МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Намрын энэ өдрүүдэд эх оронд маань Номын баяр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай зарлиг 2012 онд гарсан. Энэ жилийн номын баяр энэ сарын 19-нээс 10 дугаар сарын 4-нд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор болж байна.

Хойт Америкийн Цахим өртөөний “Манайхан” сайт номын энэ баярыг тохиолдуулан Америкт суугаа нутаг нэгтнийхээ нэгэн бүтээлтэй танилцуулж байна.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад нэн тэргүүнд хоол, хүнсний үг хэллэг шаардагддаг. Энэ хэрэгцээг олж харж, тэдэнд туслах зорилго тавин ажиллаж, “English - Mongolian Dictionary of Food and Merchandise” нэртэй лавлагааны толь бичиг зохиосон Урианхай овогт Гүнжийн Цэрэндулам шавьтайгаа алсаас холбогдож, энэ ном бүтсэн түүхээс нь сонирхож, хууч хөөрлөө.

Сайхан намаржиж байна уу? Танай Чикагод ямархуу намар болж байна даа? Манай Хойт Америкийн Цахим өртөө байгууллагын Манайхан сайтаас номын цагаан буяныг түгээн дэлгэрүүлэх, номын хэрэгцээ, ном унших соёлыг уншигчдадаа төлөвшүүлэх зорилгоор янз бүрийн зохиогчид, номын садангуудтай ярилцлага хийдэг уламжлал тогтоод байгаа юм. Энэ удаад таны ХООЛ ХҮНС, ХУДАЛДААНЫ АНГЛИ - МОНГОЛ ТОЛЬ БИЧИГ зохиогдсон түүх, толийн агуулгын талаар ярилцвал Та зөвшөөрөх үү?

Сайн байна уу, багш аа? Та сайхан намаржиж байна уу? Чикагод нартай, бороотой сайхан урт намар болж байна. Толь бичиг зохиогдсон түүхийг бараг та надаас илүү мэднэ дээ. Гэхдээ яах вэ, таны асуултад боломжоороо хариулъя.

2015 онд шиг санагдаж байна. Ажаа гэгээнтний хийдийн нэгэн арга хэмжээн дээр тааралдаад чамаас нэгэн толь бичиг хянан найруулах санал авч билээ. Шавийнхаа саналаас татгалзах зориг ч надад байгаагүй. Толийг аваад үзтэл нэг хүний, тэр тусмаа үг зүй, толь бичиг зохиох мэргэжлийн бус хүний гараас ийм бүтээл цогцолсонд үнэхээр баярлаж билээ. Толь бичиг зохиох болсон түүхээсээ хуучилна уу.

Tserendulam 3Анх санамсаргүй байдлаар эхэлсэн. АНУ- д хөл тавьснаар хүнсний өдөр тутмын хэрэглээ, сонголтын нэр төрөл нэмэгдэн захын жижиг, том хүнсний дэлгүүр, үйлчилгээний газар ороход нүд алдам олон мянган мэдэх, мэдэхгүй хоол, хүнсний бараа, бүтээгдэхүүнтэй нүүр тулж, тэндээс би зөв сонголт хийж, шинэ хэрэглээндээ дасах хэрэгтэй болсон. Миний хувьд худалдааны мэргэжлийн ч гэмээр юм уу нэг тогтчихсон сониуч зан байдаг. Тэр нь авч буй хүнсний бараа бүрээ эргүүлж тойруулж, хадгалалтын хугацаа, гарал үүсэл, орц, найрлагыг заавал хардаг зуршил. Гэтэл хуучин зуршлаараа авч буй бараа бүртэйгээ танилцах явцад мэдэх, мэдэхгүй үг, нэр томьёотой алхам тутам таарч, хэлний бэрхшээлтэй тулгарч эхэлсэн. Ингээд идэх нь үнэн, энэ байдал байнга давтагдах нь ойлгомжтой тул дэлгүүр явах бүртээ тэмдэглэлийн дэвтэртэй явдаг болж, мэдэхгүй шинэ үгнүүдээ тэмдэглэж авах, авсан бараануудтайгаа гэртээ ирээд тухтай танилцан шинэ үгнүүдээ толь бичгээс харан орчуулж, цээжлэх ажил эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам үгнүүд маань нэмэгдсээр байлаа. Энэ л өдөр тутмын амьдралаас урган гарсан анхны суурь шалтгаан болсон. Бас нэг шалтгаан гэвэл миний хүү тогооч хийдэг. Хүүдээ ажлыг нь дэмжих, шинэ хоолны жор гаргах, хоолны цэс шинэчлэх, өөрийн гэсэн сүмс гарган авахад нь санаа өгөх зорилгоор эндээс хоол судлалын шилдэг номууд авч явуулдаг болсон. Хүү маань ч номоо уншихдаа зарим үг, ойлголтыг надаас эргүүлээд асуух болж, би тэдгээрт хариулт тайлбар өгөх шинэ даалгавартай болсноор толь бичгээ эргүүлэх, хүмүүсээс асууж зөвлөгөө авах мэтээр шинэ үгийн цуглуулга маань баяжсаар толь бичих үүсэх нэг алхам болсон.

Толь бичиг нийт хэчнээн үгтэй вэ? Ямар бүтэцтэй талаар хүүрнэвэл...

Толь бичиг маань тайлбар, хавсралтууд ороод нийтдээ 5000 орчим үгтэй. Үндсэн хэсэг нь хоол хүнсний нэршил, худалдаа, үйлчилгээний байгууллагын харилцааны болон нэр томьёоны үг хэллэгийг түлхүү оруулахыг хичээсэн, учир нь эх оронд маань амьдрах, ажиллах, сурах, жуулчлах, зорчин өнгөрөх гэх мэтээр орон, орны худалдан авагч, үйлчлүүлэгчид жилээс жилд олширч байна. Мөн зоогийн газрын үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хоолны цэсэд ихэвчлэн ордог нийтлэг үг хэллэгүүдийг (олон улсын хэвшмэл хэллэгүүд ч гэдэг) англи, герман, франц, итали, испани хэлнүүдийн үг, хэллэгүүдийг нэмэлтээр оруулж өгсөн.

Толь бичигт зөвхөн англи хэлнээс гадна франц, герман, итали, испани хэлнүүдийн хоол, хүнс судлалын үг, хэлцийг харьцуулан судлаж оруулсан талаар Та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж хэлбэл...

Америкт миний ажигласнаар айл бүхэн шахуу өөрийн дээд үеэсээ уламжилж ирсэн олон үндэстний гэмээр хоолны гэр бүлийн жор, хоолны номын цуглуулгатай байдаг. Ялангуяа үндэсний том баярууд зул сар, талархлын баяр, еврей үндэстнүүдийн баярын хоолнууд их нарийн дэг жаягтай, эзэгтэй бүхэн өөр, өөрийн жор, найрлагатай хэвшсэн уламжлалаа мөрддөг. Эдгээр ёс уламжлал миний анхаарал сонирхлыг төрүүлээд зогсоогүй яагаад Монгол үндэсний уламжлалт хоолны ном байдаггүй юм болоо гэсэн жаахан атаархал төрснөө нуух юун. Тэгээд сонирхолдоо хөтлөгдөн америк, англи, франц, герман, итали, испани үндэстнүүдийн хоолны жорыг зэрэгцүүлэн хоолны нэршил, орц найрлагыг үгийн болон ухагдахууны талаас нь судалснаар энэ толийн англи, америкийн англи хэлний хоол зүйн зарим үгийн бичлэг дуудлагын ялгаа болон франц, герман, итали, испани хэлнүүдийн хоол хүнсний нэр томьёог англи утгатай нь дүйцүүлэн гаргаж, дүйх монгол утгыг хадсан. Ер нь дэлхий нийтээрээ эрүүл хооллолтын тухай ярьж бичиж, хүмүүсийн хэрэглээ амьдралын хэв маяг их хурдацтай өөрчлөгдөж, хүн бүр хоол хүнсний тухай мэдлэгээ нэмэгдүүлэх илүү ихийг сурах судлах шаардлага зүй ёсоор гарч байна даа.

Толь бичгээс ганц жишээ иш татъя. "bird" гэдэг үгийг "шувуу" гэж оноож болох боловч "bird's nest soup" гэх нийлэмжийг "Далайн хараацай зэрэг шувууны үүрээр хийсэн шөл. Хятадаас гаралтай. 400 гаруй жилийн түүхтэй. Нэг үүр нь дунджаар 2500 долларын үнэтэй. Хар үүр, цагаан үүр гэж байна" (х.21) хэмээн тайлбарласан нь танин мэдэх, ойлгоход их сонирхолтой байсан. Ийм тайлбар ойлголт хэр олон байгаа вэ? Жишээ татна уу.

tserendulam 2birds nest soup-ийн бас red birds nest soup гэсэн төрөл байх ба заримдаа blood nest- улаан үүр гэж нэрлэдэг бөгөөд голдуу эмийн ургамлын зориулалтаар хэрэглэгддэг ховор эмийн ургамлын төрөлдөө ордог. Одоо 1 кг нь $10, 000 үнэтэй, үнэндээ ийм шөл байдаг гэдгийг анх уншаад гайхахаас гадна өөрийн эрхгүй сонирхол татсан тэгээд толь бичигтээ оруулахгүй байж чадаагүй. Гэхдээ толь бичиг маань тайлбар толь биш зөвхөн ажил мэргэжлийн чигтэй төрөлжсөн толь учир их олон тайлбар оруулаагүй. Зөвхөн сонирхолтой, бас мэргэжлийн хүмүүс мэдэхэд илүүдэхгүй гэсэн цөөн тооны тайлбар бий. Хоолны ном, тогооч нарын тэмцээн, уралдаан, нэвтрүүлгүүд үзэж байхад хүнсний бүтээгдэхүүний нэршлээс болоод будилах төөрөлдөх явдал нэлээд гарч байсан. Жишээлэхэд, blueberry (AmE) -г нэрс гэж хүн бүхэн мэддэг, гэтэл bilberry (Brit) нь бас л нэрс. Үүнийг сонсоод юм уу, уншаад, бодох, эргэлзэх саатал үүсэж болдог. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Ground meat (AmE), minced meat (Brit) хоюулаа л татсан мах гэх юм уу, asparagus (AmE), sparrow grass (Brit) бол Хэрээний нүд гэхчлэн цөөхөн ч болов хүнсний нэрийн төөрөгдлөөс гарахад тус болох болов уу гэж бодсон. Зоогийн газар зочид буудал зэрэг нийтийн хоолны үйлчилгээний газруудын нүүр царай мөн түүхийн хуудсыг агуулж байдаг нэг чухал зүйл бол бидний сайн мэдэх меню буюу цэс. Bill of fare (AmE) болон Menu (French) аль, аль нь цэс. Зарим номд "bill of fare" нэрээр цэсийг 1541 оноос хэрэглэж эхэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Харин тэр үед цаас ховор, бас үнэтэй байсан учир нийтлэг өргөн хэрэглэж байгаагүй, 1777 оноос л Нью - Йоркийн зарим сонинд зарын чанартай тавигддаг байснаас гадна 1860 оноос "bill of fare" нэр үеэ өнгөрөөж, Европ, Америкт зөвхөн "меню" гэдэг нэр өргөн хэрэглэх болжээ. Эхэндээ цэс нь уран зургийн хэлбэртэй байснаа сүүлдээ хоол үйлчилгээний нэр төрөл, үнэ, жишгийг харуулах зорилго агуулж иржээ. Дашрамд дурдахад, марк цуглуулагч гэдэгтэй адилхан меню цуглуулагч нар бас байдаг бөгөөд тэдний тайлбарлаж байгаагаар меню нь тухайн орны хоолны соёлын хөгжлийг харуулах түүхийн нэгэн хуудас гэжээ.

Толь бичигт миний олзуурхсан нэг зүйл бол энэ толийг ашиглахад биднээс монгол хэлний чамгүй мэдлэг шаардахаар юм билээ. Миний л хувьд гэхэд тожилын самар, шабмаг, хийваа жимс, пунш гээд олон шинэ үгтэй тааралдаж байсан. Эдгээр үгийг олж оноох хэцүү байв уу? Ийм үг хэчнээн байгаа бол?

Яг үнэндээ бидний мэдэхгүй хэрэглэж дадаагүй монгол үг хэллэг их байдаг юм билээ. Хурган чих (sorrel) гэж манай оронд ургадаг бууцайтай төстэй ногоон навчит ургамал гэтэл бид энэ ургамлаа ч, нэрийг нь ч бараг хэрэглэдэггүй. Даливсын үндэс (burdock root) гэж нэр бий. Энэ нь Япон, Солонгос зэрэг оронд өргөн хэрэглэдэг манайхаар нарийхан бургас шиг модлог ургамал байдаг, цус цэвэршүүлэх үйлчилгээтэй тул хааяа хавдартай хүмүүсийн хоолны цэсэд байх нь бий. Иймэрхүү монгол хэлэнд хэрэглээд хэвшүүлчихмээр үг, нийлэмжүүд нэлээд орсон шүү. Мэдээж хүнс хоолны орцыг сонгох нь цаанаа хүний эрүүл мэндтэй холбоотой болохоор эдгээр нэрийг мэдэж, цаад бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байгаасай гэсэн хүсэл тээж боломж, чадлаараа монголоор оноохыг хичээсэн. Оносон, алдсаныг мэргэн уншигчид тунгаах биз ээ.

Энэ толь бичгийг монголд хэр их ашиглаж байна?

Толь бичгийг Монголд хэрхэн хэрэглэж байгаа талаараа одоогоор тодорхой хариулт өгч чадахгүй байна. Зохиогч нь энд байгаа болохоор хүмүүст хүргэх, таниулах тал дээр сайн ажиллаж чадахгүй байгаа. Харин Монголд очсон хойноо бол бодож төлөвлөж буй зүйлс бий. Эх оронд маань хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг импортоор авдаг, дэлхийн олон орны зоогийн газрууд үйлчилгээгээ нээсэн, жил бүр гадаадаас ирэх жуулчин, гийчид нэмэгдэж байгаа зэрэг нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд худалдаа, нийтийн хоолны салбарт ажиллагсдад ашиглахад дөхүү төрөлжсөн толь бичигтэй болчихвол худалдагч, тогооч нар болон эзэгтэй нарт хэрэгтэй юм байна гэсэн бодол тээсээр л явна.

Хойт америкийн Цахим өртөөний МАНАЙХАН сайтын асуултанд илэн далангүй хариулсан Танд их баярлалаа. Танд номын баярын мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Хөөрөлдсөн профессор Пүрэвийн Увш (Блүүмингтон, Индиана - Чикаго, Иллинойс)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу