Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай Хойт Америкийн Цахим өртөө ТББ-ын “Манайхан” сайтын Номын өргөөгөөр зочлох ээлжит урилгыг хүлээн авсан, монгол түмэндээ номын гэгээн санг нийлүүлж байгаа ажил, хандлагаа хуваалцсан Дэлхийн банкны Батзул гэж монголчууддаа нэршсэн Дашдоржийн Батзултай манай тусгай сурвалжлагч Эрхэмбаярын Солонго ярилцжээ.

Та Вашингтон Д.С. дэх Дэлхийн банктай ямар хувь тохиолоор ажил, амьдралаа холбосноо манай уншигчидтай хуваалцана уу?

Энэ тухай ярихаар надад тохиолдсон “бяцхан” адал явдлыг эргэн дурсах хэрэгтэй болдог. Би Монголд их сургуулиа төгсөөд Америкт сурахаар ирсэн байсан юм. Мэдээж шууд их сургууль, коллежид ороход тухайн үед амаргүй байлаа. Эхлээд ажилтай болох зарчмаар ажилд орлоо. Гэхдээ ажлаа тараад Дэлхийн банканд ажилд орно гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн төв байрных нь үүдээр эргэлддэг бас нэг ажилтай байв. Яагаад ч юм байсхийгээд л тэнд оччихсон байдаг байж билээ. Тухайн үед би Америк дахь Тоёотагийн дилер компанид борлуулагчаар ажиллаж байсан. Нэг өдөр надад азгүйдэл гэх үү дээ, тиймэрхүү зүйл тохиолдсон юм. Ажлаа тараад явж байтал гудамжинд нэг хүн миний цүнхийг шүүрээд зугтчихлаа. Цүнх, хувийн эд зүйлсээ хулгайчид алдсан гэдгээ ажил олгогч эзэндээ хэлтэл цагдаад бүртгүүлчихлээ. Ингээд шүүх хурал, өмгөөлөгч гээд дараа дараагийн асуудал хөвөрлөө. Яг тэр үед миний визний хугацаа дуусаад “харлана” гэж ярьдаг даа. Тийм байдалтай байсан юм. Энэ байдлыг минь захирал ойлгож, бичиг баримтын асуудлыг ч цэгцэлж, ногоон карттай болоход маш их тусалсан. Ажлаа маш сайн хийдэг ажилчдынх нь нэг байсан болохоор тэгж их тусалсан болов уу гэж боддог. Ингээд ногоон карттай, бичиг баримтын асуудалгүй болчихсон надад Дэлхийн банканд ажилд орох мөрөөдөлтэй надад тэр байгууллагын үүд хаалгаа өөрөө л нээгдчих шиг болсон. Гэхдээ тэр том байгууллага юу гэж л намайг шууд ажилд авах вэ дээ. Хэд хэдэн шалгуур тавьж, шалгалт авсан л даа.

Тэр бүхэнд тэнцэхэд бас багагүй л хичээл зүтгэл шаардсан байх?

Тоёотагийн дилерийн эзэн маань Дэлхийн банканд намайг хамгийн сайн, чадварлаг ажилчдын минь нэг байсан гэж тодорхойлж бүр “Чи улс төр, нийгмийн өндөр хариуцлагатай ажил хийж байсан нэр хүндтэй хүмүүс, олны танилуудтай хамтарч ажиллаж томоохон гэрээнүүдийг хийж байсан шүү дээ. Тэр үйлчлүүлж байсан хүмүүсээр хамтарч ажиллаж байсан тухай, өөрийнхөө талаар Дэлхийн банканд захидал бичүүлж илгээвэл амжилттай болно” гэдэг санаа, зөвлөгөөг өгч маш их дэмжсэн юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд байсан хүн, Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хуульч байсан гээд олон нэр хүндтэй хүмүүстэй хамтарч ажиллаж, үйлчилж байсан л даа. Тэгээд тэр хүмүүстэйгээ холбогдож энэ талаараа хэлтэл үнэхээр таатай хүлээж авч, Дэлхийн банканд захидал бичсэн байсан. Тэр нэг өдөр хулгайчид цүнхээ алдаж азгүйдэлтэй нүүр тулснаас болж бичиг баримтын асуудлаа цэгцэлж ногоон карттай болсноор миний Дэлхийн банкны төв байранд ажилд орох мөрөөдөл биелсэн гэж хэлж болно. Ингээд бодохоор азгүйдэл өөрөө өөр нэг азын үүд хаалгыг нээж өгдөг юм шигээ. Жилийн дараа миний цүнхийг хулгайлсан хүнийг ч олж хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оноолоо. Шүүх хурал ч дууслаа.

Товчхондоо та автомашины борлуулагчаас Дэлхийн банкны мэргэжилтэн хүртэл уйгагүй хөдөлмөрлөж, хичээнгүйлэн ажиллаж байж дээ?

Тэгж хэлж болно оо. Ер нь зорилгынхоо төлөө тууштай байж зорилгодоо хүртлээ туйлбаргүй, эргэж буцахгүй байхад л мөрөөдөл заавал биелдэг гэж бодсон. Манай ажлын найзууд, хамт олон “Автомашины борлуулагчаас Дэлхийн банкны мэргэжилтэн болсон анхны тохиолдол бараг чи байхаа” гэж хошигноцгоодог. Өндөр хариуцлагатай ажил алба гүйцэтгэж байсан нэр хүндтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, тэдэнд ажил төрлийн мартагдахааргүй сэтгэгдэл төрүүлж, удирдлагууддаа үнэлэгдэж тоогдож ажиллаж байсан минь Дэлхийн банканд орох хамгийн гол үзүүлэлт байсан гэж болов уу.

Таныг нөхөртэйгөө хамтарч Америкт монголын өв соёлыг сурталчлах, дэлгэрүүлэх, Америк болон дэлхийн орнуудаас Монгол руу хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, татах гээд олон сайхан ажлыг эхлүүлж, үр дүнтэй явж байгаа гэж дуулсан?

Монголын өв соёлын өдөрлөгийг Америкт хийх санааг анх нөхөр минь гаргаж 2016 оноос эхлэн энэ өдөрлөгийг жил бүр хийж байна. Сүүлийн хоёр жил ковидын хорио дэглэмээс болж өнжсөн. Монголынхоо өв соёлыг Америкт сурталчлах дэлгэрүүлэх, түгээх, өв соёлдоо гаднын хөрөнгө оруулалт татах гээд энэ чиглэлээр багагүй ажлыг хамтарч хийсэн, нөхөртэйгөө. Монгол зураачдын уран зураг, гар урлалын эд зүйлс, монгол хоол хүнс, хөгжим, урлаг соёл гээд эх орны минь өв соёл Америкчууд болон энэ том гүрэнд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны хүмүүсийн сонирхол, анхаарлыг татаж чаддаг. Надтай цуг ажилладаг орон орны төлөөлөл болсон гаднын олон хүн “Танай улсын, Монголын өв соёлын өдөрлөг хэзээ болох вэ. Тэр жилийн өдөрлөгөөр зарж байсан бүтээгдэхүүнүүд дахиж ирэх болов уу. Нөгөө зураач дахиж энд бүтээлээ үзэсгэлэнд тавих боломжтой юу” гэх зэргээр асууж сурагладаг. Вашингтон-Д.С. дэх Дэлхийн банкны төв байрны хананд монгол зураачийн бүтээл өлгөөтэй байгаа нь нэг л тийм цаанаасаа бахархам, баярлам сэтгэгдэл төрүүлдэг. Монгол руугаа чиглүүлж байгаа сүүлийн үеийн ажил, санаачилгаас дурдвал Хүүхэд, залууст илгээсэн 30.000 номыг нэрлэмээр байна. Дэлхийн банканд хүүхдийн боловсрол хүмүүжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд зарлагддаг. Үүний хүрээнд ном сурах бичгийг хэрэгтэй, шаардлагатай байгаа хэсэгт хүргэж ажилладаг. Монголын хүүхдүүдэд илгээсэн чингэлэг номыг эндээс ачуулах, Монголд хүргэх, зардал төсвийг Дэлхийн банкнаас гаргуулах зэрэг ажлыг нөхөртэйгөө хамтран хийсэн. Номуудыг Монголд хэрэгтэй, очих ёстой газар нь тараах, хүргэх ажлыг Ид шидийн орон төслийн залуус хийсэн. Ер нь энд Монголтой ижил төстэй бусад улс оронд ямар л төсөл хөтөлбөр хэрэгжиж хөрөнгө оруулалт зарлагдах гэж байгааг аль болох өөрийнхөө орон руу чиглүүлэх, Монгол руу авчих л хүсэл зорилготой ажилладаг даа.

Дахиад Америкаас Монгол руу хэдэн мянган ном ачуулах гэж байгаа гэж сонслоо?

Энэ удаад бид Монголын эмэгтэйчүүдийн хорих ангид номоо хүргэхээр зорьж байгаа. Эмэгтэйчүүд тэнд байх хугацаанд англи хэл сурах, гар урлал болон бусад жижиг үйлдвэрлэлийн арга технологид суралцах, ажлын байранд бэлтгэгдэх гээд номоор дамжуулаад олон зүйлд суралцах, өөрийн болгож авах боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Мөн хорих ангийн эмэгтэйчүүдийн уншсан номынх нь тоогоор ял шийтгэлийг тодорхой хугацаагаар бууруулж хөнгөлдөг юм билээ. Номууд Монгол руу гарахад бэлэн болсон. Одоо хил гааль, ачаа тээврийн асуудал гээд бага зэргийн хүлээлттэй л байна. Эдгээр ажлуудыг хариуцаж аваад хийх явцад надад нэг зүйл ажиглагдсан. Ер нь олон улсын тусламж, хандивын ачаа тээвэрт Монголын талаас татварын уян хатан нөхцөлийг тусгаж өгөх ёстой юм байна даа гэж бодогдсон.

Нэгэнт номын тухай ярилцсаных таны номын талаарх үзэл бодол, уншсан номуудаас бодол санаанд тод үлдсэн ном зохиол гэх зэргийг сонирхвол?

Аливаа зүйл сайн муу хоёр талтай гэдэг ч ном уншихад сайн тал нь 100 хувь, бүр түүнээс олон хувь байгаа гэж боддог. Үүнийг дэлхий нийтээрээ, хүмүүсийн туулсан туршлага, түүх хүлээн зөвшөөрч баталсан шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ их сонголт дундаас яг юу унших вэ гэдэг бас чухал. Монгол, англи хэл дээр олон ном уншиж байсан. Хамгийн сэтгэлд тод үлдсэн, дурлаж, биширч уншсан ном бол зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ыг онцолмоор байна.

Одоо таны ширээн дээр ямар, ямар ном байна?

Ер нь бол ажил мэргэжлийн чиглэлийн номууд гарт хамгийн ойрхон байдаг боловч Монголын болон дэлхийн сонгодог, шилдэг уран зохиол, түүхэн зохиолуудыг зорьж, цаг гаргаж уншина л даа.

Миний санаж байгаагаар та жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын сургалт хөтөлбөрийг Монголд зохион байгуулж байсан санагдана. Ер нь Монголын жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн аль шатандаа яваа юм бэ?

Бас л Дэлхийн банкнаас улс орнуудад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг асууж сураглаж, судалж байгаад 2014 онд гаднын мэргэжилтнүүдтэй хамт Монголдоо очиж энэ чиглэлээр сургалт явуулж байсан. 2014 оноос хойш энэ салбарт ямар ахиц дэвшил гарав, юу өөрчлөгдөв, улс төртэй хэрхэн яаж холбогдов, төрөөс хэр дэмжив гээд маш тодорхой дүр зураг харагдаж байгаа шүү дээ. Та ч мэдэж байгаа байх. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих санхүүжилтийг өөрсдөө хуваагаад авчихсан, өөрийн нөлөө бүхий компаниудад хуваарилаад өгчихсөн гэдгийг гаднын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд хүртэл мэддэг. Монгол руу хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хөөцөлдөөд ороход “Тэгэхэд өгсөн санхүүжилтийн үр дүн хаана байна вэ. Яг хүрэх газартаа санхүүжилт нь очсон юм уу. Манайхаас гадна бусад олон улсын байгууллагын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг ямар замаар яаж зарцуулсан юм бэ” гэх зэргээр асууна. Үнэхээр тэр үед ичих, аргаа барах, бүр юунд ч юм гомдмоор болдог. Монголынхоо жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг ярих гэхээр хамгийн түрүүлж хүнд хэцүү байдал, хээл хахууль, амь алдах гэж байгаа хэдэн аж ахуй нэгжүүд л нүдэнд харагдаж байна. Хэдэн жилийн өмнө бараг жил гаруй хугацаанд судалгаа, шинжилгээ хийж, боловсруулсны дүнд Монголд хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх төсөлд Австралиас хөрөнгө, санхүүжилтийг нь авахаар болж үйлдвэрлэлийн ажлаа Монголд эхлүүлэхээр очсон ч арилжааны банкин дээр очоод тэр төсөл, жил гаруй хугацаанд хийсэн ажил минь гацаж, бүтэхгүй буцаж байсан түүх бас байдаг. Уг нь маш бага хүүтэй гаднын зээл, санхүүжилтээр Монголдоо нэг ч гэсэн үйлдвэр барьж ажлын байрууд бий болох боломж байсан ч бүтээгүй.

Яагаад, шалтгаан нь юу байсан юм бол?

Үндсэндээ Австралиас 3 хувийн хүүтэй авсан зээл манай /Монголд/ арилжааны банкин дээр ирээд 16 хувийн хүүтэй болчхож байгаа юм. Асар их зөрүү байгаа биз. Гаднын хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн зарчмаараа тухайн улсын арилжааны банкаар дамжиж олгогддог. Гэтэл манай банкнууд зээлийн хүү дээрээ дуртай тоогоо хэлээд суучихдаг. Хөдөө малчны хотонд газар хөглөрч, үнэгүй байсан хонины ноосыг зах зээлд өөрийн гэсэн эрэлттэй болж эдийн засагт тодорхой хувь нэмрээ өгөх байсан тэр төслийг гацааж, буцааж байсан хүн өнөөдөр шарк болж төрийн эрх мэдэлтэй албан тушаалтан болж,төр “түшилцэж” байх жишээтэй.

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Монголын нийгэм, эдийн засгийн сайн сайхны төлөө гэр бүлээрээ хийж амжуулах, хичээж байгаа хариуцлагатай ажилд нь амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Эрхэмбаярын Солонго (Вашингтон Д.С., АНУ - Улаанбаатар, Монгол)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу