Өчигдөр үдээс хойш хурдны замын түгжрэлд саатаж, 40 минут таг зогслоо. 21 хоног ямарч саадгүй давхисан л даа. Сан Францискогийн нисэх буудлаас урагшаа нэг их холгүй газар 3 машин зад мөргөлдөж, замын нэг тарсан тул цагдаа, гал команд, түргэний тэрэг зэрэг шавж, замаа хэсэгчлэн цэвэрлэх зуур 5 эгнээ таг зогсох нь тэр. Тэгж саатах зуураа Раажав хүүгээ л сонсов.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 21 дэх өдөр
Цаг хугацаа мөн хурдан нисэн өнгөрөх юм аа. Нэг л мэдэхэд гэрийн хорио эхлээд 21 хоночихжээ. Нөхцөл байдал хүндэрснээс болж хорио тавигдсангүй, 5 сарын 1 хүртэл 24 хоногоор сунгагдчихлаа. Өнгөрсөн өдрүүдэд хорионы горимоор ажиллаад дасчихлаа. Хүйтэн дайны бэлтгэл, картын барааны зэлмүүн амьдралыг туулаад гарсан бидний хувьд гэртээ бүгэх нь хурууны үзүүрт хум пад юм байна. Дэлхийн дайнаас хойш зовж үзээгүй, эмнэг хангал зантай америкчуудын хувьд сэтгэл санааны ихээхэн дарамт болж буй ажээ. Раажав хүүгээ (манай хүүхэд биш, жинхэнэ радио) сонсоод, хурдны зам дээр давхиж явахдаа мужийн захирагч Гэйвн Ньюсом гуай цар тахлын шинжилгээний явц удаашралтайд сэтгэл зовниж буйг мэдэв. Шуурхай ажилладаг, мундаг шийдэмгий хүн. Өчигдөр ярианыхаа далимд Трамп Ерөнхийлөгч түүнийг магтаад авч байна лээ. Уг нь ардчилсан намыханд ам султай Ерөнхийлөгч шүү дээ.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/5
Манай хот, хот орчмын коунти нь хуучны оросын холбооноос ирсэн 90 мянга гаруй цагаачид амьдардаг, албан ёсны улсын санхүүжилттай орос сургуультай, славик коммунитигийн томоохон төв бөгөөд биднээс арай эрт төвхнөж эхэлсэн байдаг ч монголчууд бидэнтэй адил хуучны соц орноос гаралтайн хувьд тэдний үйл хөдлөл, алдаа дутагдал, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээл зэргийг нь ажиглахад гэмгүй байдаг юм.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 19 дэх өдөр
Өглөө босоод раажав хүүгээ нээж, орчлонгийн элдэв сонинг чих тавин сонсов. Зовлон үзээгүй хүмүүс гэрийн хорионд орж, бухимдсан хамаг уураа ойр дотнынхондоо гаргаж, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан байна гэнэ. Америкт ч, алсын хөгшин Европт ч адил мөн гэнэ. Ялангуяа Францад гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эрчүүд нь эхнэр, хүүхдийнхээ тоосыг өдөр бүр гөвж буй тул засгаас нь янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Франц эрчүүдийг Ален Деон шиг царайлаг, шадар гурван цэрэг шиг жэнтэлмэн гэж бодож явсан минь талаар болов. Хуучин эзэрхэг цагт байсан, одоо монгол хэлнээс бараг арчигдсан "Сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөвж бай!" гэсэн хэлц үг байдгийг бодоход манайхан ч бас л хүнд гарууд байжээ.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/6
Европийн хамгийн хүнд туссан орнууд Итали, Испанид халдварын хурд буурч эхэлж байхад Америкт хамгийн хүнд 7 хоногууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 335524 тохиолдол, 9562 үхэл, 17,266 эдгэрэлт. Ирэх 7 хоног бүр хэцүүхэн болно гэж анхааруулж байна.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 20 дох өдөр
Бороо шивэрсэн өдөр аар саар ажлаа амжуулж, ямартай ч машиныхаа тосыг солиулав. Өдөрт 140 миль хурдны зам дээр давхих тул нэг л мэдэхэд 5000 миль болчих юм. Америкт машиныг эрх чөлөөний бэлэгдэл гэдэг. Өнөө цагт машин дотроо эрх чөлөөтэй, бас тахлын халдвар авахгүй баталгаатай явж байна. Хурдны зам дээр раажав сонсоод олон цаг давхиж явахад юу эсийг бодох билээ.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 4/4
Өглөөний цагаар нойлын цаас Costco-д байна хэмээн “мэргэжилтэн” нөхдийн зөвлөсний дагуу өглөө, өглөө ч гэж дээ 11-ийн үед очоод хэрэгцээт зүйлсээ авчихлаа. Оруулахдаа их журамтай очёрлосон хүмүүсээс 20, 20-оор гэсэн үү оруулаад, айхтар ч удсангүй, тэрэгнүүдийг ариутгаад өгөөд оруулж байна. Би чинь бараг 20-оод хоногийн дараа дэлгүүр орж байгаа хүн шүү дээ. Ихэнх хэрэгцээт барааг 1-ээс илүү авч болохгүй хязгаар тавьчихаж, зарим ногоо жимсний үнэ байдаг үнэнээсээ харин нь ч хямдарч.