Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкад ногоон карт хожиж, гэр бүлээрээ сайхан амьдарна гээд ирсэн боловч хэлний бэрхшээлээс үүдээд олигтой ажил ч олж хийж чадахгүй юм гэсэн Монголчуудтай нэлээдгүй таардаг.

Тэдний дийлэнх нь дээд боловсролтой, эх орондоо байхдаа сайхан ажил төрөлтэй, тогтсон бизнестэй, эзэмшсэн мэргэжлээрээ нэр хүндтэй ажил, алба эрхэлж байсан хүмүүс байдаг.

Харамсалтай нь тэд ногоон карттай иргэдийн боловсрол, ажил эрхлэлтэнд улсаас хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаар мэдлэг, бодит мэдээлэл дутмагаас олон сайхан боломжуудыг алдаж өнгөрөөсөн байх нь бий.

Америкийн нийгэм шалгуур өндөр тул их сургуулийн декан байсан хүн хог шүүрдээд зогсож байх нь наад захын жишээ.

Иймд миний бие ногоон карттай хүмүүст ямар ямар боломжууд байдаг талаар цуврал бичвэрүүд бэлдсэний эхний хэсгийг хүргэж байна.

1. Сургалт

  • Ногоон карттай иргэдэд англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломж бий. Мөн хэлний сургалтаас гадна мэргэжлийн сургуульд суралцах боломж ч бас байдаг. Үүний тулд нэн түрүүнд хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Хэрэв англи хэлний мэдлэг нь нэлээн өндөр түвшинд тогтоогдвол шууд мэргэжлийн сургууль, сургалтанд хүсэлт гарган суралцах боломжтой.
  • Сургуулиа өөрөө сонгодог. Суралцах чиглэл, сургуулийн нэр хүнд, байршил зэрэг олон зүйлээс шалтгаалж хүн бүрийн сонголт өөр байх тул сургууль сонгох боломжийг суралцагчид өөрт нь олгодог.
  • Сургуульд суралцах хугацааны зардлыг улс даадаг. Үүнд: хичээлийн хэрэгсэл, ном сурах бичиг, хичээлдээ ирж очих унааны зардал, машинтай бол бензиний зардал, компьютер, гэрийн интернэт зэрэг багтана.

Сургалтын үйл явц хамгийн уртдаа 4 жил үргэлжлэх тул энэ хугацаанд амжиж сургуульд суралцах ёстой.

Нийтлэг жишээнээс харахад эхний 2 жил хэлний сургуульд сураад, сүүлийн 2 жил мэргэжлийн сургалтанд сууж диплом, сертификат авсан хүмүүс их байдаг. Үүний дараа мэргэжлээрээ ажиллах (оффисын), мэргэжлийн ажилд орох боломж нь нэмэгддэг.

Мөн дан ганц Монголоос ногоон карт хожиж ирсэн хүмүүс гэлтгүй Америкад амьдардаг, удаан хугацаанд хүлээсний эцэст ногоон карттай болсон хүмүүст ч бас энэ боломж нээлттэй. Гагцхүү орлогын түвшинг харгалзаж үздэг.

Зарим хүмүүс сургалт, ажил эрхлэлтийн тухай мэддэг хэдий ч ажил хэрэг болгодог нь цөөхөн. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй тул боломж олдсон даруйд ашиглах нь ажил, амьдралын карьерт нь тустай.

Дараагийн цувралдаа би ажил эрхлэлтэнд хэрхэн дэмжлэг үзүүлдэг тухай бичих болно.

Жич: Америкийн муж бүр өөр өөрийн хууль дүрэмтэй бөгөөд энэхүү мэдээлэл нь Калифорни мужийн Лос Анжелес хотоос иргэн, ногоон карттай иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийн нэг хэсэг юм.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу