Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хориод жилийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч асан, Бавуугийн Лхагвасүрэн гуайтай уулзах ховорхон аз тохиож билээ.

Хүүхдээрээ шахуу байсныг хэлэх үү, одоо эргээд бодоход олигтой ч юм асууж чадаагүй алтан боломжийг өнгөрөөжээ. Уулзалтынхаа төгсгөлд, та надад захих үг хэлээч гэхэд “хүн шиг л яваарай” гэж билээ. Тухайн үед нарийн утга учрыг нь олох гэж оролдоогүй ч, сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн энэ гуравхан үгний тухай бичмээр намрын налгар сайхан орой санж.

Чухам ямар хүнийг хүн шиг хүн гэх вэ? Гэр бүл бүрт түүнийг тодорхойлох үнэ цэнэ, итгэл үнэмшил байдаг байх.

Өвдсөн нэгэндээ чин сэтгэлээсээ эдгэхийг хүсдэг, гутарсан найздаа урмын үг хайрладаг, гуйлга гуйж буй нэгэнд сүүлчийн задгай мөнгөө өгдөг, хар цай ууж суугаа хажуу айлын буурайд сүү бариад ордог, алдартай нэгэндээ амжилт хүсэж алга ташдаг, унасан бяцхан хүүхдийг зүгээр үү гээд энгэртээ тэвэрдэг, хайр нь бүтэлгүйтсэн ханхар эрийг мөрөн дээр нь алгадан тайвшруулдаг, үеийнхэндээ гомдсон өсвөр насны охиныг аргадаж тайтгаруулдаг жирийн нэгэн хэрнээ жинхэнэ хүн шиг явахсан.

Хэн нэгнийг шүүмжилж, өөлөхийн оронд өөрийгөө хэрхэн хөгжиж буйг өмнөх жилтэйгээ харьцуулан хэмждэг, хүнээс сайныг нь олж хардаг байх бас нэгэн хүн байхын жишээ мөн.

Үр хүүхдүүд, хойч үе маань ямарваа зүйлээр өндөр амжилт гаргахаас илүү, бусдыг өрөвдөн, хайрладаг нинжин сэтгэлтэй, нэгнийхээ дотоод ертөнцийг хүндлэн ойлгодог, IQ -гийн хажуугаар EQ өндөртэй байгаасай.

Хамгийн энгийн цөөхөн жишээгээр IQ ба EQ -гийн ялгааг харуулая.

IQ EQ
Бодох чадвар    Мэдрэх чадвар
Сургууль, академик талыг даван туулах    Амьдралыг даван туулах
Аналтик сэтгэлгээний чадвар    Нийгэмших чадвар

 

Дэлхийн хэмжээний цар тахал гарсан сүүлийн хоёр жил бид бүхэнд EQ чадвар хүний амьдралд ямар хэрэгтэйг харуулсаар байгаа билээ.

Тэр тусмаа хүүхдүүдээ амьдралын өөрчлөлт, хатуу хүтүүг даван туулах чадвартай өсгөх нь эрдэм номын тал дээр амжилт гаргахтай адил хэмжээний (магадгүй түүнээс ч илүү) чухал гэдгийг нотоллоо.

Хүүхдийн их эмч, эрдэмтэн судлаач доктор Жабборын хэлсэнээр АНУ-д цар тахлын оргил үед 9-13 насны хүүхдүүдийн дунд урьд өмнө байгаагүй их тоогоор амиа хорлох завдал эсвэл бодол орсон судалгаа гарчээ.

Тийм ч учраас төсөв сайтай бага сургуулиуд social emotional intelligence гэсэн хичээлийн цагийг нэмэгдүүлэх болсонд би хувьдаа маш их баяртай байгаа.

EQ байтугай, аливаа сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж, зөв менеж хийх талаар зааж сургадаггүй, ярилцдаггүй, тэс ондоо соёл, ахуйтай 80-аад онд Арвайхээрийн талд төрж, өссөн би Евро - Америк соёл, ахуйд төрүүлсэн хүүхдүүдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлэх вэ? гэдэг томоос том, чухлаас чухал асуудал.

Уг нь бол их найрагч EQ сайтай байхыг л захиад байсан хэрэг биш үү?