Time

МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“Time” сэтгүүлийн 2021 оны 1-р сарын 7-ны дугаарт Jamie Ducharme-ын бичсэнээс сэдэн Ковидийн вакцин хийлгэсний дараа ямар дэг барих талаар уншигчдын мэдвэл зохих хэдэн асуултад хариулъя.

Нэгэн үе вирусийн дэгдэлтэд автан, сэтгэл, ахуй, орчин хямран бургиж байсныг бодоход одоо вирусийн эсрэг вакцин нэгэнт гарч, эхний ээлжид өндөр настан, үйлчилгээний тэргүүн эгнээнд ажилладаг хүмүүст хүргэж эхэллээ. Гэхдээ вакцин тустай эсэх, гаж нөлөө гарах эрсдэл хэр бол гэхчлэн асуултууд хөврөн хариултаа хүлээж байна.

Асуулт 1. Вакцинд гаж нөлөө байгаа болов уу?

Одоогоор Америкт хэрэглэхийг баталгаажуулан нийтэд хүрч байгаа Pfizer-BioNTech, Moderna гэх хоёр вакцин байна. Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэгт хавагнах, улайх, бие сульдах, толгой өвдөх, булчин чинэрэх, жихүүдэс хүрэх, үе мөч өвдөх, халуурах зэрэг сөрөг нөлөө аль, алинд нь ажиглагдаж байгаа. Зарим хүмүүсийн хувьд тариа хийлгэсэн гар бадайрахаас өөр гаж нөлөө анзаарагдаагүй, гэхдээ заримд нь нэг хоёр өдөр ханиад томуу хүрсэн мэт мэдрэмж төрж байжээ. Хоёр дахь тарилгын дараа эхний тарианаас илүү сөрөг мэдрэмж, илэрц гарч болзошгүй тул тэр өдөр ажил, хичээлээсээ чөлөө авахаар төлөвлөж болохыг мэргэжлийн хүмүүс сануулж байгаа юм. Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) нэгдүгээр сарын мэдээллээр Pfizer-BioNTech вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийн 75 орчим хувь нь хөндүүрлэх, бие сульдах, 42 орчим хувь нь толгой өвдөх, булчин чангарах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Бие жихүүцэх, халуурах, хавагнах, үе мөч өвдөх, дотор муухайрах нь бага ажиглагджээ. (Энэ тайланд Moderna вакцины сөрөг үр дагаврын талаар тусгайлан дурдаагүй ч нөлөөлөл бараг ижил байгаа юм.) Дээрх хоёр вакцины тарилгад амьд вирус байдаггүй тул COVID-19-ийн вирус халдварладаггүй; тарилгын дараа хүний биед гарч байгаа өөрчлөлт бол хүний дархлааны систем вакцинд хариу үйлдэл үзүүлж байгаагийн илрэл аж. Дээрх шинж тэмдэг илэрвэл тариа хийлгэсэн газраа нойтон алчуураар бэгнэх, их хэмжээний шингэн ууж, биед хөнгөн, хэлхгэр хувцас өмсөх, байдал намжихгүй байх юм уу, дордвол эмчийн зөвлөгөөг авч, өвчин намдаах эм ууж болох ч, үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Асуулт 2. Вакцин хийлгэхээс өмнө өвчин намдаах эм, тариа хэрэглэж болох уу?

Үүнийг урьдчилан хэлэхэд хэцүү. КОВИД-19- ийн болон бусад вирусийг судалсан зарим судалгаанд ibuprofen (Advil) зэрэг өвчин намдаагч нь гаднын биетийн эсрэг хүний биеийн дархлааг сулруулдаг байж болзошгүй гэж дүгнэсэн байдаг. Ийм болохоор вакцин хийлгэхийн өмнө элдэв эм, тариа хэрэглэх талаар бодохгүй байх нь зөв.

Асуулт 3. Тарилгаас үүдэх харшлын илрэлийг хэрхэн зохицуулах вэ?

COVID-19 вакцин хийлгэсний дараа маш цөөхөн хүнд харшлын шинж илэрсэн байдаг. Pfizer-BioNTech -ийн вакцины нэг сая тун тутамд 11 орчим хүн, Moderna-гийн нэг сая тун тутамд 2.5 орчим хүнд харшлын шинж илэрсэн талаар Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдээлжээ. Вакцин хийлгэсний дараа 15 минут орчим биеэ чагнах хэрэгтэй байдаг бол харшлын хамааралтай бол 30 минут хэртэй өөрийгөө ажиглах хэрэгтэй юм байна. Байдал бишдэхээр бол эмнэлгийн тусламж хүсэж болох юм.

Асуулт 4. Вакцин хийлгэсний дараа архи, дарс ууж болох уу?

Европын зарим эрүүл мэндийн байгууллага хүний дархлааны эд эсийг гэмтэхээс сэргийлэн хүмүүсийг тарилга хийлгэхээс өмнө болон дараа нь согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөжээ. Согтууруулах ундаа хэрэглэх тийм ч зөв үйлдэл биш аж. Гэхдээ архи, дарс огт хэрэглэж болохгүй гэсэн хатуу зөвлөмж, шаардлага харагдахгүй байна.

Асуулт 5. Вакцин хэдийгээс вирусээс бүрэн хамгаалдаг вэ?

Вакцины эхний тун нь COVID-19-ээр өвчлөхөөс хамгаалах хэдий ч хоёр дахь тунгаа хийлгэтэл бүрэн хамгаалж чадахгүй. Вакцинаа бүрэн хийлгэсний дараа ч бие махбодод бүрэн дархлаа үүсэх хүртэл хэдэн долоо хоног шаардагдана.

Асуулт 6. Вакцин хийлгэсний дараа дахин халдвар авахгүй гэж сэтгэл тайван байж болох уу?

Pfizer-BioNTech ба Moderna-ийн вакцинууд хоёулаа COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 95% -ийн үр дүнтэй байдаг тул дахиж халдвар авахгүй гэсэн итгэл дүүрэн байж болно. Харин вакцин хийлгэсэн хүн вирусийн халдвар (шинж тэмдэг илрэхгүйгээр) авах эсэх, халдвараа бусдад тарааж болох эсэхийг харах л үлдлээ. Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca-Oxford (сүүлийнх нь АНУ-д хараахан зөвшөөрөгдөөгүй) вакцин үйлдвэрлэгчид эдгээр вакцин өвчний тархцыг бууруулна гэж амлаж байгаа. Хэр зэрэг бууруулахыг цаг хугацаа харуулна буй за. Вакцин хийлгэсэн хүмүүс хэсэг хугацаанд маскаа зүүж, нийгмийн харилцаанд зайгаа барьж оролцох хэрэгтэй. Вакцины дараа аюулгүй байдлаа хэрхэн хангах нь тухайн хүний болгоомж, дэглэм, нийгмийн харилцаанаас хамаарна.

Асуулт 7. Дахиж вакцин хийлгэх хэрэгтэй юу?

Хэрэгтэй байж болох юм. Хүний биед тогтсон дархлаа хэр удаан хадгалагдахаас хамааран дахин вакцин хийж болохыг үгүйсгэхгүй. Moderna-ийн гүйцэтгэх захирал тэдний вакцин хүний дархлааг хоёр жил барина гэж байсан болохоор тодорхой хугацааны дараа дахин вакцин хийлгэж болох нь. Шинээр гарч ирж байгаа вирусийн шинэ хувилбар, мутациуд шинэ вакцин шаардах бололтой. Одоогийн бидний хэрэглэж байгаа COVID-19 вакцинууд вирусийн шинэ хувилбаруудын эсрэг үр дүнтэй болох нь батлагдсан боловч цаг хугацаа өнгөрөхөд байдал өөрчлөгдөж болох юм. Pfizer-BioNTech ба Moderna хоёулаа вирусийн шинэ хувилбарт таарах вакциныг ердөө зургаан долоо хоног багтаан нэвтрүүлэх боломжтой гэж байгаа нь олзуурхууштай. (Үргэлжилнэ)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу