Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнөөдөр Америкт долдугаар сарын 12-ны буюу “Монгол наадмын” хоёр дахь өдөр. Хэдийгээр дэлхий даяар дэгдээд буй цар тахлын улмаас уламжлалт Бэй Аэриагийн монголчуудын дэлгэр наадам энэ жил өнжсөн ч, Бэй Аэриагийн хөлбөмбөг тоглодог залуус энэ өглөө зүлэг ногоон талбайдаа хөлбөмбөгөө тоглосны дараа, монгол хүн байна даа, хөлбөмбөгчдийнхөө “Бага наадам”-аа хийж, хүчит бөхөө барилдлаа.

Энэ өдөр бидний бүтэн сайн болгонд хөлбөмбөгөө тоглодог Оринда хотын “Wilder park” хэмээх аманд үзэсгэлэнтэй уулс, байгалийн дундах хөлбөмбөгийн талбай орчимд +37 цельс хүртэл халж, хоёр цаг орчим тасралтгүй гүйсэн ч манайхан ядарч, цуцсанаа үл хайхран “шигшмэл” 16 бөхөө барилдууллаа.

Зүүн, барууны магнай, ам угтуул, унаа тунаа гээд юм юмтэй, наадамд Аламеда хотын Б.Батсүх түрүүлж, Валнут Крик хотын Ө.Өлзий-Орших үзүүрлэж, “хөлбөмбөгийн бригадын заан, начин” цол хүртэж, бай шагналаа гардлаа. “Мини наадам” маань, наадамч олны сэтгэлд ихэд хүрч, жил бүр уламжлал болгон явуулах санал, хүсэлт ч гарав.

Хойтон жилийн наадам хол ч хөлбөмбөгийнхөн дунд Ба “аваргын” баараггүй хийсэн ч даагаагүй, дарагдсан мэх, Билгээ “арслангын” “дүлий цэрэгтээ” таараад “хэвт, хэвт” гэснийг нь сонсоогүй хаячихсан барилдаан, Наку - Орших хоёрын зэрэг шахуу унаж “хөлийн цэцдийн“ санал зөрөлдсөн ч “Би арай түрүүлээд шороодсон” гээд элэг бүсээ тайлсан Накугийн жудаг, Галаа хүүгийн “ам мэх” гээд ирэх жилийн наадам хүртэл яригдах ийм сонин ихтэй, цомхон ч тов хийсэн нэгэн “Монгол наадам” Америкийн баруун эргийн нарлаг Калифорниагийн Оринда хотын аглаг уулсын дунд боллоо доо.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу