Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайн дурын ажилтнуудад талархах долоо хоног ( Volunteer Appreciation Week)

Бүгд гэртээ бүтэн өдрөөр ажиллаж, хичээллэж буй тул бид өдөр, оройн хоолоо ээлжилж хийх хуваарьтай болсон бөлгөө. Өчигдөр оройнх миний ээлж байв. Аль өдрийн хоолноос эхлээд юу хийх вэ, хэзээ яаж гээд бөөн бодол болно оо гэсэн үг. Ялангуяа үдийн зоог ямар нэг гоё, амттай, бүтээлч сэтгэлгээгээр хийгдсэн бол мэдээж сайхан таашаал өгөөд зогсохгүй оройн хоолны амтаар тогтсон түвшинг унагаж болохгүй гэхээр нэг бяцхан хөөрхөн сорилт тулгана. Гэтэл дунд үд өнгөрөөд уржигдар ирсэн шууданг задлан суусан бага охин гэнэт аав, би танд туслая, оройн хоолыг би даая гээд инээсээр гүйгээд ирлээ. “Зиаг, юу идмээр байгаа юм, гурил зуурч өгөөд цуйван хийх үү?” гэтэл “Үгүй ээ, локал бизнесээ дэмжинэ” гэв. Юуг өгүүлж буйг сайн мэдэх би бээр “Зөө, зө” гээд дуу алдан инээтэл “Би төлнө” гэх дуулдав. Манай хүн өөрийн жаахан жоортой, үе үе задалчихдаг шаазан гахайтай хүн байгаам. Төрсөн өдөр, цагаан сар, өвөө эмээгийн айлчлал ялангуяа эмээ нар буцах үед жинхэнэ цулайна. Харин ойрмог тийм зүйлс байхгүй болохоор хармаагаа гөвөхөөр их зориг гаргаж дээ хэмээн гайхан хартал гартаа ил захидал барьчихсан зогсож байв.

Хотын нийтийн номын санд долоо хоног бүр нэг удаа хичээлээ тараад бүр орой хаатал нь сайн дураараа ажиллаж коммунитидаа тус нэмэр болдог ахлах сургуулийн охинд сайн дурынханы долоо хоногоор бид уулзаад баярлалаа гэж хэлж чадахгүй, энэ өвөрмөц үед локал зоогийн газрын бэлгийн картаар урамшуулж, гоё сайхан үгстэй талархалын ил захидал илгээжээ.

Хөл хорионы үед номын сангийн энэ үйлдэл давхар давхар ач тустай. Өөрсдийн сайн дурын ажилтнуудаа нэг талаас урамшуулж буйгаас гадна энэ хүнд бэрх цагт ажлаа хийж, санхүүгийн бэрхшээлд орж буй орон нутгийн бизнесийг дэмжсэн хэрэг. Ер нь ийм жижиг бизнесийг дэмжих бэлгийн карт худалдах, авах явдал сүүлийн сард эрс нэмэгдээд байгаагийн нэг учир үүнд оршино.

Намайг оройн хоол хийх ажлаас аварсан энэ бэлгийн карт 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд АНУ болон Канадад Сайн дурын ажилтнуудад талархах долоо хоногийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж болох юм. Энэ жилийн хувьд газар бүр гэртээ хорионд сууж, гэрээсээ ажиллаж буй онцлогтой тул сонирхолтой уулзалт, үдэшлэгийн урилга ирсэнгүй. Ер нь өнгөрсөн хоёр жилд, шинэ хотод нүүж ирснээс хойш америкийн олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох оролцоо маань хумигдаж, сайн дурын ажил арай л бага хийжээ. IBM компанид ажиллаж байхад биднийг сайн дурын ажил хийхийг бүх талаар дэмжиж, зарим үед хүчээр оролцуулдаг байсан. Тэр дурсамжийг сошиал медиа сануулж, гурван жилийн өмнө, таван жилийн тэртээ гэх мэт ойрмог цөөн тооноос эхлээд арав арваар тоологдох урт хугацааны зураг хөрөг хуваалцжээ. Өмнө нь олон жил амьдарсан хотоос зөндөө имэйл, цахим мэндчилгээ илгээжээ.

Хүмүүс ер нь яагаад сайн дурын үйлс хийдэг билээ хэмээн санагдаад өөрөөсөө асууж үзлээ. Мэдээж хүн бүрт сайн дурын ажил хийх өөр өөр шалтгаан бий. Тусч нинжин сэтгэл, эргэн тойрноо хамтдаа өөд нь татах хүсэл, гүйж очоод үнэ төлбөргүй, цаг заваа бусдын төлөө зарцуулах сэтгэл, эсвэл хөл гар, хэл амаа ч хөдөлгөж амжихгүй бол хармаа сэгсрээд ч дэмжих гардаг биз ээ. Би үүнийг чаддаг юм, бусдад тусалмаар, зааж өгмөөр байна гэх нэгэн байхад би харин ийм юм хийж үзээд, шинэ зүйл сураад бодит амьдрал дээр туршиж баталгаажуулаад ур чадвараа дээшлүүлмээр байна хэмээн ярих залуус цөөнгүй. Хүмүүстэй танилцаж, хүний арга эвийг олж сурах жинхэнэ амьд талбар чинь энэ шүү дээ, ухаан бодол, оюун санаагаа бол шатрын хөлөг дээр хөгжүүлж болно гээд инээж суух нэгэн таарч явлаа. Ижил талаасаа бол хийж буй сайн дурын ажлын сорилт өндөр харин эргээд олж авсан сэтгэлийн шагнал түүнээс ч их, хамгийн гоё нь гэдэг дээр олон хүн санал нэгддэг.

Бодоод байхад шинэ газар нүүж ирснээс хойш сайн дурын ажлаа орхиогүй юм байна. Орон нутгийн америк байгууллага, найз нөхдийн дунд байх гэхээсээ илүүтэй Америк дахь Монголчуудынхаа хүрээнд сайн дурын үйл ажиллагаа эрхлэхээ улам ихэсгэсэн. Зүгээр суулгүй, ямар нэгэн зүйл сэдэж, хүнд бусдад хэрэгтэй үйл жижиг том гэлгүй ганцыг ч гэлээ амжуулж, хүний нутагт урт удаан хугацаанд баярлахдаа баясаж, гонсойхдоо толгой гудайн, элдвээр хэлүүлэхдээ тэвчин сонсож, хөөрч дэвэхдээ үргэлж хамт байдаг нутаг нэгтнүүдээ тухайн суугаа нутагтаа нийгэм эдийн засгийн статусаа ахиулахад нийлж зүтгэх хамтран зүтгэгчид хайж явдаг хэвээр.

Сайн дурын ажилд цаг зарцуулсанаар надад ямар боломж нээгдэж вэ хэмээн дээр асуусандаа хариулбал:

  • Монголчуудынхаа амьдралд ямар нэг хэмжээний шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг, манай коммунитийн хөгжилд түлцэх болдог байгууллагуудыг сонгон таних, тэднийг дэмжих;
  • Өөрийн эргэн тойрон, коммунитигаа илүүтэй мэдэх боломж гарсан;
  • Хүрээлэн буй орчиндоо туслах, хамтдаа эерэг зөв хандах зуршилтай болох;
  • Бусад хүмүүсийн амьдралд хэрэг болгох зөв өөрчлөлт хийхэд нэмэр болох;
  • Тэр бүр бусдад дуугаа хүргэн тус дэм хүсдэггүй, арай аз бага таараад буй мэт нэгэнд туслах;
  • Олон шинэ танил, найз нөхөдтэй болох;
  • Бусадтай хамтдаа нэг хамт олон бүрэлдүүлж, найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх;
  • Шинэ зүйл сурч, мэдлэг чадвар нэмэгдэн ном хичээлээс сурсангаа бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлага хуримтлуулжээ;
  • Мэддэг чаддаг, үзлээ харлаа гээд зогсчихож болдоггүй үргэлж мэдлэгээ батжуулан цаашид хурдтайгаар хөгжих номтой мэдээллийн технологийн салбарт ажилладагийн хувьд хуучнаа мартахгүй харин улам сайжруулах боломж гарчээ;
  • Ажлын ачаалал, завгүй орчноосоо хөндийрч цаг хугацааг чанартай өнгөрөөх;
  • Өөрийгөө улам хөгжүүлж, өөртөө улам итгэлтэй болох;
  • Үр хүүхдээ зөв зүйтэй өсгөхөд их нэмэртэйг ойлгож авлаа.

Сайн дурын ажилтнуудад талархсан, тэдний хийж бүтээж буй ариун үйлс, хариу нэхээгүй тусын тухай олон нийтлэлүүд уншаад эсвэл хийж буй зүйлсээ эрэгцүүлэн цагаа зөв, хэрэгтэй зүйлд зарцуулж байна уу хэмээн өөрийгөө шалган бодоод гэх мэт олон шалгаанаар энэ тэмдэглэлээ бичиж эхэлсэн хэдий ч хамгийн гол хөшүүрэг бол өчигдөр оройн хоол минь билээ. Муу хүн идсэн ээ гэдэг дээ, за гэхдээ бас яг хоол ярих гэсэн бус, яаж зооглосноо ч бүр биш болохоор нэг их муу биш байх, тээ:-)?

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу