Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн үед ТВ ширтэхдээ кино үзэх биш харин тэр masterclass.com-н хичээлүүдээс салахгүй шинжтэй болчихлоо шүү. Тооцуураар үзэж харж болох хэдий ч телевизийн том дэлгэцээр суралцана гэдэг хамаагүй илүү хөгжөөнтэй, сонирхолтой аж.

Багадаа шатар яльгүй сонирхох, эхлээд Карповт жаахан талтай байлаа. Арай ухаалаг, хашир нүүгээд буй мэт санах, тэгснээ Каспоровыг шүтэж эхэллээ, үнэндээ хамаагүй илүү гоё, хурц, шинэлэг тоглоод буй санагдав. Оюутан байхад минь мань эр Монгол Улсын талаар жаал онцгүй улстөрийн өнгөтэй мэдэгдэл хийж, бидний зүгээс сонсоход эвгүй зүйл ярьж хэлсэн тул үл тоож эхлэв. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр мань хүнийг эргээд нэлээд анхаардаг болчихлоо. Хүн төрөлхтөн бол хиймэл оюун ухаанаас илүүтэй гэж үзэх нь ихэд сонирхолтой өнцөг байв. Би бол жаахан эсрэгээс нь хардаг нэгэн, хиймэл оюун байтугай хиймэл робот хөлбөмбөгөөр балиашигладаг, шүтдэг Бразилын багийг хожчихдог болж магад хэмээн итгэх болсон хүн. Каспаровын бичсэн цөөнгүй номын шимтэн уншиж, алдарт АйБиЭмийн БийгБлю-д хожигдсон түүхээ өгүүлэн эхний гомдоллосон өнцгөөс бичсэн, хожим нь хүлээн зөвшөөрч хиймэл оюун ухааныг илүүтэй үнэлэх болсныгоо бичсэнийг, ээжийнхээ талаар болон өөрийг нь шатарчин болгохын тулд юу хийж, юу болж, юу өрнөсөн гээд номууд бол уншууртай. За тэгээд өдгөө Гарри Каспаровын Мастер класс хичээлүүдийн шавь болчихсон ТВ ширтэн сууж болжээ.

Багадаа би мөн хоол хийхдээ тааруу нэгэн байж, идэхийг бол ёстой үзүүлнэ, амттай амтгүйг бол янзын сайн мэднэ. Харин оюутан болсоор хоол хийж үзтэл үеийнхнээс илүүднэ үү гэхээс дутахгүй нэгэн болж, ер нь хоолны жаал хоббитой болж, муу хүн идсэнээ гэх үгийг олонтоо дурдан өөрийн мууг гайхах болсон бөлгөө. Гордон Рамсай гээч нөхрийн ТВ шоуг хэд давтан үзэхдээ огт уйдахгүй. Интернэтээр мөн мань хүний сонирхолтой, сонин хачин хоол, гал тогоо, гоц сэтгэн барих гал тогооны хэрэглэл гэх мэтээр олон зүйлийг хайн байж таашаалтайгаар үзчихнэ. Машины мотор дээр өндөг шарахыг алмайран гайхна. Үзсэн харснаа үе үе дуурайн хутга гампанз нийлүүлж, кострул түмпэн сав хангинуулсан явдал овоо олноор тоологдоно. Халбага сэрээ, хутга заазуур болон элдэв өөр зүсэгч худалдан авч хармаа гөвсөн явдал бас цөөнгүй. Өдгөө тэгээд мань хүний Мастер класс хичээлүүдийг шимтэн харж, шавь болчихлоо хэмээн баясаж, “хорооноо” гайхал намжихаар хаа нэгтэй Гордоны гал тогоогоор ганц нэг эргэлдэхээр төлөвлөн мөрөөдөж суух болжээ.

Ховард Шулцийн ногоон хавтастай нэг номыг арван тав зургаан цагийн нислэгийн турш тэврээстэй, зүүрмэглэхдээ зүүдлээстэй уншихдаа бөөн шинэ санаатай байсан минь аль тэртээх, хорь арай хүрэхгүй жилийн өмнөх явдал. Уг номын агуулгаас хичээлдээ хэрэглэн Старбаксийн Бээжин дэх салбар анхлан нээгдсэн эхний өдрийн үүдээр нь санамсаргүй орж цаасан аягатай кофе амтархан ууж байсан дурсамжаар чимэглэн 22 хуудас цаас бичиж, 6 минут яриа ангид хийснээр бүтэн жилийнхээ дүнг бараг хармаалчихсан тохиолдлоо оюутан охидууддаа давтан давтан ярьж суусан үе цөөнгүй. Номын сандаа хараанд шууд тод үзэгдэхээр тавьсан тэр номыг үе үе авч хуудас санамсаргүй эргүүлэн нээх бүрдээ аан, энэ хуудасны ийм зүйлийг тэр үед тэгж арай өөрөөр хэрэглэж билээ гэсэн баясгалант бодол төрж хэсэг жаал уншдаг юм. Бизнес манлайлагчийн Мастер класс хичээл мань хүн зааж буйг анхааралтай үзэж, телевизийн дэлгэц ширтэн суух болжээ.

Нийт зуу гаран Мастер класс хичээлтэй, сар бүр шинэ анги нэмэгддэг нэг ийм сургалт байгаагаас үзсэн гурвыг онцлов. Жирийн онлайн сургалтуудаас ихэд өөр, багш сурагчийн энгийн харилцаанаас ялгаатай, шалгаж барих даалгавар гэж үгүй, тавих дүн бүр байхгүй. Өнөө үеийн менторшиптэй төстэй. Тэртээх, ажил хөдөлмөрийн гараа эхэлж байх үед хэвлэлийн мастераа дагаад, хэлж ярьж буйг анхаараад, анги танхимаас бус ажлын талбайгаас суралцаж байсныг сануулах. Өөрийнхөө салбарын оргилд хүрч, хүн бүрээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нэгэн өөрийн замаар тээсэн будааг агшаан туршлага, мэдлэгийг түгээж буй өвөрмөц хичээлүүд юм.

Манай Монголд мөн ижил төстэй хичээлүүд бий болж буйг Бизнес цэнэг, TomYo апп гэхчлэн дуулж сонссоор. Тун удахгүй сонирхолтой сэдвээр, гоё хичээл төрөлх хэлээрээ үзээд хүндэлдэг монгол мэргэжилтнийг багшаа гэж дуудан бичээд сууж байх биз ээ. Гэртээ апп гэж байх, Гэртээ групп гээд олон дагагчтай элдвийн хоол хүнс хийж үзүүлж байх, удахгүй фэйсбүүкээр биш, тооцуураараа биш харин телевизийн өмнө суугаад Гэртээгийн гал тогооны хичээл үзлээ гээд бичиж суух үе ч ирэх юм уу, ер нь ойрхон байгаа даа, тээ?