МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хоол, хүнсний худалдан авагчийн сагсны хэмжээ, орцод нөлөөлөх тодорхой хүчин зүйлс цагийн аясаар өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлт голцуу худалдан авагчийн амьдралын үйл явдлын гольдролоос, тухайлбал гэр бүлд шинэ хүн бий болох, оршин суугаа байршлаа солих, ажлаа өөрчлөх, зочлох, аялах зэргээс хамаардаг. Харин энэ удаад дэлхийг донсолгосон Ковид-19 гэгч эргүүлэг худалдан авагчид, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчдын зан үйлд бодох сөхөө өгөхгүйгээр халдаж, өмнө хожид гарч байгаагүй аяг, зан үйлийг бий болгож байна. Америкийн супермаркетуудад сүүлийн 3 сард нэг долоо хоногт борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 77 хувиар өссөн байхад, зоогийн газруудад 66 хувь буурсан. Дөрвөн сарын сүүл гэхэд хүнсний бүтээгдэхүүний борлуулалт ердийнхөөсөө 8 дахин их байхад, зоог, зуушны газруудынх 48 хувь доогуур байжээ. Олон мужийн компаниуд үндсэн үйл ажиллагаандаа эргэн орох үед хүнсний зах зээлийн шинэ дүр төрх, хүмүүс ямар хүнсний зүйл худалдаж авч, ямар хоол бэлдэж, юу идэх нь сонирхол татна.

Арваад жилийн тэртээ америк хүмүүсийн 10 гаруй хувь нь л гэртээ хоол бэлдэж байсан нь олны сонирхлыг татсан байдаг. Тусгаарлалтын өнөө дор энэ байдал өөрчлөгджээ. Хүнсний үйлдвэрлэлийн харилцааны маркетингийг судладаг Hunter компанийн судалгаагаар америкчууд цар тахлын өмнөх үеэс 54% -иар илүү гэртээ хоол хүнсээ бэлтгэж байгаа ба тэдний 35%-д нь энэ нь таалагддаг аж. Энэ тоо бол ердийнхөөс 3 дахин их тоо бөгөөд хэвээр хадгалагдвал зах зээлд сөрөг үр дагавар чирэх эрсдэлтэй. Эрсдэлтэй ч гэсэн хүмүүс хүнсний зүйлээ дэлгүүрээс авч гэртээ хоол, ундаа бэлдэж, гэрийн хоол эрхэмлэх, эсвэл бэлэн хоол зөөлгөх магадлал хадгалагдана. Үүнийг дагаад хүнсний үйлдвэрлэлд гарч байгаа өөрчлөлт бол улсын макро эдийн засгийн сэлгээ, өөрчлөлтийн тун багаахан хэсэг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, ахиц, хэрэглээнд нөлөөлөх гол гурван хүчин зүйл (нийт эдийн засгийн хэмжээнд бас) байж таарч байна. Энэ нь, нэгд, гэрээсээ ажиллах болсон шинэ горим; гэрийн хүнс, тэжээлийн хангамжид ганц бие хүмүүс идэвхтэй оролцох болсон; бас гуравт, шахцалдаж бөөгнөрөн шаваарадан худалдан авалт хийхээс зайлсхийх шинэ нөхцөл үүссэн зэрэг болно.

1. Ажлын байрнаасаа хөндийрч, алсаас ажиллах болсноор хүмүүс гэртээ хооллох нь элбэгшинэ. Google ажилчдынхаа дийлэнхийг 2021 он хүртэл цахимаар ажиллаж болохыг зарласан. Twitter-ийн захиргаа ажилтнууддаа COVID-19-ийн дараа ч гэрээсээ ажиллаж болохыг зөвшөөрсөн. АНУ-ын статистик судалгаагаар 2000 онд хүн амын 3 орчим хувь, 2017 онд 5% нь гэрээсээ ажиллаж байсан бол 2018 онд энэ тоо 29%-д хүрчээ. Сүүлийн саруудад ажилтан нь албан тасалгаанд байхгүйгээр байгууллагадаа үр бүтээлтэй ажиллах, ажлын сайн бүтээмж бий болгох, удирдлагын сэтгэл ханамж, хангамжийн эерэг илрэл гэсэн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй удирдлагын хосолмол арга нэвтэрч байна. Компаниудын санхүүгийн бодлогоос харахад байгууллага зардлаа танахын тулд ажилтныхаа 20 хүртэлх хувийг байгууллагын гортигоос гадуур ажиллуулах хандлагатай байж болно гэх. Энэ нь ч зөв юм. Ингэж чадвал түрээс, цахилгаан зэрэг тогтмол зардлаас гадна цалин, урамшуулал гэхчлэн хувьсах зардлыг ч хэмнэх боломж гарна. Цар тахлын үеийн хэрэглэгчдийн зан үйлийг судалдаг Cambridge Group америкчуудын 44% нь нийгмээс тусгаарлагдаж байгаадаа айдас, түгшүүрт автсан гэжээ. https://www.thecambridgegroup.com/posts/post-item/insights/turning-panic-into-purpose-using-demand-strategy-principles-to-win-in-the-covid-19-era.html.

Гэсэн хэдий ч гэрээсээ ажиллах хандлага хэдхэн жилийн өмнөхөөс 4-6 дахин өссөн байдаг. Гэрээсээ ажиллах боломж эхний ээлжид хөрөнгөлөг хүмүүст оногдоно. Америкийн баячуулын 62 хувь нь гэрээсээ ажилладаг гэсэн тоо ч бий. Калифорнии, Нью-Йорк, Массачусетс зэрэг лунжгаруудын үүрлэсэн том хотуудад хүнсний зах зээл, түгээлт, борлуулалт бусдаас унацтай байх нь мэдээж.

2. Ганц бие хүн гэртээ хоол бэлдэж хооллодог эсэх, энэ нь сэтгэл ханамжийн баталгаа болж, сэтгэл хангалуун байдаг эсэх, үүний давуу, сул талыг үнэлэх хэрэгцээ байна. Ганц бие хүн гэр орондоо байх нь элбэгшиж, аж ахуйгаа бэхжүүлэх хандлага байна. Бас ганцаараа хоол бэлдэж идэх нь тийм ч тааламжтай, хүсмээр хобби биш аж. 1969 онд нэг хүнтэй өрх нийт хүн амын 17%-ийг эзэлж байсан ( https://www2.census.gov/library/publications/1969/compendia/statab/90ed/1969-01.pdf#) бол 2019 онд 28% болж өсчээ. 1984-2018 оны хооронд америкийн хүн ам 72 хувиар өссөн байхад гэрлэлт 16% (жилд 2,1 сая хүн) буурч, 2018 он гэхэд төрөлт 3,8 саяар (энэ нь сүүлийн 32 жилийн хамгийн доогуур тоо) буурчээ. Гэрийн дэглэмд тусгаарлагдаж, гал голомтдоо хамтран удаан байх нь хүүхдийн "тэсрэлтийг" бий болгох тухай явган яриа эргэлзээтэй бөгөөд амьдралаа яаж залгуулах, ажлын байраа хэрхэн хадгалах гэж тархиа гашилгаж суугаа хосууд үр удмаа үлдээх, олшрох бодлоос хөндий байх магадлалтай ажээ.

3. Сүүлийн анхаарал татаж байгаа нэг багц бол хэрэглэгчид бөөгнөрөн шавж, худалдан авалт хийхээ байсан энэ үед тэднийг уйдаахгүйн тулд эрэлт, зах зээлээ эргэж харж, өөрчлөх, бизнесийн шинэ загвар санал болгох хэрэг үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, борлуулагчдад тулгарч байна. Өмнө нь худалдан авалтыг өргөн цар хүрээтэй харж, борлуулалтын бодлогоо тодорхойлдог байсан бол одоо энэ чиг, бодлого асуудал дагуулж байна. Хүнсний үйлдвэрлэл, борлуулатын салбарт өмнө нь төдийлэн хэрэглэгддэггүй байсан хэрэгэглэгчийг унаанаас нь буулгахгүй үйлчлэх, гэрээр хүргэлт хийх зэрэг өмнө нь хурдан хоолны газарт хэрэглэдэг байсан хэлбэр нэвтэрч байна. Энэ нь зоогийн газрууд үйлчилгээгээ жижиглэх, үйлчлүүлэгчийн нэг удаадаа олон хүнс авах боломжийг бий болгох аргуудыг шаардаж байгаа тул компаниуд өөрийн бүтээгдэхүүний бичил цэг ажиллуулах зэргээр шинийг хайх хэрэгтэй болж байгаа юм.

Хүнсний биш салбарт хүмүүс таруу байрлалтай байж болох ч бас л албан өрөөндөө шахцалдан суухгүйг хичээх, цахилгаан шатанд олуул зорчихгүй байх, нийтийн унаанд суухаас зайлсхийх зэрэг бэрх байдал компаниудын орлогод нөлөөлж байна. Үл хөдлөх хөрөнгийн болон технологийн стартапд ажлын байр бий болгодог америкийн WeWork компанийн активийн өртгийг Softbank банк 6,6 миллард доллараар буулгажээ ( https://hbr-russia.ru/biznes-i-obshchestvo/uroki-stoikosti-2020/833387). WeWork компани үл таних хэрэглэгчид нүүр, нүүрээ харж, ярилцах тал дээр ажилладаг болохоор дээрх тоо цаашдаа ч өсч болох талтай.

Дээд боловсролын байгууллагын сургалтын бизнесийн эх загвар бол анги дүүргэлт, оюутны нийтийн байрны загвар юм. Энэ цар тахлын үед олон сургууль дампуурлын ирмэгт тулж, хаалгаа барих нь холгүй болж байна. Агаарын тээврийн салбарын ачаалал 2005 онд 75%-д хүрч, сүүлийн жилүүдэд бүр 85% болж байсан бол одоо мөн л сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Эдийн засгийн өсөлтийг зөв удирдах, орлого, зарлагын тооцоог бодитой гаргах, арилжаа гүйлгээний шинэ хувилбарыг цар тахлын дараагийн зурвас үед зөв оновчлох шинжлэх ухааны сэтгэлгээ, онолын задаргаа, хэрэгжих бодит хөрсийг нарийвчлах нь эрдэмтэд, судлаачдын оюуны царыг шалгасан хүлээлт мөн.

Гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо өсч, ганц бие хүмүүсийн өрхийн аж ахуй тодорхой биш байдал дагуулж, хүмүүс нийтийн дунд орох, хөдөлмөрийн талбарт бусадтай зэрэгцэн ажиллах нь айдас дагуулсан хэвээр байвал яаж ч хичээгээд, зүтгээд, тэмцээд өмнөх үедээ хүрэхгүй нь ойлгомжтой.

Энэ талаар дэлгэрүүлж болон лавшруулж уншмаар байвал:

https://hbr.org/2020/05/3-behavioral-trends-that-will-reshape-our-post-covid-world

https://www.forbes.com/sites/hbsworkingknowledge/2020/06/10/who-guarantees-your-workplace-is-safe-for-return/#5217afc8230d

https://www.forbes.com/sites/hbsworkingknowledge/2020/06/10/who-guarantees-your-workplace-is-safe-for-return/#5217afc8230d

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу