МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

COVID-19-ийн халдвар дэлхийн ихэнх тивд тархаж, бараг бүх харилцаа зайн, алсын цахим болж, нүүр тулсан харилцаанаас алсарч байна. Хэдийгээр эл үзэгдэл түр зуурынх мэт харагдавч, ойрмогийн нэгэн судалгаанд оролцогчдын 86 хувь харилцааны шинэ хэлбэрт сэтгэл хангалуун байгаа, 70 хувь нь нийгмээс зай барих, тусгаарлах хориг цуцалсны дараа ч үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн (https://hbr.org/2020/06/dress-for-the-remote-job-you-want). Zoom и Skype зэрэг мэдээллийн хэрэгслийг ашиглахад хэрхэн бэлтгэх, үр дүнг хэрхэн тооцоолох талаар сэтгэл зовнисон, зөвлөгөө эрэлхийлсэн олон хүний хандлагатай тааралдана. Энд хэдийд гэрэлтүүлэг хэрэглэх, дуу авиаг зохицуулах гээд техникийн талыг зохицуулах хялбар талдаа. Харин яаж хувцаслах, хувцасны өнгийг хэрхэн зохицуулах гээд асуултад нэг мөр хариулт олоход хэцүү талдаа. Ном зохиол шүүрдэж, нэлээд хайгуул хийсэн ч бодитой яг таг хариулт олсонгүй, санал зөвлөмжүүд л тааралдах юм.

Noah Zandan, Hallie Lynch хоёрын 2020 оны 3,4 сард эрэгтэй, эмэгтэй 465 хүний дунд зайн харилцааны агуулгаар судалгаа хийхдээ тэдэнд арын дэвсгэр нь гурван өөр нэг хүний дүрс, гурван өөр хувцастай нэг хүн, гурван өөр загвараар хувцасласан нэг хүний дүрсийг харуулж, эдгээрээс аль нь бодитой, олны итгэлийг хүлээхүйц, бүтээлч байдалтай байсныг асуухад 60 хувь нь арын дэвсгэр, 39 хувь нь хувцасны өнгө, 47% нь хувцаслалтын загварлаг байдал чухал гэж хариулжээ. Олон судлаачид зайн харилцааны үед ажил, албандаа явдагтайгаа ав адилхан хувцаслахыг зөвлөдөг.

Энд монголчуудын хүний зан чанарыг өмссөн хувцсаар дүгнэх аргагүй болон сайхан хувцас хүнийг өөрчилдөг гэсэн санаагаар хэлдэг Хувцас бурхан бие чөтгөр, оросуудын хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг зэрэг зүйр үгийг дагавал зайн харилцаанд хувцаслалт эхний шаардлага мөн. Гэрээсээ ажиллаж байгаа гэж бодож хувцаслалтдаа бага анхаарч, салан, тоомсоргүй хувцаславал харилцаа маань үр дүнгүй, эргэх холбоо удаашрах, тасалдах эрсдэлтэй. Тийм болохоор аль болох энгийн атлаа ажил хэрэгчээр хувцаславал оролцогчдын анхаарлыг өөртөө татах, итгэл үнэмшил төрүүлэх талтай.

Харин судалтай, хээтэй, алаг хувцаснаас аль болох зайлсхийвэл сайн гэнэ. Эрээн мяраан судалтай хувцас дуранд өртөхдөө хуурамч, эрээлжилсэн харагдах учраас харилцагчийн нүд алаглаж харагдан харц бууруулах, харилцаанаас хөндийрөх эрмэлзэл үүсгэж магад. Эрэгтэй, эмэгтэй хэн ч болов ердийн, нүдэнд дулаахан өнгө сонговол зохино. Хэт бариу, эсвэл хэлхгэр хувцас сонговол хувцсандаа орооцолдож, түүртэх, товчоо тайлах гэж оролдох, хөлрөх зэрэг сөрөг нөлөөтэй. Нэвт гэрэлтсэн болон хэт богино хувцас бас нүдэнд бүгээн харагдахгүй.

Хэт хурц болон бүүдгэр өнгөнөөс зай барих нь зөв. Ийм өнгийн хувцас дуранд үнгэгдсэн мэт харагдаж, дүрсний тод байдалд нөлөөлж болно. Хувцасны сонголтод насны хүчин зүйл нөлөөлнө. Дээрх судалгаа түшин ярихад 60 болон түүнээс дээш насныхны 46 хувь албан ёсны хувцаслалтыг чухалчилж байхад залуучууд энгийн, өдөр тутмын хувцас сонгож байх жишээтэй. Хэрэв та залуучуудтай ажилладаг, эсвэл дээд сургуулийн багш бол хэрхэн хувцаслахаа бодох л хэрэгтэй. Хувцас гэснээс ямар материалаар хийсэн хувцас вирусэд амархан өртдөг болохыг мэдэхэд илүүдэхгүй. Оросын судлаачид нягтрал сайтай хувцас вирус хадгалах магадлал багатай учраас сатин, атлас зэрэг даавуу хувцас амархан цэвэрлэгддэг бол хиймэл илэг, хилэн болон нягтрал багатай даавуун материалд вирус шигдэх магадлал өндөр байна гэжээ.

Хувцасны товч, үсний хавчаар, бусад гоёл чимэглэл сонгоход болгоомжтой хандах нь зөв. Учир нь вирус нь зэсэн гадаргууд 4 хүртэл цаг, картон цаасан дээр 24 цаг, үл зэврэх металл, хуванцар гадаргууд 3 хоног хүртэл хадгалагддаг. (https://iz.ru/998663/olga-kolentcova-anna-urmantceva/pandemoda-kakuiu-odezhdu-stoit-vybirat-vo-vremia-epidemii)

Алсын буюу нүүр тулаагүй уулзалт, ярилцлага, хичээлийн үед харилцагчийн нүдэнд хамгийн эхэнд өртөх хэсэг бол хүний нүүр. Үсний засалт, нүүрийн будалт, гоёл чимэглэлээ зөв сонгож, бэлдэх нь эхний анхаарах зүйл. Ажил дээрээ хэрэглэдэг гоо засал, гоёл чимэглэлээ хадгалбал сайн. Хэт хурц уруул хөмсөгний будгаас зайлсхийж, болж өгвөл биеийн өнгөтэй байвал сайн гэж гоо зүйчид зөвлөдөг юм билээ. Нүүрээ хаасан, унжсан үстэй байхаас татгалзаж, үсээ унжуулах буюу дээш нь шууж боно. Малгай хүний нүүр, нүдийг хаах учир өмсөхгүй байвал сайн.Хүний үсэнд вирус хэр удаан нутагших талаар тодорхой судалгаа байхгүй ч толгойны ургасан үс, тасарч хөндийрсөн үсний хооронд вирус амьдрах чадвар харилцан адилгүй аж. Хувцсанд наалдсан болон толгойноос тасарсан үсэнд вирус 3 хүртэл хоног амь зууж болдог бол толгойн үсэн дэх вирусийг устгах тосон бүрхүүл байдаг аж.

Гадуур гарахдаа толгой нүцгэн явах нь үсэнд вирус наалдах боломж гаргаж буй хэрэг. гадагшаа гарахдаа үсээ шуух, малгай өмсөх хэрэгтэй. Толгойгоо өдөр бүр угааж заншвал шампуньд агуулагдах молекул үсний тос, бохирдолтой нийлэн вирусийг усаар угааж гадагшлуулдаг.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу