Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Энгийн монгол бүсгүй Цэрэндоржийн Эрдэнэцэцэг /Erica Tserendorj/ өөрийн гараар амны хаалт урлан, ахмад настай болон хэрэгцээ шаардлагатай хүмүүст хандивлан, амьдарч буй нийгэмдээ өөрийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулж, сайн сайхныг түгээн буй. Тэрээр Иллинойс мужийн Эддисон хотод гэр бүлийн хамт оршин суудаг. Оёдол, хувцас засвар чиглэлээр Чикаго хотод хувийн бизнес эрхэлж байсан туршлагатай, үйлэнд уран бүсгүй. Өнөөдрийн байдлаар 500 гаруй амны хаалт урлан, хүмүүст тарааж, үргэлжлүүлэн оёсоор, хандивласаар байна. Түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө өртөөчдийнхээ зүгээс таньд талархлаа илэрхийлье. Энэ сайхан үйлсийг эхлүүлье гэдэг бодол яагаад төрөв? Таныг даган дуурайж, заавар зөвлөгөө авч, нэгдэж байгаа хүмүүс хэр их байна вэ?

Баярлалаа, аюулт өвчин хаяанд ирсэн энэ үед зөвхөн өөрийн амийг хичээх бус бусдад, нийгэмдээ би хэрхэн тусалж чадах билээ гэж өөрийн эрхгүй боддог юм билээ. Юм оёх бол миний чаддаг зүйл үүгээрээ тусалья, юун түрүүнд эрсдэлтэй бүлэг, ахмад настай хүмүүст амны хаалт оёж тараая гэж бодоод оёж эхэлсэн. Энэ тухайгаа нүүр ном дээр мэдээлэл тавьснаас хойш хүмүүс холбогдож, амны хаалт оёх заавар зөвлөгөө авч, ах дүү нар маань хүртэл ганц нэгээрээ ирж туслан, урмын үгээ харамгүй илгээн, дэмжиж байгаа хүмүүс цөөнгүй бий. Хөгшчүүлийн асрах газар ажилладаг нэгэн бүсгүй ажлынхаа хөгшчүүдэд амны хаалт хийж тараая гээд бүр зорьж холбогдоод, заавар зөвлөгөө авч байсан. Хүмүүст тус хүргэхээс гадна надад өөрт их тус хүргэж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Цаг үеийн байдал түгшүүртэй байхад анхаарлаа өөр зүйлд хандуулж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж юм даа.

Өглөө найман цагт босоод цайгаа уучихаад ажилтай хүн шиг оёдлынхоо цех рүү гүйгээд орно. Хувийн бизнесээ зогсоосноос хойш ганц нэг хүний захиалга авч, оёдол хийж байх зорилгоор гэрийнхээ доод хэсгийг оёдлын цех болгосон юм. Нэг л их ажилтай хүн шиг тийшээ ороод амны хаалтаа оёод суучихна. Ингээд суухаар цаг их хурдан өнгөрдөг шүү. Охин дуудахаар өдрийн хоолоо идчихээд буцаад сууна. Ингэж цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа нь их сайхан санагддаг. Надад тусч байгаа ашигтай тал нь энэ. Бас хүүхдүүд маань хамт хийлцэж, эсгүүр хайчилж, чадах чинээгээрээ тусалж байгааг харахдаа тэдэндээ сайн сайхан үлгэр дуурайлал үзүүлж байгаа болов уу гэж санан их урамшдаг юм. Сайн хүн бол, мундаг хүн бол гэж үглэж загнаж байхаар бага ч гэсэн сайн үйл бүтээж өөрөөрөө үлгэрлэн үзүүлж байгаа юм болов уу гэж боддог доо. Бидний хийсэн амны хаалтыг хичнээн хүн зүүж хэрэглээд халдвар авахаас сэргийлж, цаашлаад эмнэлэгт очих ачааллыг багасгаж байгаа юм билээ гэж бодон урамшдаг.

Тийм шүү, үглэх биш үлгэрлэ гэдэг яриангүй үнэн. Ингээд суухад өдөрт ер нь хичнээн амны хаалт оёж амжиж байна?

Үнэгүй тараана, илүү олныг хийе гэдэг ч юмуу ер нь аливаад хөнгөн хуумгай хандаж ер чаддаггүй юм. Аль болох чанартай, хүн болгонд таарч тохирох, оёдолчин хүн байна, арай ялгаатай, хэрэглээнд тохиромжтой байхаар хийх гэж их хичээдэг. Олон юүтүб бичлэгээс судалж харьцуулж, туршиж байж одоогийн хийж байгаа эсгүүрээ гаргаж авсан. Босон суун өдөрт 20-30 ширхэг амны хаалт оёж байх шиг байна. Ганц би биш олон хүмүүс сайн дураараа амны хаалт оёж, хандивлан, Монголчуудын холбоод хүртэл энэ ажилд өргөнөөр оролцож, уриалж байгааг дурдах нь зүйтэй байх.

Материал өөрөөсөө гаргаж байгаа юу? Тусалж дэмжиж байгаа хүн бий юу?

