Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахал, хар мягмар

Хүн төрөлхтний хоног тоолон хүсэн хүлээсэн зуны XXXII олимпийн наадмын нээлтийн ёслолын “нохойн дуу” нэн ойртож байтал яг 122 хоногийн өмнө “Токио-хорь-хорь” гэнэт “нохойгоо хорьлоо”. Энэ III сарын 24-ний “хар мягмар” гариг буюу хоёр хар мэнгэтэй, модон хохьмой, улаан бар өдөр Олон улсын олимпийн хороо ( ОУОХ ), “Токио-2020” Зохион байгуулах хороо( ЗБХ ) -ны хамтын шийдвэрээр баг тамирчид, үзэгч олны эрүүл мэндийг дээдлэх үүднээс энэ зуны олимпийн хөшгийг түр хааж, Грекээс залсан галт бамбараа түр “амрааж”, гарааны цагаа түр зогсоож, сая сая хүмүүсийн цээжинд "шар ус хуруулав". Гайтай хөөтэй цар тахлаас сэргийлсэн дээрх спорт дипломатын зөв агаад зоригтой шийдвэрийг дэлхий нийтээрээ гүнээ ухаарч, олимпийн их гэр бүлийнхэн бүрэн дүүрэн дэмжин, олимпизмийн үйл хэргийн төлөө атгасан гар мэт нэгдэж чаддагаа илтгэн харууллаа.

Ах сонсож, дүү нь сургадаг цаг

Аюулт “Коронавирус” анхны давшилтаа хийж эхлэх үед ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, “Токио-2020” ЗБХ-ны дарга Ёширо Мори нар нь дархалсан олимпийн наадмыг хойшлуулах ямар ч үндэслэлгүй , болдгоороо л болно хэмээн огт халгаахгүй өөдрөгөөр нэлээн гүрийсэн. Мэдээж энх амгалан цагт ийм сүпер бэлтгэлтэй олимпийн цэнгэл баяраа хойшлуулна гэдэг хэний ч санаанд багтамгүй бодол. Гэтэл хар тахал дэлхийг улам нөмөрсөөр COVID-19-ийн эсрэг тэмцэлд ялалт байгуулах уу, Токио-2020 олимпод медалийн ялалт байгуулах уу гэдэг тулгамдсан асуудал нэн хурцдан, эцсийн сонголт шаардан, буланд шахлаа.ОУОХ-ны сэнтийд 1978 оноос хойш заларсан ( Манай Ш.Магван гуай 1977 oны эрэмбэтэй), 78 настай, нөлөө бүхий эрхэм гишүүн Дик Паунд нь Токио-2020 олимпийг хойшлуулах талаар шууд мэдэгдлийг "гэрэлд цохиулж" , төдөлгүй түүний төрсөн нутаг Канадын ҮОХ баг тамирчдаа Япон руу илгээхгүй хэмээн хамгийн түрүүнд эсэргүүцлээ цацах нь тэр. Дараа нь Австрали, АНУ, Франц, Их Британи, Испани, Норвег, Серб, Хорват, Швейцарийн ҮОХ дээрх саналыг дуу дуугаа авалцан, үтэр түргэн хойшлуулахыг шаардав. Тэр бүү хэл одой улс Люксембург хүртэл томчуудыг даган далдганаж, "жон жон" дуугараад авав. Харин энэ эгзэгт үед ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ( WADA ) давхар "нуман тулгуурт" буй оросууд “од шүүрэх” ухаан сийлж, зуны XXXII олимпийн наадмын эрхийг Москва хотод яг одоо шууд шилжүүлэхийг уриалсан нь идэвхтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь Эфиопийн иргэн Тедрос Абханоны тэргүүлдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) хатуу заавар сэрэмжлүүлгийг бөмбөрцөг даяараа ягштал мөрдөх дүрэмтэй тул 116 настай ОУОХ “ах” нь өөрөөс нь 54 жилээр дүү “цагаан халаaдтай” “Word Health Organisation” (WHO)-ий үгэнд орохоос аргагүй болсон нь үнэн. Дээрх олон хүчин зүйлээс шалтгаалж, олимпийн наадмын “эзэн” ОУОХ нь “Хай” хэмээн инээмсэглэсээр, “Харакири” хийлгэхгүйгээр хаах лүндэн буулгахад, баяр, зовлонгийн алинд ч “модон тахиа” шиг царайлж чаддаг, шинэ Рейва үеийн түшмэдүүд “наашаа харан инээж, цаашаа харан уйлсаар”, 2021 он хүртэл тэвчихээр түр “качикоши” дүрд хувирч чадлаа, хөөрхий. Харин Токио хотын засаг даргаар 2016 онд сонгогдсон, хатагтай Юрико Койке л одоо болтол энэ шийдвэрт туйлын сэтгэл дурамжхан байгаа сурагтай. Аргагүй дээ, өөрийнхөө ноёрхлын үед олимпийн гэсэн тодотгол зүүж чадсан бол түүний цаашдын улс төрийн карьерт их нэмэртэй байсансан. Одоо бол хамтын хүчээр “Коронавирус”-ийг хоггүй болтол шүүрдэн цэвэрлэж, өдрийн сайныг өнжин хүлээж, өлзий дэмбэрэл бүрдсэн үхэр жилдээ Токиогийн олимпийн наадмын асар майхныг "Япон толгойд" дэрвүүлэх л үлдлээ дээ.

Наран улсын нартай, сартай олимпийн замнал

Ер нь Их Наран улсын олимпийн түүх бас л адармаатай, адал явдалтай , амаргүй замыг туулсан. Анх нихончууд 1940 онд зуны XII олимпийн наадмыг Токио хотноо зохион, самурайн сүр хүчийг дэлхий дахинаа илтгэн харуулна хэмээн улайрч дөвчигнөсөн үедээ дэлхийн II дайныг өдөөгчдийн нэгээр тодорч, өргөн нутаг булаах санаархалдаа автан, өнөөх наадмаа ардаа “дэлбэлж” орхив. Дайны дараа дориун хүмүүжсэн Наран улс нь Азидаа анх удаа зуны олимпийн наадмыг Токио хотноо зохион , 24 жилийн дараа дутагдлаа зассан нэгэн. Түүнчлэн Саппоро-1972, Нагано-1998 цагаан олимпийг арлын нутагтаа урьж чадсан , Ази тивдээ анхдагчууд. Бас Москва-1980 олимпийг Америк ахынхаа ятгалгаар бойкотлон, олон тамирчдаа хохироогоод авсан. Японы нөлөө бүхий улс төрч Таро Асо дөчин жил дутамд олимпийн тэнгэрийн хараал хүрч, гэсгээл хүртэж буй талаар шууд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн "галтай" ярилцлагад олонхи нь гайхсангүй. Харин Оросын гимнастикч, олимпийн хошой аварга, ДУМ-ын гишүүн асан С.Хоркина "Токио-2020 хойшилж буй нь ОХУ-ыг олимпоос хасан гомдоож, бурхан тэнгэрийг хилэгнүүлсний нүгэл" гэж мэдэгдсэн байх юм. Светлана Васильевна ажаа өөрөө олимпийн аварга болохдоо ертөнцийн эзнээ аргадсан юм байх даа, зайлуул. Үнэхээр 1940 онд дайнаас болж “амандаа орсон шар олимпоо хэлээрээ түлхэж", 1980 онд олимпийг хүндэтгэх шалтаггүйгээр тасалж, 2020 оны олимп нь гэнэтхэн гай барцадтай тахлын гацаанд орсныг цадиг түүх гэрчилнэм. Япончууд 2016 оны олимпийн төлөө "ногт ганзагалж" очоод, хоёрын даваанд Бразилийн Рио, Испанийн Мадрид хотуудын гарын аяыг даасангүй, толгой гудайн буцсан. Харин одоогоос 7 жилийн өмнө Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдсан ОУОХ-ны 125-р чуулганаар Зуны XXXII олимпийн наадмын эрхийн төлөө Турк, Испани улстай даагаа нэхэн өрсөлдөж, үзүүр түрүүнд Токио хот Истанбулыг 60:36 саналаар “иппон савж”, 126 сая япончууд баяр хөөрт умбасан нь саяхан гэлтэй. Их ялалтын дараа ч элдэв ээдрээтэй асуудал бас л мундсангүй. Угаасаа ч уриалгахан “BID COMMITTEE” нь хэргээ бүтээснийхээ дараа урагшгүй “BAD COMMITTEE” болдог нь нууц биш. Токио-2020 олимпийн наадмын онцлох тэмдэг( Logo )-ний уралдаанд түрүүлсэн зураач Кенжиро Саногийн бүтээл нь Льеж хотын театрын лого-г улаан цайм “хулгайлсан” хэмээн бөөн хэл ам үүсч, Бельгийн дизайнер Оливьер Дебье гэгч ОУОХ-той зад зарга үүсгэлээ. Удаж төдөлгүй эрх баригчид “НО”-той гэгдэх бүтээлийг хүчингүй болгож, аргагүйн эрхэнд "наймаа буцсан" тааруу дуулиантай. Тэгээд л дахин бөөн зардал чирэгдэл бүхий том уралдаан зарлаж байж, нийслэлийн иргэн Асао Токологийн бүтээл шалгарч, санаа нь амрав. Энэ нь ашгүй аль нэгэн театрыг дуурайсангүй, Эдогийн хаанчлалын ( 1603 - 1867 ) үеийн уламжлалт хөхөвтөр чимэглэлийг дүрслэн ( шатрын хөлөгтэй төстэй ), олон түмний эв нэгдлийг илэрхийлсэн лого ажээ. Дараа нь "гэгээн цагаан өдөр гэрэлт цахилгаан цахих" мэт шуугиан дэгдэж, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Цүнекацү Такеда руу Францын сэтгүүлчид гэнэт дайрч довтлон, маркетингийн "Денцү" компанитай холбон, хээл хахууль, авилгын асуудлаар зохиомол гүтгэх давалгаа дэгдээж, том зүтгэлтэн, даруухан дарга “зодгоо тайлсан” нь харамсалтай. Дахиад л том маргаан.Олимпийн нээлтийн ёслолд зориулсан цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн дизайны гэрээ байгуулсан Их Британий иргэн, ирак бүсгүй Заха Хадидийн төсөв нь 2 тэрбум ам.долларт хүрч, анхны тооцооноосоо 2 дахин өссөнд ЗБХ-ныхны нүд нь орой дээрээ гарч , Японы татвар төлөгчдийн мөнгийг ийм үрэлгэн зарцуулж болохгүй хэмээн "луу унжсаар"бас л наймаа буцан, контракт цуцлагдаж, бөөн хэл ам дэгдсэн юмдаг. Эцэст нь яг барианы зурхай руу сэтгэл шулуудсан Токио-2020 олимпод балиар сарьсан багваахай баахан гай тотгор тарих нь энэ.

Шаталт гэж байдаг бол шархаа нөхнө гэж бас бий

Хором бүхэн нь мөнгөөр хэмжигддэг бизнес , арилжааны дэлхийн том гүрэн Япон улсын хувьд олимпийн гацаа хэр хохиролтой вэ? Мөн “мөнгө бол мөнгө биш, харин цаг бол мөнгө мөн ” гэдэг зарчим ноёрхсон орчин цагт товлосон цагаа цуцлан, дахин товлох л үлэмжийн ярвигтай гэдэг нь ойлгомжтой . Гэвч одоо бол ухрах газар үгүй , бас олимпоо алдана ч гэж гонжийнжоо! Олимпийн төлөө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн JAPAN одоо наад зах нь 4,5 тэрбум ам.долларын хохирол амсах нь. Зарим мэргэжилтнүүдийн тооцоогоор үнэ 2,7 тэрбум ам.доллараар өсч, 277 тэрбум ам.долларын ашиг олох тооцоонд хүндрэл учирсан аж. Олон олимпийг шууд дамжуулах эрхийг мундагтан эзэмшдэг, АНУ-ын телевизийн магнат NBC нь нэг тэрбум долларын алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ. Бас нэгэн чухал үзүүлэлт болох сонгон шалгаруулалтыг давсан , хамаг ажлыг нугалах 80.000 сайн дурынхан ирэх жил гэхэд эргэн ажиллахад бэлэн, зав чөлөөтэй гэж үү? Токио хотын Кабүкичо дүүрэг гэхэд л дотоод, гадаадын зочдын чөлөөт цагаа өнгөрүүлэх аятай тухтай газраа зориуд бэлдэн, англи-япон хоёр хэл дээр 40.000 өнгөт танилцуулга товхимол хэвлүүлэн, “хөөрхөн шатсан”-аа дурьджээ. Хорин оны олимпийн дараа далайн булангийн дүүрэгт сүндэрлэсэн тамирчдын тосгоны шинэ байрыг худалдаж авах гэрээтэй, урьдчилгаа мөнгөө төлсөн 12000 оршин суугчдын асуудал бас үүсч, "Мицүй Фүдосан" компанийн утас 24 цаг хангинаастай гэнэ. Ер нь Япон даяараа л их, бага бөөн шаталт. Олимпийн албан ёсны ивээн тэтгэгчид, түнш, ханган нийлүүлэгчидтэй гэрээгээ сунган шинэчлэх, тэднийхээ хөлд нь аятайхан сууж, алдахгүй байх гээд түг түмэн экстра ажлууд ундарлаа. ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спортын холбоод ч бас “шарх энэлэлтэй”, олон цаас бичгээ базан шидэж, шинэ хуваарь төлөвлөгөө тэрлэхээс эхлээд мундашгүй ажил өрнөлөө. Дээр нь Наран улсыг зорих онгоцны тийз, зочид буудал, спортын билетээ захиалсан ( ихэнх нь бүр худалдан авсан! ) олон зуун мянган жуулчид, хөгжөөн дэмжигчдэд бас л бөөн "толгойны өвчин" нэмлээ гэж. За энэ ч яахав эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэж л таараа! Шаталт гэж байдаг бол шархаа нөхнө ч гэж бас бий шүү!

Энэ жилийн онх, ирэх жилийн цонх

Тэгвэл зуны XXXII олимпийн наадам Токио хотноо хэзээ нижигнэнхэн эхлэх вэ? Японы талын бодол бол энэ оны намрын налгар сард эхлэхэд бэлэн буйгаа илэрхийлж буй бол Оросууд ирэх хаврын сакура цэцэглэх цагийг илүүтэйд үзэж байна. Харин ихэнх орнууд “COVID-19”-ийг үүрд булшилсны дараа 2021 оны зун нь найдвартай гэж хаширлаж буйг буруутгах аргагүй. Тэгээд хэзээ гэж ? Ямар ч гэсэн ОУОХ , Токио-2020 ЗБХ-той хамтран энэ зунаас өмнө буюу дөрвөн долоо хоногийн дотор олимпийн шинэ товыг шуурхай зарлана гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр 2021 онд болсон ч Токио-2020 гэсэн нэрээ огт солихгүй. Ер нь ОУОХ-ны дүрэм ёсоор цуцлагдсан олимпийн эрэмбийг хэвээрээ үлдээдэг эртний Грекийн ёсыг баримталж, Берлин-1916 ( VI ), Токио-1940 ( XII ) , Лондон-1944 ( XIII ) тасарсан наадмуудын дэс дугаарыг нь хүртэл “яс” оноон хадгалсан юм. Гэхдээ ингэж жилийн чөлөө авч байсан тохиолдол огт үгүй.Ирэх жил уламжлал ёсоор зохиогдох том теннисний их дуулга “Уимблдон” ( VI сарын 28-наас VII сарын 11 ) ба АНУ-ын нээлттэй тэмцээн ( VII.24-VIII.9 )-ий дунд нь Токиогийн олимпийг шигтгэх ёстой хэмээн шахалт маягийн хүсэлт ирсэн мэдээлэл бий. Мөн 2021 онд товлогдсон дэлхийн хоёр ланжгар сунгаатай . АНУ-ын Орегон мужийн Юген хотод болох хөнгөн атлетикийн ДАШТ ( VIII.6-15 ) Японы Фүкүокад нээгдэх усан спортын ДАШТ ( VII.16-VIII.01 )-ий эрхийг асар их өрсөлдөөний эцэст өвөртөлж чадсан том хотууд ч бас хугацаагаа хөдөлгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Гэхдээ олимпийн герман босс Т.Бах олимпийн төрлийн холбоод олимпийн наадмынхаа төлөө сэтгэл гарган, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Дашрамд дурьдахад, 2021 оны 6 дугаар сүүлчээр товлогдсон ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ч дагаад хойшлох шинжтэй. Ер нь энэ жилийн хувь төөргийн онх яаж буух вэ , ирэх жилийн спортын зай завсаргүй хуваарьт цонх яаж гарах вэ гэдэг дээр л олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд нойр хоолгүй ажиллаж байна.Дөрвөн бэрх л буулгана даа !

HERE WE ARE шуурхай ажлын хэсэг байгуулагдав

ОУОХ-ноос Токио-2020 олимпийн наадмыг хариуцсан шалган зохицуулах комиссийн дарга, Бах боссын баруун гар, Австралийн иргэн Жон Коутс, ОУОХ-ны олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал Кристиан Дюби нар олимпийн төрлийн 33 спортын холбоодтой нягт хамтран, "Here we are" гарц гаргалгаа хайсаар, ухсаар сууна. Ер нь бодитоор дүгнэхэд хоёр хувилбар бий. Эхнийх нь III - IV сар. Хаврын энэ улиралд том тэмцээний нягтрал харьцангуй бага, харин ч Токиогийн зуны шатам халуунаас болж, марафон, спорт алхааны тэмцээн нь хойд мужийн Саппоро хотод зохиогдох таагүй байдлаас гарч, нэг дороо нэгдэнэ гэсэн үг. Гэхдээ яг энэ үеэр Үндэсний сагсан бөмбөгийн холбоо ( NBА ), Оюутны сагсан бөмбөгийн (NCAA ) шувтаргын тоглолтууд тачигнах тул олимпийн шууд дамжуулалтын хамгийн том түнш, Америкийн NBC зөвшөөрөхгүй нь лавтай. Бас олимпийн эрхийн тэмцээнүүдийг тас зоох эгзэгтэй үе. Дараагийн буюу хамгийн магадлал өндөртэй нь VII - VIII сар бөгөөд америк хөлбөмбөгийн улирал яг хөшгөө хаах тул өөр тээглүүр үгүй. Дээр дурьдсан хөнгөн атлетик, усан спорт, теннис бас Тур-де-Франс уралдааныхантай хэл амаа олно гэж бүрэн найдаж буй. "Here we are" амжилт хүсмой!

Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна, гэвч...

Токио-2020 олимпийн наадамд хүрэлцэн ирэх ОУОХ-ны гишүүн 206 орны 11000 тамирчны ихэнх нь сэтгэл гонсойсон байх. Гэхдээ энэ бол түр хойшлолт болохоос хүйтэн дайны цөвүүн цагийн үеийнх шиг бүрмөсөн бойкот биш гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй. Олимп руу зорих өдрөө хуруу даран тоолж, нойр нь хүрэхгүй орондоо тормолзож байсан тамирчид, ялангуяа анх удаа оролцох гэж дэгэж дэрвэсэн залуус олон байсан нь тодорхой. Tэдний ч дэвэргэн сэтгэлийн буруу юу байхав. Саяхан тулгууртай харйлтаар алдарт С.Бубкагийн танхимын дэлхийн рекордыг хоёронтаа эвдсэн, 20 настай швед залуу "Мондо" Армандо Дуплатис "bummer" ( Ээ чааваас даа !) хэмээн халаглан хашгирсан бол хөнгөн гэмтэлтэй Америкийн эмэгтэй чөлөөтийн олимпийн анхны аварга Хелен Марулис нядхан үүнд баярлаж буйгаа нуусангүй. Гэтэл Японы урдаа барьдаг өлгий cпорт жүдогийн баг олимпийн хүчтэй бүрэлдэхүүнээ эцэcлэн зарласан бөгөөд саяын нөхцөл байдалд яаралтай дүгнэлт хийн, дээрх шийдвэрийг хүчингүй хэмээн зарлахад "почоонкоо" өвөртлөөд байсан дэлхийн 3 удаагийн аварга, Рио-2016 хүрэл медальт Наохиса Такато ихэд ундууцах жишээтэй.

Насаа нэгээр даравч насан туршийн наадам хэвээрээ

Атомын бөмбөг, газар хөдлөлт, цунами гээд л өч төчнөөн гачлан зовлон туулсан Япон энх цагийн энхрий олимпийн наадмаа ингээд хойшлуулна гэж яахин санах билээ. Ёстой л япончууд "Шиката ганай" буюу "Яалтай ч билээ" хэмээн шүүрс алдавч, гаднаа модон тахиа царайлан "Гамбаре" зорилгодоо хүрч чадах хөдөлмөрч, тэсвэртэй ард түмэн. Өглөө бүр хар дарсан зүүд - цар тахлын аймшигт мэдээг халган халган шүүрдэхэд, АНУ, БНХАУ, Итали, Испани, Франц, Герман, БНСУ, Их Британи, Швейцарь, Иран улс өвчний халдвар, нас баралтаар эхний аравт бичигдэж буйг хараад зүрх шимширнэ. Уг нь бол энэ сүпер гүрнүүд олимпийн наадмын багийн дүн, медалийн тоогоор дэлхийн TOП -10-т жагсдаг томчууд юмсан даа. Олимпийн наадмын он тоолол ийнхүү нэгээр нь огших нь. Ерээд онд анх удаа Тайваньд очсон чинь тэнд тэс өөр он тоолол мөрддөг юм байна. Григориaны цагалбараар аж төрдөг бид нутгийн хуанлийг буруу гэж бодрол төртөл анхны тусгаар тогтносон Хятад улсыг ( Жүнхуа Минюгүо ) 1912 онд байгуулсан Сүн Ят-Сений дурсгалыг мөнхжүүлсэн нь тэр бөгөөд өдгөө Формоза аралд 109 он сөхөгдсөн шүү! Тэгэхээр ийм хүнд бэрх цаг дор олимпийн он ганцханаар дэвшихэд алдах юм алга. Одоо бол бид хөвчийн ойд хөхөө шувуу донгодохоос өмнө Токио-2020 олимпийн 2021 дашням-балжиннямтай шинэ өдрийн товыг л даруухан хүлээх цаг. Олимпийг "окоoпонд", журмын нөхдийг "журмын хашаанд" журамласан хорон муу "Хорооноо" новшийг даран сөнөөж, дэлхий ертөнц, эх орноо анагааж, эрүүл саруулаар наадмын галаа өрдье!

Citius Altius Fortius

Жүгдэрийн Отгонцагаан
АНУ , Оакланд хот