Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн долооногт мэдээллийн технологийн чиглэлээр АНУ-д мэргэжлээрээ ажилладаг, суралцдаг монголчуудын байгууллага МИТПҮ (англиар Mongolian IT Professionals in the USA гэдэг үгсийн товчлол) ээлжит онлайн уулзалтаа хийж дөрвөн өрөө дамжин хөөрөлдөв. Нэг өрөөг тэтгэврийн сан, санхүүгийн боломжийн талаар ярьж зөвлөлдөхөд зориулжээ.

Санхүүгийн биеэ даасан байдалд хүрч эрт тэтгэвэртээ гарах боломжийн талаар яриа эхлүүлж, яг хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хадгалан цуглуулсан үед ажлаа орхиж болох талаар сонирхол татсан олон асуулт хөндөн Чикаго хотод ажиллаж, амьдардаг Ч.Өнөболд тус өрөөг удирдан зохион байгууллаа.

Саяхан миний нэг танил 3 сая долларын сан бүрдүүлээд эрт тэтгэвэртээ суусан. Мань эр гэхдээ одоо жаахан харамсаж байна лээ. Арай эрт, ид юм хийж бүтээх залуу насандаа тэтгэвэрт сууж, ажлаа орхичихоор уйддаг юм байна. Хийж бүтээх хорхой, сонирхол хөдлөөд гэтэл ид карьер, хамт олон, цаг тутам өөрчлөгдсөн технологийн хурд гээд олон зүйлээс хөндий болчихдог ажээ хэмээн Гүүгл компанид олон жил ажиллаж буй Б.Баттулга баруун эрэг, алдарт Цахиурын хөндийгөөс ярьж буй нь олны анхаарал татав.

529 коллежийн сан хэрэгтэй юу, ямар эрсдэл байдаг вэ, хүүхэд коллежид орохгүй байвал тус санд цуглуулсан хөрөнгө яах вэ буюу зориулалтаас өөрөөр зарцуулж болдог уу, ер нь коллежид хүүхэд ороход хэдий хэмжээний хөрөнгө цуглуулсан байвал зохимжтой вэ гэх зэрэг амьдралын өгөөжтэй, хэрэгцээтэй олон асуултыг баруун эргийн Орегон мужийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, мэдээллийн технологийн олон хүнийг ажилтай болоход зуучлан тусалдаг буянтан Б.Тэсс хөндлөө. Оролцогчид тун идэвхтэйгээр коллеж элсэлтийн санхүү тойрсон асуудал хэлэлцэж байхад өөрийн туршлагад суурилж олж авсан багахан мэдлэг хуваалцсанаа өгүүлье.

529 бол нэгдсэн улсын татварын газрын код, гэхдээ энэ хуримтлал нэгдсэн улсын хэмжээнд бус муж улсуудын төвшинд байдаг. Би өөрөө ийм хуримтлалд хөрөнгө цуглуулж үзээгүй, миний амьдарч байсан муж манай хүүхдүүд бага байхад хамрагддаггүй байсан. Нийт 30 гаран муж улсад үйлчилдэг. Илиной, Калифорн мужуудад бол их өргөн хэрэглэдэг. Муж бүр өөрсдийн хуулийн хүрээнд зохицуулна, тэр муж дотроо үйлчилнэ гэсэн үг. Зарим муж бусад цөөн мужуудтай гэрээ хийж хамтын хүрээнд үйлчилнэ. Тодруулбал, нэг мужид татвараас чөлөөлөгдөж хуримтлуулсан хөрөнгө нөгөө боломжит мужуудад зарцуулагдаж болно гэсэн үг. Үүнийг дагаад аль мужид хуримтлалаа үүсгэж эхлэв, тэр муждаа нүүлгүй урт удаан амьдрах уу, эсвэл нүүх шаардлага гарвал өөр ямар муж боломжтой вэ эсвэл сангийн хуримтлалаа зогсоох уу, хожим хүүхэд тэр мужийн эсвэл харилцан хамтрах мужуудын коллежид элсэн орох уу, өөр тийшээ явчихвал яах уу гэх мэт эрсдэл гарна, тухайн мужийнхаа зохицуулалтыг судлах хэрэгтэй. Ер нь энэ хуримтлал боломжийн сайн арга, гэхдээ судалж үзээд зохих шийдвэрээ гаргаарай!

Мөн хүүхэд коллежид орохгүй байвал яах уу гэж асууж байв. Мэдээж өөр зориулалтаар зарцуулж болно, тэр үедээ тохирох хэмжээний багахан торгууль төлнө байх, татвар бас төлнө байх. Татвараа нөхөж төлөх үү, эсвэл хуримтлалаас хэрэглэж буй жилийнхээ орлого гэж үзэх үү гэдгийг судалж, тооцоолох хэрэг гарна. Тухайн мужийн хуулиас хамаарч өөр өөр байгаа. Нэгдсэн улсын хувьд бол татварын асуудал гарахгүй, учир нь түрүүнд хэлсэн татварын дараах хөрөнгөөс хуримтлал үүсэж буй.

Уулзалтаар тэтгэврийн сангууд улсын болон хувийн сангийн хуримтлал тойрсон олон яриа өрнөж, зарим оролцогчид анхан шатны ойлголт авч, олон жил ажиллаж буй зарим хүмүүс хэрэгтэй арга, зөвлөгөө өгч байлаа. Энэ талаар болон санхүүгийн зах зээлийн ойлголт, хөрөнгийн биржээр компаниудын хувьцаа авах, худалдах арга, зөвлөгөө гээд олон талаар ярьсныг хожим үргэлжлүүлэн бичье.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу