Дэнвэр хотод жагсагчид 9 минут доошоо харан хэвтэж Флойдын дурсгалыг хүндэтгэж

МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дайны хажуугаар дажин гэгчээр балагтай корона вирусны хажуугаар сүүлийн долоо хоногт Америкийн ихэнх хотуудаар арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, цагдаагын хүчирхийлэлийн эсрэг жагсаал цуглаанууд болж ид бужигнаж байна. Олон хотуудыг хамарсан жагсаалууд ихэвчлэн тайван жагсаж байгаа ч шөнө, орой болохоор үймээн самуун дэгдэж, байшин барилга, машин тэрэг шатаж, цонх хагалж, хаалга эвдэж, дэлгүүр хоршоо тонож, гэмгүй хүний бизнес, өмч хөрөнгийг хохироох явдал гаарлаа.

Чоно борооноор гэгчээр олз хайсан цөөврүүд чамгүй олоноор ангуучилж яваа нь мэдээж. Үймээн самуун хөл толгойгүй өрнөж байна. Ихэнх том хотууд шөнөдөө өндөржүүлсэн хөл хорио (curfew) зарлах боллоо. Энэ үймээн самууныг намжаах, ард түмнээ эвлэрүүлэх, шарх сорвийг нь илээршүүлэх үүрэгтэй ерөнхийлөгч Трамп харин ч эсрэгээрээ. Найрамдалд уриалсан үг хэлж, үлгэр жишээ үзүүлэхийн оронд жагсагч талыг 100% буруутгаж, муусайн хулигаанууд, нийгмийн шаарнууд, гэмт хэрэгтэнүүд, галзуу нохойнууд гэж цоллон маш хариуцлаггүй үг хэлсэн нь гал дээр тос нэмэх шиг л юм болов. Уул нь хар, шар, бор, цагаан гээд бүх л зүсний, нийгмийн олон давхаргын төрөл бүрийн залуучууд тэгш эрхийн төлөө жагсаж байгаа билээ. Гэтэл тэрээр “булааж, дээрэмдвэл буун дуугаар хариу барина даа” гэж заналхийлсэн жиргээ явуулсан нь олон хүний бухимдалыг төрүүллээ. Мөн өөрийгөө дэмждэг “мага-улаан малгайтнуудыг” сөрөг жагсаал хийхийг турхирч байх юм. (Жич: Maga-Make America Great Again гэсэн Трампын лого)

Ихэнх жирийн Америкчууд жагсаж байгаа талын уур бухимдалыг ойлгож байна. Ярагчин цагдаагын гарт хайран амиа алдсан залууг өрөвдөж байна. Гэхдээ хулгай дээрэм, хүчирхийлэл, эмх замбараагүй явдалыг буруутгаж, жигшиж байна.

Уул нь ийм цагт улсын эцэг гэгдэх ерөнхийлөгч л ард түмнээ эвлэрүүлэх, ядаж хоёр талыг аль нэгнийг нь буруушаахгүй, нөгөөг нь өөгшүүлэхгүй байх ёстой биш гэж үү? Ялангуяа энэ ерөнхийлөгч уул нь элдэв мэдэгдэл хийхдээ маш түргэн хүн юмсан.

Уншигч таныг юмыг олон талаас нь харж өөрийн дүгнэлтээ хийгээсээ гэж энэ явдалтай шууд холбоогүй ч, түүхийн нэг гинжин цагирагт орох 2-3 жишээ энд дурдья. Өнөөдрөөс нэг сарын өмнө корона вирусны улмаас аргагүй үүссэн хөл хориог эсэргүүцэж голцуу цагаан арьстай америкчууд автомат буу, гар буу, винтов, сум хамгаалагч хантааз, гранатаар зэвсэглэн сүрийг үзүүлж, улмаар олон мужын засаг даргын (дандаа ардчилсан намаас сонгогдсон засаг дарга нар) өргөө рүү нэвтрэн орох гэж жагссан билээ. Хоёрхон долоо хоногын өмнө Кентакки мужын засаг даргын амьдардаг өргөөний хашаанд бүрэн зэвсэглэсэн шарууд ороод засаг даргын зурагтай хиймэл хүүхэлдэйг модноос дүүжилж, хүүхдүүдийнхэн унтдаг өрөөний цонхны гаднаас хөл хориогоо цуцлахгүй бол тэмцэнэ, байлдана гэж орилж бахирч байсан. Гэтэл Трамп тэднийг өмөөрч үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрхээ эдлэж, жагсаж болно гэж билээ. Яг вирус ид гаарч байх үед шүү дээ. Мөн 2017 онд Виржиния мужын Шарлотсвил хотод нью-нацистууд, ККК, хэт барууны үзэлтнүүд, фашистууд жагсаад, тэднийг эсэргүүцсэн хүмүүстэй мөргөлдөөд нэг охиныг машинаар дайрч алсан эмэгнэлт явдлын дараа Трамп ерөнхийлөгч “хоёр талд хоюуланд нь” сайн хүмүүс зөндөө байсан гэж зарлаж билээ. Ерөнхийдөө Трампын хэлсэнээр расистууд сайн хүмүүс болж таарсан.

Сүүлийн долоо хоногт болж буй хагарал эвдрэл, үзэн ядалт, уур бухимдал юунаас үүдэлтэйг бүгд мэднэ. Миннисота мужид хуурамч хорьтын дэвсгэрт ашиглах гэсэн Жорж Флойд гэх өнгөт арьстан эрийг дөрвөн цагдаа нийлж, нэг нь хүзүү дээр нь 8 минут 48 секунд өвдөглөн, маш хэрцийгээр алж байгаа бичлэг олонд түгсэнээс үүдэлтэй. Тэр цагдаа нарыг зөвхөн ажлаас нь халсанаас өөр баривчлах, хэрэгт татах ямар ч нэмэлт арга хэмжээ аваагүй байсан нь олон хүний бухимдалыг төрүүлсэн. (жич: Хоёр хоногын өмнө тэр цагдааг хүний амь санамсаргүй хөнөөсөн гэсэн маш сул зүйл ангиар яллаж барьсан) Тэр шудрага бус явдлыг эсэргүүцэж, тайван замаар жагсаж эхэлсэн билээ.

Ганцхан энэ хэрэг ч биш. Ер нь цагдаа нар өнгөт арьстан, нийгмийн цөөнх хэсэгт арай л догшин ширүүн хандаж, шаардлаггүй тохиолдолд амь насанд нь хүрэх явдал маш түгээмэл байдаг нь маргахын аргагүй баримт. Өнөө цагт гар утсаар хэн ч, хэзээ ч бичлэг хийх боломжтой болсон учраас зарим нэг нь олонд ил болж байгаа нь ойлгомжтой. Уурын тогоо дэлбэрэх лугаа илэрч байгаа энэ уур бухимдал мэдээж маш олон жилийн угшилтай. Зөвхөн сүүлийн хэдэн сард болсон, олонд тарсан зарим нэг харамсалтай явдалыг цухас дурьдах хэрэгтэй байх.

  • Minneapolis хот, Minnesota муж 5/25/2020: Цагдаа Дерек Чауву гэгч сэжигтэн Жорж Флойдыг хүзүүг 9 минут шахам өвдөглөн сууж амь насыг нь хөнөөв. Тэр балмад үйлдлийн гэрч болж байсан хүмүүс болон хохирогч удаа дараалан тэр харгислалаа зогсоохыг гуйж, шаардаж байхад нохой хуцахаас ч дор үзэн үл тоож, хүний аминд хүрэв.
  • Louisville хот, Kentucky муж 03/13/20: Коронагын ид үеэр галын шугам дээр ажиллаж байсан, 26 настай, түргэн тусламжийн сувилагч Брёона Тэйлорыг гэртээ байхад нь цагдаа нар хаалгыг нь эвдэж орон 8 удаа буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Түүний найз залууг хар тамхины хэрэгт сэжиглэж, барихаар ирээд ийм хэрэг болжээ. Хохирогчийн тал болохоор цагдаа нарыг буруутгаж, гэрт нэвтрэх прокурорын зөвшөөрөл байхгүй мөртөө, цуг амьдардаггүй, тэр гэрт байх албагүй найз залууг нь хайж, тэгээд дээр нь цагдаа ирлээ гэж мэдэгдэхгүй гэв гэнэт орж гал нээснээр гэмгүй бүсгүй харамсалтай амиа алдлаа гэж үзэж байна.
  • Brunswick хот, Georgia муж 02/23/2020: Дасгал хийж, замаар гүйж явсан, 25 настай, өнгөт арьстан Ахмауд Арбэри-г хулгай хийчихээд гүйж явж магадгүй гэсэн хүн үнэмшихийн аргагүй тэнэг шалтгаанаар аав, хүү хоёр болох Травис болон Григорий МэкМайкл нар ачаатай трак машинаар хөөж, улмаар хүү нь ноцолдон, аав нь ачаан дээрээсээ буугаа авч буудан хороосон байна. Тэр аав, хүү хоёр цагдаа биш, энгийн иргэд, цагаан арьстан бөгөөд зүгээр л гүйж яваа хар залууг хараад өөрсдийгөө шүүх, шалгах эрхтэй гэж үзэж байна. Тэгээд хүний аминд хүрсэн аав, хүү хоёрыг бүхэл бүтэн 74 хоног хэрэгт татаж баривчлаагүй байна. Тэгээд аргагүй энэ хэргийн бичлэг задарч сошил ертөнцөд тараагдсаны дараа л мань хоёрт эрүү үүсгэсэн байна.

Эдгээр жишээнүүд бол сүүлийн хэдхэн сард болсон, зөвхөн олонд танигдсан үйл явдалууд. Цаана нь бичлэгт ороогүй олон тохиолдолууд байгаад л энэ уур бухимдал, цуглаан үймээний учир шалтаг нь байгаа билээ. Зөвхөн том мөсөн уулын цухуйж байгаа орой. Трэйвон Мартин 17 нас, Эрик Гарнер 43 нас (6 хүүхэдтэй), Майкл Браун 18 нас, Лакуан Макдоналд 17 нас, Тамир Рэйс 12 нас гэх мэт зөвхөн сүүлийн хэдхэн жилд бичлэг үлдэж, олонд танигдсан хэргүүд хөвөрнө.

Корона вирусны зовлон, аюул, гай барцад өнгөрөх нь байтугай өндөрлөгтөө хүрэх яагаа ч үгүй байхад ийм байдалд хүрсэн нь даанч харамсалтай.

Ерөнхийлөгч Харри Трумэны ширээнд “buck stops here” гэсэн бичигтэй сувенер байдаг нь хөрвүүлбэл “бүх хариуцлага энэ ширээнд ирж дуусна” гэсэн санааг илэрхийлдэг билээ.

Викторын Пагва
Индиана муж
5/31/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу