Гэрийн хорионд ажиллаад нэг л мэдэхэд хоёр долоо хоног болдог юм байна. Өдөр бүр цагийн хуваарийн дагуу ажиллаад, гарах орох зам хязгаарлагдмал тул заримдаа амьтны хүрээлэнгийн торонд орсон амьтад иймэрхүү байдаг болов уу ч гэж бодмоор. Ийм хорионд орсноос хойш хоёрхон удаа л дэлгүүр явж хүнсээ цуглуулсан юм байна. Бөглөрөөнд орлоо гэж бухимдалгүй, машинаа бариад салхи таттал давхиж хүссэн газартаа ирж очих эрх чөлөөг жирийн үед тоодоггүйгээ мэдэрсэн.

Америк дахь Эмч эмнэлгийн ажилтны холбооны тэргүүн Nyamaa Nyamsuren эмч Монголчуудынхаа эрүүл энхийн төлөө, эмчийн тангарагтаа үнэнч байгаа нь бахархал төрүүлж байна. Өнөөдөр юм асуух гээд утас руу нь залгасан. Маш их ачаалалтай байгаа юм байна. Нэг хүнд утсаар зөвлөгөө өгөхөд дунджаар 45 минут зарцуулдаг, энэ муухай цар тахлаас болж айж түгшсэн, зөвлөгөө авах хүмүүсийн тоо ихсэж өдөр шөнө харгалзалгүй утсаар ярих болсон гэнэ. Намайг залгах үеэр ходоод нь асуудалтай, даралт ихтэй 2 хүнийг эмнэлэг бараадуулаад байж бнаа гэсэн. Суурь өвчтэй зарим хүмүүсийн эм нь дуусаж, ижил төрлийн өвчтэй, эм нь адилхан, нөөцтэй хүмүүсийн эмийг зохицуулан хувааж хэрэглүүлж бгаа гэх мэт зүйлүүдийг ярьж амжив.

Манай энэ хавийн бага, дунд, ахлах сургуулийн хичээл өнөөдөр эхэллээ. Америк багш нар гэнэт онлайнаар хичээлээ заах том шилжилт хийж байна. Эцэг эхчүүд болон сурагчдад дүүргийн захирал өчигдөр видео бичлэг явуулж, онлайнаар хичээл сургууль хэрхэн үргэлжлэхийг тайлбарлажээ.

Хааяа нэг гарч алхахаас бусдаар гэрээсээ толгой цухуйлгалгүй шахам 10 хоног ажиллав аа. Бодоод байхад ингэж удаан тогтвортой суулгүй хичнээн ч удсан юм бэ дээ? Бага байхад хааяа нэг хөдөө яваад хэд хоног хаашаа ч гарахгүй машин унаа ирэхийг хүлээдэг байсантай төстэй ч юмуу? Гэхдээ одоогийнх шиг үл үзэгдэх вирус хаанаас гарч ирээд наалдчих бол, орчин тойронд алхаж яваа хүмүүсээс зай барих хэрэгтэй гэж бодолгүй сэтгэл санаа амгалан тайван байдаг байсан нь хичнээн сайхан.

Иллиной мужийн захирагч гэрийн хорионд байх хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгажээ. Гэрээсээ үр бүтээлтэй ажиллаж сурч байна даа. Дахиад ганц сар гүрийнээ.

За яамай яамай. ##сөрөг

* * *

Галзуу сармагчин залуур дээр нь суусан, тахалтай хөлөг онгоцонд зорчиж яваа юм шиг мэдрэмж. #covid19_usa

Гэрийн хорионд зайнаас ажлаа өдөржин хийх зуур ганц зөрөг замаар алхсаар энэ хавийн нохойгоо хөтөлсөн хүмүүстэй танил болох бололтой. Өглөө эрт юмуу орой бол бараг хүн тааралдахгүй юм. Харин өнөөдөр цас хайлаад дулаахан сайхан хаврын өдөр болсон тул нэлээд олон хүнтэй таарлаа. Хажуугаар зөрөх хүмүүс бүгд инээмсэглэн мэндлээд өнгөрч байна.

More Articles ...

Page 4 of 5
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу