Түрүү жилийн бичвэрээ орууллаа шүү. Зарим хүмүүс олохоос залхуураад байх шиг байна хэ хэ.

Талхны машинтай айл хэр олон байна? Юу юу хийхэд ашигладаг вэ? Танайх талх тогтмол иддэг бол талхны машин авчихвал хөдөлмөр хөнгөлнө, дээр нь элдэв орцгүй гэрийн талхны амт нь хамаагүй гоё. Bread maker гээд ямар ч брэндийнх байж болно. Бараг л бүгд адилхан.

Цагийн байдал хүндрэх тал руугаа хазайж, өдөр бүр өөрчлөгдөж байна. Цар тахлын халдвар зүүн эрэгт тун хүндэрч, баруун эрэгт тогтоон барихыг хичээж байна. Халдвар авсан хүн ихсэхээр эмнэлэгт буй халдвар аваагүй хүмүүсээ хамгаалах асуудал хүндэрч байна. Хятад улс эл асуудлыг шийдэхдээ зөвхөн корона вирусын зориулалтай эмнэлэг байгуулж амжилтад хүрсэн. Америк тийм зорилт тавиагүй болохоор мэс засал хийх, үр хөндөх гэх мэт ажлаа хойшлуулж, бүх нөөц бололцоогоо корона вирустэй тэмцэхэд чиглүүлж, эмнэлгээ холимог өвчтөнтэй хэвээр байлгахаар тогтон ажиллаж байна. Хиймэл амьсгалын аппарат ажиллуулах мэргэжилтэн хүрэлцэхгүй байгаа тул эмнэлгийн ажилчдын дунд хурдавчилсан сургалт явуулж байна. Халдвар авсан өвчтөнтэй эмнэлгүүд тусгаарлалтын нарийн горимд шилжсэнээс болж, хэвтэж эмчлүүлж байсан хүмүүс эрсдэлтэй болж байна. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэгчээр өөр хоорондоо хамааралтай хямрал үүсэж байна.

Албан тасалгааны цонхоор... гэдэг шиг авто машины цонхоор манан суусан модтой нуруу жирэлзэн өнгөрнө. Миний нутгийн уулстай ихэр мэт адилхан харагдах энэ нуруу ч яахын аргагүй хүдэн татаж униартсан хүний нутгийн хангай юм даа. Уулын замаар давхих бүрт хүдэнтэж, манан татсан Баарай, Баянзүрх, Өвт, Орхоны хөндий тэр чигтээ сэтгэлд бууж, нутагтаа морин дэл дээр дарцаглаж яваа мэт сайхан мэдрэмж төрдөг билээ. Замын уртыг эвхэхэд үерхэлдээ чин үнэнч раажав хүү л хань болж байна. Ертөнцийн сонинг базаж аваад, чих рүү шиддэг тул би юунд уйднам бэ.

Алтан шар зам минь өлзийтэй болохоор аймшигтай давхидаг хүмүүсийн завсарт хавчуулагдаад, амар мэнд жирийж л явна. Раажав хүүгийн яриа заримдаа замын чимээнд дарагдаж, чих сунган дэлдийлгэнэ. Ойр орчны элдэв сониноос саарыг гээж, сайныг шигшин хэлье.

Америкт 2 дахь өдрийн оройн 8 цаг гэхэд 24 цагийн дотор 1939 хүн бурханы оронд явчихлаа. Энэ нь өмнөх өдрүүдээс тооноос 50%иар илүү байгаа юм. New York, Illinois, Louisiana, New Jersey 4 мужид үхлийн тоо өмнөх өдрүүдтэй харьцуулбал хамгийн өндөр байлаа. Өчигдрийн 5 цагийн байдлаар 425 орчим мянган халдвар, 14.5 мянган үхэл, 23.3 мянга орчим эдгэрэлт бүртгэгджээ. Үндэстэн дотроос Африк америкчууд ихээр өртөгдөж байна гэж яригдаж байгаа. Жишээ нь тэд New York-ийн хүн амын 28% боловч үхлийн 71% байх жишээтэй. Эмнэлэг, үйлчилгээ хүрдэггүй энэ тэрээс үүдэлтэй гэж байгаа ч эрүүл мэндийн ерөнхий байдал нь тухайлбал зүрх судас, таргалалт, саахарын өвчтэй хүн ихтэйгээс болж байгаа байх даа хөөрхий.
ДЭМБ-ийг Шар маань Хятадад үйлчилдэг, олигтой ажилладаггүй гээд хэлээд авлаа. Уг нь Америк хамгийн гол санхүүжүүлэлт буюу 400 гаруй сая долларыг 2019 онд өгсөн бол Хятад зөвхөн $40 саяыг өгсөн нь ч хятадын ЗГ илүүтэй энэ байгууллагын удирдлагад нөлөөлж байна гэж үзжээ. 1/14-д ДЭМБ төлөөлөгчид хятадад очоод “хүнээс хүнд дамждаг гэсэн цэвэр баталгаа алга” гэж Бээжингийн мэдэгдлийг давтсан, 2 долоо хоногийн дараа 4500 гаруй хүн өвчилсөн байхад захирал нь очоод Хятадын ЗГ-ыг сайн ажиллаж бна гэж магтсаар буцаж иржээ. Яг үнэндээ Хятадын ЗГ хүмүүст анхааруулсан эмч нарыгаа шийтгэж, 6 долоо хоног хүлээж олон улсад мэдэгдсэн. Энэ захирал ч авахуулах нь тодорхой хөөрхий. Өөр нэг зүйл гэвэл энэ их шуугианы үед Шар сар болон бусад гаригуудын түүхий эдийг ашиглах талаарх executive order тусгай захирамжид гарын үсэг зуржээ. Дэлхийгээ ухаад, дээр нь сар, бусад гаригийн хойноос шуналтахнээ бид.

Өчигдөр орой 4 уут бор (арвайн) гурил бэлдчихлээ. Өчигдөр манай боруудын идсэн хурдаар бол бэлдсэн гэж хэлэхэд хэцүү болох юм шиг байна.

Уг нь би дандаа зуурч өгдөг юм. Тэгсэн манай 2 санаа зоволтгүй, бид 2 бэлдэнэ гэнээ. Яах нь вэ гээд хараад байсан чинь миний хийдгээс 1 халбага элсэн чихэр илүү хийж байна шүү хэ хэ.

Итали, Иранд муруй шугам тэгширч, уруудаж эхлэх үед Их Британи, Франц, Японд байдал хүндэрч эхэлж байна. Их Британы ерөнхий сайдын бие муудаж эрчимт эмчилгээ үрүү шилжсэн гэжээ. Хурдан эдгэрэх болтугай. Манай Шарын төрсөн дүү шиг зантай нөхөр байгаа юм хөөрхий. Япон сургуулиудаа хаасан нь ч ерөнхий хөл хорио хийгээгүй юм байна. Хөл хорио хамгийн найвартай арга гэдэг нь улс орон бүр дээр батлагдаад байгаа. Жишээ нь Солонгос, Америк 2-т яг зэрэг анхны халдвар илэрсэн. Гэтэл голомттой ойр Тайваний адилаар хатуу чанга хөл хорио тогтоож, шинжилгээг их хэмжээгээр шаргуу хийж, шижигтэй иргэдийг мөрдөж мөшгөн тогтоосноор 174 үхэлтэй тогтоож байна. Үүнийг америкийн хүн амын тоонд шилжүүлж үзвэл 1100. Америк даяар муруй шугам маань нугарч эхлээгүй байхад үхлийн тоо 8500 давчихлаа. Гэхдээ оройтсон нь ч гэсэн хөл хорио зарласнаар үүнээс ч их хэцүү тусах байсныг бууруулсан нь лавтай. Гэхдээ л энэ алдаа олон хүний аминд хүрч байна даа.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу