МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн ардчилал сүйрлээ, ер нь ардчиллын үнэн дүр төрх илэрлээ ураа, хурай гээд хөөрцөглөөд байгаа хүмүүст сануулаад ганц хоёрхон зүйл хэлэхгүй бол болохгүй нь ээ.

1. Ардчилал иймхэн юманд сүйрэхгүй ээ. Галзуу популист, ego-maniac, сандал ширээний төлөө улс орноо шатаахаас буцахгүй гүнзгий шизотой хүний турхиралтаар conspiracy онолд итгэгч хэдэн мянган QANON манзукуудын үймүүлсэн ажиллагаа. Америкийн олонх ард түмэн үүнд маш дургүй байна. Бүүр Трампад санал өгсөн, дэмждэг маш олон энгийн иргэд энэ балмад явдалд эрс дургүйцэж байна. Ямар сайндаа түүнийг дөрвөн жил дэмжсэн Бүгд Найрамдах намын лидерүүд жишээ нь Майк Пэнс (дэд ерөнхийлөгч), Митч Маконел (сенатын ахлагч), Линдси Грахам (сенат б.н), Митт Ромни (сенат б.н) нараас эхлээд маш олон лидерүүд Трампыг эрс буруушааж “эр хүн шиг ялагдаж сур” гэж сенатын танхимаас хатуухан үг хэллээ. Трампын засгийн газрын олон А-тоглогчид өчигдөр ажлаа орхиж, хашраас зайгаа авлаа. Бүүр 13 хан хоногийн дараа ажлаа өгөх хуваарьтай энэ ерөнхийлөгчийг наана нь “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй” гэх үндэслэлээр (25th amendment, chapter-4) буулгаж магадгүй гэж байна. Ямар ч байсан үймээн, самууны дараа сүйрч, хөмөрсөн танхимдаа конгрессын дээд, доод танхимын гишүүд хэдхэн цагийн дараа буцаж цуглаад Жое Бэйдэнг ирэх ерөнхийлөгч гэдгийг албан ёсоор баталлаа. Нэг иймэрхүү зүйл ойрын ирээдүйд болж байна.

2. Харин холын ирээдүйд би л хувьдаа ардчилал хүчтэй хэвээрээ байх болно гэдэгт итгэл төгс байна. Хэрвээ ардчилал унавал дэлхийг хэдэн хүчтэй дарангуйлагч бүх насаараа толгойлж, дур дурынхаа зүйлийг хийнэ. Олон улсын тавцанд үл ойлголцол үүснэ. Хүний эрх, чөлөөт хэвлэл, олон ургалч үзэл, шашин шүтэх эрх чөлөө, тэгш эрх үгүй болно. Хүний түүхэнд хаад ноёд, дарангуйлагчийн үед л дээрх үнэт зүйлүүд алдагдаж ирсэн. Социализмын санаад үгүйлээд байдаг нөхөдүүдэд сануулахад Маркс, Лениний онолоор хүртэл нийгэм шинэчлэгдэж, сайжирч ирээдүй рүү өгсдөг болохоос ухардаггүй гэсэн байгаа. Буцаад хаад ноёд, феодалын, эсвэл Умард Солонгос шиг нийгэмд шилжмээр байгаа л биш бол ямар ч байсан одоохондоо ардчилал хүний нийгмийн хамгийн сайн хувилбар мөн. Дарангуйлагч, ego-maniac дээшээ гарахаар юу болдгийг 1933 онд Гитлер Германы канцлер болсон хамгийн наад захын жишээ байна. Бүх эрхийг хэдхэн том толгой ноёдод өгөх юм бол ямар хурдан энэ бөмбөрцөг бут үсрэхийг жоохон логиктой хүн хэлүүлэлтгүй ойлгоно.

Эцэст нь хэлэхэд “америк ямар дэлхийн цагдаа юм уу” гээд байдаг найз нартаа сануулахад хүн төрөлхтний бүх түүхэнд аливаа нэг гүрэн заавал “дэлхийн цагдаа” хийх ёстой байдаг юм аа. Эртний Ромын үед ч, Их Монголын үед ч, Газар зүйн их нээлтийн үед ч, Их Британийн колоничлолын үед ч ялгаагүй. Хятадыг дэлхийн цагдаа болгох гээгүй л юм бол Америкийн ардчиллыг дэмжиж байх ёстой юм, уул нь.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу