм. Тэгээд би энэхүү захидлаа саяхан уншиж, тэнд бичсэн зүйлс хэчнээн үнэн болохыг тунгааж, миний бичсэн энэ захидал хүмүүст шинэ онд жинхэнэ аз жаргалаа олоход нь туслаасай гэж найдан дахин нийтэлье гэж бодсон юм.

Хүндэт танихгүй уншигч аа,

Өөрөө намайг танихгүй л дээ. Гэхдээ би өөрийг чинь амьдралдаа хэцүү бартааг туулж яваа гэдгийг сонсоод туслах гэсэн юм. Би өөртэй чинь илэн далангүй байя гэж бодлоо. Аз жаргал гэдэг зөвхөн хэдхэн "тусгай" хүмүүст л олддог зүйл биш юм шүү.

Хэрэв чи нухацтай, тайван байж түүнийг "ургуулбал" - аз жаргал таных байж болно.

Стресстэй, айсан, гунигтай байж болно оо. Надад ч тийм мөчүүд байсан. Би амьдралын маш том айдсуудтай ахин дахин учирч байсан. Би адал явдлаар амьдарч байхдаа үхэлтэй ойрхон тулж, хайртай хүмүүсээ нас барахыг харж, бүтэлгүй бизнес хийж, олны өмнө хэлэх үгээ цэнэж, зүрхээ ч шархлуулж явлаа.

Би гайхамшигтай амьдралаар амьдарч буй азтай хүн гэдгээ мэднэ. Ихэнх хүмүүс миний бизнесийн амжилт, түүнийг дагаж ирсэн хөрөнгө надад аз жаргалыг авчирсан гэж таамагладаг. Гэхдээ тэдгээр нь надад аз жаргалыг авчраагүй. Харин эсрэгээрээ. Би аз жаргалтай учраас амжилттай, хөрөнгөтэй болсон.
Маш олон хүмүүс юу хийвэл аз жаргалд хүрэх вэ гэдэгт баригддаг. Харин миний хувьд ингэснээрээ тэдгээр хүмүүс алддаг. Аз жаргал бол хийхдээ биш байхдаа. Аз жаргалтай байхын тулд үргэлж аз жаргалын тухай бодох хэрэгтэй.

To do list буюу хийх зүйлсийн жагсаалтаа мартаж болохгүй, харин үүн дээрээ нэмээд to-be list буюу дотоод сэтгэл, оюун ухаанаараа ямар байх жагсаалтаа хийхээ мартуузай.

Хүүхдүүдээс хүмүүс "чи том болоод ямар хүн болох вэ?" гэж их асуудаг. Бид бүгдээрээ, дэлхий тэр чигээрээ "би эмч болно, зохиолч болно, ерөнхий сайд болно" гэх мэтийн мундаг хариулт хүлээдэг.

Хүүхдүүд "сургуульд сур, сайн ажилд ор, гэр бүл зохио - тэгвэл чи аз жаргалтай амьдарна" гэдэг үгсийг сонсож өсдөг. Гэтэл эдгээр нь дандаа хийх зүйлс. Оршиг байх буюу мэдрэх зүйлс биш. Хийх явцад аз жаргалтай мөчүүд мэдээж байна. Гэхдээ энэ нь хэзээ ч дуусашгүй аз жаргалыг авчрахгүй.

Зогс! Түр завсарлаад сайхан амьсгал. Эрүүл бай. Гэр бүл, найз нөхдийнхөө ойролцоо бай. Хормын зуур ч болтугай хүчтэй, зоригтой бай.

Хэрэв чи одоодоо амьдарч, байгаадаа талархвал аз жаргал аяндаа урсаад ирнэ.

Би туршлагаасаа ярьдаг. Бид бизнесийн хаант улс байгуулж, дэлхийн ирээдүйн талаарх асуудалд оролцож, дурсгалтай баяруудад уригдаж, мартагдахааргүй олон хүмүүстэй уулзсан. Эдгээр нь надад их баяр баяслыг авчирсан. Энэ мөчүүдэд би хийхээсээ илүү аз жаргалыг мэдэрсэн.

Оршин буйгаа мэдэрч "байх" нь амьдралыг олж харахад тусалдаг. Туршаад үз. Дахин хэлье. Одоодоо амьдар, байгаадаа таларх.

Миний хувьд үүрийн гэгээнээр Некер арлын дээгүүр фламинго шувуудыг нисэн одохыг харах, шинэхэн мэндэлсэн ач, зээгийнхээ бяцхан гарыг атгах, тэнгэрийн оддыг ширтэж тэднийг нэгэн өдөр дэргэдээс нь харж байна гэж мөрөөдөх, оройн хоолонд юу хийх үү гэж мэтгэлцэх гэр бүлээ сонсох, танихгүй хүний инээмсэглэл, борооны үнэр, далайн давлагаа, элс үлээх салхи, өвлийн анхны цас, зуны сүүлчийн шуурга...Үнэн тансаг, гайхамшигтай мэдрэмжүүд.

Хүмүүн хийхүй биш хүмүүн оршихуй (human doing биш human being) гэж нэрлэсэн нь ч учиртай.

Хүн төрөлхтөн болж төрсний хувьд өндөр хэмжээнд сэтгэх, хөдлөх, харилцах чадвартай байдаг. Харилцан ойлголцож, хайрлаж чадна. Үүгээрээ ихэнх амьтдаас ялгаатай.

Хүн болж төрсөн хувь заяагаа ямар нэг зүйлийн төлөө стресстэй бүү өнгөрөө. Өөрчилж чадахгүй зүйлийн төлөө шаналж хэрэггүй.

Байгаа амьдралынхаа үр жимсэнд талархаж, өнөөдөртөө амьдарч эхэлбэл стресс чинь аяндаа шимэгдэн алга болж, чи илүү аз жаргалтай байх болно.

Гунигласан үедээ аз жаргалыг хайх биш, үргэлж аз жаргалтай байх хэрэгтэй. Аз жаргалыг зорилгоо болгох биш аз жаргалыг дадал зуршил болгох хэрэгтэй.

Хийхдээ анхаарлаа хандуулах биш байхдаа анхаарлаа хандуул.

Хайрлах сэтгэлтэй, өгөөмөр, талархдаг, тусархуу, бодлынхоо эзэн нь бай. Одоодоо байж, түүндээ баярлаж талархан амьдар.

Тэрийг ч хийх ёстой, энийг ч хийх ёстой гэдэгт бүх анхаарлаа хандуулалгүй зүгээр л амьдар. Би амлая. Аз жаргал аяндаа урсаад л ирнэ.