Надад харин овоо нөөц материал, хассан тайрсан өөдөс гээд амны хаалт хийж болохоор шинэ материал нэлээд байсан. Юм хаях дургүй, хэзээд хэрэг болно гээд хадгалдаг байсан маань хэргээ гаргаж байна. Ямартаа ч байгаа боломжоо шавхаад оёж л байна. Хүмүүс материал хандивлая гэвэл дуртайяа хүлээж авна.

Амны хаалт хийе, ядаж гэр бүлийнхээ хэрэгцээг хангая цаашлаад ойр зуураа оёж шиддэг больё гэвэл таны зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Анхлан сурч байгаа хүмүүст ямар оёдлын машин худалдан авбал тохиромжтой байх бол?

Амны хаалтны тухайд бол манайхан гараараа ч байсан оёчихно, заавал машинтай байх шаардлагагүй. Алгынхан чинээ, ердөө 50 см хүрэхгүй материалаар 20-30 минутанд оёод дуусгана.

Амны хаалтны дотор талд аль болох арьсанд зөөлөн, харшлахгүй материал гадна тал нь агаарыг шүүх сатин нелон, эсвэл арай зузаан материал байж болно. Том хүнд, хүүхдэд нүүрний хэмжээнд тохируулаад гараараа ч оёчихно. Тэр дундаа манайхан Монголчууд бол аливаад эвтэй, бүгд зүү утас нийлүүлдэг, хийе гэвэл дор нь хийнэ. Юм оёж сурья гэсэн хүнд гадуур худалдаалж байгаа 100 долларт багтах Brother, Singer зэрэг оёдлын машин авсаархан, гэр зуурын жижиг сажиг зүйл оёход гологдохгүй.

Энэ дашрамд сонирхоход та оёдлын салбартай хэрхэн холбогдсон тухайгаа бидэнд сонирхуулаач.

Миний аав, ээж хоёулаа гарын дүйтэй уран хүмүүс байсан. Тэднийхээ оёж шидэж байгааг харж өссөн, гэхдээ миний эзэмшсэн мэргэжил нягтлан. Монголд байх хугацаанд оёдол хийж байсан удаа байхгүй. 2003 онд Америкад ирээд 2004-2006 оны хооронд хими цэвэрлэгээний газар ажилд орж, тэндээс л мэргэжлийн оёдлын машин дээр анх ажиллаж сурсан. Дараа нь эрэгтэй бэлэн хувцасны дэлгүүрт ажиллаж, арай мэргэжлийн түвшинд оёж сурах боломж надад тохиосон юм.

Дизайнерын хувцас оёж, зардаг цөөхөн дэлгүүрийн нэг. Тэнд намайг ахалж байсан Польш оёдолчин залуугаас их юм сурсан даа. Бүтэн гурван жил ажиллахад өдөр тутамдаа шинэ зүйлийг сурч, үнэхээр сургууль төгссөн мэт, чадвартай мундаг хүний дор маш ихийг сурч авсандаа би үнэхээр их олзуурхдаг. Ингээд 2010 оноос оёдол дагнасан, гоёлын даашинз урлаж, борлуулах хавсарсан үйлчилгээтэй 4-5 ажилчинтай өөрийн хувийн бизнесээ эхлүүлж, маш олон үйлчлүүлэгчтэй болж байсан. 2018 онд бизнесээ зогсоож, ачааллаа багасган гэрээр ажилладаг болсон. Ийм л түүхтэй.

Олон үйлчлүүлэгчтэй, ашиг орлоготой байсан бизнесээ яагаад зогсооход хүрсэн юм бэ?

Гэр бүлийн шалтгаанаар зогсоосон гэж хэлж болно. Америкад ирээд бага хүүгээ төрүүлсний дараа ажил амьдралаа босгох гэж маш их зүтгэсэн. Нэг л мэдсэн хүү маань өсвөр насанд ирчихсэн, би хүүдээ хангалттай цаг гаргаж чадаагүйгээ ухаарч, одоо л хүүдээ цаг гаргахгүй бол харамсах юм шиг санагдаад ерөөсөө бизнесээ зогсооё гэдэг шийдэлд хүрсэн. “Ашиг орлого муудлаа гээд хаалгаа барьдаг байхад чи эсрэгээрээ амжилттай, ашигтай ажилалаа гээд бизнесээ зогсоодог, ийм хүн байх уу” гээд зарим найз нөхөд намайг цаашлуулдаг юм.

Гэхдээ амьдралд юу чухал вэ гэдгийг хүн тунгаан бодож байх ёстой. Би өөрийн гаргасан шийдвэртээ одоо хэр нь сэтгэл хангалуун байдаг. Одоо хүүгээ хичээлээс гадуур дугуйлан секцэнд хамруулах боломжтой болж, тэмцээн уралдааныг нь үзэж, дэмжин, оройн хоолоо цуг хийж, ойр зуурыг ярилцан хамтдаа цаг өнгөрөөж байгаадаа би туйлын баяртай байдаг. Энэ л миний бизнесээ зогсооход хүрсэн гол шалтгаан.

Маш их баярлалаа, таны үг, үйлдлээс уншигчид ихийг бодно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхныг хүсье.

@Erica Tserendorj эгчид урам, дэм өгч, материал хандивлах хүсэлтэй иргэд түүний цахим хаягаар холбогдоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу